Уран бүтээл

Данзангийн НЯМСҮРЭН: Ирж буй цагийн яруу найрагч

Данзангийн НЯМСҮРЭН: Ирж буй цагийн яруу найрагч

Данзангийн Нямсүрэнгийн намтартай холбоотой цөөн хэдэн үг энд хэлэх нь зүйтэй байна. Тэрбээр 1996 оны 4 дүгээр сарын 7-нд бичсэн “Төрсний гэрчилгээ” хэмээх шүлэгтээ өөрийн намтрыг тодруулах эрэл хийж, урьд өмнө андуу ташаа янз бүрээр бичсэн цаг хугацааг нэг мөр болгосон байдаг.

Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тэнгэрлэг гоо эхнэрийн
Гялбаа цахихуйд
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж

.. гээд

Гахай жилийн зуднаар би төрсөөн

Д. Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/. “Сэтгэлийн байгаль” /1981/, “Аглагхан талаасаа” /2002/ хэмээх гуравхан ном амьддаа хэвлүүлсэн. Тэнгэр болсны нь дараа “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бид хэвлүүлсэн. Одоо “Алтан хазаар өвс” ном нь хэвлэгдэн буй. Бас цаана нь яруу найргийн хоёр ном, бас “Зүүдний тэмдэглэл”, “Захидлууд” хэмээх тэр аяараа яруу найргаар бялхсан номууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Үүнээс үзвэл тэрбээр яруу найргийнхаа амьдралыг ХХI зуунд илүүтэйгээр даатгажээ.

Дарьганга хийгээд Дагуурын олон цэнгэг нуурыг эрдэмтэд, “шувуу судлалын диваажин” гэж үздэг бөгөөд гэхдээ тэднээс илүүтэйгээр Д.Нямсүрэнгийн яруу найрагт энэ гайхамшигт нутгуудын шувууд үгийн билиг дэх тэнгэрлэг утга чанараар “судлагдсан”-ыг анзааралтай. Өвс, шувуу, бүсгүй хүн бол түүний яруу найргийн гэрэлт дүр нь юм. Талд гялалзах ганц алтан харгана, бутны ёроолд хунгарласан алтан хазаар өвс, Хөх нуурын хөвөөгөөр тонголзох хөх лонхон тогоруу, талын тэнгэр дэх улаан хэлтгий сар нь түүний яруу найргийн байгаллаг ахуйг тодотгох агаад усны долгионд хөвөх адууны шар хомоол, хэцэн дээр угаасан юм тохож буй бүсгүйн өврөөс хоёр шувуу нисэх, түмпэн дотроос хэлхээтэй хоёр юм гаргаж өлгөх, түрүүчийн ниссэн шувууны үүр тэр байх, эгэл бүхнийг энгийн бус, дээд ярууслын мэлмийгээр харах билиг авьяас нь тал нутгийн эрчимлэг байгал, Данзангийн Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” хоёр нэгэн биед нэгдэн найрссаны үр шим буй заа.

Д.Нямсүрэнгийн яруу найраг нас ахих тусам утгын буйд аглагийг замнаж, улам гэрэлтэн ярууссаар байсныг бид харж болно. Ялангуяа түүний 90-ээд оны шүлгүүдийг дотоод мэлмийгээр, судалгаа шинжилгээний шинэ арга барилаар судлах шаардлагатай байгаа юм. Д. Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж Туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм. Тиймээс ч түүний хувьд онгод бол нас намбанаас хамаарах зүйл огт бус болой. Яруу найргийг зөвхөн залуу насны дэврүүн сэтгэлийн хөг аялгуу мэт ташаа ойлголтыг Д Нямсүрэнгийн бүтээлч оюуны туршлага няцааж байгаа төдийгүй, түүний тодорхой өндөрлөгт бичигдсэн шүлгүүдийг танин мэдэхэд оюун санааны дээд аглагт хийх нислэг зайлшгүй хэрэгтэй болж байгааг сануулах юун. Яруу найргийн судалгаа шинжилгээ нь сэдэв дүр дүрслэл, сайндаа философи утгын тайлал төдийхөний задаргаа байхаа хэдийн больж., бидний танин мэдэхүйн гадна хүрээн дэх шидэт эрчимлэг оршихуйд авч үзэх эринд бид ирэв.

