Уран бүтээл

ЯРУУ НАЙРГИЙН СҮНШИГТЭЙ ЭРЭЭНЦАВ

ЯРУУ НАЙРГИЙН СҮНШИГТЭЙ ЭРЭЭНЦАВ

Гурван  ес  ид  тачигнаж  байна.  Энэ  өдрүүдэд   улс  төрийн  амьдрал  ч  нэг  л  жихүүн.  Сонин  хэвлэлүүд  хүйт  даасан  таагүй  мэдээллээр  дүүрэн.   Азид  их  гамшиг   болж  гэнэ.  Намууд  дотроо  хагарч  бутарч  л  гэнэ.  Нэг нь  нэгийгээ  егүүтгэж,  амрагууд   салж  хагацаж  л  гэнэ.   Ер  сэтгэл  бүлээцүүлэх  юм  олж  уншихад    бэрх  болжээ.   Мэдээллийн  хүйтэн  жихүүн  агаар   идэр  есийн  жавраас  хатуугаар  чимхэж,  чичрүүс  хүрсэн  нэг  өдөр  “Өдрийн  сонин”-оос  “Бүлээн”  хэмээх  гарчигтай,  зөөлөн  элгэмсүү,  дотроо илчлэг,уужран тайтгармаар  нийтлэл  олж  уншаад  нэн  сайхан  дулаацаж  сэтгэл  хайлав.  Бид  чинь  сэтгэл  бүлээцүүлэх  өөдрөг  гэрэлтэй  юмаар  хичнээн  дутаж  яваа  юм  бэ?  Бүрхэг  бүрэнхий   дундаа  ээнэгшин  дасч  алиг  шалиг  шар  мэдээ,  хов  живээр  хооллож  түүнээсээ  таашаал  авдаг  хүмүүс  юутай  олон  болчихсон  юм  бэ?

Авьяаслаг  залуу  сэтгүүлч  Б.Золбаяр  Дорнод  аймгийн   хүйт  тачигнасан  шөнө,  галт  тэрэгний  буудлын  тухгүй,  хөлдүү   цардмал  талбай  дээрээс  гэгээн  найрагч  Д.Нямсүрэнгийн  яруу  найргийн  бүлээн  мөрөөр  мөшгөжээ.  Хүйт  хичнээн  тачигнавч,  даарсан  ундууцсан  олон  бухимдан  бачимдавч  тэр  жихүүн  шөнөөр   Д.Нямсүрэнгийн  шидэт  бийр  бэх  нь  орших  Эрээнцавын  шившилгэт  ариун  агаарыг  тэр   сэнгэнэтэл  амьсгалж,  Нямсүрэн  найрагчийн   хөх  өвс  цасан  дэхдийнд  өлгийдүүлснийг  үзэж  чив  чимээгүй  харанхуй   сууринг “энэ орчлонгийн уудам болгоны туйл,энгүй болгоны төгсгөл,ер бусын ялгуун шившлэгэт уран сайхны агаартай” хэмээн мэдэрч Эрээнцав хийгээд их найрагч Нямсүрэнгийн  эрчимлэг агаарт шууд уусан орж байна. Оюун соёлын үнэт өв санруу өнгийн үзэх гэж байгаа сэтгүүлч ингэж л  гүн нэвтрэн орох ёстой буй заа.   Гэгээн  уянгын  найрагч  Данзангийн  Нямсүрэн  бээр  талын  эль  хульхан  бөглүү  тосгоныг  яруу  найргийн  гэгээн  шамбал  болгож  үлдээсэн  нь үнэн юмаа. 

Хөлдүү  царцуу  цаг  үетэйгээ  цуг  хөшүүндүү  амьдарч  явахын  цагт  үгэр дулаацаж, үгэнд урамшиж гэгээн гэрэлтэй үгээр л төмөрлөг зууны мөстлөгийг уясаан хайлуулах нь лавтай. Нямсүрэн  Эрээнцав  хоёр  ямар  гүн  нарийн  шижмээр  холбоотой  болох  тухай  дахин эрэгцүүлэн  бодоход  хүрлээ.                           

