ТЭРГҮҮНДЭЭ АЛТАН ТИТЭМ АСААХУЙ БУЮУ ХУЛСАН ЛИМБНИЙ НҮХЭЭР САЛХИН ГАНСРУУЛАХУЙ
Хатагин Го. АКИМ
/Утгазохиолын доктор/
“…түүний номыг “Нүүдэлчний
ахуйн дуулал” гэж нэрлэж болох…”
Др.Шалиин Кумар Сингх
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжрыг алтлана
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ
Хулсан лимбэний нүхээр гансрах салхин нисэн айсаж хөөрхий молхи бичээч миний зүрхний гүнд нуугдсан холын гунигийг нээрээ л сэдрээн хаяад бас өрөөл нэгний, бүр хотол түмний сэтгэлийг сэнсрээхээр алсран одвой. Ийнхүү “хулсан лимбэний нүхээр гансрах салхин”-ы танан аялгуун дор алтан титэмт зохист аялгуучийн хөгжих номин эгшгийн торгон үзүүрийг тэрхүү сэдэрсэн гунигийнхаа хүчээр эрэлхийлэхийг зоривой. Чаднам болов уу? Эс чаднам болов уу?
Нээрээ, тэр торгон үзүүр хаана буй, юунд буй? Олох гэж оролдсу. Үнэндээ тэр торгон үзүүрийг хүн хүн өөр өөрийнхөөрөө л харна. Ухаа нь, Энэтхэгийн доктор Шалиин Кумар Сингх “…түүний номыг “нүүдэлчний ахуйн дуулал” гэж болмоор санагдана” хэмээн үнэлжээ. Үнэхээр онож үнэлжээ. Гэвч балчирхан бага насандаа өвсний толгойд унасан зүү шиг гялтагнах хяруунд нүцгэн хөлөө хайруулахдаа зүүнд хатгуулсан юм шиг догонцож үхрийн халуун шээс хийгээд баасан дээр гишгэн дулаацуулж явсан монгол найрагч бүр тэр ахуйг дуулсан байх аа. Харин дуулахад учир бий гэж молхи би мунхагланам. Чухамхүү энэ зохист аялгууч дуулахдаа нүүдэлчний “алган дээрх хорвоог билгийн нүдээр шинжсэн”(“Мичид зулзгалсан намар”) нь л онцгой бус уу?! Чингэхдээ яаж шинжсэн юм бол оо?
Чамайг болоод намайг гол ус толиндоо үзэж
Чанадын хувь тавиланг алган дээрээ зурах мэт(“Сарны сонат”).
Үгүй нээрээ, түмэн увьдаст, буман оньсгот байгаль эх өөрөө зуун явдалт, мянган үйлт “нүүдэлчний алган дээрх хорвоог бас алган дээрээ зурж” байдаг тийм нэг нандин нууц байдаг юм байна шүү!
Туул гол зуны сүүл сарыг тэгнэж
Тунгалаг мандалдаа хүмүүний явдлыг тольдож
Саран наран ээлжлэн өнхрөх тэнгэр дор
Саван дотроо өнийг дурсаж, өнөөг дуулж урсму.(“Зуны сүүл сарын сернада”)
Үгүй нээрээ, ачит байгаль эх маань ухваргүй хүүгийнхээ алган дээрх хорвоог саран наран ээлжлэн өнхөрсөөр ирсэн цаг дор хэвэлдээ хадгалж, нэрэндээ мөнхөлсөөр ирсэн тийм нэгэн нандин нууц байгаа юм байна шүү!
Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд
Жихүүн хүйтний үзүүр лоовуузын соронд шантарна(“Он цагийн хүрд”).
Үгүй нээрээ, “нарны зовхи мөстөж байхад хүйтний үзүүр лоовуузын соронд шантарч” байдгаас ургуулахуй хэзээ ч ялагдахгүй гэж зүтгэдэг байгаль эх хэдийд ч нугарахгүй гэж зөрүүдэлдэг нүүдэлчин хоёр эсэргэлцэн эвлэлдэж, эвлэлдэн эсэргэлцэж явдаг тийм нэг нандин нууц байдаг юм байна шүү.
Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж
Цаг үе ч басхүү цасан шуурга шиг агсарч(“Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж”)
Үгүй нээрээ, хязгааргүй хүчтэй байгаль эх шантрашгүй зүрхтэй нүүдэлчинд эр чадлаан үзүүлж ахуйд цаглашгүй үргэлжлэх цаг үе ч бас түүнд агсам тавьж байдаг нэг нандин нууц байдаг юм байна шүү. Цаглашгүй цаг аа гэж!
Хорин насанд тохиосон зуны сүүлчийн хуучин сар
Хонгорхон чиний ээмэгний чулуунд хальтарсныг дурслаа
………………………………………………………………………
Үр ач мэт хэдэн номыг үснийхээ хараар бичлээ
Үес үесийн цагаан үүлс намайг шүргэнэ
Үгүй нээрээ, хонгор бүсгүйнх нь ээмэгний чулуунд сар хальтарснаас цагаан үүлс нүүдэлчний үсийг шүргэх хүртэлхи зайцад, ертөнцийн мөнхийг харуулдаг байгаль, ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг хүмүүн хоёрын завсарт хязгаартай цаг байдаг тийм нэг нууц байдаг байна шүү!
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнхөрсөөр(“Хүлээж байгаа ээж”)
Үгүй нээрээ, он цаг Монголын хээр талаар хичнээн өнхрөвч, модон тэрэгний нь мөөрийг хичнээн шалбалавч гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулдаг Монголыг маань, ээтэн гутал нь цэцэг үнсэж байдаг нүүдэлчний маань ахуйг элээн үл чадах тийм нэгэн нууц байдаг байна шүү!
Эрдэнэт хүлгийнх нь зүс хувирч амжаагүйг бодоход
Эртний түүх гэдэг чинь энүүхэн дэргэд байна
Үлгэр домгийн газар нь өвгөрч амжаагүйг бодоход
Өнийн явдал гэдэг чинь хажуухан хаяанд байна(“Орлой гурван зээрд”) Ахуй соёл хоёр арга билиг хоёр. Гэвч нүүдэлчний хувьд ахуй нь соёлдоо уусаж, соёл нь ахуйдаа шингэн авцалдан барилдсан байдгийн тул аль алин нь арилахгүй хадгалагдахын бас нэг нууц байдаг юм байна шүү!
Дэрсний шилбэнд шуурга салхи түр амсхийж
Дэлхий дээгүүр морин төвөргөөн чимээлэхэд
Мянган адууны туурайнд цас маналзах тал дунд
Өнчин ганц айл ертөнцийн төв мэт үзэгдвэй(“Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж”)
Үгүй нээрээ, алгын чинээ талбайд ширхэг цагаан будаа суулгах гэж бөхөлзөн бөхөлзөн байдаг суурин иргэншил, мянган адууны туурай нь цас маналзуулан дэлхий дээгүүр морин төвөргөөн нь чимээлж байдаг нүүдлийн иргэншил хоёр арга билиг хэмээнэм. Орчлонгийн хамаг бүхэн арга билгийн шүтэлцээнд оршивч цасан шуурга шиг цамнах цагийн аясаар “албингийн гал” сүүмэлзүүлснээрээ аархадаг ч түүндээ эргээд сөхөрч байгаа суурин иргэншил унасан хүлгийн дэл дээр сүлд шиг боссон нүүдлийн иргэншлийг хажиглан доромжилж, хумин хөнөөх гэж өнгөлзөхүйд
Сүрэг тогоруудын гэгэлгэн гунигт дуу
Тоонон дээгүүр зэл татахад
Сүүдэр ч юм уу, нулимс ч юм уу?
Тогоотой сүүнд нь толбо унадаг өнчин ганц айл
Туяан сортой зогдроо сугсрах тэмээн тэшээ
Туяхан салхины хэлийг хуурддаг нүүдэлчний ертөнцийн төв болон сөрсөөр байгаа тийм нэгэн нандин нууц байдаг юм байна шүү!
