Судлал шинжлэл

НҮҮДЭЛЧИН ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРАГ

НҮҮДЭЛЧИН ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРАГ

Б. МАГСАРЖАВ
доктор

Эрхэм ээ,

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Соёл, яруу найрагийн Академийг үндэслэгч, нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн нэгэн шинэ номыг Та нээж байна. Энэ номоос яруу найрагийн тухай олон сонирхолтой шинэлэг санааг Та олж унших бөгөөд яруу найрагч Мэнд-Ооёо гэж хэн бэ гэдэгийг бусадын аманаас дуулахын хамт яруу найрагчийн өөрийн нь бодрол бичигээс таних болно. Тиймээс миний бие түүний тухай олон зүйлийг нурших нь илүүц гэж бодном. Гэхдээ яруу найрагчийн уран бүтээл дэлхийд танигдах болсон шалтгааныг тодруулах үүдэнээс ганц нэгэн зүйлийг товч өгүүлэх нь зүйтэй хэмээн сэтгэнэ.

Яруу найраг гэж юу вэ? Энэ асуултын хариуг яруу үгсийг таашаагч хүмүүн төрөлтөн хэдэн мянган жилийн турш хайсаар иржүхүй. Ялангуяа өнгөрсөн хоёр зуунд энэ эрэл бүр ч эрчимтэй өрнөсөн байдаг. Үр дүн нь гэвэл яруу найрагийн маш олон урсгал үүсэж,шүлэг найрагийн олон хэлбэр бий болжээ. Тэдгээрийг бүтээгч эрхэмүүд бие биесийг таашаах тохиол гаравч төдхөн л нэг нь нөгөөгөө үгүйсгэж “дур биеэ голдоггүй,дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэгчийн үлгэрээр өөрийн замаар салан оддог байна. Тэд цаг үеийнхээ нүдээр хүний орчлонг олж харахыг эрхэмлэн яруу найрагийг шинэ эрэмбэд дэвшүүлэхийг хичээн зүтгэж байсан нь тэр бөлгөө. Бодот байдалын нэгэн агшиныг харуулсан гэрэл зураг мэт дүрслэлээс эвлүүлэн бүтээсэн реалист уран зураг мэт дүрслэлд, тэндээсээ байгаль ертөнц хүмүүний аж төрөлийг өөрийнхөөрөө ойлгосон өчилд, уламаар усан нүдээр үзэж, урт чихээр сонсохгүй хий бодол, зүүд, зөнгийн өгүүлэл хүртэл шүлэглэн бүтээж иржээ.

Гэвч уран бүтээлийн ямар ч арга, урсгалын төлөөлөгч байлаа гэсэн жинхэнэ яруу найрагчидад яавч үгүйсгэж болохгүй нэгэн ижил шинж буй. Тэр бол тухайн хүний бүтээлд мөнхөрсөн төрж, өсөж хүмүүжсэн ахуй ертөнцийн нь тусгал, үндэстэний соёлын нь шим, үндэстэний нь сэтгэлгээний хэв шинж юм. Үндэстэнийхээ ахуй, соёл, заншилыг бүтээлдээ үзүүлсэн яруу найрагч өвөрмөц хэмээн тооцогдож, үндэстэнийхээ сэтгэлгээгээр туурвисан яруу найрагч үндэстэнтэйгээ, цаг үетэйгээ хүний түүхэнд мөнхөрч, үндэстэнийхээ сэтгэлгээг хүмүүн төрөлхтөний сэтгэлгээний охиор баяжуулан туурвисан яруу найрагч аугаа их хэмээгдэн зуун зуун жил магтагдан хүндлэгдэх ажаам. Цаг түүхийн, гүүр тавиад ч гэтэлж гаршгүй өргөн, ёроолгүй ангалын нөгөө талд үндэстэнийхээ үнэрийг ч шингээгээгүй, үзэл сурталын долдой болж үнэнийг гуйвуулан сараачсан, цагийн аясыг даган цаасан малгайгаар загвардагчид, хуулбарлагчид таслагдан үлдэж, түмэнийхээ сэтгэлд мөргүй, түүхийн хуудасанд нэргүй мартагдаж ирсэн байнам. Өчигдөр ч, өнөөдөр ч тийм байна. Маргааш ч, нөгөөдөр ч тийм байх болой.

Францын Франсуа Виён, Вийктор Хюго, Поли Вэрлээн нар өөр өөр цаг үед, яруу найрагийн өөр өөр урсгалд хамаарагдаж байсан боловч сэтгэлгээ, ертөнцийг харах үзэлийн хувьд франц хүмүүс л байсан. Пүүшкин,Маякоовский,Блоок,Есээнин нар ч ялгаагүй. Пүүшкиний судасаар арап,орос цус, Блоокийн судасаар польш,орос цус долгилж байсан ч, Пүүшкин романтик,Блоок символист байсан ч тэд орос яруу найрагчид байв.

