Үзэл бодол

ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА БАЙГАЛИЙН ЭРЧИМ

ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА БАЙГАЛИЙН ЭРЧИМ

Яруу найраг бол одон ертөнцийн нууцлаг гэрэл дохио юм.
Яруу найраг бол оюуны эрчим хүчний шидэт долгион юм.
Яруу найраг бол хүний дотоод сансарын од эрхэс юм.
Яруу найраг бол хүний оюуны ертөнцийн гоц үзэгдэл юм.

Өнөөдрийн танин мэдэхүйн ойлголтын хүрээнд яруу найргийн тухай ярих нь ихээхэн учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл жинхэнэ яруу найрагт хадгалагдаж буй олон нууцлаг үнэт зүйлсийг өнөөгийн ойлголтын үүднээс тайлбарлах боломжгүй юм. Ийм зүйлийн нэг нь яруу найргийн эрчимт долгион юм. Яруу найраг дахь эрчимт долгион нь хүн төрөлхтөний яруу найргийн соёлын шавхагдашгүй үнэт зүйлс юм. Харин нүүдэлчдийн соёлын өв санд байгалийн эрчим хүчийг яруу найргийн эрчим хүчээр жолоодох гэсэн оролдлого гэмээр зүйл нилээд тааралддаг. Үүнийг анхааран судалж үзүүштэй байгаа юм. 

Арван есдүгээр зууны сүүлчээр Монголын их говьд олон жил их ган болж хур бороо оролгүй газар дэлхий хатаж, хүн мал ядарч туйлдахын зовлонг амсчээ. Говийн яруу найрагч Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл, /найраглал/ зохиож эртний тахилгын улбаа бүхий овоон дээр иржээ. Нутгийн ард олон ч цугларчээ. Яруу найрагч тэнгэр өөд хандан шүлгээ аялгуулан дуудаж, цугларсан олон ч түрэн дуулж мөргөн гуйжээ. Төдөлгүй бөртийх ч үүлгүй тэнгэрт үүл хуралдаж бороо орж эхэлжээ.

Энэ түүх нэгд яруу найргийн эрчим хүчний увдисыг, нөгөө талаар яруу найргаар өдөөгдсөн олон хүний сэтгэлийн хөөрлийн эрчим хүчээр байгалийн үзэгдлийг жолоодож байгаа яруу найрагийн чадлын тухай өггүүлж байна

Монголын нүүдэлч малчид уул овоо, ус булаг бүхэн эзэнтэй гэж үздэг. Тэрхүү эзэн нь энгийн нүдэнд үл үзэгдэх боловч бодол сэтгэлд хүртэгдэх далдын бодит чанартай гэж үздэг юм. Тэгээд ч уул овоо болгон шүлэг магтаалтай, зан үйлтэй байдаг. Уул овоогоо тахиж залбирал, магтаал, дуудлагаа зориулснаар хур бороо орох, солонго татах зэрэг байгалийн зохистой үзэгдэл болно.

Бөө нарын дуулага, тамлага, уриа зэргийг анхааран сонсвол, тэнгэр, лус, өөрийн онгодтой харилцсан шүлэг байдаг.

Монголын Дорнод хээр тал буюу Дарьганга нутагт Алтан – Овоо гэж талын намхан уул бий. Энэ уулыг нутаг усныхан маань олон зуун жил шүтэж, тахиж тайсаар ирсэн юм. XIII зууны үед бөөгийн ёсоор тахиж байсан бол, XVIII зууны үеэс Буддын шашны номоор тахиж эхэлсэн юм. Бөөгийн тахилга ч, Бурханы шашны тахилга ч аль алин нь шүлэг байдаг. Уул усаа магтаж, нутаг ус, тэнгэр газрын эздээс өршөөл аврал, бороо хур, аз жаргалтай найрсан амьдрахыг гуйсан магтаал, сан, сэржим, бясалгал залбиралын шүлгийг шашны ая данд оруулан уншдаг. Ард олон итгэл сүсэг бишрэлээ өргөж, сүү цагаан идээнийхээ дээжийг нутгийнхаа тэнгэрт өргөнө.

Алтан – Овоо минь
Алтан – Овоо минь
Алтан – Овоо минь

хэмээн сүсэглэн дуудацгаана. Маш олон хүний оюуны эрчим хүч төвлөрч, маш олон тоогоор давтан уншсан үг эрчимжинэ. Ийм үгэнд ер бусын цэнэг, долгион хуримтлагдана. Нутгийн малчид морио бүдрэхэд Алтан – Овоо минь гэж дуудна. Үнэхээр Алтан – Овоо түшиж мориноос унасангүй гэж бодно. Үгийг эрчимжүүлэн түүний нөлөөлөх долгионлог чанарыг нээж таньсан нүүдэлчид яруу найргийг маш их эрхэм дээд тэнгэрлэг зүйл хэмээн дээдлэдэг.

Чингис хааны үед төрийн хамгийн чухал мэдээ, ялангуяа тулган шаардах бичгийг шүлэглэж бичээд элчдээ цээжлүүлэн явуулж, тэр нь очоод аялгуулан дууддаг байв. Энэ нь яруу найргийн хүч чадлыг төрийн хэрэгт ашиглаж байсны жишээ юм. Чингис хааны сургаал номлолууд нь голдуу шүлгээр л уламжлагдан иржээ.

Монголын төр нилээд суурин иргэншилтэй болж төвхөнөсөн үе буюу Юань Улсын үеийн хаад өрлөг сайд нар бараг бүгд шүлэг зохиож байсан байдаг.

