ТАНИГДАХУЙ БОЛООД ЭС ТАНИГДАХУЙН ШАСТИР
Ш.Цэрэнпил
Сэтгүүлч
Гомбожавын Мэнд-Ооёогийн «Дарьгангын хөх шастир» гэсэн ээлжит бүтээл нь хэвлэлтээс гарчээ. Гурван бүлэг, арвангурван гарчиг бүхий энэ ном зохиогчийнхоо мэдлэг ухааны зузаарал, ур чадварын нарийсалт, сонгосон баримтандаа тайлал, тайлбар хийх зөн билгийн өсөлтийн нэгэн үзүүлэлт болсон мэт санагдана. Бүтээлийн оногдохууны цар хүрээ нь тэнгэрийн холхид гялалзах од эрхсээс аваад Дарьгангын талд цайвалзан бөхөлзөх өнчин дэрс хүртэлх хамгийг холбоо хамааралд нь оруулсан байдалтай. Ингэхдээ нэгэнтээ од руу сарвалзаж, нөгөөтэй газар шагайж шороо үнэртэн энд тэнд ойж үсчсэн хоосон онохуй биш юм. Харин тэр болгоныг зохиогч өөрийн хүчирхэг оюун дүгнэлтээр хураан нийтгэж, жам ёсны шүтэн барилдлага, орчлон ертөнцийн түгээмэл оршихуйн жам дагуу яруу сайхан гаргаж иржээ. Энэ бүтээлд адармаатай философидол, зохиогчоос мэдэрч нээснээ бусдад хүлээлгэх гэсэн махралт, ухаан төөрүүлэх чамирхалт гаргалгаа сэлт ердөөс алга. Мэнд-Ооёо бол нийтлэлийн төрөл зүйл, өөр бусад загварт баригддаггүй, өөрийн зоргоор яруу тунгалаг болоод өрнүүн эрчлэг хүүрнэдэг өндөрт гарсан уран бүтээлч юм. Нийтлэлийн хэл, найруулах арга, бүтээлээ ур чадвар үзэл санааны хувьд нэгэн багц, цогц болгодог соёл нь түүнийг бүх талаар тэгширч, ааг бяр нь ханасан бүтээлч болохыг харуулж байх шиг. Түүнээс өө сэв олоход хэцүү болсон байна.
Нэгэн алдартай бүтээлийг уншсан нэртэй зохиолч Алета Солтерын «Мэдээлэл ч өгсөн, сэтгэл ч сэргээсэн» гэсэн үг Г. Мэнд-Ооёогийн энэ номд дүйж байна. Монголын онцгой өвөрмөц нутаг Дарьгангын түүх, соёл, экологийн тухай мэдээллийг энд уяруухан дэлгэж, улмаар зохиогчоос энхэр багадаа сонссон ардын космологи домгийг тэр л нэг намуухан ая дангаар нь бидэнд дамжуулжээ. Түүний нийтлэл бүрт буддизмын энэрэн нигүүлсэх үзэл санаа цаад дэвсгэр нь болж, тэр дэлгэц дээр ардын зан үйл, амьдралын хэв маяг, ухамсарлахуй, урлахуй зэргийг найрсуулан цогцлоосон байна.
Мэнд-Ооёо бол монгол ахуйг дэндүү барим тавим амьд, дэргэд авчирдаг бүтээлч юм. Түүнээс шууд л хуурын татлага дуурсч, морьд тургин дөрөө харших сонсогдож, аргалын утаа үнэртэн хэсэг цагаан манан суусан уулын толгой үзэгдэнэ. Тэр бол үйл хөдлөл, үзэгдэх байдлыг эерүү зөөлөн, гэгээлэг дуниартай, сэнгэнэсэн алслалтай бас халуун дулаахан дотор талтай нь хамт цогцлоодог байна. Номыг уншиж өндөрлөхөд нэгэн хэллэгийг хувиргаж, «Мэнд-Ооёо бол Дарьганга, Дарьганга бол Мэнд-Ооёо юм» гэж хэлмээр санагдаж байв. Ийм санаа бусад уншигчдад ч бас төржээ. Номын эхний уншигчийн нэг - доктор, профессор О. Сүхбаатар «Аливаа хүн нутагтаа бие нь төрснөөр ааш зан, оюун бодол нь тэр л нутгаасаа эхтэй байдаг хийгээд аль нэгэн хүмүүний нутаг ямар байна, тэр хүн тийм байдаг. Тэр нь эх газар, эх нутагтайгаа хүйн холбоотой байдгийн гэрч. Хөх тэнгэр нь хардаг байхдаа. Энэхүү «Хөх шастир»-ыг туурвигч Г. Мэнд-Ооёо тийм л нэг эгэл нэгэн бөгөөд эгэлгүй туурвигч гэдгийг зохиол бүтээлээс нь мэдэж болно. Түүний мэдлэг, итгэл, сэтгэл гурвынх нь нийлбэр дээр энэ ном бүтжээ. Мэнд-Ооёо бол эх нутгаа шүтэн биширч, хүндэтгэж ирсэн бодгаль гэдгийг түүний байгаль-хүн-соёл гэсэн гурвалсан боловсрол гэрчилж байна. Энэ ном бол манай үндсэний соёлын нэгэн цогц бүтээл гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз» гэж бичсэн байна.
Энэхүү «Хөх шастир»-т зохиогчийн дурсамж хэсэг дагалдах хэлбэрээр нэлээд орж, зохиолын баримтын баяжилт болж өгчээ. Түүний төрж өссөн орчин морин хуур хүнгэнэж, домог түүх хүүрнэсэн оюун санаа, яруу сайхны гэгээн тунгалаг ахуй байсан аж. Чухам иймээс зохиогч хожмоо Мэгжиджанрайсигийг бүтээгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Соёлын сангийн тэргүүн, дэлхийн яруу найргийн нэртэй зүтгэлтэн болж төлөвшжээ. «Хүн болох багаасаа» гэдэг энэ юм. Тэр ариухан ахуйд торниж, улмаар ариун дээд үйл эрхэлж явна.
Зохиолыг уншиж байхад гэгээрсэн бясалгагч Шри Чинмойн ном хэрхэн бүтдэг тухай бичсэн нь санаанд бууж байв. Энэ бол алив сайн зүйлс хүний сэтгэлд өөрийн чансаагаар аяндаа зэрэгцэн холбогдож нийлдгийн жишээ биз. Эрхэмсэг Шри Чинмой: «Хүүрнэл зохиолыг хүн бичдэг, харин яруу найргийг Бурхан хүнээр дамжуулан бүтээдэг. Найраг шүлгийн үг бүхэн нь биднийг «Эс танихуй»»-д аваачдаг. Тэрхүү «Эс танихуйн»-н дотор асар их баяр баясгалан буй» гэжээ.
Тэгвэл энэ номд орсон «Морин хуурын судар», «Алтан сүмбэр Дарьганга орны газрын эзэнд өргөх тахилга-мөнхийн рашааны хурыг буулгагч алтан зул оршивой» зэрэг нь уншигч надад асар их баяр баясгалан төрүүлэвч, тэдгээрийн тухайд ам ангайж үсэг тавих гэхэд эн дутаж эс чаднам. Эдгээр нь миний хувьд баяр баясгалант эс танигдахуй ажээ.
«Өдрийн сонин». 2004. 08. 26
№ 211 (1713)