Хүүрнэл

ШӨРГӨН ШАР АТНЫ ДУУЛЬ

1.
Хөтөл элсний нарийн хоолойд нэгэн том хөх чулуу тэнгэрээс уначихаа юу гэлтэйг үзвэл чулуу бус хэвтэж байгаа тэмээ болой. Тэнгэр мөрлөж дүнхийдэг ширээ хоёр бөх нь хальс болон шалчийж унаад бужигнасан хар ялаанд шавуулавч түүнийг үргээх ч сөл бага болжээ. Эхэн булгийн ус шиг мэлмэн хар нүднээс нь сувдан нулимс бөн бөн бөмбөрнө.
Нулимст хар нүдэнд нь тэнгэрийн хаяаны наана хөхөртөх асар майхан цэнхэр уул хөдөлж нэгэн харагдана, хөшиж нэгэн үзэгдэнэ. Тэр уулын ар шилд улаан бударганат их хоолой буй.
Унасан шороо, ундалсан ус нь тэр билээ. Аравхан алхаад гарчих энэхүү нарийхан элсний хормойд нар тусахын алдад мөлхөж ирсэн юмсан. Мөлхөөд мөлхөөд ч газар гавьтай хорсонгүй.
Нурамлан нурах торгон элсэн дээгүүр цоорох шахсан шалдан гэдсээ гулгуулах гэж хоёр борвио шархиртал хүчлэв ч,  сөөмийн төдийгөөс хэтэрсэнгүй. Толгойгоо дээш өргөж харвал мөнөөх уул цэнхэртэж харагдана. Ард нь тунгалаг хүйтэн устай худаг байдаг сан. Эзэн нь гурван алдын ширэн ховоогоор гурав татахад модон онгоц мэлтгэнэн дүүрч, түүнээс тамшаалан залгилаад уруулаасаа ус дуслуулан бөхнийхөө ялааг шавшиж үргээгээд, уртлаг сайхан хүзүүгээ сунгаж эргэн тойрноо ажин, тэнгэрийн хаяа ширтэн бодлогоширч зогсох бахтай сан.
Жин үдийн халуунд дотроосоо сэрүү татуулан, уснаас гарч шүүтэй тойрмын хөвөөний шүүс савирсан улаан бударгана үмхлэх ч бас сайхан сан. Салхи шиг явсан тэр цаг амбасын зүүд манан дунд бүрэлзэнэ. Бие нь сульдах тусам орчлон дэлхийн өнгөний жавхлан улам улам сулдайна.
Шөргөн шар атны эцсийн хүсэл бол эхээс унаж эхэлж амьсгал авсан улаан бударганат говьдоо амьд халуун цогцосныхоо сүүлчийн амьсгааг хүргэх явдал байлаа. Цаг мөч өнгөрөх тусам хамаг бие нь хуурайшиж, голдоо хүртэл үдээр болон хатаж буй нь мэдрэгдэх авч тэнгэрийн хаяаны майхан цэнхэр уулыг харах бүрийд чийг мөрөөдөх биеийнх нь хаанаас гардаг юм гэмээр бөөн бөөн нулимс мэлмэн хар нүднээс нь ус шиг бөмбөрнө.

