Судлал шинжлэл

ТҮМЭН МЭСИЙН ГЭГЭЭНТНИЙ ДЭЭД ТААЛАЛ ОРШЖИХУЙ

ТҮМЭН МЭСИЙН ГЭГЭЭНТНИЙ ДЭЭД ТААЛАЛ ОРШЖИХУЙ

Б.ХИШИГСҮХ  (дэд профессор)
Д.ГАЛБААТАР (профессор)

Өөрсдийн өчүүхэн чадлыг умартан анхаарал сонирхлыг минь татсан нэгэн шинэ романы тухай хошуу дүрж олонтой бодол санаагаа хуваалцахгүй бол сэтгэл санаа амирлахгүй болтой. Энэ нь яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн  “Гэгээнтэн” хэмээх түүхэн баримтат роман юм.

Говь мэргэн вангийн хошуунаа тодорсон тавдугаар дүрийн Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа гэгээнтний арга, билиг хосолсон далд чинадын их хүчин, гайхалтай рид хувилгаан чанарын тухай өгүүлэх нь молхи бидний хувьд оюуны тамир тэнхээг шавхаж, оюуныг цуцаасан хүнд ажил гэдэг нь ойлгомжтой. Чухам ийн үг хэлэхийг зориг гаргасан нь уг бүтээл уран сайхны роман байсантай л холбоотой юм. Хориодхон жилийн өмнө Ноён хутагтын зэрэг зиндааны онцгой дээд язгуурт хүмүүсийн тухай зохиол бичих бүү хэл Их, дээд сургуулийн уран зохиолын мэргэжлийн хичээлийн хөтөлбөр зэрэгт ч яриатай хөөрөөтэй, хагас хугасхан тусч асныг л мэдэх юм.

Уг роман ийн эхлэх ажгуу. “Урт холын замд дигваранзтай наадах нь хүүд зугаатай. Аа, чи муу, хилэнцэт. Хайрцаг торноосоо алдууран гарах санаатай юу? Одоо та хоёрыг хааш нь ч алдахгүй, мэдэв үү? Та хоёр яг надтай адилхан. Би ч бас нэг дөрвөлжин хайрцаг шиг юманд байна. Эргэн тойрон багш нарын хараан дор. Хаашаа ч зугатаах аргагүй нь яг л та хоёр шиг...” (16) ийн ярьж суугаа бяцхан хүү бол Дулдуйт ажаагийн өнчин ганц үр Равжаа ажээ. Цааш:

“Аараг бор толгод бондойн бөмбийлдөнө. Хэсэг бусаг нь хул шаргалтана. Нөгөө нь минчийн улаарна. Өөр нэгэн бүл толгод оюу ногоон өнгөнд хувилсан байхад цаадтайх толгод нь чандаган цагаан. Эсвэл хөөн хар ч бас байх. Ийн олон толгод зүс алаглаж найрсан сүжрэлдэн байснаа, орчлонгийн нэг өнгө судгаас нөгөө өнгө будагт илбэ жилбэ мэт шилжин, цаг үргэлжид хувьсан өөрчлөгдөх хувилгаан чанартай бөлгөө.” (7) гэх зэргээр хөврөх уран зураглал, гүн бодлогошрол сэлтүүд угтаа говь нутгийн тухай өгүүлэх мэт ч тэр дэвсгэр дээр гол баатар Ноён хутагтын сэтгэлийн орчлонг нээж, хүмүүн заяатын төөрөг тавилан хийгээд ертөнцийн түмэн өнгө, буман хувирлын ээдрээ ончрооны учиг учрыг тайлж баатрынхаа оршихуйн өвөрмөц орон зайг цаг хугацааны эргэлттэй уяж, бяцхан жаалхүүгээс их Хутагтын сэнтийд хүрч, улмаар насны хязгаар хүртэлх цадиг түүхийг өгүүлсэн аж. Ингэхдээ Говь мэргэн вангийн хошуунаа V ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан сүүлчийн хурал номын орон буюу ”Цагаан сүм”-ийн тахилч, /“Шарилын сүмийн тахилч” ч гэх/ өвгөн О.Түдэвийн эргэн дурсахуй хийгээд бодол, эргэцүүллийг зохиолын үйл явдлын гол шугам дээр нийтгэн тавьж үзүүлсэн нь романыг цэгцтэй, их хутагтын төөрөг тавилангийн учир зангилааг оновчтой шийдэх боломж бүрдүүлж чаджээ.