В.Маякоовский Кавказын ууланаа Гүржид төрж өссөн, уулынханы эрэмгий зоригийг сэтгэлдээ шингээсэн боловч орос хүний уужим сэтгэл, дэлхий дахинаа “русский размах” хэмээн алдаршсан далайцтай, хүчирхэг араншингаар яруу найрагаа амилуулсаны учир энгийн ард түмэнийг яруу найрагийнхаа галын дэргэд дуудан цуглуулж, ХХ зууны дэлхийн яруу найрагт эчнээ шавь нар,энд ганц хүнийг нэрлэхэд,Чилийн их яруу найрагч Пааблоо Нээрүүдаа шиг авьяас билэгтэнүүдийг араасаа дагуулсан байнам.

Сэргэй Есээнин оросын байгалийн гоо сайханы бэлгэдэл болсон гоолиг цагаан хус шигээ орос тариачины сэтгэл, сэтгэлгээтэй яруу найрагч байв даа. Эгэл тариачины хүү бээр Алэксаандар Блооктой уулзаад айх биширэх хослуулан байсан ч, яруу найрагийн цөөнгүй урсгалынхантай нөхөрлөж явсан ч унаган сэтгэл, сэтгэлгээгээрээ шүлэг найрагаа туурвисаар дууссан билээ.

Монголын яруу найрагч Дулдуйтын Данзанравжаа нялх бага насандаа Ноён хутагтын дүрд тодорч Буддын сургаал,онолд гүн нэвтэрсэн боловч “урьхан хонгор салхинаа” уяран уяран

“Дөмөн дөмөн гишгэдэлт
Хар нүдэн шарга минь
Түмэн агтаны дундаас
Дөлөлзөж байдаг л”

хэмээн дуулж явсан байдаг даа.

Ванчинбалын Инжаннааши Эзэн хороонд суурин сууж нанхиад соёлын орчинд орж гарч явсан ч Чингис өвөгийнхөө түүх, монгол түмэнийхээ мандсан төрийн үеийн аж амьдарал тэмцэлийг “Хөх судар”-ын хуудасанаа бичиглэн мөнхөлж,

“Намарын салхин цэлмэгэр жихүүн үес
Найгах өвс хийсэн хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүнээ гомдмуй“

“Урам төрөвөөс усанаа өнгийж сараны хөрөгийг шүлэглэрүүн
Уншилга төгсөвөөс хадыг түшиж салхины хонхыг чагнамуй”

хэмээн уудам хээр тал нутагтаа дураар амьдарагч нүүдэлчиний сэтгэлээр шүлэглэсэн ажгуу. Их найрагчидын яруу дуулал зуун зуун дамжин гайхагдаж дэлхийн яруу найрагт монгол найрагийг төлөөлөн чадсаны чухам шалтгаан тэрхүү нүүдэлчиний ахуй, сэтгэлийг илэрхийлж чадсан дор оршимуй.

ХХ зууны монгол найрагчид ч нүүдэлчин үндэстэнийхээ ахуй, сэтгэл,сэтгэлгээг илэрхийлсэн олон мянган шүлэг найраг туурвисаныг бид мэднэм. Их Нацагдоржийн олон шүлэг,найраг төдийгүй,хүүрнэл зохиол, жүжиг, дуурь нь нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдарал төдийгүй,сэтгэл сэтгэлгээг илэрхийлсэнээр бахархал бахдалыг оргилуулсаар байна.

Хушууран цувах Алтай
Айлын нүүдэл шиг үзэгдэнэ
Хурган цагаан үүлс
Тууварын нь мал шиг санагдана”

гэх буюу

Хөдөө нутагт малчидын өвөлжөө зайдуу
Хүүрэгт хөндийн явуулах зай арвин
Хүүхэн хонгорын болзсон болзоо хатуу
Хүйтэн шөнө морин туурай хөнгөн

хэмээн хэн бичлээ дээ. Их Явуутай нэгэн үед туурвигчид, тэдний шавь нар нүүдэлчин үндэстэнийхээ ахуй, сэтгэлгээг дуулсаар иржээ. Гэхдээ үндэстэнийхээ ахуй амьдаралыг дүрслэх, үндэстэний сэтгэл,сэтгэлгээг илэрхийлэх хоёрт ялгаа бас буй биз ээ. Өдгөө үзвэл үндэстэний сэтгэл,сэтгэлгээг илэрхийлэхээс ахуй амьдаралыг дүрсэлсэн нь илүү олоон. Тэгвэл сэтгэл,сэтгэлгээг илэрхийлж чадсан нь ахуй амьдаралыг нь дүрсэлсэнээс яруу найрагчийн хувьд илүү хол явж, илүү урт наслах бөлгөө.