2.
Шөргөн шар ат энэхүү элсэн хоолой дээгүүр нисэх мэт дүүлэн өнгөрөхөд нойтон цастай хаврын үдэш байж билээ.
Чанх урдтай гялалзах нэгэн тод одыг чиглэн энхэл донхлыг эс ажран тэшүүлээд хоёр талаар нь зөвхөн салхи сүнгэнэж, хөлийн тавхайг дэрсний намиа, бутны цэцэг илбэн, хурдлах тусам улам улмаа бие нь өд шиг хөнгөн болно. Нуруун дээр нь ямар нэгэн хүнд хатуу юм тэгнэсэн боловч төдийлөн тээртэй санагдсангүй. Унасан эзэн хондлой дээгүүр нь хааяа нэг хорстол ороолгох нь ихэд яарч яваагийн шинж.
Сар гараагүй тул гүн харанхуй. Харгана бутны ёроол, хайлаас тооройн мөчрөөс нойрмог шувууд үе үе цочин нисэхэд дотор агзасхийх боловч эзэн нь эс ажрахуйд бие тайвшран гагцхүү чиглэсэн зүг рүүгээ л эрслэн замнажээ. Хамаг биений хөлс чимчигнэн дусалж, харуй бүрийг сүлэн үүр тэмдгэрч эхэлсэн боловч амсхийх шинж ер үгүй. Тэшин тэшнэ. Өөд газар өндөлзүүлж, налуу газар намалзуулж, нисэн алдан нисэн алдана. Шандаст дөрвөн хөл заяасны ид бах гэгч энэ ажгуу.
Чухам юунд ингэж адган довтолж байгааг бурхан тэнгэр л мэдэх буй заа. Гэгээ тусахад үзвэл элчилгүй их говь хаяагүй мэт цэхийжээ. Тэшүүлсээр л авай. Тэгэвч шөргөн шар атны биед ажирсан юм юу ч үгүй, хэдэн говийг гэтэллээ ч чадах ааг шандас нь амтагдан байвай.
Шөргөн шар атны бие намрын дунд сарын үд дундын хялгана халиурсан ухаа шиг өнгөлөг шаргал бөгөөд туг сүлдний цацаг шиг намилзсан хүрэн зогдор нэлмийн бууж улам ч сүрлэг жавхлантай, давхиж яваа нь үүлэн дундуур хүчит луу гүрвэлзэн гүйх мэт ээ.

3.
Тэр цаг өнгөрчээ. Шөргөн шар ат хамаг хүчээ шавхан угасаар наран шингэхийн өмнөхөн хөтөл элсний нарийн хоолойг арайхийн гатлаад сөөг дэрсний дөмбүүл дээр үжирсэн олс шиг нарийхан хөх хүзүүгээ тэгнүүрдэн тавиад түр амсхийв. Дэрсний унги, агь царвангийн үнэртэй нийлэлдэн анхилах боловч хазах ч дур хүрсэнгүй. Хөлтэй ч болоосой. Хөдлөөд босох сон. Тавхайтай ч болоосой. Давхиад хүрэх сэн. Шингэх нарны наадах хөндлөн хар үүл майхан хөх уулан дээр сүүдрээ унагажээ. Нар шингэж, шөнийн хар шувууд нисэлдэнэ.
Эцсийн тэнхээгээ тасартал зүтгэх сүүлчийн шөнө билээ.
Салхигүй. Тогтуун агаарыг сэгсэлзэх далавчийн сэвэх салхиар шүгэлдэж ямар нь үл танигдах хар шувуу дээгүүр нь эргэлдэн нисээд ойролцоох хайлаасны мөчирт буув бололтой. Гэвч түүнийг харах илүүдээ гарсан тэнхэл байсангүй. Яаж ийгээд л хэдэн алхам ч болсон угасаар ахих нь чухал. Шинийн гуравны нумын хөвч шиг махир цагаан сар өмнөх замыг нь бүдэг бадагхан гийгүүлэх авч төдхөн шингэж, гүн харанхуй нөмрөв.

