Судлал шинжлэл

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ МОНГОЛ ШҮЛЭГ

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ МОНГОЛ ШҮЛЭГ

Ш.ЦЭРЭНПИЛ
сэтгүүлч

Гэрээслэл нь хүмүүний харилцааны соёлын нандин чухал хэсэг аж. Гэрээслэл хүмүүнийг цаг хугацаанаас хамааралгүй мэт болгох атлаа бас цаг хугацааны дагууд өөдөлж дэгжихийн нэгэн үндэс болдог мэтээ. Гэрээслэлд хожим дараачдаа итгэх итгэлийн гал халуун илч шингэсэн байх ба тэр нь гэрээсийг биелүүлэгчийн итгэл даахын их урам даацаар хүч аван өрнөдөг бололтой. Ингээд гэрээс биелүүлэгч нь хүч чадал дүүрэн, сэтгэж бодохын шид далайц ихтэй аваас анхны гэрээслэлтэй жишиж харьцуулах аргагүй аварга их үйлсийг өрнүүлдэг байна. Гэрээслэл хүчтэй, итгэлтэй хүмүүсийн дунд дамжих аваас хөгжил, өрнөлийг хөөрөгдөж цойлуулах шатахуун болдог аж.

Дорнын их яруу найрагч хэмээгддэг Б. Явуухулан нэгэнтээ өөртөө итгэх итгэл нь бадарч хөөрсөн үедээ “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичжээ. Тэрбээр өөрийнхөө шүлгийн чансааг маш сайн мэдэж байсан учир ийм үгийг хэлжээ. Гэхдээ “хүйтэн дайны” хаалт хөшиг, манай үндэстний амьдралын хэв маягийн ижилгүй өвөрмөц байдал, түүнийг дагаж илэрхийлсэн хэл, сэтгэлгээний онцлог, бас цөөн бүрий монголчууд гэх зэрэг хүчин зүйлс нь Явуухуланг дэлхийн дэвжээнд гаргасангүй. Гэхдээ тэр хаана байх ёстойгоо маш сайн мэдэж байсан. Иймээс дээрх хоёр мөрт түүний шавь нарт гэрээслэлийн хэлбэрээр, гэрээслэлийн онч тогтолцоо байдлаар ухамсарлагдан үлдсэн байна.

Б. Явуухулан маш их нөлөөтэй содон их хүний хувьд олон шавьтай байжээ. Түүний гэрээслэл нь тэдгээр олон шавь нартаа, мөн өөртөө, Монголын бүх яруу найрагчдад зориулагдсан, тэднийг зоригжуулсан шинж агуулгатай байлаа. Түүний шавь нарын дотроос яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо тэрхүү гэрээслэлийг биелүүлэх даамай үүргийг ухамсар зорилготой хүлээн авсан бололтой. Ногоо ургах чимээг, саран хөөрөх чимээг мэдэрнэ гэдэг шиг Г. Мэнд-Ооёо буй бүхний жам ёсны байдал, чанад нууцлаг хэлхээ холбоо, тэдгээрийн үзэгдэх байдлын гоо сайхныг гайхалтай нарийн урлаж бичдэг яруу найрагч юм. Тэр үндэстнийхээ нэн өвөрмөц аж төрөхүй хийгээд тэр нь хөрст болоод хөхрөгчтэй хэрхэн холбогдон зохирч байдгийг илэрхийлсэн шүлгүүдээрээ өөрөө эхлээд дэлхийд танигджээ.

Тэр бол сэтгэлгээний болоод дүрслэлийн яруу найрагч юм. Тэрбээр дэлхийн яруу найргийн янз бүрийн байгууллагуудаас олон төрлийн шагнал авсан байна. Ингэж учрыг таньж, “нүдээ нээж” явахдаа тэр өөр бусдынхаа бүтээлийг дэлхийд таниулах үүрэг хариуцлага өмнө нь тулаад байгааг ухамсарласан бизээ.

1950 оны дундуур Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, 1980 оноос шүлэг зохиолоо хэвлүүлэн уншигч түмэндээ танигдаж эхэлсэн энэ хүний төөрөг тавилан өвөрмөц ажээ. Өнөөдөр тэр монголын яруу найргийг дэлхийд гаргаж, дэлхийн орчин цагийн яруу найргийг бидэнд таниулж буй нь түүний оноо тавилангийн хамгийн онцгой хэсэг нь бизээ. Тэгвэл үүнээс өмнө тэрбээр манай соёл урлагийн амьдралд хэд хэдэн анхдагч үйлийг бүтээсэн байх юм. 1990 оны дунд үеэр Мэгжиджанрайсиг бурхныг ахин шинээр бүтээх ажлыг амжилттай удирдаж, үүнийхээ төлөө Соёлын гавьяат зүтгэлтэн гэсэн эрхэм алдар хүртжээ.