Монголын нүүдэлчиний яруу найраг ХХ зууны сүүлийн арван жилд зогсонги байдалд орж, ерөөсөө яруу найраг маань хямралд орсоноор харь сэтгэлгээний олон зуун шүлэг,шүлгэнцэр бичигдэж, уншигджээ. Яруу найраг хүмүүст ойлгогдохгүй байх тусамаа сайн гэх шахуу хандлага нэлээд түгэв. Дууны урлагт рок,поп хэмээх урсгал түрхрэн орж ирээд уянгал дууны оронд утга учир муутайхан үглээн, хашгираан, орилоон давамгайлах болсонтой нэгэн адил болов.

Гэвч хэдхэн жилийн дараа рок поп дуучид маань нөгөөх учир утга муутайхан юмнуудаасаа уйдав бололтой арай өөрийг сонирхож эхлэв. Хүчирхэг хоолойтой поп Сараа “Аргагүй амраг”,”Гоолингоо” гээд уянгалуулж гарав. Залуу яруу найрагчид ч “Пүүшкинийг хөлөгийн тавцангаас ёроолгүй далайд шидье” хэмээхээ болив. Хэдий тийм ч манай залуу яруу найраг хуучин голдирол руу эргэж ороогүй нь ойлгомжтой. Хөгжилийн ороомог замын хуулийн дагуу тэд дараагийн шатанд дэвшиж байна. Нүүдэлчиний яруу найраг ч хөгжилийн шинэ үед орлоо.

Нүүдэлчиний яруу найрагийг шинэ түвшинд гаргаж ирсэн хүн бол Таны нээсэн энэхүү номын эзэн Гомбожавын Мэнд-Ооёо мөн билээ. Дэлхийн яруу найрагчид, яруу үгсийг таашаан болгоогчид монголын яруу найрагаас Гомбожавын Мэнд-Ооёог илүү анхаарч,хүрээлэндээ урин дуудах болов. Түүнийг Дэлхийн соёл,урлагийн Академийн утга зохиолын доктор цол олгож элсүүлэв. Уламаар Дэлхийн яруу найрагийн ээлжит их хуралыг Монголд зохион байгуулахаар шийдэж тэрхүү их хуралын Ерөнхийлөгчөөр Гомбожавын Мэнд-Ооёог сонгов. Яруу найрагийг дээдлэгчидийн чин үнэн сэтгэл зүтгэлээр Их Хурал ч сайхан болж өндөрлөв. Монголчууд бол буурал эртэний соёлтой, дэлхийн соёлын дээжийг амсаж таньсан,яс цусаараа яруу найрагч ард түмэн юм гэдэгийг цэнхэр гаригийн яруу найрагчид танив. Монголчуудын нүүдэлийн соёл нь агуу их юм гэдэгийг тэд бараг анх түрүүн Гомбожавын Мэнд-Ооёогийн яруу найрагаас мэдэрсэн бол нутагт нь ирээд бүр сайн ойлгов. Монгол нүүдэлчиний яруу найрагийг шинэчилсэнээрээ, нүүдэлчиний яруу найрагийг дэлхийд ойлгуулсанаараа Мэнд-Ооёо Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх өндөр цолоо батлав. Өнгөрсөн 9-р сард Энэдхэгийн Мадарас хотноо болсон Дэлхийн урлаг соёлын Академийн ээлжит хуралаар уг Академийн удирдалагыг шинээр сонгохдоо бүрэлдэхүүнд нь Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёог оруулсан мэдээ байна.

