Алтан Овоо

Алтан Овоо

Алтан Овоо туурвил
Г. Мэнд-Ооёогийн Алтан-Овоо хөлгөн судар (зохист аялгуу) ном нь 1993 онд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон бөгөөд 2002 онд хоёр дахь, 2007 онд нэмж найруулсан гурав дахь хэвлэл нь уншигчдын хүртээл болж улмаар 2008, 2010 онд нийт 5 удаа хэвлэл нийтлэгдсэн бөгөөд англи хэлнээ 2007, 2012 онд хоёр удаа хэвлэгджээ.
“Алтан овоо” туурвилын тухай Ангийн иргэн орчуулагч, судлаач Саймон Вэкхам-Смит нь АНУ-ын Вашингтоны Их Сургуульд Г. Мэнд-Ооёогийн онцлох бүтээл болох “Алтан Овоо” туурвилын тухай “Г.Мэнд-Ооёогийн Алтан Овоо дахь хүмүүс ба нутаг усны хүйн холбоо” хэмээх нэгэн сэдэвт бүтээл туурвиж докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ.

“Алтан Овоо” туурвил нь утга зохиолын уламжлалт болон орчин үеийн олон төрөл зүйлийн нийлэг шинжтэй, хүүрнэл, яруу найраг, эссэ, домог, зөн бэлгэдэл, бясалгал зэрэг туурвил зүйн олон аргыг бүтээлчээр хэрэглэсэн өвөрмөц бичлэгтэй бөгөөд зохиогчийн гурав дахь хэвлэлдээ онож томьёолсноор яруу сайхны нэгэн цогц “зохист аялгуу” болно. “Алтан Овоо” туурвилыг уншигч, сонирхогч, судлаачид роман, хөлгөн судар, туульс, яруу найраг гэх зэргээр янз бүрээр бичиж тэмдэглэсэн байдаг нь түүний туурвилын өвөрмөц чанарыг илтгэх бөгөөд цаг хугацаа орон зайн хязгааргүй өргөн цар хүрээн дэх үйл явдал, сансар эрхис хийгээд газар дээрх өнө эртний домогоос өнөөгийн бодит явдлыг хүртэл он цаг, утгын нэгэн хэлхээнд холбон найрсуулсан өвөрмөц зохиомжтой, дотроо маш олон зохиолыг (найраглал, шүлэг, өгүүллэг, дууль, туурь эсэ, домог-үлгэр, бясалгал гэх мэт) багтаасан, гэхдээ л нэг зохиол юм.
Нүүдэлчин монголчуудын аж төрөл, байгаль дэлхийтэй зохицон амьдрахуйн соёл, зөн бэлгэдэл, оюуны цэвэр нандин сэтгэлийн байгаллаг чанарыг нээж, монгол хүний язгуур, оюуны дархлалыг цэвэр ариунаар хадгалахыг эрмэлзсэн увдислаг бүтээл болно.

“Алтан Овоо” туурвилын талаар дотоод гадаадын уран зохиолчид, судлаачид 1994 оноос эхлэн үгээ хэлж эхэлсэн бөгөөд уг номыг энэ 2007 онд Английн орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Тэрбээр урьд нь Данзанравжаагийн яруу найргийг англи хэлнээ орчуулсан туршлагатай орчуулагч юм. “Алтан Овоо” номын талаар хамгийн анх яруу найрагч Т. Очирхүү “Алтан Овоо хэмээх хөлгөн судар буюу хүлгийн айзамт ном бүтээгчийн тухай” (1994.1.11 “Ил Товчоо”) бичиж “Алтан Овоо хэмээх судар бүхэлдээ гүйлгэн харчих төдий ном бус бодож судалж үзмээр, бас ч уншигчийн мэргэжил чадал сорихоор буурьтай бүтээл болжээ” гэсэн бол яруу найрагч Ш.Уянга  “Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан Овоо” / Улаанбаатар 1994.07.01. №125 (584) “Сүүдэрт ном олноороо төрөх болсон харанхуй бүрэнхий энэ цаг дор “Алтан Овоо” үнэхээр гэрэлт номуудын нэг болжээ. Гэрэлт номыг гагцхүү гэрэлт хүн бүтээмой.” хэмээн тэмдэглэж уг номын бүлэг бүхнийг задлан шинжилж томоохон өгүүлэл бичжээ. Мөн номын талаар Ардын уран зохиолч С.Эрдэнэ, хэл шинжлэлч, доктор, профессор О.Сүхбаатар, сэтгүүлч Ш.Цэрэнпил, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ нарын зэрэг хүмүүс үгээ хэлж бичиж байснаас гадна Алтан Овоо ном дотор нийтлэгдсэн зохиолуудын талаар тусгайлан авч судалж үнэлсэн нь үлэмж байна. Тухайлбал: АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт ерөнхийлөгч Росемари С.Вилкинсон: “Г.Мэнд-Ооёогийн “Нүүдэлчин одны үлгэр” зохиолын тухай (зохиолыг “Алтан Овоо” III дахь хэвлэл. монгол. 41-46-р талаас үзнэ үү) бичихдээ: “Өөдрөг сэтгэл санаагаар дүүрэн, өрөвдөн хайрламаар, Монгол руу эрхгүй хандуулсан... маш энгийн тунгалаг бас, дэлхий нийтийн зөн совинг тод илэрхийлсэн, сонгодог хйиморлог зохиол болжээ.” (англи эхийг хавсаргав) Мөн судлаач Д.Батттогтох “Зуун эхийн задлал” хэмээх бүтээлдээ “Алтан Овоо” номын бичил эхэд задалгаа хийж дүгнэсэн байна. “Уг эх 4 цогцолбороос бүтэх ба нэгдэх цогцолборт эвлэршгүй бүтэшгүй эсрэг тэсрэг хоёрын тэмцэл дундаас (самуун) үүсдэг гүн ухааны үнэнийг өгүүлсэн бол хоёрдахь цогцолборт аль муу муухай зүйл орогнох сүүдэрт газраас хүн -- адгаас гэрэл рүү гэтэн гэрэл сүүдэр хоёр тэр цагаас харшилдан тэмцэлдэж, амьдралын эрээн барааныг үүсгэжүхүй. Гуравдахь цогцолборт гэрэлт хүмүүс биеэсээ галт бөмбөлөг мэт илч дулаан гэрэл үүсгэн тэнгэрт наран мандуулснаар амьдрал үүсчүхүй. Дөрөвдөх цогцолборт хүмүүн бүгд тэгш гэрэлд шүтэж сайн сайхан амьдрах болов чиг үхэж, төрж үүдэж мөхөх болвой. Орчлонгийн мөнх бусын ойлголт, ончроон, орон цаг хугацаа, хөдөлгөөн цөм хүмүүн ба ертөнц хоёрын харилцаанаас үүдэн бүтэх болсныг гүн ухааны хэлээр урнаар дүрсэлжээ.”