4.
Хормойдоо хоргол шиг элүүн бөөрөнхий алаг чулуутай, арынхаа сархианд армаг хэдэн яргайтай, нөөлөг дулаан нөмгөн хөх уулын ар сугад эхээс унасан билээ.
Яргай модны чаргай нарийн мөчир шиг дөрвөн хөлөө арай ядан тэнцүүлж, утсан хүзүүгээ дааж ядан өргөхөд дүв дүгэрэг сарны дүүрэн цагаан туяан доор майхан шиг дөрвөлжин хөх уул сүгнийхийг хамгийн анх олж харсан билээ сэн. Удалгүй утаа үнэртсэн бор гэрийн гадаа аргамжуулаад гадсаа тойрон эргэлдэж эхийгээ харуулдахад энэхүү уул дагаж эргэлдэн, гурван говийг алгасан олон сүрэгтэйгээ салхидаж одоод эргэн ирэхэд мөнөөх уул л газраас тасарч алдан өндөлзөж угтсан сан. Тэшүүлж шогшуулж явахад мөнөөх уул дэнхэн донхон харагдах боловч үнсэн дээрээ ирж хэвтэхэд үл ажран, намбатайяа налайж суусан үзэгдэнэ. Тэнгэрийн аргамжаа мэт энэ ууландаа хоног сараар ээнэгшин дасаж, дөрвөн цаг солигдон ээлжилсээр нэг мэдэх нь ээ зогдор сэвлэг нь наран сарны цацраг мэт намилзсан, хоёр бөх нь хазаарын товруу шиг үзэсгэлэн тэгш боссон, уулын цаадтайхыг ч өнгийж хармаар урт сайхан хүзүүтэй сүргийн манлай нутгийн чимэг болсон түүнийг эзэн нь Шөргөн шар ат хэмээн нэрлэх болсон билээ. Таана гишгэлэн гувалзтал алхахыг харвал тавхайдаа хилэн хар үстэй түүний таван гүвээ даваад бөмбөлзүүлж ирэх нь тэнгэрийн унаа мэт, зогдор сэвлэг нь далавч адил дэвэлзэн, дээр нь унахад нисдэг хивсэн дээр суусан мэт дэнслэх донслохын учир гэж үгүй.
Ижил сүргийнх нь бэлчээр даанч ойр, эзэн нь хааяа нэг унаж хөх тэнгэрийн хаяаг сүвлэн жийгүүлэх үес хөвчирсөн шөрмөс нь нэг сайхан тэнийх шиг, хилэн тавхайнх нь загатнаа гарах шиг болж хамаг биед нь халуу дүүгэн өд мэт хөнгөн болоод ирэхийг мэдэрдэг сэн. Холын замд эс гарч бэлчээр төдийхөнд ээрэгдэх нь ааг шандас төгөлдөр түүнд даанч нэг уйтгартай. Тэр өвөл хавар Шөргөн шар атны нуруун дээр хэн ч гарсангүй.
Гагцхүү тэнэгэр сайхан зоо, сунагар шулуун хөл нь ямар нэгнийг мөрөөсч, эз татан байсныг яахин нарийвчлан мэдэх билээ. Хаврын дунд сарын нойтон цас хаялсан хуйсагнуур салхитай орой бэлчээр дээрээс нь бурантаглаж аваад нэн яаруу хот айлын гадаа аваачаад ачаа тэн тэгнэж зэр зэвсэг агссан нэгэн хүн дээр нь мордсон билээ.
Ганц хоног ч гадаслаж хагсраасангүй нэн яаран мордсоны учир юун байсныг яахин төсөөлөх вэ?

5.
Шөргөн шар ат угасаар, мөлхсөөр л байлаа. Шөнө дунд өнгөрөхийн хирд арслангийн ам шиг ангайсан харанхуйгаас нэг шувуу муухай дуугарахад хамаг биед нь хүйт даагаад явчихав. Хэд хоногийн өмнөөс тогооны хөө шиг хөгшин хар шувуу дээгүүр нь сүүдэр татуулан эргэлдээд, дэргэд нь сүр сархийн дөхөж буугаад, улаан мана шиг нүдээр хажуунаас нь харж суух болсон юм. Ёрын тэр шувууны дуу мөн байна.
Газар овоо дөхжээ. Бүрэлзэх нүдэнд нь майхан хөх уул нь сүгнийж үзэгдэнэ.
Үхэр малын жим тааралдах болсон нь сэтгэлд аятай. Даанч тамир нь тасарчих гээд болдоггүй. Түр амсхийгээд дахиад л угаж гарлаа...