Түүний яруу найраг нь уламжлалт монгол шүлэгийн хүлэгийн давхиа,тэмээний жонжоо мэт эрчимтэй хэмнэлд цэлмэг үүрийн туяа ойртон ойртсоор цацаран гийх мэт, тунгалаг сараны зөөлөн гэрэл уудам талд тусах мэт,дурласан гоо бүсгүйн харц эгшиглэх мэт намуун зөөлөн уянгат хэмнэлийг нэмдэг билээ. Тэнгэр газартай алхам тутамдаа ярилцаж,тэдэнээс ухаан бодол, эрчим,зоригоо авдаг нүүдэлчиний, догшин байгаль, хэрцгий нийгэмтэй тэмцэлдэхийн тул ухасхийн босоод мордон давхих буюу мөчийн дотор гэрээ буулган ачаалж нүүх тэр аялгууг бус жаргалтай зовлонтой аль ч цагт тэвдэж сандаралгүй ултайхан бодох, тэнэгэр талын толгод дээр, өндөр уулын орой дээр мориноосоо буугаад энэтээгээс тэнгэрийн хаяа хүртэл ажин сууж гүнээ бодлогоширох тэр аялгууг уншигчид бэлэглэдэг нь Мэнд-Ооёогийн яруу найрагийн нэгэн шинж гэлтэй. Чухам юугаараа түүний яруу найраг Дэлхийн соёл,урлагийн Академийнханы, дэлхийн олон нэрт яруу найрагчидын анхаарал сонирхолыг татсан хэрэг вэ? Энэ асуултад дараахь үгс хариулах байх гэж найданам.

Росемари С.Вилкинсон: (АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт ерөнхийлөгч) Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” номын тухай

Г.Мэнд-Ооёо бидэнд өөрийн элгэн халуун эх орон - Монголын түүх, соёл, үндэсний уламжлал, утга зохиолын өв рүү бие сэтгэлийн аз жаргалыг баяр баясгалан төгс тэмээний нутагтаа зочлохын утга учрыг энэ номоороо өгч байна.

Барууныханы оюуны ертөнцөд үнэхээр чухал шал өөр соёл, мэдрэмж бүхий яруу найраг утга зохиолын бүтээлийг дэлгэсэн нь энэ номын гол танилцуулга болж байна. Яруу найраг бол үндэстэний сэтгэл зүрх бөгөөд яруу найраг дахь таны тэргүүлэлийг бодитой үргэлжлүүлж хамгийн сайн сургадаг зүйл юм.

Икеда Дайсаку: (Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн, сэтгэгч Сока Гайкай Интернэшнилийн Ерөнхийлөгч)

“Миний бие таны гэгээлэг сайхан (Гэрэлтэх агшин бүр” номын) сэтгэлтэй танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө. Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрч байгаа өнөө үед, “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх газар, амь насыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно.

Үнэхээр хүний сэтгэлийг хязгааргүй дэлгэрүүлэх “яруу найргийн дахин сэтгэлт” бол “хүний дахин сэргэлт мөн. Түүний төлөө яруу найрагчид босох ёстой. “Үг” гэдэг зэвсгээр зоригтой тэмцэх ёстой гэж бодож байна.

КРИШНА ШИРНАВАС /Дэлхийн Яруу Найргийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Дэлхийн Яруу Найрагчдын Их хурлыг үндэслэгч, “Яруу Найрагч” сэтгүүлийн үндэслэгч, эрхлэгч/

Таны дур булаам шүлгүүд миний сонирхолыг татлаа / дур булаах. Таны шүлэг Чам руу би явж байна” бол үнэхээр шилдэг, МЯНГАНЫ ШҮЛЭГ байна. Би Яруу Найрагч сэтгүүлийнхээ 2006 оны 4 сарын дугаарт таны шүлгүүд болон Монголын бусад эрдэнэ болсон яруу найрагчдын шүлгүүдийг Монголоос ирсэн дурсалтай шүлгүүд гэж нэрлээд хэвлэх болно. Танай орны алдартай яруу найрагчид дэлхийн яруу найрагт тэдгээрийн баяр суурь амжилтанд хүрэх болно.

Би таны нэрийг Нобелийн шагналын жагсаалтанд оруулахаар хөөцөлдөх болно. Та үүнийг зүй ёсоор хүртэх ёстой.

Шри Чинмой: (Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, спортын дээд амжилтуудыг тогтоогч, төгс гэгээрсэн бясалгагч. АНУ)

Би таныг тэргүүн зэргийн яруу найрагч гэж үзэж байгаагаа нэмж хэлэхийг хүсч байна. Таны “Чам руу би явж байна” шүлэг миний зүрх сэтгэлд баяр бахдалыг төрүүллээ. Та бол “хайрын мөн чанар, мөнхийн дуугаа эрэгч” юм. та бол зөвхөн яруу найрагч төдийгүй Туйлын үнэнийг жинхэнэ хайгч юм. Таны хайртай Монгол оронд нэгэн сайхан өдөр уулзана гэдэгтээ би итгэж байна.

Жой Райны Кинг (АНУ-ын яруу найрагч, CAVCO хэвлэлийн газраас 2006 онд хэвлүүлсэн Г.Мэнд-Ооёогийн “All Shining Moments” номонд бичсэн үгээс)

Би Г.Мэнд-Ооёгийн яруу найргйиг уншаад төрсөн өөрийн туйлын баяр баясгалангаа илэрхийлэхийг хүсэж байна.

