Уран бүтээл

НҮҮДЭЛЧНИЙ ЯРУУ НАЙРАГ

НҮҮДЭЛЧНИЙ ЯРУУ НАЙРАГ

Манай эриний өмнөх Хүннүчүүдийн дуулж асан хоёр дуу ханз үсгээр тэмдэглэгдэн үлджээ. Хүннүгийн хоёр дууг хожим нь IY зууны үед Түрэгийн нүүдэлчин аймгийн нэгэн жанжин Ху Чуй Зинь хэмээгч ханз үсгээр шүлэглэн буулгасан нь эртний судлаачид хийгээд яруу сайхны эрэлчдийн түүхийн тоосон товрог дундаас олсон үнэт эрдэнэс болсон юм.

Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Авгай нар минь энгэсэггүй боллоо

Хүннүчүүд цуурын аялгууг цурхируулан лимбийн аялгууг жингэнүүлэн хуурын аялгууг хнгэнүүлэн байж талын уянгат урт дууны айзмыг нумлан хотойлгож, бас нугалаа долгиог тэгшлэн сунгаж дуулдаг байсан буй заа. Манай эриний дөрөв дэх зууны үеийн түүхэн сурвалж бичигт уртын дууны тухай нэгэн сонин түүхэн домог бичигдэн үлджээ.

Хүннүчүүд тэрхүү гунигт дуугаа уртын урт аялгуугаар уянгалуулан дуулдаг байжээ.

Хожим нь Хүннүгийн залгамжлал Сяньби Улсын нэгэн аймгийн толгойлогч Муюнхуй эв эвдрэлцэн алсад салж одсон ахыгаа санагалзан гэмшлийн дууг дуулсан нь түүх шастирт «Ахын дуу» хэмээн алдаршжээ. Юм бүхэн улиран одож, балран бүдгэрэхүй нүүдэлчний яруу найраг дотор тод томруун гэрэлтэж харагдсан хэдэн сод дуу байгаа нь онц сонирхолтой бөгөөд ураг элгэн, ус нутгаасаа хагацан холдохын шаналант дуу Хүннүгээс эхлээд Сяньбигээр залгаж, Монголын эзэнт гүрний үе хүрсэн байдаг. Их гүрний хил хаяа Европ тийш тэлсэн ХIII зуунд нутгаасаа алс харьд одсон цэрэг эр хус модны үйсэн дээр төрсөн нутаг, төрүүлсэн эхээ дурсан дуулсан дуун юугаа бичиглэн үлдээсэн нь түүхнээ «Алтан ордны үйсэн дээрх бичиг» хэмээжээ. Чухам ийм нэгэн агуулга хожмоо Халхын Цогт хун тайжийн зүрхнээс урсаж холд суугаа эгчээ санаж, «Халх, Онгиудын нутаг хол боловч хайрлан санагалзахын агаар нэгэн буй» хэмээн шүлэглэсэн бөгөөд Дайчин хиа, Гүен баатар хоёр 1691 онд чулуунд сийлсэн билээ.

Инь уулын хормой
Тэнгэр хөмрөглөн шүхэрлэх нь
Хараа алдрах тэнгэрээс
Өвс бөхөлзөх салхин үзүүрээс

«Алс газар тэнгэрийн уулзвараас үхэр хоньдоо харна гэдгээр нүүдэлчин ардын баяр баясгалан илэрхийлэгдэж байна» гэж Шиба гуай бичээд үдэш гэрт тухлахад «Тэнгэрт цонх-тооноор шагайх оддыг ширтээд ерөөс тэнгэр гэдэг чинь энэ гэр юм» хэмээн бодлоо цалгилуулж, «энэ шүлэг шиг нүүдэлчин ардын цэнгэлийг магтан дуулсан шүлэг үгүй» гэж бодлоо төгсгөжээ. Шиба гуай Чилэ гол гэдгийг Түрэгийн гол гэж буулгаад Хүннүгийн нэгэн салаа хожмын Түрэгүүдэд хадгалагдаж үлдсэнийг дурдсан байдаг.