XVII зууны үеийн Монголын соён гэгээрүүлэгч Занабазар “Цагийг тохинуулагч залбирал” хэмээх шүлэг бичиж шавь нар нь түүнийг тараан дэлгэрүүлж дайн дажны байдалтай болж байсан улс орны дотоодын хямрал намжиж байсан түүх бий.

Нүүдэлчин монголчууд мал ахуйтайгаа харьцахдаа мөн шүлэг уриа дуудлагыг хэрэглэнэ. Мал адгуус хүний хэлийг мэдэхгүй боловч аялгуулан хэлэх шүлэг дуудлаганд уярна.

Жинхэнэ яруу найрагчийн хүч чадал нь түүний үг цоо шинэ ахуйг бүтээж, нууцлаг ертөнцийг нээдэгт оршино. Яруу найраг нь яруу хэмнэлтэй үгсийн чуулганаар хэлбэрийг олж, хэлбэртээ таацсан утга санааны эрчим хүчийг өөртөө агуулна. Сэтгэлгээний дүрийг бүтээсэн тэр дотоод хүч нь гадагш илрэн гарахдаа оюун ухааны бодит зүйл болж атомын эрчим хүчний урсгал мэт тархдаг. Яруу найрагт үг, айзам, агуулга нь төгс найрссан цагт утга увдисын хязгааргүй олон боломжийг агуулж, өөр өөр орон зай, өөр өөр цаг үед өөр өөр уншигчдад таацсан сэтгэл хөдлөлийн эрчим хүчийг нээж өгдөг юм. Жинхэнэ амилсан яруу найраг нь ямар нэг үл үзэгдэгч бодит хүч болон хүчжиж, утгын шидэт бөмбөрцөг болон оршоод тэр нь дөнгөж сэдэгдэх төдийд сэргэн амилж эзэмдэн хувьсгаж байдаг.

Оросын яруу найрагч, Нобелийн шагналт Б.Пастернак нэгэнтээ “яруу найрагчид минь ээ. Өөрийн гунигт үхлийг шүлэгтээ битгий зөгнөөч, тэр хэлснээр чинь болдогт яруу найргийн чадал орших юм” хэмээн дуу алдсан байдаг. Тэрбээр А.Пушкин, М.Лермонтов, С.Есенин зэрэг Оросын суу билигт яруу найрагчид өөрийн шүлэгтээ үхлийнхээ золгүй тохиолдлыг яг зөгнөн бичсэнийг ийнхүү анзааран харсан байдаг.

Сэтгэлгээний тухайн дүрийг бүтээсэн яруу найргийг хүлээн авч байгаа уншигч нь уг шүлгийг бүтэж цогцлох үеийн онгодын гунил ба цэнгэлийг мөн адилхан эдлэнэ. Маш олон уншигчийн хүрээнд уншигдаж буй шүлгийн онцгой хүчтэй дүр ба хэллэгүүд нь тэрхүү увдис хүчийг дамжуулагч болно. Яруу найргийн үг бүхэн, түүний эрчимжсэн авиа бүхэнд шингэсэн дотоод хүч нь гадагш цацран гарахдаа уншигч, сонсогчийг эзэмдэн эрх мэдэлдээ оруулна. Жинхэнэ яруу найраг цаг хугацаа орон зайнаас үл шалтгаалан оршин амьдрах хүчийг олсон байдаг. Энэ бол яруу найраг дахь эрчим хүч буюу шидэт долгион юм. Яруу найргийн эрчим хүчний энэхүү шидэт чанарыг хүн төрөлхтөний түүхийн янз бүрийн цаг үед сайнаар болон муугаар ч ашиглаж байлаа. Үгийн эрчимжсэн шидэт долгионыг дайсагнагч талаа ялан дарангуйлах зэвсэг болгон ашиглаж байсан удаа бий. Улмаар хараалын яруу найраг гэгч зүйл бий болж байсан явдал ч бас буй.

Монголчууд: “Ерөөлийн үзүүрт тос

Хараалын үзүүрт цус”

хэмээх үгийг хэлэх дуртай. Сайн үзүүрт сэтгэлээс гарсан яруу үгс нь хүн болоод нийгмийг гэрэл гэгээт зам мөрд хөтлөнө гэсэн энгийн үнэн логик энд байна. Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам мөр яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуй бурангуйд гэрэл гэгээ тусгаж гэгээрэлд хүрэх, хүн төрөлхтөний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл итгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарийн зааг, хана хэрмийг арилгах явдал юм.

Иймд хүн төрөлхтөний олон үндэстний яруу найраг дахь эрчим хүчний шидэт долгионыг сайн үйлсийн төлөө нэгдмэл их хүч болгон ашиглах боломж байгааг бид анхаарах ёстой. Бидний яруу найраг хичнээн энэрэнгүй, нигүүлсэнгүйг агуулах тусам ариусгагч тэрхүү эрчим хүчний шидэт долгион нь хүн төрөлхтөний амар амгалангийн туйлын хүсэл эрмэлзэлийн үйлсэд төдий чинээн туслах болно.

Хүний оюун сэтгэлээс ундарсан хайрлах, нигүүлсэхүйн гэрэл гэгээ авъяаст хүмүүний эрчимт үгсээр цэнэглэгдсэн яруу найраг л бүх юмыг сайн сайхан болгоно.

2005.11.18 Япон-Токио

TOP