6.
Улаан бударганат уураг шаргал говь бол Еншөө овгийнхны идээшсэн шамбалын орон, зандан сийлбэр шиг ширээ улаан тэмээд нь тэнгэрээс заяасан эрдэнэ билээ.
Тэнгэрийн дуунаас өөр цочоох аюулгүй тэдний гай газар доороос ургаж нүүгэлтсэн үүлтэй шөнийн нүх шиг харанхуй дундуур эд хөрөнгийг нь хангинуулан, эмс охидыг нь чарлуулан  үл таних дээрэмчид аваад дутаажээ. Еншөөгийн дөмөг эрс нь өвч зэвсэглэж, дээрэмчдийг хөөн одов. Хэдэн хоног элдээд хүний нутаг, гүний хошуунд нэгэнт цөмөрч ороод хүчин мөхөсджээ. Зэр зэвсэг нь мохож сум нь дуусаад ар тийш элч илгээн тэр нь зар хүргэж, зэвсэг сум ачаад Шөргөн шар атыг хүлэглэн гарсан учир ийн ажгуу.
Анх гарснаас хойш хурдаа өчүүхэн ч сааруулсангүй. Хоёр талаар нь эрээн дов, эрсгэр хад асга, заг тоорой, хааяа нэг мал сүрэг жирэлзэн өнгөрөхийн хирд заримдаа үхсэн тэмээний сэг тааралдаж, дотор муухайрмаар эвгүй үнэр нэлсхийн ирэх нь нэн аягүй. Ер нэгэн муу ёр болсны тэмдэг ажээ.
Дээрэмчид хүн хүчний аагиар эргэж тулалдан газрын гүн рүү улам л цаашилсаар холдсоор байжээ. Дахин нэг шөнө өнгөрлөө. Хөл амарсангүй.
Давхисаар л байлаа. Дараа үдэш нь арсайн үзэгдэх хавцал дунд гэнэт орж ирэхэд бүрэнхийд танил тэмээд зэрвэс үзэгдэх шиг болоход хурдаа саах гэсэн боловч жирэлзэх дөрвөн хөлийнхөө эрчийг татаж амжсангүй дэргэдүүр нь сүнгэнэн өнгөрөв.
Унасан эзэн нь гэнэт угзчин, туулай хамрыг нь сэтэртэл татсан ч өөрийнхөн нь орогнон байсан саяын хавцал аль хэдийн ард үлдээд хахь ондоо эрээлжилсэн орон байрны бараа торолзтол тэнгэрт нэг юм улин исгэрэх шиг болов. Урд зүүн хөл нь часхийн халуу оргиод явчихав. Тэр газраас ханарч дөлөөд гэдрэг дутаатал дахин сум шүнгэнэж эзэн нь нуруун дээр нь намсхийн унахыг Шөргөн шар ат мэдрэв. Гэвч биеэ татах гэж хичээгээд ч зогтусч чадсангүй. Урд баруун хөл нь бас л халуун оргивч эрчээрээ тэшүүлсээр л байлаа.
Эрчилсэн хурд зугуу зугуухан саарахын хирд арсгар барсгар хад, цаашлаад хавцал, тэр дунд ижил олон тэмээд нь тохоштойгоо байхыг бүргэлзэх нүдэндээ дахин бүүр түүр олж үзэв. Угтаж ирсэн гавшгай нэгэн эр гялсхийх шиг болоод газар шүргэн чирэгдэх бурантгийг нь шүүрэн авч угз татахуйд эрчээ зугуухан сааж асан дөрвөн хөл нь шаасан гадас шиг зoгтусав.
Арайтай л биеийнхээ хүчийг даган онхолдож унасангүй.
Мөнөөх эр муу хамрыг нь сэтэлчих шахан доош дугтарч “Сөг сөг” хэмээн хэвтүүлэх гэж шавдуулах боловч хичнээн мэрийгээд ч хөшсөн дөрвөн хөл нь нугарсангүй.
Алхах гээд ч болсонгүй. Урд хоёр шилбийг нь даган халуун цус нь урсаж байхыг ч, нэгээхэн мөчийн дараа сум нэвт сүлбэж гарсан хоёр хөл нь гишгэж чадахаа болиод тэрийн унана гэдгээ ч хэрхэн мэдэх билээ. Хамгийн гол нь ижил олон сүргийнхээ дунд ирсэндээ л нэн таатай байлаа.
Хөө хуягтай хэдэн эр шавдан байж, нуруугий нь хотойтол дарж асан мөнөөх ачааг авч, бие нь хөнгөрөх шиг болсон боловч урд хоёр хөл нь улам хүндэрнэ. Тэгтэл бөөн үймээн шуугиан болов. Харуй бүрийд гал улалзан, сум шүнгэнэн сүйд майд болоод явчихлаа.
Дахиад л тулалдаан эхэлжээ. Зэр зэвсгээр хангагдсан Еншөө овгийнхон тэмээдээ унан харанхуйн дунд дахин дайлаар морджээ. Хавцал дунд Шөргөн шар ат л орь ганцаар үлдэв. Тулалдааны чимээ улам холдсоор төдөлгүй аймшигт аниргүйд эзлүүлэв. Ер, их чимээний дараах аниргүй бүр ч аймшигтай байдаг ажээ.
Нэгэн мөч өнгөрөхөд урд хоёр хөл нь биеэ даахгүй болоод хос суварга шиг гандан хоёр бөх нь хажуулдсаар тэрхүү тэнгэрийн хүлэг тэрийн уналаа. Тулалдааны чимээ холдон холдсоор байгаа нь газар нааж хэвтсэн чихэнд нь бүүр түүр сонсогдсоор алдарвай.