Хумхийн тоосны чинээ хувьхан чөлөөнд
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандахуй цаг дор…(“Хуучин сүмийн дээгүүр саран мандахад”)
Үгүй нээрээ,
Сарнай цэцгийн хонхорцогт
Сарны туяа дүүрэх үдшээр ертөнцийн төв болсон өнчин ганц гэртээ хуудуу холын гуниг зүрхэнд сэдрээх хулсан лимбэний аялгуунд уяран суудаг нүүдэлчний тархи хичнээн атгахан ч үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч ирдэг үзүүргүй орчлонг багтаадаг, үгүй нээрээ,
Уг чанартаа буй юмс
Утгын бөмбөрцөгт багтдаг тийм нэг нууц, өөрөөр хэлэхүй их нь багадаа багтдаг тийм нэг нууц байдаг юм байна шүү!
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм(“Нээхийн утган хэлхээ”)
Үгүй нээрээ, гүн ухааныг гүн ухаан гэсэн нь үнэхээр оносон юм байна. Тийнхүү өөрт нь нуугдсан дотно ертөнцийг, өөрөөр нь дамжин өөрийгөө олдог гадна ертөнцийг хулсан лимбэний нүхээр салхи гансруулан нээхийн гүн ухааныг олсон энэхүү нүүдэлчин зохист аялгуучийн,
Үүрдийн амь настай, өнө холын мэлмийтэй
Үлгэр домгийн дээжээс амлуулж өгсөн нүүдэлчин аавын нуган үр нүүдэлчин энэ яруу найрагчийн, Мөнх тэнгэрийн Хөх Монголын хулсан үзэг мутартаа залсан гайхамшигт мэргэдийг залган авсан нүүдэлчин энэ дуучийн хулсан лимбэний нүхээр гансрах салхин “Номын зүрхэн нь магад гансрал, бодь сэтгэл” гэж говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн шүлэглэн айлдсныг батлан, Өрнө хийгээд Дорнын суурин иргэншлийнхний хуудуу холын гунигийг өдөөн өдөөсөөр, гуниглангуйн чанадах тайтгарлыг тэдэнд өгөн өгсөөр Замбуу тивийн зохист аялгуусын Алтан титмийг ариун тэргүүнд нь асаан өгвэй. Юутай гайхамшиг!
Үгүй нээрээ, Замбуу тивийн зохист аялгуусын Алтан титэм гэж юун буй?
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтлана
Хуучин сүмийн ганжирыг алтлах сарны хувилгаан туяанаа молхи бичээч миний бие алтан тэр титмийн үүссэн эртний нэгэн түүхийн алтран алсрагч торгон үзүүрийг улбируулж нэхэн эрсү.
Эрт урьдын цагт гэнэ. Их далайн хөвөөнд гэнэ. Домогт Гэрэгийн нутагт гэнэ. Дафна нэрт үзэсгэлэнт гүнж юмсанж. Аполлон алдарт Тэнгэр үзэсгэлэнт гүнж түүнийг гэргийгээ болгохыг хүсэж гэнэ. Гэвч зоргоор тэр гүнж Аполлон Тэнгэрийг тоолгүй, оргож босон зугтаад лаврын мод болон хувилсан гэнэ. Тэр нэгэн цагаас хойш мөнх ногоон лаврын мод найраг эгшгийн Тэнгэр Аполлоны мод болсон гэнэм.
Эртний гэрэгүүд мөнх ногоон лаврын навчийг титэм болгон жирмэн сүлжээнд оруулаад алдар цуут яруу найрагч, хөгжмийн зохиолчдынхоо магнайг мялааж, тэднийг Poet Laureate/laureus-лавр/ буюу Лавран титэмт Зохист аялгууч хэмээн цоллон мөнхлөх болсон байна. Алдар хүндийн энэ титэм Замлин хорвоод түгээд, улмаар уламжлал болон дэлгэрээд өнөө бидний үеийг хүрч ирсэн авай.
XIII зуунд Английн вангийн ордонд Лавран титэмт зохист аялгуучийн танхим байсан бөгөөд тийм зохист аялгуучид вангийн тусгай цалин олгож байжээ.
1488 оноос Оксфордын их сургууль, 1490 оноос Кембрежийн их сургууль Лавран титэмт зохист аялгууч цолыг олгож эхлэсэн байна. АНУ-ын Лавран титэмт зохист аялгуучийн дагалдах шагнал нь 35000 ам доллар ажээ.