Үржинхандын орноос Дулдуйт ажаагийн ядуу гэрт мэндэлсэн өнчин хөвгүүн хэвлүүхэн нь аргагүй “... гэгээн /Богд гэгээн/ рүү эгцлэн цоо ширтэхдээ хүүгийн гал бутарсан гялалзсан хар мэлмийтэй харц мөргөлдөв. Хүүгийн гялалзсан хар нүдэнд ертөнцийн түйтгэр бүхнийг хуйхлах ер бусын эрчилсэн гал цог дүрэлзэж, ирээдүй хожид хийх их бүтээлийн эрх, мэдэл хоёрыг Богдоос шууд шаардан нэхсэн омог догшин байдал ч илэрхий. Бяцхан гэгээний үл дальдрах гал цахилсан харцнаас арайхийн булзаж ... “ (20) гэх хэсэгт ирээдүйн их Ноён хутагтын эгэл бус шинж хийгээд ээдрээт зам мөр, гайхамшигтай хувь заяаг “үйлийн үр”-ийн мөн чанартай гүнзгий холбож сонирхолтой нээсэн нь зохиолын тайлах учиртай үндсэн зангилаа асуудал болжээ. Энэ нь хүний орчлонгийн элдэв олон ааш араншинг танин ухаарч, гэгээрэхийн хэрээр амьдралын нууцын чинад бүхэн рүү гүнзгийрэн нэвтэрч, номын шид хүчээр эгээрэл гэгээрлийн чинадад тулан түдэж, эргээд эгэл бор амьдралын жам ёсыг зоргоор таалан мэдэрч хутагтын далд увидаст хүч, гэгээнтний өндөр хүндлэл хийгээд хувь бодгал хүний  эгэл ёсон нэгэн уулзварт огтлолцож нийлэх ертөнц хэмээх авгайн аяг араншингийн эргүүлэгт татагдан орсон Хутагтын өндөр зиндаанд хүрсэн хувь заяаны оньсыг нээж харуулахдаа ардын дунд түгсэн аман болоод бичиг судраар дамжиж уламжлагдсан олон тооны хууч яриа, гэрч, эрдэмтэн мэргэдийн судалгааны мэдээ баримт, элдэв эшийг уран сайхны аргаар уйгагүй нарийвчилж, бодот баримтуудыг цөхрөлтгүй эрж хайн, судалгаа хийсний үндсэн дээр “Гэгээнтэн” роман амилжээ.

Ялангуяа Ноён хутагтын “Шарилын сүм”-ийн сүүлчийн тахилч агсан О.Түдэв гуай хүнд хэцүү, бэрх цагийн хатуу хяналт, мөрдлөгө, хавчилгаас үл халширан зүтгэж, хадгалан нууж үлдээсэн их Хутагтын ховор чухаг, нарийн нандин бүхнийг нь чадахын хэрээр цуглуулан сэтгэлийнхээ чинадад тээж, үе дамжуулан хадгалах андгай тангарагтаа үнэнч сэтгэлээр хандан, үр ачдаа тэр бүхнээ уламжлуулж чадсан бодит амьдралын дурсамж, бодол эргэцүүллүүд романы үйл явдлыг нэгтгэн холбосон гол шугам болж. романы түүхэн ба баримтат талыг өргөөд зогссонгүй зохиолчийн ур чадвар, эрэл хайгуулын чиг баримжаа зөв чигтэйг харуулахын дээр романы ерөнхий цар хүрээг тоймлох бололцоо олгож байна.  Тахилчаас амьд ахуйдаа өгүүлсэн янз бүрийн хууч яриа бүхнийг зохиолч, зээ хүү Алтангэрэлээс нь сурвалжлан авч, түүнийгээ бусад баримтуудтай харьцуулан нягтлаж, аль болох үнэнийг бүрэн дүүрэн өгүүлэх талд ач холбогдол өгсөнд зохиолын бууршгүй үнэ цэнийг бүрдүүлэх нэгэн тал нь болжээ.

