Хүүрнэл

ГҮЙЖ ЯВАА ХҮЛГИЙГ БИТГИЙ БАРИАРАЙ

1.   
Цэнхэрлэгчийн цагаан зогдор – үүлсийн чанадад тогоруу ганганана. Тогоруудын ганганаа умрын салхийг хурайлахад гадсаа тойрох ботгоны буйлаа үүлсийг тоорлоно. Груу груу. Тоор тоор.

Цахилдагны хуучин бутанд умрын салхи элдэвлэн сэрчигнэнэ. Сар жилүүдийн сайн муу явдлууд санааны мухарт ундуй сундуй. Груу груу. Тоор тоор.

Цагаан үүлсийн сүвэгчээр сүрэг тогоруу зүү шиг сүвлээд нааш мэтгэж айсуй. Айсуй тогорууны зэллээ болоод ганганаа нь ертөнцийн бүхий л юмсын учир шалтгааны гинжин хэлхээ буюу. Груу груу. Тоор тоор.

2.
Хөх магнаг зэрэглээ хөндий уруудаж гүйнэ.
Хөх сэмдэс үүлс тэнгэр элэглэж нүүнэ.
Хоёр алтан хараацай үүл хайчилж ниснэ.
Хоёр бүгээн морь салхи хуурдаж гүйнэ.

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

Хэрэвзээ, чамайг хорин жилийн дараа нутагтаа ирэхэд чинь
Хэрэвзээ, чамайг үүдэндээ дөрөө мулталж байхад чинь
Хэрэвзээ, ээж чинь үүдээ сөхөн гараад ирж байхад нь
Хэрэвзээ, төмөр хөшиг урдуур чинь хаагдчихвал чи яах вэ?

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

3.
Груу груу. Эртээ урьдын цагт эцэс төгсгөлгүй их далай дээгүүр тогоруун олон сүрэг тойромлон нисэж явжээ. Нисээд л байж. Нисээд л байж. Гай таарч галт улаан шувуу араас нь хөөн гүйцэж арван таван тогорууг нь аван хайлаад залгичихжээ. Сүрэг тогоруу нисээд байж. Нисээд л байж. Арсгар сарсгар хадан уулс харагдаж, амсхийн саатахаар буув гэнэ. Арван таван толгойтой аварга могой гарч ирээд арван таван тогорууг нь аваад залгичихаж гэнэ. Сүрэг тогоруу нисээд л байж. Нисээд л байж.

Яндашгүй уудам хээр тал харагдаж гэнэ.
Ялалтын уухай хангинуулсан олон морьт цэргүүд өөд өөдөөсөө үүл мэт нүүж явна гэнэ. Яг дээгүүр нь нисэн гарахын алдад язганасан олон сум шунгиналдан исгэрэлдэж яах ч учраа олохгүй үймэлдэв гэнэ. Хөөрхий, тогоруудын тал нь хөх зэвэнд оногдож хөсөр унав гэнэ.  Хөвч их ойн дээгүүр, хөхрөн дүнхийх уулсын зулайгаар нисэж явтал хөлгүй их улаан түймэр хөвхөлзөн цоролзож байв гэнэ. Дүрэлзсэн их улаан галын дээгүүр дүүлэн нисээд л байж. Нисээд л байж. Халуун галын нөөлөг, хамаг сүргийг нь харлуулан хуйхалж, хайлуулан түймэрджээ. Хоёрхон тогоруу үлдэж. Нисээд л байж. Нисээд л байж.

4.
Цагаан торгон зэрэглээ цайдам өгсөөд гүйнэ.
Цагаан зандан дэрс цаашаа наашаа ганхана.
Хоёр хун шувуу үүл сүвлэж ниснэ.
Хоёр бүгээн морь зэрэглээ хуурдаж гүйнэ.

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

Хорин жил хагссан хахир говьд хурын үүл нүүж ирээд
Хормын дараа бороо асгаран ган тайлах гэж байхад
Хуурайшиж хатсан хүн мал хур чийг амьсах гэж байхад
Хуугих салхи хуу тургиад хөөчихвөл ямар байх вэ?

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

5.
    Хөөрхий хос тогоруу жигүүрээ цуцтал нис ниссээр хужиртай цагаан цайдмын хөвөөнд дэрст ногоон довны энгэрт хот айл бараадан бууж, удалгүй эх тогоруу хоёр цоохор өндөг гаргажээ. Адуу мал айл хунар, хүн зон хэн нь ч тэднийг айлгаж үргээсэнгүй, холоос хайрлан харсаар хоёр өндөг нь дэгдээхий болж улмаар өд сөд нь гүйцэж дөрвөн тогоруу дассан газраа даллан эргэлдсээр дулааныг зоривой.
    Груу груу
    Груу груу.

Эсэн мэнд нисээд хүрээрэй, хөх тогорууд аа!
Эсэн мэнд эргээд ирээрэй, хөх тогорууд аа!

6.
Арслангийн зулзагыг ч гэсэн
Арслан болтол нь хайрлаарай
Амьдын хорвоогийн арсалдаан дунд
Арслангийн хүчтэй яваарай.

