Судлал шинжлэл

ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

Ш. Цэрэнпил
сэтгүүлч

Хэвлэлүүд яруу найрагч Г. Мэнд-Ооёог дэлхийн яруу найргийн үнэ хүндтэй шагнал хүртсэн тухай товчхон мэдээлжээ. Товч мэдээ чухал явдлын сэжүүрийг сэрэмсэн байх нь олонтаа. Яруу найрагчид ирсэн тэр фэн клубын шагнал манай урлаг, утга зохиолын салбартай давхар холбогдож буй нь мэдээж. Шагнал лавтай нийтийн баяр таашаал, санаа зориг болж буй биз ээ.

Г. Мэнд-Ооёо бол өгөөмөр зан байдалтай хүн юм. Тэр шагнал хүртсэн даруйдаа мэргэжил, сонирхол нэгтнүүдийнхээ хүсэл зоригийг бадраахыг боджээ. Тэрбээр «Монголын яруу найргийг дэлхий хүлээж байна. Гэвч судлал, шүүмжлэл, орчуулгагүйгээр Нобелийн шагнал байтугай, дэлхийн хэмжээнд гарах тухай ярих нь утгагүй юм. Үүнийг би юу юунаас илүү сайн ойлголоо» гэжээ. Ингэж тэр бусдыгаа уриалж, тэдэндээ санаа чиглэл өгч байна. Г. Мэнд-Ооёо «Чам руу би явж байна» гэсэн номоо дэлхийн голлох хэлүүдээр хэвлэн гадаадад гаргажээ. Ингэсний ач тус сая гарч, Хятадын Да-Лянь хотод болсон Олон улсын яруу найргийн YI хуралдаанаас тэрхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Дэлхийд гарах тухайд тэрбээр бусдаасаа нэлээд түрүүлж яваа бололтой. Өнгөрсөн намар Сидней хотод болсон Дэлхийн яруу найргийн их хуралд тэр оролцжээ. Таван хоног үргэлжилсэн хөлтэй хурлын үеэр Дэлхийн Соёл Урлагийн Академийн Ерөнхийлөгч Э. М. Велкинсон, Г. Мэнд-Ооёог академийнхаа жинхэнэ гишүүнээр насан туршид нь элсүүлэн авснаа мэдэгдсэн байна. Үүний дараахан дээрх шагнал. Ингэж тэрбээр дэлхийд гарч эхэллээ.

Г. Мэнд-Ооёогийн бүтээлч амьдралаас юуг нь нэгдүгээрт тавих нь зүй зохистойг тогтооход амаргүй. Тэр юуны өмнө яруу найрагч уу, эсвэл соёлын том зүтгэлтэн үү? Үүнийг одоо ялгаж салгахад бэрх болжээ. Тэрбээр яс, язгуурын яруу найрагч мөн боловч түүнээс явуулсан соёлын их ажил, бүтээлүүд нөгөөх язгуур чанарыг баахан халхалж бүдгэрүүлж байлаа. Монголын Соёлын сангийн тэргүүн тэрбээр асар богинохон хугацаанд Мэгжиджанрайсиг бурхан бүтээлцэж, «Монгол сувдан сондор» цуврал аялал зохион байгуулж, эртний үнэ цэнэтэй толь бичгүүдийг сэргээн хэвлүүлж, эх орны соёлыг дэлхийн олон оронд сурталчилсан. Үүнийхээ төлөө «Соёлын гавьяат зүтгэлтэн» болсон юм. Соёлын талаар гадаадад тавьсан түүний илтгэл, хэлсэн үгүүд нь үнэ цэнэтэй баримтуудад тулгуурласан, гүн мэдлэгийн үүднээс сайтар шинжлэн дүгнэсэн, оюун санааны агуулгаар буурьтай бас содон сонин байдаг аж. Энэ нь түүнийг боловсрол, сэтгэлгээ болон соёл, оюуны хөдөлмөр эрхлэлтээр   дэлхийн жишигтэй хүн болохыг харуулдаг байв. Гэтэл тэр одоо бас шүлэг, яруу найргаараа дэлхийн хүн гэгдэх боллоо. Түүний хэр хэмжээ, хувь тавилан ийм буюу.       

