Дэлхий ээж

НУТАГ СЭЛГЭХ ХУНГИЙН ЭНЭЛЭН БУЮУ ДАРЬГАНГЫН ДУУЛЬ

НУТАГ СЭЛГЭХ ХУНГИЙН ЭНЭЛЭН БУЮУ ДАРЬГАНГЫН ДУУЛЬ

Дарьгангаасаа буцахад намрын тэргүүн сар битүүрч байлаа. Тэнгэрийн хаяанд бөөн хар үүл зангирна. Маргааш тэнгэр муухайрах төлөвтэй . Энэ удаа би нутгаасаа цээжинд зангирсан гуниг тээж буцлаа. 

Сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлэх мэт нэгэн бүл хун Ганга нуурын чигтэй эрслэн нисч явна. Тэд Гангад минь буугаасай. Намрын Ганга нуурыг ганц ч хунгүй уйтгартай цэлийж, “Гангад энэ жил хун чуулахгүй байхаа” гэсэн нутгийн өвгөний үгийг эрэгцүүлэн бодож явна. Хунгийн чуулганд зорьж ирэгсэдийн хөл үймээнээс тэр өвгөн залхсан шинжтэй. Үнэхээр Гангад хун чуулахгүй бол гунигтай л байна.

Хунгийн чуулган бол орчлонгийн нэгэн гайхамшиг юм. Намрын адаг сарын Ганга нуур битүү цагаан цэцгээр бүрхэгдэх мэт. Оройтсон хунд буудал олдохгүй. Гэхдээ эв зүгээ олоод л багтчихна. Хэдэн өдөр чуулалдаж, хэдэн шөнө ганганалдана. Өндөр уул, өргөн мөрөн, тэнгис далайг үл ажран гэтэлж, аянга цахилгаан, аадар мөндөрийг ч болов хүчит цувааныхаа ган гинжээр холбон   сэтлэх эгнээ зайгаа хуваарилан дэглэдэг буй заа. Анх удаа аян холд гарах үрсээ ч эрсдэл, өнчрөл элдэв бүхий болзошгүй гай түйтгэрийг сөрөх зүрх зориг оруулдаг байх. Нутаг сэлгэх гэж буй хунгийн дууг удаан сонсох аргагүй. Сэтгэл үймэрч, элэг зүрх өмөлчих гээд. Буцах цувааг нь бүүр ч хардаггүй юм. Нас богиносдог гэлцэнэ. Нуур уснаасаа хагацан салахын гуниг зовлонг эдэлж буй энэ мянга мянган амьтадын сэтгэлийн шаналанг хүний өчүүхэн зүрх яахин даах билээ ? Хунгийн сүрэг аян замдаа шөнө гарна. Нэг л өглөө Ганга нуур эль хуль. Уйлж уйлж цэлхэрсэн зовхи мэт эрэг хөвөө нь нойт даан, жихүүцэлтэй бөгөөд гуниглангуй сааралтана. Нуур усанд энэлж гуньсан, эрэгцэж халирсан олон амьтдын хорогдохын гунилант эрчим шингэж үлддэг байх.

Намрын сэрүү оруут хунгийн чуулган үзэхээр хурдан хүлэг унаж Дарьгангын хээр тал руу шилрэн давхицгаадаг “моодтой” болчихлоо. Зугаалагчид Дарьгангын элсэрхэг зөөлөн хөрсийг газар зүсэгч хүлгийн аржгар шахмал дугуйгаар хэгз татуулан онгилсоор, улаан тоос манаруулан ирж Ганга нуурын усыг цалгитал тооромсолно. Тэд бургас бараадан гоё эрээн майхан шааж, „Жип ”хүлгийнхээ хөгжимийг тал дүүртэл чарлуулж, од түгмэгц „хонда” мотороо асааж, „Виски” хэмээх харь газрын исгэлэн сархадын үнэрийг сэн татуулан жаргалаа эдэлцгээнэ . Яг энэ үед хун шувууд зовлон эдэлж эхэлнэ. Нуур уснаасаа гарч бургас шугуй руугаа шургаж амрах гэтэл орон зай нь холын гийчдийн мэдэлд шилжиж утаа май, тос исний угаар үнэртээд шил шаазан хангиналдаж эхлэнэ. Хун шувууд сэмхэн холдож дайжсаар байна .   

