НОЁН ИМРЕГИЙН ТААШААЛ БА Г.МЭНД-ООЁОГИЙН ГУРВАН «ДАН»
Ш. ЦЭРЭНПИЛ
сэтгүүлч
Манай сонины 1- р сарын 21 дэх дугаарт нэгэн сонирхолтой захидал нийтлэгдсэн юм. Түүнийг дэлхийд уран бүтээл нь толилуулагдсан нэрт яруу найрагч Имре Принс Цолдос манай нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд- Ооёод илгээсэн байв. Улс үндэстний хэмжээний уран бүтээлчид хоорондын захидал хувийн хүрээнээс хальсан байх нь ерийн хэрэг биз. Тийм ч байдгийг манай уран сайхны сэтгэлгээний түүх авч үлджээ. Нэгэн цагт Эрдэнэбатхан хэмээх өндөр өндөр соёлтой бичгийн хүн «Пролетарийн их зохиолч» хэмээн алдаршсан М. Горькийтой захидлаар харилцаж байж. М. Горький ээлжит захидалдаа, танай шинэ үеийн уран зохиол идэвхитэй зарчмыг баримталбал зохино гэж дурджээ. Тэр захидалд ангийн тэмцлийн үзэл санаа гэх мэт гажуудсан зүйл байсан биз. Гэхдээ л тэр захидал өнгөрсөн зууны манай уран зохиолд нэн чухал зөвлөгөө болсон гэж судлаачид үздэг. Манай уран сайхны бүтээлч үйл түүний дотор уран зохиол барууны буюу дэлхийн жишиг хэлбэрээр шинээр хөгжихөд тэр захидал эергээр нөлөөлсөн болохыг багагүй юм уншсан жирийн уншигчид хүртэл мэддэг билээ. Тэгэхээр чухал хүний сайн санааны захидал улс үндэстэнд боловч үр ашгаа өгдөг ажээ.
Унгар гаралтай Имре Цолдос бол дэлхийн хэмжээний том хүн юм. Гуч гаруй номоо 20 орчим хэлээр хэвлүүлсэн түүнд Олон Улсын Яруу Найргийн Академи «Дэлхийн гарамгай яруу найрагч» цол олгосон байна. Тэрбээр Дэлхийн Урлаг, Соёлын Академийн байнгын гишүүн юм. Ноён Имре Цолдос Дэлхийн яруу найрагчдын их хурлын зөвлөхөөр ажилладаг гэнэ. Иймээс тэрбээр 2006 онд манайд болох Дэлхийн яруу найрагчдын ХХYI их хурлыг зохион байгуулалцах ажээ. Энэ их хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Г. Мэнд-Ооёо гардан гүйцэтгэж байгаа юм. Иймээс тэрбээр өөрийн танил Имре Цолдостой захидлаар харилцаж, мөн «GUNU» сэтгүүл гаргах тухай зөвлөлдсөн байна.
Ноён Цолдос манай яруу найрагтай Мэнд- Ооёогийн уран бүтээлээр дамжуулан танилцсанаа захидалдаа дурдсан билээ. Тэд Дэлхийн яруу найрагчдын их хурал, соёлын уулзалтууд дээр уулзаж танилцжээ. Ийм хурлууд 1969 оноос эхлэн зохиогдох болжээ. Харин манайх хаалттай байсан болохоор тэдгээр үр ашигтай сайхан ажлуудад идэвхитэй оролцож байсангүй. Харин Г. Мэнд-Ооёо сүүлийн үед Япон, БНСУ, Австрали, Румынд болсон их хурлуудад оролцож шүлэг зохиолоо уншиж, даяаршлын эгнээнд манайхаас анх түрүү хөл тавьжээ. Түүний шүлгүүд энэ салбарын дэлхийн томчуулд маш өвөрмөц сонсогдож, гүн агуулга ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ тухай Имре Цолдос «Өөрийн тань шүлэг бүрээс танай өргөн дэлгэр орон, таны унаж төрсөн газар, элгэн халуун Монгол нутгийг өөрийн мэдэлгүй тодоос тод мэдэрч, төсөөлж харах шиг болсон. Хамгийн чухал нь тэнд ажиллаж амьдарч буй танай хүн зоны зүрх сэтгэл юм. Өнгө алагласан хээ хуартай дээл хувцас, ардын урлагийн олон төрөл хэлбэр, энгийн уламжлалт зөв мэдрэмж, найрсал зохицол, тэгш хэм хэмжээ, намжуу тайван болоод өөр бусад олон зүйлийг эрхэмлэн хайрлах сэтгэл бүгд нийлээд «Энэ болгон чинь л өнөөгийн хүн төрөлхтөнд дутаад байгаа юм шүү дээ» хэмээн над руу хашгирах шиг болсон» гэж бичжээ.
Имрегийн захидалд уран бүтээлчийн хөөр догдлол, даган баясалт, утга онолын мэргэн ишлэл, гүн санаа, захидал бичигчийн өөрийн нь ухаарал, мэдрэмж зэрэгцэн шингэсэн байна. Тэрбээр шүлэгт ая дан, донж дан, утга дан гэсэн гурван хүчин зүйл байдаг тухай Езра Фунт хэмээгчийн санааг иш татаад энэ гурван зайлшгүй зүйл Мэнд–Ооёогийн шүлэгт сайтар найрч шингэснийг бахархан дурджээ. Захидлыг хүлээж аваад Мэнд-Ооёо: «Манай яруу найрагчид бүгдээрээ байгаль эхийг урладаг уран бүтээлчид. Тэдний маань дотор надаас илүү бичдэг нь олон бий. Харин би тэднээсээ түрүүлж гадаадынханд олдсон байна. Дэлхий биднийг нээхээр тэмүүлж байна. Харин бид тосон хөдлөх ёстой» гэж хэлж байсан юм. Ингэж тосон хөдөлж, айлсан буух цаг хугацаа нь 2006 оны зун Улаанбаатарт тохиох ажээ. Үүнийг угтаж манай хүн «GUNU» сэтгүүлдээ уран бүтээлч нөхдийнхөө шүлэг зохиолыг англи хэлээр хөрвүүлэн зохих газар, очих хүнд нь хүргэхээр зорьж яваа аж.
