ЭНЭ БОЛ ЗӨВХӨН МИНИЙ СОНГОЛТ
О.СОДНОМПИЛ
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж “Гурван зуун шүлэгт” антологи хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Энэ антологийг эмхэтгэж сонголт хийсэн Соёлын гавьяат зүтгэлэн, яруу найраг Г.Мэнд-Ооёотой ярилцлаа.
-Та саяхан “Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ” нэртэй антологи гаргасан байна? Ийм антологи хийхэд мэдээж нилээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр орох байх?
-Тиймээ. Би шүлэг зохиолд хорхойсч байх үеэсээ л өөрт сайхан санагдсан шүлгүүдийг тусгай дэвтэрт бичиж, түүнээ үе үе уншиж урам зориг авдаг байсан. Аандаа уг дэвтэр маань олон зуун шүлэгтэй болсон. Тэр ногоон дэвтэр энэ антологийн эхлэл юм. 2005 оноос эхлээд би “Дэлхийн шилдэг яруу найраг” нэртэй цуврал антологиуд хэвлүүлж эхэлсэн. “Оросын яруу найраг”, “Японы яруу найраг”, “Энэтхэгийн яруу найраг”, “Хятадын яруу найраг”, “Америкийн яруу найраг” гээд 10 ботийг гаргаад байгаа л даа. Цуврал маань цааш үргэлжилнэ. Ингээд би өөртөө яруу найргийн нилээд баялаг сан хөмрөгтэй болж, үүнийхээ дээжийн дээж 300 гаруй шүлгийг сонгож энэхүү номыг бүтээе гэж шийдсэн хэрэг. Их цаг хугацаа орсоон, гэхдээ тэр чухал биш. Өдгөө цаг үед нийгмийн оюун санааг ариусган тунгалагшуулахад сэхээтнүүд тэр тусмаа зохиолч, яруу найрагчид өвөр зуураа мөчөөрхөн шөргөөлцөлдөж довоо шарлуулж суухын оронд өөр өөрийн хүчин чармайлтыг гаргах цаг нь болчихоод байна шүү дээ. Үүнд оруулж буй миний өчүүхэн хувь нэмэр юм даа.
-“Гурван зуун шүлэгт” хэмээх таны нийтлүүлсэн антологи “НТӨ 2000 оноос НТ 2000 он хүртэл” 4000 жилийн яруу найргаас дээжилсэн гэж байна. Барууны антологид ихэвчилэн Хомероос эхэлдэг. Түүнийг манай гаригийн анхдагч яруу найрагч гэж бичсэн байх нь бий. Тэгэхээр та Хомерийн өмнө хэн хэнийг тавьж байна бэ?
-Гомерийг судлаачид НТӨ VII зуун хамруулдаг юм билээ. Гэтэл НТӨ XII-X зууны үеэс эхлэх Нанхиадын ард түмний дунд тархсан 3000 гаруй шүлэг дууллаас шигшиж Күнз мэргэний эмхэтгэсэн антологи болох “Шүлэглэлт ном” бол яахын аргагүй Гомероос өмнөх бүтээл юм.
Тэгвэл хүн төрөлхтөний хамгийн эртний утга зохиолын бүтээл болох Вээдийн шастирыг барагцаагаар НТӨ ХХ зуунд хамруулдаг бөгөөд зарим сурвалжид үүнээс ч эрт үе, тухайлбал орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл үүссэн тэр цаг үед Вээд үүссэн гэж бичсэн байх нь тааралддаг. Иймээс Вээдийн шүлгээр антологио эхэлсэн юм.
-Монгол бичгийн хэлний төлөвшил их л хожуу гэж зарим хүмүүс бичсэн байдаг. Гэтэл яруу найргийн орчуулга нилээд эрт гэх юм? Та юу гэж үздэг вэ?
-Монголчуудын орчуулах эрдэм гэвэл, XIII зууны үеэс самгарди, перс, хятад, түвэд хэлнээс ном орчуулж байсан гэдэг. Юань гүрний их эрдэмтэн, яруу найрагч Чойжи-Одсэрийн орчуулсан Шантидевагийн “Бодь мөрийн явдалд орохуй” хэмээх гүн ухааны бүтээлийг 1305 онд орчуулсан зэрэг олон баримт бий. Тэгэхээр “Нууц товчоо” бичигдэж байх үед монгол бичгийн хэл, монгол шүлгийн дэг сургууль төлөвшсөн байжээ гэж үзэж болох юм.
-Таны антологид монголчуудын орчуулгын аль үеийг хамарсан бэ?
“Гурван зуун шүлэгт” хэмээх энэ антологид монголчуудын 300 орчим жилийн орчуулгын сан хөмрөгөөс дээжилсэн байгаа.
-Тухайлбал?
-Тухайлбал XVIII зууны Монголын их эрдэмтэн, гүүш, зохист аялгууч Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулсан Субашидын бадгаас дээжилж оруулсан зэргийг дурдаж болно.
-Түвэд хэлний хувьд бол орчуулга нилээд эрт үетэй холбогдох нь ойлгомжтой. Бусад хэнээс эрт үед хэр орчуулж байсан бэ?
-Өөр хэлнээс гэвэл, мөн Манж Чин улсын үеийн гүүш Лхавааны Ли Байн хоёр шүлгийн орчуулгыг оруулсан байгаа.
-Таны эрхлэн нийтлүүлсэн антологи дахь шүлгүүд ямар ямар хэлнээс орчуулсан бүтээлүүд байна?