Намайг  эзгүйд  найз  нөхөд  минь  ирээд  явжээ
Намрын   навчис,  өвлийн  цас  хаяанд  минь  унажээ
Хичнээн  удаан  гэрийн  минь  гадаа  шинэ  цас  орсоныг,
Хичнээн  олон  өглөө  гэргий  минь  намайг   хүлээснийг
Байхад,   буй  болох  шинэ  юм  бүхэн  хуучинаараа  бодогдож
Байхгүйд,  хуучин  юм  бүхэн  хурц  тодоор  санагдана... 

Д.Нямсүрэн  өөрөө эзгүй байх өнөөдрийг ингэж хурц тодоор мэдэрсэн нь яруу найргийн совин билгийн мөн чанар буй заа.  .

Адуундаа  байсан  таван  загал  морь  салхи  авч
Алтан –Овооны  минь  зүг  өнөөдөр  гүйх  нь  ээ.
Алсын   цаст  орны  дээгүүр  чанадын  орныг  одоо  би  зорилоо.
Алтан  харганын  завсраар  Янжинлхам  чамайг  минь харж  явах  болтугай

Д.Нямсүрэн  урлангийнхаа   хойморт   асаасан  алтан  харганынхаа тухай галбын гучин гурван говийн амьсгаатай ганц алтан харганадаа гарын хуруу шигээ хайртай гэж бичсэн бий.   “Цагийн  үгүүлэгдэхүүн”  хэмээх  шүлгийн  энэ  дөрвөн  мөрийг  дахин  тогтоон  үзье  л дээ.  Адуундаа  байсан  загалууд  нь  Алтан – Овооны  зүг  гүйж,  яруу  найрагч  өөрөө  алсын  цаст уулын  дээгүүр   чанадын  орныг  зорьж  байна.  Урландах   нутгийнх  нь  алтан  харганын  завсарт  яруу  найргийн  бурхан  оршин  үлдэж  бидэнтэй  хүүрнэн  байна.   Яруу  найрагч  газар  дээр  эгэл  доодод  амьдрана.  Харин  шүлгээ  бичихдээ  яруу  найрагч  өөр  ертөнцөд  шилждэг  нь  ийн  буюу. 

Б.Золбаяр  шидэт бийр бэх, цасан дундаас сэвэгнэх цантай өвс,цав цагаан цас,болор ододыг  их найрагчийн  буй болгосон  гэгээлэг билгийн мэлмийгээр нь нэвтрэн харахыг  чухалчилжээ.Галт тэрэгнээс хүмүүс яаран одоцгоож ,суурин чив чимээгүй байна.Харин  бичиглээч тэр аниргүй харанхуйн дундах хамгийн гэгээтэй,хамгийн яруу сайхныг олоод харж  байна. Нямсүрэн найрагч л чухам ингэж хардаг билгийн мэлмийтэй билээ. “Жавар жингэнэн исгэрч, Эрээнцав их л тухгүй тосч байна уу даа гэмээр. Гэвч  ийм л байдаг,энэ нь л халуун үзэсгэлэнтэй байдаг биз ээ. Зорчиж ирсэн вагоны цонхоор үйлчлэгч ажилчин ганц нэг хүүхэн нөмгөлж амрахаар зэхээд үсээ янзлах,шүдээ угаан  бүдэг гэрэлд сүүтийх нь жир бус.” Сэтгүүлч маань Нямсүрэнгийн  харж үзэж амьдарч байсан орчин руу  ингэж нэвтрээд цонхоор сүүтэлзэх тэр бүсгүй Эрээнцавын шөнийг,ододыг,цасыг илүү мэдэрч зогсоо нь  гарцаагүй болохыг “мэдэрч” байна.Уул нь манай утга зохиолын судлаач шинжээчид ингэж харж шинжин судлах хэрэгтэй байгаа юм.