«Дорнын их яруу найрагч» гэгддэг Бэгзийн Явуухулан агсан өөрийн цагтаа «Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй» гэж бичиж байсан. Энэ үгс өөрийгөө мэдэрч, үнэлдэг хэнд ч болов зоригжуулах хүч өгөгч уриа дуудлага мэт сонсогдох болсон билээ. Энэ өгүүлбэрийг яруу найрагчдад төдийгүй бусад салбарынхан ч санаа зоригийн уриа болгосон байдаг. Гэвч манайхаас дэлхийгээр «дэвжээ» хийж буй нь уран зохиолын салбарт нэн цөөн юм. Яруу найрагчид бүр ч дэлхийд танигдаагүй онгоноороо байгаа аж. Манай цөөн хэдэн уран бүтээлчдийн ном зохиол орос болоод хуучин социалист орнуудын хүрээнд орчуулагджээ. Мэнд-Ооёогийн үзэж буйгаар бол одоо манайхан яруу найргаар дэлхийн дэвжээнд гарах цаг нь нэгэнт болсон байна. Хэрэв тэгж чадвал дэлхийн чихийг дэлдийлгэх «хүлэг» манайд цөөн биш байгаа гэнэ.
Манай яруу найрагчдаас Мэнд-Ооёо яагаад дэлхийд танигдаж эхэлсэн бэ? Дэлхийн Урлаг, Соёлын Академи түүнд «Утга зохиолын доктор» цол олгосон байна. Мөн АНУ-ын Соёлын нэгдсэн хүрээлэн түүнд 2003 оны «Олон улсын Энх тайвны шагнал» олгожээ. Бас Кембрижийн Олон улсын намтар судлалын төв түүнийг 2004 оны «Шилдэг зохиолч» болгожээ. Энэ болгонд цаг хугацаа, орон зайн азтай тохиол үйлчилсэн нь юу л бол. Харин хамаг учир түүний уран бүтээлийн чанар чансаа, нэн өвөрмөц хэлбэр шинжид байна гэвэл онох биз. Түүнийг О. Дашбалбар «Сарны яруу найрагч» гэж бичиж байсан. Ер нь түүнийг судлаачид эх байгалийн нэн уянгалаг тансаг дууч гэж үздэг. Тэрбээр яруу найрагчдын цаг хугацааны үечлэлээр 1980-аад оныхонд хамаардаг. Иймээс тэр байгаль дэлхийгээ танин мэдэх, урлахын хувьд өмнөх үеийнхээ ололт туршлага дээрээс урган өндийсөн.
Г.Мэнд-Ооёо, уул ус юугаа амьдчилан авч үзэж, түүнд өөрөө шингэн найрсдаг. Түүний зөн мэдрэхүйд эх дэлхий болоод гараг эрхсийн орчил эргэлдэж, түүнийгээ нээн илэрхийлдэг юм. Тэр бэлгэдлээр сэтгэж, амьд бүхний цаана бурханлиг чанар буй хэмээх Буддын гүн ухаанд итгэж, энэ итгэлээ онцгой яруу дуурсгадаг юм. Түүний оюун сэтгэлийн таашаал - морин хуурын дуурсал, алсаас дүнхийх Алтан-Овоо, Шилийн Богд юм. Нэгэн идэвхтэн уншигч Д.Эрдэнэбилэг хэмээгч түүнийг зөвхөн гэгээлэг байдлаар бүтсэн хүн гэж хэлж байсан. Бурхан багшийн ариун сургаал, тоонын цамхраагаар тэнгэрийн цээлд гялалзах Хүн таван одны анивчаа, хээр талд үүрсэх адуу, хотонд яраглан налайх хоньд, ээжийн ярьдаг үлгэр, аавын морин хуурын татлага, аргалын цэнхэр суунаг» энэ болгон түүнийг буй болгожээ. Эдгээрийн эс ширхэг нь тэр өөрөө юм. Иймээс тэрбээр дэлхийн урлаг, соёлын эрхэмсэг тайзан дээр энэ байгаа болгоноо л дэлгэн илэрхийлсэн байна. Ингээд түүнийг нь ноён Имре болон бусад эрхэм, мэргэн хүмүүс гүнээ хүртэн мэдэрч ихэд таашаан бахадсан байна. Дэлхийн тэр хүмүүс түүний урлах эрдэм, уран саналга, өгөөмөр сэтгэл, уужим ухаан, унаган шинж байдлыг олж үзжээ. Имре гуай Мэнд-Ооёогийн тухайд нэгэн хачин үнэлэлт өгсөн байна. Тэр эрхэм «Бурхны төгс ариун, оюун санаалаг болоод бүхнийг хөндөн цогцлоож, хамарсан төстэй тал миний уншсан таны зохиолуудад бүгдэд нь байгааг өөрийн эрхгүй олж харлаа» гэжээ.
Өдрийн сонин
2005 оны 03 -р сарын 03