Романд эцэг /Эцэг-дулдуйт/, үр /хутагт Данзанравжаа/-ийн хооронд орших агуу их ээнэгшил, хайр, энэрэл нигүүслийн ариун нандин холбоог нэгэн гол шугам болгож барьсан нь романы уран сайхны талыг үлэмж тэтгэн буйг тэмдэглүүштэй. Ноён хутагтын эцэг Дулдуйт ажаагийн аян замын төгсөшгүй мэт бэдрэл, газар дээрх ганц үрдээ эргэж буцан хоргодох сэтгэл, эцэст орчлонгийн жам заавраар таалал төгсөхүйн онцгой агшин дахь эцэг хүүгийн хөндий мэт амьдралын дотоод гайхамшигт холбоог эрдэм чадлаар гэхээсээ илүү эцэг үрийн хүйн холбоо, зөн мэдрэмж, совин билиг хослуулж урласан, эцэст их Хутагтан бүх насаараа олны дотор дулдуй үүрэн бядах замдаан агуу их гэгээрлийг олсон эцгийн амь эцэслэхийн өмнө сөхрөн, сөрж гарах хүчин үл хүрэхүйн гашуун үнэнийг ухаарч буй агшинг гайхалтай сайхан урласныг хэлэх учиртай. Тухайлбал  “Данзанравжаа хутагт эцгийн биеийн илчийг гартал суусан чигтээ... - Ажаа минь, энэ төрөлдөө сайн муу ямар ч амьтанд гэм хор хүргэж нүгэл хилэнц хураагаагүйн буянаар, бас буй биеэрээ номын өглөг бүтээж дулдуй өргөж насаа элээснийхээ ерөөлөөр тэнгэрсийн оронд заларчээ... хэмээн уртаар санаа алдаад асгартал уйлах.” (54) дуун түүний үнэний ухаарал, эгэл хүний агуу их гэгээрлийн дуун бөгөөд харин нөгчигсдийн араас усан нулимсаар үдэж Шамбалын оронд төрөх сүнсний зам мөрийг төөрүүлэхгүй гэж хатууждаг монгол ёс заншлын хүлээсийг хутагт ухаараагүйдээ биш эгэл нэгэн хүнийхээ ёсоор эцэг, эхээс хагацагч үр хүүхдийн хайр энэрлийн халуун нулимсыг хайргүй асгаруулах авай. Хэдий их хутагтан боловч эгэл нэгэн хүн байж, хүмүүн ёсыг хүндэтгэн үздэг эгэл зан чанартай нь зохиолч гүнзгий холбож чадсан нь романы нэгэн гол утгын гаргалгаа  юм.