Одоогоос  хорин  таван  жилийн  өмнө.  Далан  есөн   онд  анх  би  Эрээнцавд   хөл  тавьж,  Данзангийн  Нямсүрэнгийн  яруу  найргийн  сүмд  орсон  бөлгөө.  Тэгэхэд   Д.Нямсүрэнг  утга  зохиолын  ертөнц  таньж  мэдээгүй  байсан  юмаа.  Эрээнцав  ч  яруу  найргийн  эрчимээр  сүншиглээгүй  байжээ.  Харин  мөнөөх  алтан  харгана,  Алтан – Овооны  чулуу,  шүлгээр  амьсгалдаг  дан  байшин,  “  язагнасан  будаа  шиг  хүүхдүүд”,  Хандмаа,  Хөх  нуур,  байрандаа  л  байсан.  Нямсүрэнгийн   анхны  ном  1984  онд  гарсан  юм  шүү  дээ.  О.Дашбалбар  биднүүс  Д.Нямсүрэнгийн  тухай  дуугарч,

Өргөн   талд
Үнэг шогшино.
Үснийх  нь  сайханд
Нүгэл  шогшино.

хэмээх  бадгийг  нь энд тэнд уншиж,  түүнийг  хөдөө  тосгоноос  нь  утга  зохиолын   цэцэрлэгт  хүрээлэнд  орж  ирэх  алхамыг  хийсэн  нь  үнэн  билээ.Д.Маам ах таань нэгэн том индэр дээрээс “Эрээнцавын эвдрээгүй  яруу найрагч”  хэмээн цоллосон нь Д.Нямсүрэнгийн имиж нь болсон юм. Харин  тэр  үед   Дарьгангын  хэд  бие  биеэ  магтацгаах  боллоо  гэх  алтан  хошууг  захиргаадалтын  үеийн  зохиолчдын  дарга  нарт  өргөдөг  байв.  Гэвч  бид  Д.Нямсүрэнг  гарган  ирж  чадсан  юмаа.  Тэгээгүй  бол  тэр  Эрээнцавын  найрагчаараа  л  үлдэх  байсан.

Наян  нэгэн  онд  ч  билүү  дээ  яруу  найрагч  И.Батсүх  бид  хоёр   намрын шөнөөр  тэднийд  буув.  Тэр  үед  зах  зээл  эхэлж  юм  ховордсон  цаг.  Мөнөөх  хатуу  идээ  бүүр  ч  ховор.  Бид  хотоос   авч  очсон  ганц  шил  “Болор”-оо  задалж  тэр  шөнийг  өнгөрөөв.  Өглөө  нь  Д.Нямсүрэн   Сангийн  аж  ахуйн  дарга   дээрээ  биднийг  дагуулж  очлоо.  Манай  хүн  тэрүүгээр  юу  эрээд  бөртөлсөөд  гүйгээд  байгааг  нь  бид  гадарлаж  л  байлаа.  Тэгснээ  аж  ахуйн  даргын   жаран  есөд  биднийг  чихэж  аваад  Улз  гол  руу  давхилаа.  Намрын  хуйсагнуур  өдөр  үхэр  мал  бөөгнөрсөн  газар  давхиад  хүрлээ. Үнээ хээлтүүлэгийн газар юмсанж. Сангийн  аж  ахуйн  зоотехникч  гээд  нэг  инээд  алдсан  махлаг  бор  бүсгүйг  манай  хүн  магтан  цоллож,  намайг  ч  бас  тэнгэрт  нисгэж  байнаа.  Тэндээс   манай  хүн  жуумалзан  гарч  ирээд машиндаа  суув.  Улз  голын  хөвөөнд  ирэхэд  үдэш  болж  шинийн   тавны  сар  тэнгэрт  улайран  байлаа.  Сангийн  аж  ахуйн  дарга   цэвэр  спиртний  лацыг салгаж манай  Нямсүрэн  Улз  голын усаар шингэлж хэлтгий .улаан  сарны  доор  шүлэг  уншиж,  тэр  нэгэн  үдшийн дуу найраг хавтгайрав. Мэдэхнээ  үнээ  хээлтүүлгэнд  хэргэлдэг  спирт   тэр  оройн  найрын  ширээнд  заларсан   юмсанжээ.  Д.Нямсүрэн нилээд  халж  ирээд  надад:

-Мэнд-Ооёо чи энэ  сарыг  хараа.  Яг  л  үнэг  шиг  байгаа  биз. Цагариглаад  хэвтэж  байгаа  үнэг  шиг...  Чи  үүгээр  нэг  шүлэг  бич  дээ!  хэмээн  бэлэг  өгч  байгаа  хүн  шиг  маадгар  зогсч  байв.  Надад  ер  сар  үнэг  шиг  харагдаж  өгсөнгүй. Хэдэн  жил  өнгөрлөө.  Мөнөөх  яриа  ч  мартагдаж.  Харин  Д.Нямсүрэн “Намайг,  чамайг  бүүвэйлэх найгал улаан  үнэг  минь...”  хэмээх  шүлгээ  Г.Мэнд-Ооёодоо   зориулав  гэсэн дагалттай илгээж  билээ.

Найман   шарга, хүн тав, гилбэр дөрөв гээд
Найз  минь  оддын  тэртээд  зүүрмэглэжээ
Яг   тэрэгний  урдхантаах  толгодын   дээгүүр
Намрын  гал  үнэг  шиг  хавирган  сар  цагараглажээ... 

Д.Нямсүрэн  бол   юмыг  онцгой  тод  томруун  харж  чаддаг,  билгийн  нүд   нь  бүрэн  нээгдсэн  найрагч  л  даа.  Эрээнцавд  буухад  Д.Нямсүрэнгийн   яруу  найраг  шууд  сэнгэнэнэ.  Д.Нямсүрэнгийн  шүлгийг уншихад  Эрээнцав  үнэртэнэ.  Эрээнцав, Д.Нямсүрэн  хоёр  ингэж  найрссан  юм.                                                                    

Эрээнцав дах Д.Нямсүрэнгийн урлан бол Монголын оюун соёлын үнэт өвийг цогцлоосон галарей болохыг Золбаяр гаргаж тавьлаа. Нямсүрэнгийн урланд байгаа алтан харгана, хананд нь өлгөөтэй зургууд, үйсэн дээр бичсэн “Амитаба”шүлэг, хонины нэхий тавьсан найрагчийн бүлээн сандал, найрагчийн өөрөө барьсан үнээний саравч, гал голомтыг нь  илчтэй гэрэлтэй нь авч яваа Дарьганга бүсгүй Хандмаагаа зурсан найрагчийн гар зураг, зочломтгой дарьганга ёс... Эрээнцавын галарейг үзэж, судалж гүйцэхээргүй баян болгож байна. Хандмаа гэдэг бүсгүй Эрээнцавын эдлэнд ямар их үнэ цэнтэй болохыг ч сэтгүүлч тун уран гярхай  бичиглэжээ. 

Д.Нямсүрэнгийн оршуулга шиг тийм ёс хүндэтгэл ихтэй үйл явдал ойрын жилүүдэд орон нутагт болоогүй байхаа даа. Чойбалсан   хотоос  түүний  шарилыг  Дарьганга  руу  авч  явах  тухай  нэг  яриа  байсан  юм.  Гэхдээ  Эрээнцав  руугаа  явсан   нь  зөв  болсон  юмаа.

Буй  биеэрээ  цас  болно
Бударсан  их  цас  болно
Энэ  биеэрээ  цас  болно
Эрээнцавынхаа  цас  болно

Дорнодынхон дээрх  дөрвөн  мөрийг  томоор  бичиж  вагоныхоо  нүүр  лүү  дэлгэсэн  байв.  Галт  тэрэгний  цуваа  өртөө  зөрлөг  болгон  дээр  дохиогоо  хангинуулан  явсаар  Эрээнцавд  их  найрагчийн  шарилыг  хүргэж  ирсэн  билээ.  Их  найрагчийг  оршуулчихаад  үдээс  хойш  нь  Улз  голын  хөвөөнд  Эрээнцавынхан даяараа  цуглаж  “Улз  голын  дугуйлан”-г  байгуулсан  юм. Одоо  жил  болгон  энд  Д.Нямсүрэнг  дурсаж  яруу  найрагаар  амьсгалдаг  болжээ.