-Монголчууд эрт үеэс самгарди, перс, хятад зэрэг хэлнээс орчуулж байсан тухай би хэлсэн. Өнгөрсөн зууны эхэн үеэс орос хэлнээс голдуу орчуулж байсан бол, сүүлийн жилүүдэд англи зэрэг олон хэлнээс орчуулах туршлага бий болжээ. Манай антологид англи, орос, хятад, хинди, испани, герман, франц, япон, түрк, мажаар, польш, недерланд, македони хэлнээс орчуулсан орчуулгууд бий. Ер нь антологийн шүлгүүдийн тал хувь эх хэлнээс нь орчуулсан байгаа нь онцлох зүйл мөн.
-Дорнын гэхээрээ монголын яруу найраг орно. Та антологи бүтээхдээ монголын яруу найргаасаа оруулсан бололтой. Ямар шалгуураар оруулав?
-Яруу найраг бүтээгээгүй ард түмэн байхгүйтэй адил, монголчууд яав ч бусад үндэстэнээс яруу найргийн сэтгэлгээ, ур, уянга, гүн ухаанаараа дутахгүй гэж би үздэг. Тиймээс ч уншигчдаа харьцуулан үзэх боломж олгох үүднээс Хүнннүгийн үеийн дуунаас эхлээд Нууц товчооны шүлэг, Чойжи-Одсэрийн шүлэг, Инжаннаши, Равжаа, Явуу, Цэдэндорж, Нямсүрэн, Дашбалбар хүртэлх арав гаруй зохиогчийг хүн төрөлхтөний яруу найргийн суутнуудтай эн зэрэгцүүлэн анх удаагаа гаргаж тавьлаа.
-Өрнийн орнуудын яруу найргийн антологиудад монголын яруу найрагчдаас ордоггүй байсан гэсэн үг үү?
-Өрнийн алдартай антологиудад монгол яруу найраг ордоггүй байсан нь манай утга зохиол өрнө дахинд танигдаагүй, орчуулагдаагүй, судлагдаагүй явдалтай холбоотой. Түүнээс биш, манай яруу найраг тэдний зиндаанд хүрэхгүйдээ биш.
-Яаж батлах юм?
-Харьцуулаад үзэх л хэрэгтэй. Грекийн яруу найрагч Хомер, Сапфогийн үед бидний өвөг нүүдэлчдийн зохиосон дуу шүлэг олдсоор л байна. Италийн Ф.Петраркагаас 50 жилийн өмнө, Английн анхны их шүлэгч Ж.Чосероос, бас Францийн яруу найрагч Ф.Вийоноос 100 орчим жилийн өмнө манай Чойжи-Одсэр олон алдартай шүлэг дууллуудаа туурвиж, орчуулга хийж байжээ. Америкад анхны яруу найргийн ном 1627 онд хэвлэгдэхээс гурван жилийн өмнө Цогт тайжийн шүлгийг чулуун номонд сийлсэн байх жишээтэй.
Манай Данзанравжаа, Оросын суут А.С.Пушкин, сонгодог яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нартай үе чацуутан төдийгүй, сэтгэлгээгээр ч, яруу найргаараа ч, соён гэгээрүлэх үйлсээрээ ч дутуугүй. Ийм л учраас би дэлхийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн үндэстний яруу найргийг нилээд томоор гарган тавих мөрөөдлөө биелүүлж буй нь энэ юм. Зөв бурууг хойч үе шүүх буй заа.
-Та яагаад антологио “Гурван зуун шүлэгт” гэж нэрлэсэн бэ?
Монголчуудын цоморлиг бүтээж цогцлоох уламжлалд иймэрхүү нэр байдаг л даа. Миний антологид “Бүх цаг үеэс сонгосон яруу найргийн дээж” гэж тодотгосон байгаа. Миний хувьд анхны оролдлого тул энэ удаа 300 хүргэлээ. Дараа нь 500 шүлэгт, 1000 шүлэгт хэмээн нэмэгдэх магадлалыг бас бодолцсон юм.
-“Гурван зуун шүлэгт” антологийг манайд буй дэлхийн яруу найргийн бүхий л сор дээж гэж үзэж болох уу?
-Бололгүй яахав. Өдгөө хүртэлх монгол хэлнээ орчуулагдсан яруу найргаас дээжлэн сонгосон. Орчуулгын олон дуу хоолой, ур чадварыг харсан. Гэхдээ энэ бол зөвхөн миний л сонголт гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл Г.Аюурзанын сонголтоос нилээд өөр болсон. Нөгөө талаар орчуулгын хязгаарлагдмал нөхцөлөөс шалтгаалан орхигдсон зүйл ч их бий нь мэдээж.
-
Г.Аюурзанын эмхэтгэсэн “Дэлхийн яруу найргийн сонгомол” гэдэг антологиос таны “Гурван зуун шүлэгт” юугаараа ялгаатай бэ?
-Нилээд ялгаатай. Тухайлбал, Г.Аюурзанын антологи бол цөөн шүлгийг эс тооцвол бараг бүхэлдээ түүний өөрийнх нь орчуулга. Миний антологи бол 300 орчим жилийн тойрог доторх 60 гаруй орчуулагчийн бүтээлийг сонгосноороо онцлог. Тэгээд ч яруу найргийн орчуулгын олон туршлага, олон арга барил, хэл соёлын онцлогуудын нэгдэл болсноороо ялгаатай. Мөн сонголт нилээд өөр. Г.Аюурзанынх өрнийн яруу найргийг голлож буй бол минийхэд дорно өрнө хоёр бараг тэнцүү, магадгүй дорно нь арай түлхүү байгаа. Түүнчлэн Монголынхоо яруу найргийн гол төлөөлөлүүдээс дэлхийн суутнуудтай эн тэнцүүлэн гаргаж тавьсан даа.
"Амралтын шуудан" сонин 2013.9.28