Зохиолч, Ноён  хутагтын амьдрал, гэгээрлийн зам мөрийг Говь мэргэн вангийн хошууны өвгөн ноён,  “өндөр До ван” хэмээн алдаршсан Доржжав, агь Дагдандорж нартай гүнзгий холбож үзүүлсэн нь үгийн урлагт түүхэн, бодот хүний дүрийг бүтээж асан хуучин үзэл санаа, уламжлалт арга барилаас нэлээд өөр өнцгөөс харуулахыг хичээсэн нь романыг нэлээд гэгээлэг, ялангуяа Хутагтын дүр, зан төрхийг ялгаруулан бүтээхэд зохистой сонголт болсныг тэмдэглэх учиртай. Агь, залуу хутагт хоёрын хослол, үерхлийн дотоод холбоо, эрх тэгш харилцаа ч дүрийн онцлогийг нээх өвөрмөц шийдэл болсон байна. Нөгөө талдаа хөгшин Ноён хийгээд Хутагт, угсаа залгамжлах агь ба залуу гэгээнтэн нарын хоёргүй сэтгэл, илэн далангүй харилцаа, итгэлцэл, гүнзгий нөхөрлөлийн энгүүн сайхныг бусад зэрэглэлийн баатруудын амьдралын хэв ёсны дотроос илтэд товойлгон урласан нь ноёд баядын дүрийг бүтээдэг үзэл сурталжсан хуучин уламжлалыг эвдсэн, сонирхолтой эрэл төдийгүй дүр болоод дүрслэлд хийсэн шинэчлэл юм. Үүн лүгээ Говь мэргэн вангийн хошуу нутгийн хүн ардын амьдрал ахуй, хүмүүсийн дүр, нөхцөл байдлыг ч эдгээр ихэс ноёд, лам хуварга, хутагт гэгээдийн хэрэг явдлын хүрээ хамаарал дотор шийдсэн нь сонирхолтой алхам болов. Тухайлбал: Агь ноёнтон нэгэнтээ: “Хутагтын эрдэм рүү өнгийх гэсэн санаа огт бусаа, бороо хур оруулахын учрыг ноён хүн мэдэж сураад авч болдоггүй юмсан болов уу?” (56) хэмээхүйд, Ноён гэгээн: “Уул нь нэгэн бодлын их л энгийн зүйл л дээ. Хүн бүхэнд дотоод хүрдэн бий. Дотоод эрчим хуйлрах долоон хүрдийг бол ноёнтон та мэднэ шүү дээ. Түүнд л хамаг учир байгаа юм. Хүмүүн элдэв муу юм бодох, бас үйлдэх, амандаа бэлгэгүй чалчаа дэмий юм ярихад сэтгэл нь хиртээд ирэхээр дотоод цагийн хүрд нь хямраад олон амьтны хямарсан дотоод хүрдний нөлөөгөөр гадаад цагийн хүрдэн болох газар тэнгэр, од эрхисийн орчил хөдөлгөөнд бас хямрал үүсдэг юм. Ингэхээр хур бороо цагтаа орохоо байгаад, хуй салхи босч, өвчин турхан дэлгэрүүлээд, олон түмнээрээ түүнд даган баясаад сэтгэл сайхан болж ирэхэд хямарсан гадаад цагийн хүрдэн тэгширч буцаад өөрийн хэмэндээ ордог юм. Ийнхүү хүн амьтан төдийгүй лус баясаж хур бороо орж цэцэг навч тэргүүтнээ дэлгэрүүлэн мишээж байгаа нь тэр болой.” (56) зэрэг энгүүн эрдэм ухаан түлхсэн халуун дулаан, учир өгүүлсэн яриа хөөрөө гагцхүү хутагтаас зөвхөн агь ноёнд айлдах үг төдий бус ерөөсөө хүмүүн төрөлхтний ахуй амьдралын гүн гүнзгий уялдаа холбоо, жам ёсон, түүний дотроос хамгийн чухал зүйлийн нэг нь хүн өөрийн дотоод сэтгэлийн ертөнцийг хэдийчинээ хиртүүлэлгүй буртаглалгүй ариун тунгалаг байлгана, төдийчинээ сайн сайхны үр идээн боловсорч дэлгэрэхийн үүдтэйг сануулсан зохиолын олон сайхан сургамжит санаа шингэн уусчээ. Г.Мэнд-Ооёогийн анхны түүхэн баримтат романд энэ мэт ярих нарийн ширийн ур ухаан, өвөрмөц уран шийдэл, ялгарал бүхий уран дүрийн зан төрх, орчин, нөхцөл байдлын төгс сайхан зохицол хангалттай уусан суужээ. Энэ талаар олныг өгүүлж болох ч түдэн зогсож:

Нэгэн зүйл: Буддын шашны нууц тарнийн ёсонд боловсорч “хүсэл”-ийг “эрдэм” болгон хувиргагч ид шидийн ухаанд боловсорсон их чадал, бясалгалын хүч эрдмээр хоосон чанарын нууцын чинадад нэвтэрсэн ухаан, хилэнц, хурьцал, нисванисийн сэтгэлийн хүлээснээс ангижирч,  оюуны гэгээрлээр дотоод сэтгэлийн шимнусаа даран номхотгохын учир ёсонд гүн нэвтэрч, дөрвөн үнэний номын хүрднийг эргүүлэн чилүүрийг умартаж, алжаал зүдрэлийг огоорсон, урьдын хутагтуудын эрдмээр өөрийгөө нээж тодорсон Данзанравжаагийн өндөр их хувь, онцгой бодгалын дотоод ертөнцийг олон он зууны тэртээгээс улбируулан өдгөө цагт уудлан нээх гэдэг бидний мэт хүмүүсийн хувьд саваагүй сармагчин саранд тэмцэхийн үлгэр лүгээ агаар нэгэн болохыг санаж уншигч таныг урьж байна. 

Нэгэн зүйл: Энэ романд эдүгээг хүртэл Буддын шашны шарын болон улааны хоёр гол урсгалын ном сургаалыг эсрэг тавин туйлширч, хэзээ ч үл нийлэх хоёр мөрний эрэгт хуваан сөргөлдүүлж, ном сургаалыг нь туйлшруулан зохиолд дүрсэлж, ухуулж асан эндүү ташаа он жилүүдийн үзэл онолд хатуухан хариулт өгч чадсан нь үнэхээр одоо цагийн уран бүтээлч л хийж чадах ажил юм. Ойрмогхон жилүүдэд Б.Догмидын зарим зохиол, И.Нямгаваагийн найруулсан “Догшин хутагтын сахиус” кино зэрэгт ч хуучин үзэл барил ноёрхож, буруу ташаа шийдэл хийж  “Халхын Их Хүрээнийхээ хамба ламын халуун гал голомтыг самран, хөөтэй хар тулгыг нь шүүрэн авч толгой тэргүүнд нь угласан...” (УБ.2005.496) эсхүл Хатан Туулынхаа цэнгэг усанд таж магнаг дээл, гутал хувцастайгаа харайн орж  хатуу сархадад хөлчин орилж бархирсан (дээрх кинонд) тиймэрхүү нэг зан төрхөөр их хутагт дүрслэгдэж, төсөөлөгдөж ирсэн XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, номын их багштаны догшин ширүүн дүр төрхийн цаад талыг Г.Мэнд-Ооёо өөрийн романд түлхүү харуулж, ухаалаг шийдлүүд хийсэн нь хувь хүний зан авир, үйл хэрэгт байж болох талуудыг хулдаж бүдэгшүүлэлгүй бодтой, түүхэн баримтад тулгуурлан эерэг, сөрөг талыг тэгш тэнцүү томон нэгтгэж урласнаар нэгэн цагийн эндүүрлийн гэмийг ариусгасан буянт үйл хэмээн талархах ёстой.

Нэгэн зүйл: Зохиолч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романдаа нутгийн ард иргэдийн дотор аман ба бичгээр уламжилсан тухайн цаг үеийнх нь хуучис, домгуудыг сонгож, сонгон үйл явдлын өрнөлтийн шугамд зохистойгоор шигтгэн, өдгөө хүртэлх учир битүүлэг, тодорхойгүй асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдээ зангийг ашиглаж бичсэн нь эртний туульс-түүхэн зохиол туурвигчдын өргөн хэрэглэдэг асан арга найруулгууд, ялангуяа их романч В.Инжаннашийн “Их Юан улсын мандсан төрийн Хөх судар” , “Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах танхим” зэрэг гурамсан, хоймсон том бүтээлүүдээр уламжлагдсан түүхт домог, хууч домог, хууч ярианы үүтгэлийг зохистой ашиглаж романы түүхэн шинж, уран сайхныг тэтгэсэн сонирхолтой туршилт, шийдлүүд ч эл романд тод туссан, өөрөөр хэлбэл зохиолын баатар, аж төрөл ажил үйлийн түүхэн нөхцөл, холбоо хамаарлыг нээхэд үлэмж зохицож, өмнө үеийн зохиолчдын арга туршлага, барил сэтгэлгээ, ур чадварын үртэй уламжлалыг сэргээн ашигласан нь сонирхолтой эрэл, ур чадварын түвшинг илтгэнэ.