Адуун  чулууны  уурхайн  хуучин  карьер  дундаас  зассан  шагай  шиг  чулуу  залж,  тулгын  гурван  чулуугаар   тулж  “Үргэлж  залуу  үргэлж  мөнх  өдрийг  үзье”  хэмээх  шүлгийн  мөрийг  нь  Эрээнцавын  хөх  тэнгэр  доор  гэрэлтүүлэн  сийлсэн  бөлгөө.  Дорнодынхон  яруу  найрагчийнхаа   амьсгал  хураасан  газарт  чулуу  босгож  Чойбалсан  хотын   төвд  гэрэлт  чулуун  хөшөөнд

Эх  нутаг  минь  шүлэг  шиг  сайхан
Эх  орон  минь  дуу  шиг  сайхан
Эргэх  дөрвөн  цагт  амьд  явах  сайхан
Эрээнцавд  бороо  орох  сайхан

хэмээх  бадгийг  нь  сийлжээ. Чухам эндээс л   Дорнодынхон  цэргийн  үлээвэр  хөгжим,  ёслолын  буудлагатайгаар  их  найрагчтайгаа  салах  ёс  гүйцэтгэж  билээ.  Би  Дорнод  нутгийнханд,  яруу  найрагчийг  хайрлан  хүндэтгэж,  халамжилж  явсан  цэл  залуу  дарга  Одбаярт  үнэхээр  их  баярлаж  байна.   Яруу  найрагчийн  гэрэлт  сүнс  тэнгэрийн  орноос  илч  гэгээгээ  ирүүлдэг  бол  Дорнод  нутаг,  тэр  тусмаа  Эрээнцавд  л  хамгийн  их   хүртээлтэй  байх биз ээ. Эрээнцав  нутаг  бол  яруу  найргийн  гэрэлт  эрчим хуримталсан  газар  юмаа.  Тийм л учир шалтгааны холбоо нь хэзээ  нэгэн  цагт  их  найрагчийн  шийрийг  хатаах  хүүг  энэ  нутгаас  төрүүлэх   магадлалыг өндөр болгож байгаа   юм. Эрээнцавын  хөх  уулс,  хөх  нуур,  хөх  өвсийг  яруу  найрагч  хайрлан  дуулж  адислан  сүншиглэсэн  билээ.  Түүний  яруу  найрагт  Эрээнцавын   намрын  улаан  үнэг,  бүрэнхий  дунд  хөлөө  өргөн  зогсож  байгаа  гөрөөс,  хөх  лонхон   тогорүү  бүгд  бий.

Цайдам  хээр
Цас  будран  бүдэрнэ
Цагаан  нар  тэртээд
Чөдрийн   морь  шиг  идээшлэнэ

Энэ бол Эрээнцавын өвлийн нар. Хэцэн  дээр  юм  өлгөж  байгаа  бүсгүй,   тэр  бүсгүй   хэтэрхий  л  өндийчихийг  анзаарах,  өндийхөд  нь  өврөөс  нь  хоёр  шувуу  нисчих  шиг  болох,түмпэн  дотроос  хэлхээтэй  хоёр  юм  гаргаж хэцэн дээр тохох,  тэр  нь  түрүүчийн  ниссэн  шувууны  үүр  байх.  Энэ  бол  Эрээнцавын  эгэл  жирийн  амьдрал.  Д.Нямсүрэнгийн  яруу  найргийн  эгэлгүй  ертөнц.

Үдшийн   жүнзэнд
Сар  тусахад
Өнөө  чулуун  дээр
Лаа  асаасан  мэт.  

Д.Нямсүрэнд  юм  бүхэн  ийм  эгэлгүй  тусна.  “Үзэсгэлэнт  хасарваань  мод  цэцэглээд”  гэж  нэг  их  сайхан  шүлэг  бий. Энэ шүлгийнхээ түүхийг  надад  тэр  нэг  удаа  ярьсан  юм.  Эрээнцавын залуу хайртай  бүсгүйнхээ  тухай  Д.Нямсүрэнд  ярьж  л  дээ. Тэр бүсгүй нь буцах гээд байдаг...  Яруу  найрагч  тэр  доор  нь:

Чамайг   даараад  байнаа  гэхээр
Шаргачин   зээрийн  арьсаар  хучлаа
Чамайг   эндээс  явнаа  гэхээр
Шаргал  талынхаа  хөх  өвсөөр  чөдөр  зангидлаа.