«Өнчрөн өтөлсөн эзэн би шалбааг намгийн дунд төрж, хөдөө тал газарт адуу үхрийн дунд өсөөд Дундад улсын дотуур зугаалахаар хүсэмжилж таны хязгаарт хэдэн удаа нэвтэрсэн билээ. Хатан хаан та ганцаар, өнчрөн өтөлсөн би энд мөн ганцаараа сууж байна. Ингэж хоёр эзэн уйтгарлан сууцгааж, биестээ сэтгэл тэжээх юу ч алга байх юм. Энэ алга байгаа зүйлээ таны алга байгаа зүйлтэй арилжихыг хүсэж байна, би»          

Хүннүгийн баруун хилийн жижиг ванлигийг Куньмогийн эцэг Нань-доу-ми хэмээгч захирч байжээ. Тэднийг Их юэчжи нар довтлон ванг алаад нутгий нь эзлэхэд албат ардууд Хүннү рүү зугтаажээ. Вангийн хүү амьд үлдсэн нялх Куньмогий асрагч нь түүнийг өвсөн дотор орхин хоол олж ирэхээр оджээ. Эргэж ирэхэд нөгөө хүүд өлөгчин чоно хөхөө хөхүүлж, мах зуусан хэрээ дээгүүр нь эргэлдэн байв гэнэ. Асрагч, хүүг эгэл бус хүн гэж үзээд Хүннүгийн Шаньюйд өргөсөн байна. Шаньюй тэр хүүг энхрийлэн өсгөж, том болохоор нь эцгийнх нь харьяат нарыг өгч цэргийн жанжин болгов. Тэрбээр жанжин болоод эцгийнхээ өшөөг авч Их Юэчжи нарыг бут цохисон байна.

Хүннүгийн тусгай аймаг байсан Түрэгийн үүсэл гэгдэх Ашина овогтны тухай нэгэн домогт тэр аймгийг хөрш нэгэн аймаг нь довтлон устгаж арваад настай ганц хүү амьд үлджээ. Цэргүүд түүнийг хол одуузай хэмээн хөлийг нь тайраад амь хэлтрүүлж, нуурын хөвөөнд орхисон байна. Ойролцоо байсан өлөгчин чоно өдөр бүр түүнд мах авчирч өгсөөр шархыг нь долоосоор хүү эдгэрчээ. Тэр хүү том болоод нөгөө чонотой гэрлэж хүн төрүүлсэн байна. 

Хүннү нарын хожмын залгамж, монголчуудын дээд нэгэн үе болох Тобагийн гарлын тухай домогт Маодун хаанаас хойшхи тав дахь үеийн Сюань хаан ширээнд суугаад урагш нүүн эргэн тойрон мянга гаруй газар (ли) том нуурт очжээ. Тэр нутаг нь харанхуй, хотгор, намагтай байв. Чингээд дахин урагш нүүх гээд нүүлгүй хальсан байна. Тэгээд 12 дахь үеийн Сянь (Линь) хаан ширээнд суухад нэгэн богд хүн түүний улсад өгүүлсэн нь «тэр газар алс бөглүү учир нийслэл байгуулахад тохирохгүй, цааш нүүгтүн!» гэжээ. Тэр үед хаан насан өндөр болсон тул хүүдээ сууриа өгчээ. Чингээд хүү Цзефэнь нь урагш нүүж, Хүннүгийн хуучин нутагт очиж нутаглажээ ( Нүүхийн арга ухаан нь Сюань (Туйннь), Сянь(Линь) хоёр хаанаас гарсан тул (Туйннь)   гэсэн нь Хятадаар «Цзуань» (Янь) - цоолох, нүхлэх, өрөмдөх, (Янь) нь эзэмдэх, судлах гэсэн утгатай).