Зөвхөн аравдугаар анги төгссөн, бага ангийн багшийн дамжаа дүүргэсэн энэ хөдөөх эр яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд агар зандан мэт анхилан ургаж тэнцсэн төдийгүй урлал туурвил, уран чадварын сургуулийг буй болгосны нууцыг холоос эрэх хэрэггүй юм. Тэрбээр Улаанбаатар хотод далаад оны сүүл, наяад оны эхэн үеэс бүрэлдэн буй болсон яруу найргийн “Гал” хэмээх бүлгэмд төлөвшиж бойжсоныг онцлон тэмдэглэе. Түүнийг шавь О. Дашбалбар нь дагуулж 1976 онд энэ “Гал”-д элсүүлсэн бөгөөд хөдөөнөөс дөрөвхөн шүлэгтэй ирж байсан Д. Нямсүрэн Дорнын их найрагч хэмээх тодотголтой болтлоо энэ “Гал”-д бойжсон юм. Түүний багш нь нутгийнх нь хоёр том яруу найрагч Доржийн Гомбожав, Данзаннямын Шагдарсүрэн хоёр бөгөөд их найрагч Б. Явуухулан, М. Цэдэндорж, П. Пүрэвсүрэн, Д. Нямаа, Д. Маам нар түүнийг талархан дэмжсэн билээ. О. Дашбалбар нэгэнтээ Д. Нямсүрэнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Г. Мэнд-Ооёо хэмээн тодорхойлсон бөгөөд “сэтгэлийн байгаль”-ийг анх бидний үеийнхэнд нээсэн гэж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ хувь тавилангаараа бахархаж байна. Одоо ч гэсэн төдийлөн сайн судлагдаагүй байгаа энэ “Гал” ХХ зууны хоёр сод яруу найрагч О. Дашбалбар,Д.Нямсүрэн хоёрыг буй болгосныг Монголын утга зохиолын түүх мартах учиргүй. “Гал” бүлэг гоо сайхныг үлэмж дээдэлж, ярууслыг төгс мэдрэх, оюун сэтгэлгээний хязгааргүй боломжийг эрж хайх, ертөнцийн мэдлэгийн түгээмэл ойлголтын чинадад нэвтэрч оюунаа тэлэх, хүний хувьд төгөлдөржих зорилгыг өмнөө тавьж бие биеэс суралцаж биесээ хөгжүүлж , цэвэр тунгалаг яруу найргийг тунхаглаж байв.

Д.Нямсүрэнгийн яруу найраг ялангуяа 90-ээд оныхон буюу өөрсдийгөө “Мөнгөн” хэмээх тодотголтой   томьёолдог үеийнхэнд онцгой нөлөөлсөн юм. О. Дашбалбар бас мөн үеийнхний олонхийнх нь багш байсан. Дээрхээс гаргалгаа хийх юм бол Д.Нямсүрэн, О.Дашбалбар хоёрыг “Алтан” хэмээх томьёололтой авч үзмээр байдаг. Гэхдээ энэ хоёр их найрагчид тиймэрхүү материаллаг нэр томьёо огт таарахгүй л дээ                   

Д.Нямсүрэнгийн амьдарсан өөр нэг орон зай бол хэн болгоны хараахан хүрч очоогүй байгаа үгийн шидийг бясалгахуйгаар нээдэг яруу найргийн шамбал юм гэдгийг энд цухас дурдаад орхиё.

Эрээн цавд бороо орох сайхан …

 

Хэний ч анзаарч тоож хардаггүй харганын ёроолд хунгарласан хазаар өвс Д.Нямсүрэнгийн яруу найргийн шамбалд “Алтан хазаар өвс” болж гэрэлтэхийг ХХI зууны уншигчид нээх болно.

“Тэмээний нулимсанд бийрээ дүрж

Тэнгэр дээр бичиж явсан Чухамхүү Д.Нямсүрэн бол ирж буй цагийн яруу найрагч бөлгөө.
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг /Д.Нямсүрэн/

Утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо

TOP