хэмээн  дуулжээ.  Энэхүү  ид  шид  оршсон  шүлэг  бүсгүйг Эрээнцавд тогтоожээ.  Нямсүрэнг   бүрэн  ойлгоё  гэвэл  Эрээнцавыг  үзэх  хэрэгтэй,  Нямсүрэнг  судлая  гэвэл  Эрээнцавыг  судлах  хэрэгтэй.
Эрээнцав нутаг  их  найрагчийн  их  өвийг  цогцлоон  хадгалж  байгаагаараа соёлын үнэт сан хөмрөг бүхий газар   билээ.  Яруу  найрагчийг  хөдөөлүүлсэн  өдөр  Дарь.Сүхбаатар,  Хандмаа  бид  гурав  зохиолчийн  гар  бичмэлийн  сан  хөмрөгийг  бүртгэж  товчоолооод  тэмдэглэл  хөтөлж  гарын  үсгээ  зурцгаасан  юм.  Түүнд хэд  хэдэн  ном  болохоор  шүлэг  зохиол  бий.  “Миний шүлгийн  хүүхнүүд”  номыг  нь  Д.Одбаярын  ивээлээр  хэвлүүлсэн  билээ.  Найз  нөхөдтэйгөө  харилцсан  захидалуудаа  тусгайлан  хуулан  бичиж  нэгэн  боть  болгон  бэлтгэсэн  байв.  Яруу  найргийн  лав  л  гурав  дөрвөн  ном  болохоор  шүлгүүд  түүний  Эрээнцавын  урланд  буй.  Эрээнцавын урланг  Б.Золбаяр    нүдэнд  үзэгдэж,  гарт  баригдтал  бичжээ. Тэгээд ч “найрагчийн нутгаас буцахад их хүйтэн намжиж, илч бүлээн түгэн түгэн байна. Их цагаан цасны ширхэг бүрт Нямсүрэнгийн сэтгэл шингэсэн болоод л тэр” ажгуу. Тэгээд ч “эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, Эрээнцавд бороо орох сайхан”-ыг тэндхийн сургуулийн хүүхдүүд хөх огторгуйд дуулдан дуурстал дуулж байгааг сэтгүүлч бидэнд сонордууллаа.

Би Д.Нямсүрэнгийн урланд гуравхан удаа очсон.  Түүнээс  ч  олон  очиж  болох  л  байсан  даа,  гэвч...Д.Нямсүрэн  захидалыг  гайхамшигтай   сайхан  бичнэ.  Надад   Д.Нямсүрэнгийн Эрээнцаваас, О.Дашбалбарын Москвагаас  бичсэн  хоёр  хавтас  захиа  буй.  Гурвуулангийнхаа  харилцсан  захидал  хийгээд   уран  бүтээлийн  гүн  дотно  нөхөрлөлийнхөө  паянгаар  нэгэн  ном  бүтээх  санаатай  явдаг  билээ.   Эрээнцавынханыг    Нямсүрэн яруу найргийн   амтанд  оруулсан  юм.   Наян   настай  бууралаас,  найман  настай  балчир  хүртэл  шүлэгт  дуртай.  Д.Нямсүрэнгийн улаан  “фэн”  нэг  өвгөн  бий.  Түүнийг   яруу найрагч  бээр Махабахарата  хэмээн  урнаар  нэрлэнэ.   Мөнөөх  өвгөн  зөвхөн  уншигч  байснаа   Нямсүрэнгийн  нөлөөн  дор  шүлэг  бичиж  эртний  туульсын  аялгаар   түүнээ  уншина.  Орос  хэлний  багш  Д.Алтангэрэл  гуайг  хөхүүлэн  дэмнэж  байгаад  Сергей  Есениний  бараг  бүх   шүлгийг  орчуулчихсан,бас редакторлаад хэвлүүлчихсэн гэж байгаа.  Ийнхүү   Эрээнцавд  оюун  эрдэм,  яруу  найргийн  хүрээлэн  түүнийг  тойроод  үүсчихсэн  байдаг  юм.   Монголын  яруу  найргийн   залгамж   үеийн  дөмөгхөн  залуус  Эрээнцав  хийгээд  Нямсүрэнг  зорьж  очдог  байлаа.  Тэд  яруу сайхныг олж нээх хийгээд яруу сайхнаар туурвихын үлгэрийг тэндээс л олж нээгээд  ирдэг  юм.  Нямсүрэн  үгүй  ч  Эрээнцав  байгаа  болохоор  авьяаслаг   залуусын  цуваа  тасрахгүй  цувж,   Нямсүрэнгийн  яруу  найргийн  сүмд   сүсэглэн  ордог хэвээрээ байгаа юм.   Б.Золбаяр  хүү  чухам  ийм  сүсгээр  Эрээнцавд  ирсэн   нь  бичлэгээс  нь  илт  харагдаж  байна. 