Уул нь хун шувуу хүнтэй ойртон дасдаг амьтан гэлцэнэ. Хун гэдэг чинь хүн , хүн гэдэг чинь хун гэж үг бий. Хун шувуун угсаа гарвалтай омог, отог ч байдаг. Байгаль нуурын хөвөөнд нисч ирээд хувцсаа тайлан хүн дүрээр усанд орж байсан есөн хунгийн нэг нь Хорь түмэдтэй суугаад арван нэгэн хөвгүүн төрүүлээд тэнгэртээ буцсан гэдэг. Дорнод тал нутгаас гаралтай өөр нэгэн домог бий. Гурван сайхан бүсгүй усанд орж байхыг хан хүү хараад нэгэнд нь дурлаж модонд өлгөөтэй байсан алтан титмийг нь авч нууна. Тэд уснаасаа гараад хоёр нь хун болоод нисч одсон боловч, нэг нь нисч чадсангүй. Түүнийг хан хүү авч сууна. Хан хүү хун-хатандаа үйлийн үргүй хайртайд их хатан, дунд хатан хоёр нь атаархаж ханхүүг эзгүйд хун- хатныг шатаан хорлохыг завдана. Гал гарах үед хун-хатан алтан титмээ өмсөөд тооноороо нисч одно. Хан хүү ирээд гашуудан гунихарч суутал тэнгэрийн хааны элч Мөнгөн худгийн уснаас авахаар ирнэ. Тэр нь хун-хатныг ариусгах бумбатай рашаан залж яваа юм байж .Түүнд хан хүү бөгжөө хийж явуулна .Хун-хатан мэдэн,Тэнгэрийн хаанаавдаа хэлж хан хүүг тэнгэрийн орондоо аваачив. Тэнгэрийн оронд хун-хатанхүү төрүүлэв. Тэр хүү нь хөлд орж, Тэнгэрийн хаан өвөөгийнхөө хатавчинд бүдрэхдээ “ хааны босго хатуу байна, харийн газар хэцүү байна” гэв. Хаан тэнгэрт төрсөн хүүхэд нь ингэж хэлж байгааг бодоход Замбативээс ирсэн аав нь газар дэлхийгээ санах нь аргагүй биз хэмээн өрөвдөж тэр гурвыг Замбативд нь буцаана. Хун хүн хоёрын дундаас овог аймаг үүссэн гэх домог ер нь нэлээд бий.

Харин золгүйгээр үхсэн хунгийн толгойг нь дуурайн сийлж, өлөн гэдэсээр нь чавхдас хийж товшуур үүссэн гэлцэнэ.

Хүн хун хоёр ер нь л ойр дотно байснаар үлгэрт өгүүлнэ. Даль ньбэртсэн хун шувуу өвгөн эмгэн хоёроор асруулан эдгэж ижил сүрэгтээ нийлсэн тухай хууч ярианаас үндэслэн “Дөчин нэгэн хунгийн дууль” бичиж билээ. Ер нь ч Дарьгангын Молцог, Онгон элсний баян бүрдүүдэд хун өвөлждөг байв. Өвөлжсөн хунг малчин хүмүүс хайрлан энэрч, тэнгэрийн шувуу ч хүнд ээнэгшин дасдаг билээ.

Хун шувуу бол ер бусын гоо үзэсгэлэн, уран дөлгөөн намба, үргэлж хосоороо байх хувь   тавилангаараа хүний хайрыг татсан тэнгэрлэг амьтан билээ. Хун шувууг урт настай гэдэг. Зуу наслах энүүхэнд. Өнчин хун гэж бараг үгүй. Нэг нь үхвэл нөгөө нь амиа эрсдүүлдэг гэж ярилцдаг. Нуур усандаа бол үйлийн үргүй хайртай . Тэгээд ч хун шувууг хүн, хайр сэтгэлийн бэлгэдэл болгодог байх.