2000 оны эхээр Морин хуур бүтээх нууц чухаг хөлгөн судар бүтээсэн нь манай соёлын амьдрал дахь цоо шинэ санаачилга байлаа. Энэ судрын ач холбогдлыг манай урлагийн нэртэй зүтгэлтнүүд ихэд нандигнан үздэг юм билээ. Байсан байж болох өндөр магадлалтай, мартагдсан үнэт зүйлийг сэргээн зохиосон гэдэг үүднээс Мэнд-ооёогийн тэр бүтээл Хүрээний их хамба Агваанхайдавын зохиосон монгол цамын судар “Дансран Жамцын гарчим”гэдэгтэй зүйрлэж болох тухай Тэргүүн хамба Д. Чойжамц гуай ярьж байсан. Г. Мэнд-Ооёогийн энэ мэт дорвитой бүтээлүүд нь соёл урлагийн том зүтгэлтэн, алсын хараатай бодлоготон, авьяаслаг зохион байгуулагч болохыг харуулж буй аж.

Түүний зохион байгуулах гэж байгаа Дэлхийн яруу найрагчдын ХХYI их хурал нь Чингис хааны 800 жилийн ойн олон талт арга хэмжээнд том байр эзлэх гэнэ. Их хааны тухай тулгуур судар Монголын нууц товчоо нь бүхэлдээ яруу найраг байдаг нь энэ их хуралтай утга агуулгаар холбогдож буй хэрэг аж. “Мянганы хүн—Чингис хаан” шүлгийн уралдаан зарлаад байгаа гэнэ. Энэ уралдаанд зориулж 30 гаруй орны 100 орчим шүлэг ирээд байгаа аж. Уралдаанд ирсэн шүлгийг гурван сарын хугацаанд тусгай комисс шүүж, шагналыг есдүгээр сарын 4-нд олгох юм байна. Чингис хааны сэдэвтэй шүлэг бүтээлүүдийг дэлхийгээр нэг эрэн сурвалжилж, улмаар орчуулж эхлээд байгаа гэнэ. Яруу найргийн наадмын үеэр “Чингис хааны яруу найргийн алтан судар” нэртэй ном хэвлүүлэх юм.

Дэлхийн улс орнуудын 1000 орчим яруу найрагчид урилга явуулсан ба тэднээс лавтайяа 300 орчим нь нэгэнт ирэхээр болоод байгаа аж. Тэд албан ёсны үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ хээр хөдөөд одож, элсэн манхан дунд шүлгээ уншиж, манай малчин ахуй үндэсний амьдралтай танилцах болно. Зохион байгуулж буй энэ ажлынхаа ач холбогдлын тухай Г. Мэнд-Ооёо “Дэлхий дахины утга зохиол, оюуны үнэт зүйлсийн охь манлай Монголын хөрсөнд соёолж буйгаараа үнэлж баршгүй ач холбогдолтой. Тэд манайхантай дотно танилцаж нөхөрлөснөөр Монголын утга зохиол гадаад ертөнцөд хөл тавих үүд хаалга нээгдэж байгаа юм.. Дэлхий дахины уншигчид биднийг хүлээн авна гэсэн үг” гэж ярьсан байна. Ингэж их яруу найрагч Б. Явуухулангийн шүлгээрээ бичсэн гэрээслэл нь онцгой өрнүүн бөгөөд хачин эн далайцтайгаар биелж эхэллээ.

Дэлхий дахин түүн дотор манай үндэстэн англи хэл рүү тэмүүлж байгаа билээ. Энэ агуу хэл рүү манай яруу найраг маш хурд эрчтэйгээр дайран орж эхэллээ. Энэ бол хөгжлийн болоод оюун санааны агуулгаараа бас л гайхалтай хэрэг. Ер нь Г. Мэнд-Ооёогийн санаж сэдэн эхлүүлсэн зүйл эхний төсөөлөл баримжаанаасаа хэд дахин өргөжиж, санаанд багтамгүй өндөрт хүрдэг жамтай бололтой.

“Өнөөдрийн монгол” сонин.

2006.03.14
TOP