ОЮУН СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ ДАХЬ ШҮЛЭГЧ
Таданори Мацуда
Японы судлаач
Сүсэг бишрэлт, анир тайванлиг шүлэгч Г.Мэнд-Ооёо «Утгын болор сүм» шинэ түүврээ илгээжээ.
Болор мэт цэмцгэр агаад тансаг санаа агуулсан энэ «Сүм»-д очсон хэн хүн оюун сэтгэлийн амирлангуй тайванг хүртэх болно.
Шүлгийн түүврийг тайвшруулагч гэгээн сүмтэй зүйрлэж болмоор.
Ардчилсан хөдөлгөөн ялсны дараахан 1990 онд утга зохиолын гол индэр «Зохиолчдын Эвлэлийн Хороо» хоёр хуваагдаж, Үндсэний Чөлөөт Зохиолчдын Холбоо үүсэн өрх тусгаарлаж, шинэ айл болсон. Ийнхүү «Найргийн хурим» буюу Данзанравжаагийн нэрэмжит уран үгийн наадмыг шинэ оны зааг дээр хийх уламжлал тавигдсан билээ. Г. Мэнд-Ооёо «Найргийн хурим»-д 1994 онд «Хүлээж байгаа ээж» шүлгээрээ түрүүлсэн бөгөөд эл түүвэрт нь тэрхүү найраг нь багтжээ.
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнэсэж
Модон тэрэгний мөөр цагийн холд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнхөрсөөр
... Цөхрөн бармаар энэ бэрх зааг дээр
Хөхөртлөө хүлээсэн ээж минь хөөрхий...
...Илээ, гэвч эмтэрч хүлээсэн ээжийгээ бодохоор
Элгэн нутагтаа л эргэж ирмээр санагдах юм («Хүлээж байгаа ээж» шүлгээс авав)
Номынхоо өмнөх үгэнд шүлэгч: Яруу найргийн хамгийн сайн тайз бол эх нутгийн цэцэгт ногоон дов, уншигчийн минь оюун сэтгэлийн орон зай болохыг би ойлгосон юм. Уншигчтайгаа чимээгүйхэн хүүрнэж, оюун сэтгэлийнх нь тайзнаа зочлох азтай мөчийг энэ номоороо олсондоо баярлаж мишээмүү хэмээн тэмдэглэжээ.
Ардчиллын хөлд үймж бужигнасан ард олны сэтгэл санааг тайван амгалан болгох үүргийг цаг үе зохиолчдоос шаардаж хүсч, хүлээж байгаа өнөөдөр О. Дашбалбар, Г. Мэнд-Ооёо аль аль нь үүнийг хийж чадах найдвартай шүлэгч гэж би бодном. Эртнээс яруу найргаа хүндэтгэн уран үгсийн тэнгэрт залбиран шүтэж ирсэн Монголчуудын оюун сэтгэлийн орон зайд нэвтэрч хүрэх амаргүй ч хүрч чадвал гайхамшиг.
1998 оны 01 сарын 30. Баасан гараг.
«Хоккайдо» сонин «Дэлхийн утга зохиол» булан
(Хөх тэнгэрийн орны зохиолчидтой уулзсан минь. 2002 он. 66-67 дахь тал)