Английн орчуулагч Саймон Вэккхам Смит “Алтан Овоо” номын өмнөтгөлдөө бичихдээ: “Монголын судлаач шүүмжлэгчид Мэнд-Ооёогийн бичлэг уншигчдад чухам юуг өгүүлнэ вэ гэдгийг нь тэр бүр нарийн ойлгож ухаарахгүй байгаагаа илэрхийлсэн байдаг нь үнэний талтай. Түүний хэллэг учир битүүлэг гэхээсээ илүү цогц бөгөөд ярвигтай, төсөөлөл нь утга зохиолын гэхээсээ зөн билиг рүү хэтийдсэн чанартай, зүйрлэл адилтгал нь өөрийнх нь оршин амьдрагч бодит ахуйн тусгал гэхээсээ дотоод ертөнцийнх нь буулгалт гэмээр байдаг. Энэ бүхэн нь түүний өөрийнх нь хувь хүний эевэрүү нягт нямбай чанартай нь уялдсанаар Алтан-Овоо-г онцгой бүтээл болгож чадсан байна.” (Golden Hill UB 2007, xi page)

Орчуулагч Ж.Нэргүй нэгэтнээ “Дарьганга нутгийн унаган хүү Гомбожавын Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” хэмээх уянгын том хүүрнэл зохиолыг нь мэдэхгүй хүн Монголд байхгүй ч байж мэднэ. Зүйрлэвээс, Расул Гамзатовын “Миний Дагестан” шиг онгод авъяас, шасдир цадигийн яндашгүй арвин судар билээ. Хуудас бүрээс нь түмэн цэнхэр мөнгөн нуур мэлтэлзэж, мянган жаахан мэнгэн булаг ундарч, монгол өвгөдийн сургааль сонсогдоод, хос хосоороо хунгууд цойлон нисэлдээд, талын бор толгод өндөс өндөс хийгээд, туурайт хүлгийн дуун үүрсээд, монгол үгийн ширгэшгүй баян сангаас атга атгаар нь утгаж аваад улаан нүүр лүү цацах адил бөлгөө. Уншаагүй нь нэг удаа бариад авагтун, уншаад эхэлбэл дахиад заавал хоёронтаа унших нь магад!” хэмээн бичсэн байдаг.

Доктор Ү. Хүрэлбаатар “Газар тэнгэрийн савслага, хүн байгалийн шүтэлцэл, зөн билгийн мэдрэмж, дотоод сэтгэлийн зөөлөн ай нь түүний оюун санааны “Алтан Овоо” бөгөөд бүхэлдээ нүүдэлчний найраг, номадизмын дуулал билээ. Тиймээс Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн сэдэв нь нүүдэлчин монголын ахуй байдал, сэтгэлгээ нь тэнгэрийн дуудлага, бичлэг нь монгол босоо бичгийн зөөлөн аялгуу бөгөөд яруу найргийн шидэт долгион ийнхүү дэлхийн түвшинд үнэлэгдэж байна” гэжээ.