Нэгэн зүйл: Говь мэргэн вангийн хошуу, Өвөр Хамарын бяцхан хийдийн гэгээнтний нууц тарнийн билиг барамидад нэвтэрсэн оюуны их хүч чадал, билиг гүн авъяас эглийн заяанаас хэтийдсэн оройгүй бүхэн Манжийн эзэн хаан Төр Гэрэлтийн сонорт хүрч Монголын сор болсон үе үеийн хутагт, гэгээнтнүүдийн хувь тавилан хэрхэн нэг тийш “шийдэгдэж” асан гашуун үнэний зам Ноён хутагтыг тойрч гараагүй ээдрээт түүхийг “Багш мэлмий нээж, - Миний хайртай шавь нар! Говийн ноён Хутагтын явдлын дохио ирснийг та нар нэгэнт мэджээ. Багш нь өөр жанч нөмрөхөөр явлаа. Хуучин муу жанч минь Шулам авай хатны бэлгэнд түлэгдэв. Сэтгэл нь цадаг, хөөрхий. Гучин жилийн хүсэл нь ханаг, зайлуул... ” (307) хэмээгээд хутагтын өөрийнх нь айлдсанаар элчийг гурав хоногийн дараа ирж Авай ижийд өгөх хариу захидлыг аваарай,  гэсэн нь алдарт “Ертөнц авгайн жам” хэмээх бүтээл нь ажуу. Энэ мэт домог, түүх, баримтын шигтгэлүүд үүгээр зогсохгүй бөгөөд Алшаагийн тал нутгийн их лхаарамба Агвандандартай ямархан байдлаар уулзаж золгосон хийгээд лхаарамба их хутагтад хадаг өргөн шавь орсон тухай, халхын Өндөр гэгээн анхдугаар Богд Занабазар лугаа дотоод сэтгэлийн их хүчээр ах дүү мэт барилдлагатай болсон гайхамшигт түүх, Их хүрээний хамба номун хаан, уран үгийн их билигтэн Агваанхайдав лугаа уулзан учирч хэлэлцсэн дагсал яриа, ах дүү шиг болсон бэйс Нямбуудоржийн төөрөлдөөд асан сүнсний зам мөрийг зөв тийш засан жолоодож хувилгаан чадлаа үзүүлэн үйлдсэн зэрэг номын ёсон хийгээд эгэл заяат хүмүүн хоорондын шүтэн барилдлагыг сонирхолтойгоор холбож урласан нь Г.Мэнд-Ооёо зохиолчийн урлахуй үйлийн эрэл шийдлийн зам мөр нэгэн шатаар ахиж буйг харуулах юм.

Нэгэн зүйл: Зохиолч романдаа зөвхөн Говийн тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн намтар түүхийг тодруулах гэж зүтгэсэнгүй. Түүнийг монголын уран зохиолын том зүтгэлтэн, түүний зохиол бүтээл төрсөн, бичигдсэн түүх, урлан судлалын талыг нь хувийн амьдралын онцгой эргэлтийн үеүдтэй нь гүнзгий уялдуулж урласан нь судлагчид, сурагч оюутанд ном заадаг багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэдээллийн  чухаг эх сурвалжийн нэг болохын хувьд үнэ цэнтэй юм.