Тэрбээр уншигчидыг өөртөө татах увидастай найрагч бөгөөд туурвил нь уншигчидад зохиолынхоо ертөнцөд орших хүслэнгийн өглөгийг түгээж, яруу найргийн оршихуйд нь дэлхий ертөнц илүү их гэрэл гэгээтэй сайхан болж харагдаж байна.

Тэрбээр надад үгээр урлахуйн үнэхээр хосгүй мэдрэмжийг бүрэн төгс мэдрүүлсэн бөгөөд үүнээсээ ч илүү ихийг бүтээнэ хэмээн найдан хүлээх итгэл төрүүллээ.

Лэслэй Кован-с зураач Ж.Мөнхцэцэгт 2005 оны 11. 11-нд бичсэн мэйлний хэсгээс:

… Яруу найргийн ном /Гэрэлтэх агшин бүр/ нь гайхалтай гоё юм байна. Үнэхээр сонирхолтой зүйлийг би олж мэдлээ. Яруу найраг нь агуу гайхалтай, бусад зүйлсээс маш ялгаатайг би уншаад мэдэрлээ. Яруу найрагч нь тэнгэр, огторгуй, байгалийн тухай олонтоо өгүүлсэн нь, аргагүй л Монголын онцгой шинж бизээ. Би Монгол дахь яруу найргийн дотоод хүүрнэлийн яриаг сонсож чадсан бөгөөд зөвхөн үүнийг л хүссэн билээ. Тэдгээрийн үг аялгуу нь үнэхээр гайхалтай байна гэж би бодож байна.

Доктор Имрэ П. Золдош (Унгар-Тайвань) Доктор Гомбожавын Мэнд-Ооёогийн Гэрэлтэх агшин бүр…шүлгийн талаар хэлэх чин сэтгэлийн үг .

....”Гомбожавын Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр…” шүлгийг уншсан хүн аяндаа “Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гардаг

Орчлонг гэрэлтүүлэх хүү тэгэхэд л мэндэлдэг”гэх суурь, түгээмэл үнэнийг лавтайяа ойлгож авах биз ээ. Үүнийг л их яруу найрагч бидэнд юуны түрүүнд хэлэхийг хүсчээ. Түүний шүлэгт бүхнийг гайхалтай энгийн даруу бөгөөд тод тодорхой байдлаар нарны гэрэлнээ авчирсан мэт. Энэ нь зөвхөн бурханд л байх тэр энгийн даруу бөгөөд тод тодорхой байдлыг санагдуулах аж. 

.... яруу найрагч хүн бүтээл, ур чадвараараа гэгээрсэн хүмүүн, хуврага, яруу найрагчийн гэсэн 3-н үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Гэрэлтэх агшин бүр… үүний нэгэн гайхалтай баталгаа болж байна. Доктор Гомбожавын Мэнд-Ооёо танд баяр хүргэе. Та үүнийг хийж чадахаа энэ шүлгээрээ үзүүлэв. /2005 оны 5 сарын 19 Имрэ Золдош-оос/

Ёо Мита “Яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ” (Япон Улсын утга зохиолын “Юүсүрүка” сэтгүүлийн 2006.IV сар 68 дахь дугаар)

“Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” хэмээн “хорвоо ертөнц”, “юмс”, “цаг хугацаа”, “оюун ухаан”, “бие” энэ бүхэн бүхлээрээ түүний шүлгэнд орон зайгаа олж цогцолжээ. Ийм бүхэл цогц, агуу чанарыг яаж үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шүлгэнд хүмүүний ичгүүр сонжуургүй байдал, тоомжиргүй зан, мэдээлэлийн сүлжээ дэх дэндүү амар хялбар бэлэн зэлэн амьдарлын төрх өчүүхэн ч тусгагдсангүй. Монголын хөх тэнгэр дор, сансар эрхэсийн эрхшээл дор, яруу найраг, хүмүүн, уул ус нь ийнхүү зэрэгцэн оршином буй заа.. Магадгүй үдэш орой шүлэг яруу найраг нь одод түгсэн тэнгэр адил гялалзан төрдөг байхдаа.

Энэхүү нэрт хүмүүсийн үгэнд өчүүхэн би бээр юу нэмж чадах билээ. Олон үг нуршиж Эрхэм Таныг чилээсэндээ хүлцэл өчимүү. Одоо та номын эзэнтэй хүүрнэн сууж хайрла аа.

Таалал орших болтугай.

2007 оны 10 дугаар сар 2-ны

хүчин төгсөхийн барилдалагат
сайн өдөр

TOP