Рашид Ад Дин цааш бичсэн нь: ... төрж олширсоор олон овог болжээ. Чингээд тэнгэр тэтгэсэн тул дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод тоогоороо бусад (угсаанаасаа) давамгайлжээ.

«Тэр угсаатан (монголчууд) нь тэр уулс, ойн дунд үржин өргөжөөд газрын зай нь давтагдан хүрэлцэхгүй болохоор тэр сүрхий хавцал, уулсын давчуу сүвээс ямар сайн арга, хялбар замаар гарахыг бие биенээ зөвшин асуулджээ. Чингээд тэд төмөр байнга хайлуулдаг байсан төмрийн хүдрийн орд нэгэн газрыг олжээ. Тэд бүгдээр цуглаж, ойд их түлээ зэхэж, бүхэл бүхэл тулмаар нүүрс бэлтгэж, далан морь шар нядлан ширий нь бүхэл өвчин төмөрчний хөөрөг хийгээд түлээ нүүрсийг тэр хэвгий уулын хормойд зэрэглэж, далан хөөргөөр уулын бэлийг хайлан урстал нэгэн зэрэг хөөрөгдөж байхаар зэхжээ. Тэгээд хэмжээлшгүй их төмөр авч, уулын сүвийг онгойлгожээ. Тэд тэр хавцлаас цөм цуг нүүдэллэж, уудам тал газар гарцгаажээ».

Нэг дэх домог нь Эргэнэ кун-д [Орхон?] Монгол овогтон нүүж очсон тухайд юм. өгүүлсэн нь: «... Барагцаалбал одоогоос хоёр мянган жилийн тэртээ эрт цагт монгол хэмээн нэрийдэж агсан тэр аймаг бусад түрэг аймагтай зөрчил тэмцэл болж дайн тулаанаар төгсчээ. Бусад аймаг нь монголчуудыг ялан дарж, хядахад нь (овог бүрээс) хошоод эр эмээс илүүгүй хүн амьд үлдсэн хэмээн хүндэт итгэлтэй хүмүүсийн ярьдаг өгүүлэл буй. Тэр хоёр өрх айл дайнаас айн тийшээ нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой л хүрээлсэн хэцүү газарт очжээ. Тэр уул, хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал газар байжээ. Тэр газрын нэр нь Эргүнэ кун. «Кун» нь хэвгий уулс. «Эргүнэ» нь эгц гэсэн утгатай, өөрөөр хэлбэл эгц нуруу болой. Тэр хоёр хүний нэр нь Нүкуз, Киян байжээ. Тэр хоёр тэдний удам олон жил тэр газраа сууж, өнөржин үржжээ».

Монгол овогтнууд Эргэнэ Кунгаас нүүдэллэн гарсан тухай домогт өгүүлдэг боловч чухам хаана очсон тухай өгүүлээгүй ч бусад сурвалжуудаар хаа ирсэн нь үргэлжилж байна. Саган Сэцэний «Эрдэнийн товч» зохиолд Бөртэ чино Конбогийн гэдэг газар одож, тэр улсыг үл эзлэн тэндээс гэргий Гоо Маралыг авч Тэнгис нэрт далайг гатлан Бурхан халдунд ирсэн гэж бичсэн байдаг. Зарим Монгол сурвалжид «Конбо» гэдэг нь Эргэнэ Кун-г хэлж буй гэдэг бөлгөө.

Ийнхүү нүүдэлчдийн уг гарвалтайгаа холбогдуулан үлдээсэн түүх ч гэмээр, домог ч гэмээр уран туурвил нь яруу найргийн гүн мэдрэмж, дүр дүрслэл, гүн агуулгыг шингээж өдгөө цаг үед хүрч ирсэн нь түүвэн совин билиг гэлтэй.

Г.Мэнд-Ооёо " Яруу найраг-шидэт долгион"-I
УБ,2007 он

TOP