Нэгэн зүйл: Эртээс инагш улс төр-үзэл суртлын гэх учир шалтгаанаар нэр цуутай эрдэмтэн мэргэдээс эхлээд эгэл ард хүртэл Ноён хутагт Данзанравжааг Буддын шашны улааны урсгалыг барьсан буруу номтон, тэрслүү лам, эмс охидод шунан тачаагч, архи сархадад хөлчүүрч манарсан, галзуу согтуу нь мэдэгдэхгүй “амьтан” юмуу “азтан” хэмээн доромшоон ухаарч, номын гэрэлгүй харанхуй цээжний бан, амны зоргоор мэдэмхийрэгчдийн сонорт хүргэсэн энэ романы өөр нэгэн содон тал нь Хутагтын Үржин дагина Дадишура (түүхэн бодит хүн) буюу оюун билиг төгөлдөр залуу бүсгүйн дүрийн шугам бөгөөд олон төөрөгдлийг тайлсан гайхалтай уран шийдэл болжээ. Романд Хутагт бие таалал үзүүлэхийн өмнөхөн Дадишурад: “Миний Ханд дагина! Чи бид хоёр эр, эм байгаагүй ч арга, билиг хоёр байсан минь үнээн! Чи бид хоёр хүмүүн заяаны явдлаар бус нууц тарнийн агаарт нэг байсан. Арван хэдтэй алдрай багаасаа Эгч гуай болтлоо дэргэдээс минь чи холдоогүй. Эгэлийн үүднээс ярих юм бол би чамдаа үнэнхүү чин зүрхнээсээ хайртай. Чи түүнийг мэднэ. Эгэл бусын ертөнцөд чи бид хоёр учирсан учраас багш, шавийн тангарагийг хатуу чинад сахижээ. Олонхи хүмүүс бид хоёрыг эхнэр нөхөр хэмээн боддог гэнэлэй. Гэнэ алдаж, нууц тарнийн бүтээлээс өчүүхэн чөлөөг ч эгэл биеийн хүсэл цэнгэлд урвуулсангүй ...” (309) зэрэг эндүү ташаа ойлголтыг нэгэн тийш болгож, хүний ёсон ба номын үйлийн тангараг жанлавын эрхэм дээд ёсонг өргөсөн шинэ тайллууд нь дээр өгүүлсэн шүүмжлэлийн хариу, эндүүрлийн гэмийн цагаатгал болох бизээ. Нууц тарнийн бясалгал бүтээлд хамтран зүтгэж эгэл хүмүүний биеийн цэнгэл эдлэх үйлээс ангид ариун оршиж, номын ид увидасаар “дээд оюун”-ы цэнгэлийг эдэлж, улмаар хүмүүний дотоод чинадын эрхэм сайныг таньж ертөнцөөс тасарсан их Хутагтын цаглашгүй их билиг авъяас, эгэл хүний дотоод эрч хүчний гайхамшигт чанарыг тайлан өгүүлсэнд Г.Мэнд-Ооёогийн романы нэгэн гол ололт буй.

Хутагт Данзанравжаагийн тухай том жижиг хэмжээний хэд хэдэн бүтээл гарснаас томд тооцогдох нэг бүтээл нь түүхч, зохиолч Ж.Пүрэвийн “Сэтгэлийн дуулал” бөгөөд эл романд нэлээд хэмжээгээр орсон улс төр- үзэл суртлын нөлөө, буруу ташаа ойлголтыг эл роман засан залруулж, ур зүйн шинэ түвшинд цэвэр түүхэн- уран сайхны бүтээл болсныг тэмдэглэх учиртай.

Г.Мэнд-Ооёогийн шинэ романд үгээр зодох, он жилийн хол хэрэг явдлыг өгүүлэхэд шаардлагатай баримт-мэдээллийн хомсдол үүсч “үг доголдуулах”, “хальтруулах”, “нурших” байдлууд нь “байгалийн зураглал”, уянгын халил руу хөтөлж, мэдээлэл-баримтын дутагдлаа түүгээр нөхөх оролдлого нь нэлээд тохиолдолд өгүүлэмжийн логикийг бүдэгрүүлсэн зэрэг дутагдал нь туульсын бүтээл бичих туршлагын дутмагшилтай холбоотой юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Эдгээр нь илаарьшиж болох асуудлууд. Яруу найрагч хүн, туульсын том хэмжээний бүтээл “роман” руу “нүүдэл” хийхэд ийм зовлон их тохиолддох нь ч номын ёсон буй заа.

“Гэгээнтэн” романы талаар судлаач Ч.Билигсайхан, С.Байгалсайхан нарын “Үнэний төгөлдөр дуулал –“Гэгээнтэн”, “Хашгираан” зэрэг мэргэжлийн үнэлгээнүүд олны хүртээл болсон тул ингэсгээд амаа хамхимуй.

"Өдрийн шуудан" сонинд нийтлэгдсэн.

TOP