Наян найман оны намар би “Алтан-Овоо” хөлгөн судраа бичиж Алтан-Овооныхоо өвөрт, Дагшин нуурын хөвөөнд амарсан юм. Дагшинд хоёр зулзагаа дагуулсан хос хун зусаад намаржив. Тэнгэр муухайраад ирэх үед хун шувууд бүл бүлээрээ Ганга нуур луу нисэлдэнэ. Дагшингийн дөрвөн хун нисэхгүй л байлаа. Хоёр зулзага нь нисч өгдөггүй. Эцэг эх хунгууд хөөрхийсийг жигүүрээрээ хэд алгадаад нисгэнэ. Тэр хоёр нь жаахан нисч байгаад л буцаад зугтаачихна. Хос хун зүдэрч байж нэг юм дээгүүр өнгөрсөн хунгийн сүрэгт мань хоёрыгоо аваад нийлэв. Төрсөн нуур устайгаа хагацан салахын хэцүүг би тэгэж нэг үзсэн юм. Шувуу буцахын зовлонг ханатлаа хамт эдэлсэн газар гэвэл Ганга нуур. 

Одоо бол Гангын бургас, эрэг хөвөө элсэн манхануудаар нэг тарж хөглөрсөн элдэв эхүүн, нясуун үнэрт шил сав, уут баглаа, тамхи тарианы хог хаягдлаас цэрэвсэн тэнгэрийн ариун жигүүртнүүд буухгүй л өнгөрөх бололтой. Газарт бузартаад ирсэн хун-хатныг тэнгэрийн хаан мөнгөн дотортой худгаас алтан завьяанд авсан усаар угаан ариулсан гэдэг. Энэ домгоос үзвэл хун шувуу тийм ариухан амьтан бөлгөө.

Өнгөрсөн зуны Алтан-Овооны их тахилгын түм түжигнэж, бум бужигнасан хөл хөдөлгөөний зам харгуй хал зовлонд шаналсан хүний магнайн үрчлээ шиг болжээ. Алтан-Овоон дээрээ гараад стой л үстэй толгой минь өрвийж, үзэх нүд минь бүлтрэх гэгч болов, Архи сархадын шилийг ар шилд нь авдар авдраар нь овоолжээ. Овоо чулуу, ар өвөр, энгэр бэл, хажуу хавирга, хаана л бол тэсэлсэн сархадын лонх . Их тулалдаан болсон газарт л дэлбэрсэн мина , гранатын сэг ингэж хөглөрдөг байх . Лавтайяа арван мянган шил лав байх даг. Бүтэн бол ч яахав түүчихнэ. Тэслээд тэслээд хаячихаж . Гангын хөвөө , Шилийн Богдод ч бас л тэр барагцааны тоо гарна. Нутгийнхан   жаахан хамж шимж   байгаад хүч хүрэхгүй   орхисон бололтой. Тахилгад ирсэн мөргөлчид Алтан-Овоо уул усандаа хүссэнээ даатган ганц лонхны бөглөө мулталж, сэржим өргөлгүй л яахав. Авчирч өргөсөн идээнийх нь лонх, таваг хагарч бутран боодол сав нь уул усаа гутаан хөглөрч, цагаан идээ цай, чихэр, жимс нь түм буман буртаг     тарьсныг хөөрхий мөргөлчид хэрхэн мэдэх билээ . Боодол баринтаг нь задарч хүний гишгүүрээр бутарсан   хятад , гүрж цайнууд ,   хагар хугар тусч чулуу болж хатсан бяслагууд , орос , солонгос сүүний дөрвөлжин    лаазнууд... Алтан-Овооны ариун зулайг хиртүүлж , эзэн тэнгэрийг   нь хилэгнүүлж   дайжуулах үрийг тарьчихжээ. Тэнгэр бол хүн биш тийм их   юмыг   яахин бирд   мэт   идэж хүүлэх билээ. Ганц арвайг нас гүйцсэн шар үхрийн дайтайд үздэг гэх тэнгэрт тийм   их юм хэрэггүй   шүү дээ . Тахилгыг   зохион байгуулсан   хүмүүс   авдарт   хийсэн хандивийн мөнгийг   хэн авах , яах вэ   гэж   ухаанаа уралдуулахаас бус   олон хүний   өргөл, тахилын идээ будааг эвтэйхэн зохицуулж , сүм хийддээ оруулж нийтийн буянд өргөж ,   хүүхэд хөгшид   баярлуучих   юмсан   гэж санасангүй. Тарган иргийнхээ ууцыг авчирч   өргөсөн нь   шувуу тоншоод   араг яс нь сумын төвийг дэрлээд   хэрзийж л харагдана .