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

Чонын бэлтрэгийг ч гэсэн
Чоно болтол нь хайрлаарай
Чонон санаатай орчлонд
Чононоос ухаантай яваарай.

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

7.
Өнжүүл хэдэн бутны өргөс, өмнийн салхийг урна. Груу груу. Өмнөөс урих өлөн салхи хацар нүүрийг урна. Груу груу.

Бороо бороо ороорой. Тогорууны хоргуус хатчихжээ. Арслан цагаан үүлс минь, хурай хурай!

Бороо бороо ороорой. Тогорууны тойром эхэлчихжээ.
Чонын хөх үүлс минь, хурай хурай!

8.
Тогорууд бүл бүлээрээ сүрэглэн ирж буусаар дэрстэй тойрмын хотгорыг шувуун тойрог гортиглон эмжээд гоого гоого, груу груу хэмээн дуулалдах нь тэнгэр ба үүлстэй, дэрс бут хийгээд дов толгодтой байгалийн хэлээр юу нэгнийг хүүрнэлдэн нутаг усандаа бүх тогоруудын дан найрал дуугаар ая өргөх буюу.

Тогорууд, хэмжихүй ухааны бүтэн тойргийг хээр талын энгээр хэмжээлэн татаж, өд сөдөн цацагтай хөх магнаг жигүүрээ дэлэн хумин залгалдаж, дэгдэн хөөрөн дэрвэж буун наадах бөгөөд тогоруун тойргийн тэг дунд хэдэн бага шиг тогорууд ямархан нэг хэлж мэдэхгүй угалзалсан дүрсээр цам харайн бүжиглэх нь газраас тэнгэр өөд молцоглон дэлбээлэх цэцгийн мандал буюу, аль эсвэл тэнгэрээс газар уруу буулган дүүжилсэн цэнхэр мандлын унжилга сондор буюу.

Тогоруун сүргийн олон бүл нийлээд жигүүртний нэгэн улс гүрэн болон төвхнөж байгаа ч юм уу, үр удамдаа урт холын аяны урам зориг, эвсэн найрсахын учир тавиланг эрхшээж, энэ л төрөлх нутагтаа эсэргэн хавраар эргэн золгох айлтгал ерөөлийг хадаг намин өд сөд, хан өмсгөл шиг өрвөлөг даль хийгээд сүмбэн гоо хүзүү, дэрсэн хоёр хөл юу болгонд нь шингээн хоногшуулахын учир утга бүхий дуут бүжгэн жүжиг гэгч энэ юмсан буюу.

Орчлонт ертөнцөд мөнхийн амар амгалан, туйлын аз жаргал гэгч огтоос ор үгүй нь юутай гачлантай. Оорцог толгодын онхол цонхлыг самбаачлан зэвт сум, ирт мэсийг далайгч нүгэлт хар гөрөөчний зэгэл шаргал нохдын архиралдан буух дуун тогоруун тойрмын мөнгөн хэлхээсийг тасар татан, буртаг тоос бутаргаж бурханы орон мэт амгаланг цочоон тогоруудын гаслалдан гангинах дуун саахалт айлуудын тогоонд цав суулган жингэнэвэй.

Юу болов? гэхийн зуургүй тогоруудын мөнгөн тойрмын буурин дээрх бутарч бужигнасан өд сөдөн дунд хөөрхий нэгэн тогоруун зулзаганы сэг үлдсэн байх бөгөөд сүрэг тогорууд өдөөрөө уйлалдаж, гунигтайяа ганганалдах дуун нь аадрын догшин хар үүлсийн чанадад уусан алдарвай. Төдөлгүй үүлсийг сүвлэн одсон тогоруудын цуваанаас хэд нь эргэн хурайлсаар гансарч ганганалдан дэрст тойрмын дээгүүр дахиж гурвантаа эргээд цувааныхаа хойноос элин халин одвой.

Мөнөөх гашуудалт тэнгэрийн доор сүрэг зээр сүрхийн үргэлдэж, тэрэн  дунд зэгэл шаргал нохдын эзэн нүгэлт хар гөрөөчийн баруун дөрөө ханхийн сэтэрч хантайран харуулдахын сацуу ардаг тарган агсам саарал морь эзнээ өрөөсөн дөрөөнд нь чиргүүлдэж, гөлмөө дэрвүүлэн нисч одвой.

Азарган борооны түрүүч усан хоргол нулимс под под дуслуулан уйлагнаж бараа туруу юу ч эс үзэгдэх хоосноос тогоруудын гроо гроо хэмээх гунигт дуулал л гаслантайяа сонсогдсоор авай.

9.
Эрчилж яваа хүлгийн алтан дөрвөн туурай
Эрдэнэ цагийн хүрдийг эргүүлж яваа ч магадгүй
Эрин зууны олмыг гаталсан элч ч байж магадгүй
Эзэн хааны минь загалын сүнс ч байж магадгүй

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

Гүйж яваа хүлгийг унаа хөтлөө сэлгэж
Гүрэн улсын гэрэгэт элч хүлэглэж яваа ч магадгүй
Ардын дууны аялгуу шиг айзам дөлгөөн зоонд нь
Айсуй цагийн бурхан заларч яваа ч магадгүй

    Гүйж яваа хүлгийг битгий бариарай

2005 он
TOP