Хэсэг цагаан манан

Хэсэг цагаан манан

Г. Мэнд-Ооёогийн “Хэсэг цагаан манан” (Зөөлөн ай) хэмээх яруу найргийн ном нь 2010 онд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон бөгөөд зохиогч уг номоо Зөөлөн ай хэмээн томъёолсон байна.  XXI зууны уншигчдад 1980 оноос 2000 оны хооронд бичигдсэн шүлэг, дууль, найраглалаа ийнхүү нэгтгэн ном болгон барьсан байна. Нүүдэлчний оюун сэтгэлгээний яруусал, байгаль хүмүүний шүтэлцээ, хүний сэтгэлийн байгаллаг чанар, эх орон газар шороо элгэн нутгаа гэх халуун хайрыг илэрхийлсэн яруу сайхны мэдрэмж төгс, уран тансаг утга төгөлдөр шүлгүүдээс энэ ном бүтэж байгаагаараа онцлог юм.

Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн бүтээлүүдийн талаар яруу найрагч О.Дашбалбар, судлаач, доктор Я.Баатар, Ү. Хүрэлбаатар, судлаач П.Батхуяг, Д.Төрбат, Д.Бадрах, Ш.Цэрэнпил, Д.Өрнөхдэлгэрэх, Я.Ганбаатар, Д.Цэвээндорж нарын зэрэг олон судлаачид шүүмж, судалгаа, хөрөг нийтлэл бичиж, үнэлж цэгнэсэн байна. Дээрх хүмүүсийн тодорхойлж буй нийтлэг хандлага нь Г. Мэнд-Ооёогийн яруу найраг байгаль дэлхий, од эрхистэй гүн шүтэлцсэн, гэрэл гэгээтэй зөөлөн уянгалаг, бурханлаг чанарыг илэрхийлдэг гэж дүгнэсэн байна.

Г. Мэнд-Ооёогийн бүтээлүүдийн онцлог шинж, утга зохиолд эзлэх байр суурь, үнэ цэнийн талаар О.Дашбалбарын тодорхойлж бичсэнийг иш татвал “... Орчлон надад найрсан нуугднам”, “Байгал эхийн гоо сайханд би оршном!”, “Ирээгүй, үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм” гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ. Түүний бичсэн “Сэтгэлийн байгаль” гэдэг тансаг шүлэг бидний бүх номын анхны оршил, удиртгал болж, тэрхүү сэтгэлийн байгальдаа хүрэх гэж бид бүхэн өөр өөрийн замаар тэмүүлсэн юм. Д.Нямсүрэн энэ сэдвээр бүхэл бүтэн ном бичсэн бөгөөд Мэнд-Ооёо шиг түүнд нөлөөлсөн нь үгүй. Миний “Гол ус намуухан урсана” түүвэр ч Мэнд-Ооёогоос эхтэй бүлгээ…. Мэнд”-Ооёогийн анхны томоохон шүлэг, анхаарал татахуйц найраг нь “Он цагийн хүрд” бөгөөд одоогоос арван жилийн өмнө бичсэн энэхүү бүтээл нь наяад оны найргийн өнгө аяс, мэдрэхүй, хэмнэл дүрслэл, гоо зүйг эхэлж тодорхойлсон юм…” гэжээ.

Энэ номд орсон бараг бүх шүлгүүд нь англи хэлнээ орчуулагдан “Nomads are coming from the horison” (2003), “All Shining Moments” (2005), “Nomadic Lyrics” (2007, 2009) номуудад нийтлэгдэн гадаадын уншигчдад хүрчээ.

Олон Улсын Яруу найрагчдын Тив хоорондын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Дэлхийн Яруу Найрагчдын Их хурлыг үндэслэгч, “Яруу Найрагч” сэтгүүлийн үндэслэгч, эрхлэгч Кришна Ширнавас, Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн, сэтгэгч Сока Гайкай Интернэшнилийн Ерөнхийлөгч Икеда Дайсаку, Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, спортын дээд амжилтуудыг тогтоогч, төгс гэгээрсэн бясалгагч Шри Чинмой, Энэтхэгийн яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн одоогийн ерөнхийлөгч Ж.Мохан, Японы яруу найрагч, судлаач Мита Ёо, Белги Улсын Louvain Их сургуулийн доктор Ши Чаоин, АНУ-ын яруу найрагч Жой Райны Кинг, Унгар-Тайваний яруу найрагч Имрэ Цолдос нарын зэрэг олон хүн Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн талаар судалж жинтэй сайхан үгээ хэлжээ. Дээрх хүмүүсийн бичсэн үгсийн нийтлэг санааг Унгар Тайваны яруу найрагч, дэлхий дахинд яруу найраг, орчуулгын бүтээлүүдээрээ ихээхэн алдартай 22 хэл мэддэг Имрэ Цолдосын үгээр төлөөлүүлэн танилцуулбал: “...Эхийн хэвлийгээс өвгөдийн онгон хүртэлх бүхий л амьдралын хүрээг хамарч сэдвээ сэлгэн сонгох хурц чадварыг тань олж хараад үнэхээр бахдан баяссан билээ. Байгалийн үзэгдлийг дангаар баахан өгүүлэх биш, харин ёстой горим ёсоор нь түүнээс даван гарч чадсан байна. Цөөн хэдэн найрагч л ингэж бичиж чаддаг юм. Шүлгийн тань бас нэг гайхамшигтай тал нь хорвоо дэлхийг тэр чигээр нь багтаах таны уужим талбиу сэтгэл. Гагцхүү бурхан л юмсыг бүхэл цогцоор нь мөртлөө ялган салгаж харж чаддаг” гэжээ.
Мөн энэ номын нилээд шүлгүүд дэлхийн утга зохиолын томоохон хэвлэлүүд, тогтмол сэтгүүл, вэб сайтуудад нийтлэгдэж, толь бичиг, анталогиудад орсон байна.

Энэтхэгийн судлаач Др.Шалин Кумар Сингх бичихдээ Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүдийг “Номадизмын дуулал” хэмээн томъёолоод “жинхэнэ нүүдэлчин сэтгэлгээг илэрхийлсэн... зүрх сэтгэлийн яруу дууллын нандин эгшгийг бүхий л талаараа тун хүчирхэгээр атгаж чадсан яруу найрагч” хэмээн үнэлсэн байна. Доктор Ү. Хүрэлбаатар “Г. Мэнд-Ооёогийн туурвил зүй, яруу найргийн язгуур санаа нь энгийн бөгөөд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” хэмээн номынх нь нэр юм.  Түүний яруу найраг нь монголчуудын үе үеийн яруу найрагчдын туурвин бүтээсэн нүүдэлчин соёл иргэншлийн язгуур найргийн энэ цагийн алтан залгамж мөн бөгөөд дэлхийн яруу найрагт түрэн орж ирж буй монголчуудын зөн билэг, зөөлөн эгшгийн дуулал юм” хэмээн “номадизмын дуулал” хэмээх энэхүү томъёололыг тодотгожээ.