Гэрэлтэх агшин бүр

Гэрэлтэх агшин бүр

Г. Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” (Зөөлөн ай) хэмээх яруу найргийн ном нь 2010 онд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон бөгөөд зохиогч уг номоо Зөөлөн ай хэмээн томъёолсон байна.  2000 оноос хойш бичигдсэн шүлэг, дууль, найраглалаа ийнхүү нэгтгэн ном болгосон байна. Нүүдэлчний оюун сэтгэлгээний яруусал, байгаль хүмүүний шүтэлцээ, хүний сэтгэлийн байгаллаг чанар, эх орон газар шороо элгэн нутгаа гэх халуун хайрыг илэрхийлсэн яруу сайхны мэдрэмж төгс, уран тансаг утга төгөлдөр шүлгүүдээс энэ ном бүтэж байгаагаараа онцлог юм.
 
Уг ном дахь “Гэрэлтэх агшин бүр” шүлэг нь Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн үндсэн хэв төрх нь юм. Тэрбээр ертөнцийн юмс үзэгдэл, түүний мөн чанарын гэрэлтэх ашгин бүрийг яруу найргийн шидэт долгионд шингээж нүүдэлчний гэгээн сайхан сэтгэлээр шүлэг болгон хэлбэршүүлэн буулгадаг нь үнэндээ бурхадын үг мэт байдаг юм. Тиймээс АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт ерөнхийлөгч Росемари С.Вилкинсон “Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр”  ном нь “барууныхны оюуны ертөнцөд үнэхээр чухал шал өөр соёл, мэдрэмж бүхий яруу найраг утга зохиолын бүтээлийг дэлгэсэн нь энэ номын гол танилцуулга болж байна. Яруу найраг бол үндэстний сэтгэл зүрх бөгөөд яруу найраг дахь таны тэргүүллийг бодитой үргэлжлүүлж хамгийн сэнхрүүлж буй тэр зүйл юм” гэж үнэлсэн байдаг.
 
Уг номын нэгэн шүлгийн тухай:
Ертөнцийн явдал

Уг шүлэг нь 2012 оны Лондоны олимпийн онцлох шүлгээр сонгогдож BBC радиогоор уншигдаж, олимпийн нээлтийн хөтөлбөрт оролцсон бөгөөд энэ тухай судлаач, доктор Я.Ганбаатар “Хүн төрөлхтний түүхэнд ховорхон тохиолдох энэ гайхамшигт ёслолд манай улсын, ерөөс нийт монгол үндэстний, нийт монгол туургатан ард түмнүүдийн яруу найргийн төлөөлөл болгон Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгон авчээ. Бахархалтай. Эл арга хэмжээний эхний алхам болгож 2012 оны 6 дугаар сарын 8-18-ны хооронд дээрх шүлгийг Их Британийн BBC радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран нэг долоо хоногийн туршид радиогоор уншиж, номын сангийн вэб хуудсанд байрлуулсан билээ. Энэ бол дэлхийд нэр хүндтэй тус радиогоос хэрэгжүүлж буй “Шүлгээр дэлхийн улс үндэстний хосгүй нэгэн хөргийг бүтээе” төслийн нэг хэсэг нь юм. Г.Мэнд-Ооёогийн энэ шүлэг бол товчхон хэлэхэд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх агуу гайхамшигт соёл, иргэншлийг бий болгож бүтээлцсэн монгол үндэстний, монголчууд та бидний зуун зуун, мянга мянган жилийн намтар цадиг, аж төрөл, үйл хэрэг энэ хэдхэн шад мөрөнд хураангуйлаастай, хуйлаастайгаараа байнам. Дэлхийн магнай болсон Төв Азийн уудам их хээр талыг эзэгнэнхэн төрсөн нүүдэлчин, малчин монгол хүн хэрхэн аж төрж, ямар үйл эрхэлж, намтар цадигаа хэрхэн бичиж үлдээснийг энэ шүлгээс тод томруун, эгэл энгийнээр ойлгож мэдэх боломжтой анам. Үүнд л энэ шүлгийн багтаамж, чадал чансаа оршиж байна.  Ийм нэгэн шүлэг олимпийн тэнгэрт, эртний сонгдог соёлт буурал Европын тэнгэрээс найргийн хур болон бууж, найргийн тэнгэр Янжинлхамын эгшигт дуунаар аялгуулан дуурьсах гэж байнам.” хэмээн бичжээ. / Өнөөдөр сонин, 2012.7.24 №167/4631/