Алтан-Овоо, Шилийн Богд, Ганга нууранд очиж бие сэтгэлээ сэргээж, идээ нанчидаа өргөн өөр өөрсдийгөө даатгахын хамт уул ус, ургамал цэцэг, жигүүртэн шувуу, нутаг усныхаа эрхэм нандин бүхнийг өөр өөрийн сэтгэлд даатгах үүрэгтэй бус уу. Хунгийн чуулган бол амьд явсан хүн үзүүштэй нэгэн хосгүй үзэгдэл мөөн. Байгаль дэлхийн гайхамшигийг үзэж, сэтгэлийнхээ үр жимсийг ургуулах нь юутай сайхан. Ертөнцийн сайханд тэмүүлэх бидний сэтгэл зөвхөн өөртөө л сайн сайхныг авахын шунал бүү байгаасай. Ганга нуур хун шувууддаа юутай хэрэгтэй. Хойч үеийнхэнд маань хоёулаа хэрэгтэй. Иймийн тулд цаг алдаагүй дээрээ нутаг усаа хамгаалах, онгон зэрлэг төрхийг нь хадгалахын төлөө хүн бүхэн аялах зугаалах, цэнгэх эрх эдлэхийн хамт санах сэдэх, хийх бүтээхийн үүрэг хүлээцгээе. Хамгийн эхлээд Дарьганга сумын төвийг Алтан-Овооныхоо хормойноос нүүлгэе. Сумын төвийнхөн мэдээж нүүх дургүй.

Яагаад гэвэл Алтан-Овооныхоо өвөрт байя гэлгүй яахав. Гэвч жаахан бодож үзье л дээ. Дарьганга сумын төвийн зуугаад жорлон Алтан-Овооныхоо ногоон жанчийг гишгэхийн хамт элдэв эвгүй үнэр танараар овоогоо утаж байгаа нь их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр түмэн багц хүж шатаавч үл дарагдмаар. Ингэж суухын оронд байгаль уул усаа хамгаалахын элгэн халуун сэтгэлээр Дарьганга сумынхан аль нэгэн сэрмүүн сэргэлэн газарт нүүн шилжин, ХХI зууны хөдөөгийн сууринг байгуулаасай, Ер нь Монголд нэг загвар болохоор сумын төв хэрэгтэй. Дарьгангын уул усыг дархалсан төрийн хуульд мэхийн, тэр хуулийн дулдуй доор энэ мэтийг хийе. Ганга нуур, Шилийн Богдын аяллыг хамгаалах сэргээх асуудалтай нь хослуулан зохион байгуулдаг Аялал жуулчлалын байгууллага үгүйлэгдэж байна. “Ганга нуурын ганган улаан бургас ганхаж байхыг үзсэн цаг” хэмээн Сонгодог зохиолч С.Эрдэнэ ах минь дуу алдаж, тэнд амралт сувиллын газар хэрэгтэй байгааг орон нутгийнханд сануулан бичиж байснаас хойш лав гучаад жил өнгөрчээ. Ерэн долоон онд С.Эрдэнэ баавай биднүүс хориод эрдэмтэн авч Дарьгангаар хоёр мянган километр аялж “Дарьгангын сувдан сондор” хэмээх аяллын маршрут гаргаж билээ .