1937 оноос АНУ Лавран титэмт зохист аялгууч цолыг бий болгож, Конгресийн номын сангийнх нь яруу найргийн зөвлөл яруу найрагчдыг шалгаруулан өргөмжилж эхлэсэн байна.
Канадад Парламетийн Лавран титэмт зохист аялгууч цол буй. Шотланд, Шинэ Зеланд зэрэг оронд Үндэсний номын сан нь “Лавран титэмт зохист аялгуучийг шалгаруулдаг байна.
Македоны Стругагийн яруу найргийн наадам Лавран титэмт зохист аялгуучийг шалгаруулан цэцгэн эрих олгож, цолгорсон зохист аялгуучийн номыг маш гоёор хэвлэдэг байна.
ЮНЕСКО-д данстай, АНУ-д төвтэй Дэлхийн Урлаг, Соёлын Академийн зохион явуулдаг Дэлхийн яруу найрагчдын их хурал 1969 оноос Poet Laureate алдрыг жирэмлэн сүлжсэн лаврын навчин дүрстэй Алтан титэмийн хамт “алдар хүндийн боол”-уудад олгох болсон байна. Ийнхүү лавран титэм алтан титэмд хувирав. Яг Дафна гүнж лаврын модонд хувилсан шиг!
Үгүй нээрээ, Замбуулинд алдаршсны бэлгэдэл энэ титмийг яруу найрагчдаас хэн хэн нь зулайдаа залсан юм бол оо?
АНУ-ын Лавран титэмт зохист аялгууч алдрыг бидний сайн танихаас Роберт Фрост, Даниел Хофман, Иосиф Бродский, Билл Коллинз нарын арван зургаан яруу найрагч хүртсэн байна.
Өдгөө Норвегийн яруу найрагч Кнут Эдэгорд нь Вангийнхаа Лавран титэмт зохист аялгууч болсон бөгөөд Вангийн цалин хүртдэг байна.
Дэлхийн урлаг соёлын академийн Алтан титэмт зохист аялуучийн алдрыг Роберт Пенн Баррен/АНУ/, Леофольд Седар Сенгхор/Сенегал/ Маниуэл Марнинез Лэвия/Мексик/, М. Карунандахи/Энэтхэг/ нарын хуруу дарам цөөн яруу найрагч хүртсэн байна.
Бүр эртний торгон үзүүрийг нь хөөснөөр мань мэтийнхний магад олж мэдснээр бол
Энэ тэнгэрлэг хааныг Чингис хаан гэдэг байжээ
Эрин цагтаа агуу ихээрээ алдаршин манджээ
Этүгэн даяар эгнэшгүй хэмээн машид гарчээ
Элдэв бүхнээрээ эзэн дээдэс хэмээн магтагджээ
……………………………………………………………
Аху төрийнхөө сүр сүлдийг адбиш сайнаар өргөж явсан
Алдар суутай эрийн хиймроь нь дандаа өрнөж явсан
Эрхэмсэг түүнтэй эгнэх өөр хүмүүн хаана ч тодроогүй
Энэ тэнгэрлэг хаан, энэ Монголын Чингис хаан байжээ(“Дээдсийн үлгэр” Д.Бямбаагийн орчуулга) гэж “Тэнгэрийн суран ташуур” Чингис хааныг маань гадаадынхнаас анх магтан дуулсан Английн суутай зохист аялгууч Чосер бээр нэгэн мянган гурванзуун наян есөн онд Английн вангийн зарилгаар лавран энэ титмийг оройдоо анхалж залсан байна. Дараа жилдээ хүрэхүйц даргилан хөөсөрсөн дарсаар дайварт нь бас шагнуулсан байна.
Үгүй нээрээ, мөн хачин аа!