Энэ эрхэм хүн 1952 оны усан махбодтой, хар луу жил Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. Уран зохиол, яруу найрагт 1980-аад онд орж ирсэн байна. Наяад оныхон гэдэгт Д. Төрбат, Ш. Гүрбазар нарын арав гаруй хүн тоологддог аж. Энэ тухайд Дамбын Төрбат «Атаа хорсол, атгаг санаанаас ангид, гэгээн тунгалаг наяад оны өдрүүд Ооёогоос эхэлсэн» гэж бичсэн байж. Яг энэ үеийг О. Дашбалбар «Хэрүүл уруул, уур уцаар, атаа хорсолгүй алтанхан өдрүүд минь. Тэр үед ямархан гэнэн, ариухан сэтгэлтэй байж вэ. Наяад оныхны удирдагч нь Г. Мэнд-Ооёо, бидний жанжин штабын байр нь тэднийх байлаа» гэжээ. Балбар агсан мөн «1980-аад он, тэр битгий хэл, 1990-ээд оны яруу найргийн эх амьсгал, мэдрэмж, юунд чиглэх замыг тэр гаргасан, тэр уран зураг шиг тод үлдээсэн. Тэр Д Нямсүрэн, О.Дашбалбар нарын эхийг тавьсан» гэж. Эдгээр мөрүүдэд тод баримт, ач санахын буянт сэтгэл, хайрлахын дулаан амьсгал шингэсэн мэт санагдана. Г. Мэнд-Ооёог манан, бороо, одод, хүлэг морь, уул, гол горхи, цэцгийн тухай бичихээрээ жинхэнэ яруу найрагч болдог гэжээ. Түүний шүлгүүдийг нэгэн сэтгүүлч «Өчүүхэн ч тортоггүй өглөөний наран мэлтийн ургах мэт, ард зоны шулуун үг, цагаан сэтгэл, задгай зан мэт, эсвэл Чимэдцэеэгийн дуунд мөнхөд оршдог гэгэлгэн задгай аяс, нэгэн санахуй гунигтай ч юм шиг, нөгөө сонсохул цаанаа намбайсан тунгалаг гэгээн өнгөтэй» гэсэн байх юм. «Түүний шүлгүүд гол мөрөн намуухан урсаж буй мэт ихэмсэг атлаа дөлгөөн. Өнгөндөө тайван хэдий ч, гүндээ шатаж буй мэт санагддаг юм. Ер яруу найрагч өөрөө тийм юм» гэж Д. Төрбат бичсэн байхад Ц. Түмэнбаяр «Г. Мэнд-Ооёо дэндүү тайван, их уужим хүн. Харин дотоод хүч мэдрэмж нь яруу найрагт нь шингэсэн байдаг» гэсэн байна. Г. Мэнд-Ооёо яруу найраг, баримтат уран зохиол, туульсын нэлээд олон ном бичиж, кино жүжгийн чиглэлээр бүтээлүүдтэй юм. Түүний бүтээлүүдийг шүүмжлэгчид яруу тансаг агаад хүчирхэг, гүн гүнзгий санаа агуугатай, эгэл дорд хар бор биш,харин эрхэм дээд ариун нандин, тэнгэрлиг, цоглог цэмцгэр, зориудаар урлан бүтээсэн, ухамсарт болоод эрхэмсэг гоо сайхан байдаг гэх зэргээр бичдэг байна.

Г. Мэнд-Ооёо энэ мэт болоод бусад бүхий л онцлогоор өөрийгөө нээн өвөрмөцөөр бүтээн биежүүлж явна. Түүний бүтээлүүд тэрхүү давтагдашгүй үнэ цэнээрээ дэлхийн жишигт хүрчээ.

«Өдрийн сонин» 2001.12.08
№ 291 (854)

TOP