“Өдрийн сонин”  ер  нь  чансаатай   хэдэн  сэтгүүлчтэй.  Өргөн мэдлэгийн  цараанд  томруун  хөрөглөж  бичдэг  сэтгүүлч  Ш.Цэрэнпил  байна. Тэр эрхэм сэтгүүлч бол  хүмүүний  гэрэл  гэгээтэй талыг эрдэмлэг ухааныхаа уужим орон зайд тавьж бичдэг юм. Эрдэм  соёлын  үнэ цэнэ хийгээд  элбэрэл нигүүлсэхүйн шидэт  утгыг  уншигчдад  задлан  нээж,  бас  цэгцлэн   базаж  бичиглэдэг  түүний  нийтлэлүүдийг  уншихгүй  өнгөрөх  арга  байхгүй. Улыг нь шагайж  бичдэг нь олширсон цагт ухааны мэлмийгээ гэрэлтүүлж бичдэг нь өдрийн од шиг ч гэлээ ялгаран гэрэлтдэг юм билээ.  Б.Ганчимэгийн  адтай  асуулт,  хөрөглөгчийнхөө  дотоод  чанарыг  нээж  чаддаг  авьяас,  Б.Золбаярын  намуун  уянгалаг  нийтлэлүүд  нь  хүйт  даасан  цэвдэг  мэдээллийн  мөстлөгийг  хайлуулж  байна.  “Өдрийн сонин”-д  талархан  баярлахын  учир  ийм  буюу. Ш.Цэрэнпил  Дарьгангын  яруу  найрагчдын  дотроосоо  оргилж  дүрэлзсэн  гал  халуун  онцлог  хийгээд  ааш  аяг,  авьяас  билгийн   “Дарьганга  хийц”  гэмээр  нэг  төсөөлөг  чанарыг  анзааран  харж  тэмдэглэсэн  байдаг.

Д.Нямсүрэн   Дарьганга нутгаас  урган  төлжиж,  яруу  найргийнхаа  гэгээн  сүмийг   Эрээнцавд   байгуулсан  юм.   Яруу  найрагч  амьдралынхаа  сүүлийн  жилүүдэд    Дарьгангадаа  таван  ханатай  гэрээ  дугуйлж,  яруу  найргийнхаа  гал  голомтыг  асаах  бодолтой  байсаан. О.Дашбалбар  Баруун-Уртад,  Д.Нямсүрэн  бид  хоёр  Шар  бүрдэнд   төвхөнөө  байгуулж, XXI  зуунд  утга  зохиолын  оюуны  гэгээрлийг  Дарьгангаасаа  эхлүүлье  гэж  мөрөөдөж  байсан  билээ.  Бидний  энэ  мөрөөдөл  талаар  болж,  Шар  бүрдэнд  өнчин  хоёр  байшин  салхинд  онгож,   үлдсэн  юм.  Д.Нямсүрэн 1997.1.23-ны өдөр надад илгээсэн захидалдаа   бичсэн  нь:

«...Нөгөө  бэлгийн  гэрийн  талаар  чамтайгаа  яримаар  зүйл  байх юм.  Тэр  гэр  буддаггүй  байгааг  чи  мэдэж  байгаа.  Зураач  Ё.Бадарч  хээ  чимгийг  нь  зурж  будаж   өгөхөөр  надад  амлаж  байсан.  Бүрээс  туургыг  нь  аваагүй  байгаа...  Гэрийн  бүслүүр  оосор  нь  дутуу  юм  билээ.  Харин  ханын  боолт  нь   бүрэн  дотуур  хөшиг  нь  бий.  Бид  хоёр  гэрээрээ  оруулаад  гаргая  гэж  бодоод  уяа,  оосор,  хоёр  бүслүүрийг  эндээ  авчираад  байна.  Тэгээд  гэр  маань  бүрэн  ёсоороо  бүрэлдвэл  ирэх  намрын  шинийн  сайн  өдрөөр  “Шар  бүрдэд”  шинэ  гэрийн  найрыг  ёслол  төгөлдөр  хийж   барья!  хэмээн  бид  хоёр  бодож  буй.  Эрхэм  нөхөр  минь  чи  юу  гэж  бодном.  Ер  нь   Дашбалбар  дүү  ч  тэнд   бас  нэгэн  шинэ  гэр  зохиож  Сүхбаатарын  гурвын  яруу  найргийн  баярыг  хийвэл  яасан  юм  бэ  хэмээн  муу  нөхөр  чинь  мунхаглаж  бодном.       Бүхний  учрыг  чи  минь  тунгааж,  чи  минь   шийдэж  мэдтүгэй... »

1996  оны  зун  нутгийн  бизнесмэн  Баяртүвдэн  маань  нэгэн  гэр  Д.Нямсүрэнд  бэлэглэсэн  юм.  Яруу  найрагч  маань  ихэд  бэлэгшээж  нутагтаа  ирж  гэрээ  барих,  суурьших  тухай  ярьдаг  болсон  юм.   Гэвч түүний  санаа  бүтээгүй.  Энэ  бол  Сүхбаатарынханы  алмай  зангаас  болсон  юм. Орд өргөө бариад цагаан эсгий дэвсээд урьж залдаггүй юмаа гэхэд урмыг нь мялаасан хэдэн үг тээгээд явуулчихаагүй л байгаа юм. Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн бээр  Эрээнцавд  мөнх   оршсоноороо  энэ  гайхамшигтай  нутгийг  яруу  найргийн  гэгээн  сүм  байх  учир  утгыг  нөхцөлдүүлсэн  юмаа.  Тэр  сүмийг  тойрон  Д.Нямсүрэнгийн  “Дөрвөн  цаг”  эргэж  байна.

...Дэлхийн  чулуунд  хяруу  цавцайх  сайхан
Дэрсээр  дээр  нь  шүлэг  бичих  сайхан
Дээвэр  сэвэх  салхинд  сэтгэл  гэгэлзэх  сайхан
Дэндүү  ойрын  хайраас  холд  байх  нь  сайхан

Үдшийн  бүрийгээр  ирэх  сайхан
Үүрийн  гэгээгээр  явах  сайхан
Дээр  төрийн  сүлдний  нар  мандах  сайхан
Дэргэд  алтан  соёмбоны  гал  ноцох  сайхан...

Д.Нямсүрэнгийн  гэгээн  яруу  найргийн  гэтлэх  цаг  хугацаа,  орон  зайн  чинээгээр  Эрээнцав  дэлхий  дайдад  алдарших  хувьтай   ажгуу. Эрээнцав,Нямсүрэн хоёрын гүн холбоо шүтэлцээг хөрөглөн нээж   яруу найрагчийн оюун соёлын галарейг тунхаглан зарлаж чадсан Б.Золбаяр дүүд баярлалаа.Яруу найргийн оюуны эрчимт мандалыг  ай савандаа хуралдуулсан  Эрээнцавд  баярлалаа!

2004 он “Өдрийн сонинд нийтлэгдсэн

TOP