Өмссөн дээлийн минь энгэрт өвгийн ёс оршино
Өөрийн энэхэн биед минь дээдсийн цус оргино
Бургиж байгаа булгийг бутаар бөглөж болохгүй
Оргилж байгаа омгийг олсоор даруулж болохгүй
…………………………………………………………
Эртний энэ улбаа чинь Чингисийн зам гэнэ
Эрднийн зээрд хүлэг чинь эзэн Чингисийн унаа гэнэ
Түүх татаад үзэхэд холдсон дүр нь тодроно
Үүд татаад ороход хойч үе нь тормойно(“Орлой гурван зээрд”) гэж Мөнх тэнгэрийн хөвгүүн Чингис хаанаа дурдан, үр сад нь гэдгээрээ омгорхон шүлэглэсэн Эзэн Чингисийн орны Алтан овооны хүү Мэнд-Оёо бээр Замбу тивийн Зохист аялгуучийн алтан титмийг хоёр мянган есөн онд зулай дээрээ залан ирвэй.
Үгүй нээрээ, арвангуравдугаар зуун, хориннэгдүгээр зуун хоёр ингэж учрахын урьдын ерөөл байв уу? Байсан ажгуу! Есийн тоо нь хүртэл таарч байна биш үү! Ээ, энэ орчлонд шүтэлцээгүй юм гэж огт үгүй бөлгөө. Бэлгэ зохирох гэж чухамхүү үүнийг л хэлнэм бөлгөө…
Үгүй нээрээ, энүүхэн дээр өгүүлснээс үзэхүл лавран титэмт зохист аялгуучаа улс орон атаа хүрмээр үнэлдэг юм байна шүү. Гэтэл Монгол?!...
Дуу хураагуураар гангараад онгоцны буудал дээр шаагилдаж байдаг өнөө сэтгүүлчид хаа очив? Таг чиг! Улсын далбаагаар чамирхаад гудамж бөглөж байсан өнөө жийпнүүд хаа очив? Аг чиг! Шарз хүртэн шал согтоод индэр дээр хэл нь тультарч, хөл нь туйваж байсан өнөө төрийн түшээд хаа очив? Яг алга!
Монголчууд оюунтай төрөгсдөө хэрхэн үнэлдгийн үлгэр энэ!
Тэгвэл өвгөн хатагин би та нарт агсам тавьсу.
Оюуныхаа тэнхээгээр авсан алтан титэмийг дэлхий билиг танхай хөвгүүдийнхээ тэргүүнд нь асааж өгдөг юм, мэдэв үү!
Биеийнхээ хар хөлсийг цувуулж авсан алтан медалийг дэлхий хүзүүнээс нь уяж өгдөг юм, мэдэв үү!
“Би Таны нэрийг Нобелийн шагналын жагсаалтанд оруулахаар хөөцөлдөх болно. Та үүнийг зүй ёсоор хүртэх ёстой” гэж Энэтхэгийн Кришна Ширнавас бичжээ. Ямар гайхалтай сайхан сэтгэл вэ!
Мэнд-Ооёогоо Нобелийн шагнал аваад ирэх аваас молхи хатагин би Мөнх тэнгэрийн өнгөтэй далбаа урлуулж аваад, Мөнх богд Чингисийнхээ хөргийг дээр нь бас залаад, намайг дагах хүн олдохгүй ч байсан гудамжаар ганцаараа хашгаран гүйнэ, мэдэв үү!
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжрыг алтлана
Хулсан лимбэний нүхээр гансрах салхин
Хуудуу холын гунигийг зүрхэнд сэдрээнэ
Хулсан лимбэний нүхээр гансрах салхин нисэн айсаж хөөрхий молхи бичээч миний зүрхний гүнд нуугдсан холын гунигийг нээрээ л сэдрээн хаяад бас өрөөл нэгний, бүр хотол түмний сэтгэлийг сэнсрээхээр алсран одвой. Ийнхүү “хулсан лимбэний нүхээр гансрах салхин”-ы танан аялгуун дор алтан титэмт зохист аялгуучийн хөгжих номин эгшгийн торгон үзүүрийг, нүүдэлчин түмний, ер нийт хотол түмний алган дээрх хорвоогийн гүн ухааныг билгийн нүдээр шинжсэн энэ торгон үзүүрийг тэрхүү сэдэрсэн гунигийнхаа хүчээр эрэлхийлэхийг зорьсон бөлгөө. Эрэн олж чадсан болов уу? Эс чадсан болов уу? Үгүй нээрээ!
"Үндэсний Шуудан" сонин
2009,12,12