Дарьганга бол тэр чигээрээ байгаль болон түүх соёлын баян бүрд юм. Бидний аялалд явсан Оросын нэрт монголч Л.ГСкородумова „Дарьганга бол Монголын зүрхэн тольт” гэж бахдан бичсэн нь бий. Монгол орны баруун хойд зүгээс чигтэй дөрвөн цагийн салхиар хүлэглэсэн байгалийн эрчим хүчний урсгал дорнын их талаар гулсаж, Шилийн Богдод тунарна. Зүүн өмнөөс Хянганы уулсын чийглэг зөөлөн уур амьсгалын нөөлөг Шилийг Богдод өрнийн салхитай золгоно. Өрнө дорно, умар өмнийн салхин урсгалаар хөллөсөн эрчим хүчний онцгой   төвлөрөлт нь энэ нутгийг газар дээрх диваажин болгон цогцлоохын хамт үе үеийн соёл иргэншлийн их үүдийг нөөцлөнхадгалуулсан юм. Дарьгангад Монголын түүхийн хэдэн мянган жилийг төлөөлж үзүүлэх хад чулууны сүг зураг бичээс, булш бунхан, туурь балгас үй олноороо буй. Хүн чулуун дурсгал гэхэд зөвхөн Дарьганга нутагт дөчөөд бий. Энэ бүхэн аялал жуучлал Дарьгангад хөгжих асар их ирээдүй байгааг харуулж байна. Олон он цагийг элээж байгаль дэлхий газар шороотойгоо нэгдэж, нэгэн амь сүнстэй болсон түүх соёлын үнэт зүйлс нь яг л нуур хун хоёрын ээнэгшилтэй адилхан байдаг юм . Дарьгангын хүн чулуун хөрөг бүгд утгын тохироотой, эзэнтэй, сүнс сүлдтэй, тахилга мөргөлтэй юм. Хөргийн хөндийд долоон бурхан мэт долоон хүн чулуун хөрөг байдаг юм. Хоёр нь алга. Аймгийн музейд аваачиж „хамгаалсан “ юмсанжээ. Долоон хүн хөрөг долоон бурхны эрчим хүчийг Дарьгангад буулгадаг байсан юм. Долоон бурхны тахилгын газрын онгоныг сарниулчихжээ. Энэ бол гунигт явдал. Дарьганга нутгаас минь өм цөм авчихсан мэт хоос даагаад байна. Дарьгангын экологийн эрчимлэг соёл иргэншил, сансарлаг ахуй нь Д.Гомбожав, Д.Шагдарсүрэн, Д.Маам, И.Батсүх, Д.Нямсүрэн, О.Дашбалбарыг төрүүлсэн юм. Эд нар маань зургаан мичид од мэт Дарьгангын тэнгэрт гялалзаж одсон юм. Бид газартаа долоон өвгөн од мэт долуулаа байлаа. Одоо би орь ганцаараа үлджээ. Тэрхүү онгойн харласан хоосролын орон зайг хэн битүүлж, хэрхэн Дарьгангыг аврах вэ? гэх шиг өнөө намрын хун шувууд нуур усандаа ганганан чуулж эхэллээ.

Ганга нуур минь хун шувуудаар дүүрч, Алтан-Овоо минь арц гангынхаа ариун үнэрээр сэнгэнээд онгон зэрлэгээрээ цэнхэрлэж байгаасай.

Ганга нуур, хун шувуу, хүн чулуу түүнийг харж баясч шүтэн амьдрагч хүмүүн биднүүс нэг л бүрэлваатай. Тэгээд л энэ хүмүүс хунгийн чуулганыг үзэхээр Дарьганга нутаг руу зорьдог юм. Хун шувууд нутаг сэлгэх үест шувуу буцахын зад гэж болно .Тэнгэр муухайрч салхи шуурга, цас шамарганд хээрийн өвс газар дэрэлж, хэцийн чулуу шалба ороолгуулдаг юм. Хунгийн чуулганд зоригсод тал нутгийн тэнгэрийн тэр аашийг бас амсаж үзэх хэрэгтэй юм даа .

Цаг цагийн хун шувууд нутаг сэлгэхдээ өөр өөр араншинтай. Өнөө намрын хун шувууд нь гунилантай байна. Хунгийн чуулган, гунилан шаналан авчирахын хамт ухаарч сэхээрэхийн эрчим хүчийг өгдөг юм. Хунгийн чуулган үзсэн хүний сэтгэлийн байгальд амьдралтуршийн эмзэглэл бий болгож, хорвоогийн наснаас нь хороодог боловч, бүтээх туурвих урам зоригийн өглөгийн шидэт долгион нь оюун санааны мөнх нас өгдөг юм. 

Хун шувуу чуулахаа больчихвол Ганга нуур үгүй болохын дохио. Хүн чулуун хөргөө эвдээд зөөчихвөл Дарьганга нутгийн эрчимлэг сүнс үгүй болохын дохио . Суу билигт хөвгүүдээ мартвал оюуны мандалгүй болохын цондон. Нутаг сэлгэх хунгийн гунилант дуу Дарьгангын тэнгэрт үүнийг л сануулан гансарч байх шиг санагдлаа. 

2004 он 9 сар
Өдрийн сонинд нийтлэгдсэн

TOP