7.
Түүнээс хойш хэчнээн өдөр, хэчнээн шөнө өнгөрснийг бүү мэд. Элэр балрын дунд өнгөрүүлсэн хоногуудад тулалдааны чимээнээс дайжин бут бургалжинд хяран үлдсэн хэдэн бор шувуу л хань болжээ. Орь ганцаар хүний нутаг дээр үлдсэн хөөрхий Шөргөн шар ат арайхийн өндийж сөхрөн хэвтээд эх нутгийнхаа зүг мэлмэн хар нүднээсээ нулимс бөмбөрүүлэн хэсэг харж байснаа хормын ч төдий амсхийлгүй мөлхөж гарлаа. Их тулалдаанд улайрсан эзэд нь энэ явдлыг хэрхэн мэдэх билээ.
Олон хоногийн тулалдаанд эцсэн нэгэн эр Шөргөн шар атны үлдэж хоцорсон хавцалд зорин ирсэнд тэрвээр байсангүй.
Мөнөөх баатар дэмий л гайхан тулалдааны газраа одсоныг хөөрхий зовлонт тэмээ ч бас мэдсэнгүй. Тэгэхэд хавар байсан юм сан. Одоо нэгэнт зуны сар шувтарч байгаа бололтой.

8.
Шөргөн шар ат хэсэгхэн амсхийгээд цааш мөлхөж гарлаа. Муу гэдэс нь хад чулуу, харгана хайрганд нидрүүлэн нудруулсаар цоорох шахжээ. Нутагтаа ирж байхад энэ юу ч биш. Тэнгэрийн байдлыг ажвал үүр цайж буй бололтой, дорноос гэгээ татаж байна. Одоо ч хөлтэй сөн бол хэдхэн алхаад хүрчих газар сан. Хөлтэй ч болоосой. Хөдлөөд босох сон.
Тавхайтай ч болоосой. Давхиад хүрэх сэн. Үл мэдэг цайж байгаа гэгээнд үзвэл өнөөх муу ёрын хар шувуу хажууд нь ирчихсэн толгойн тушаа чулуун дээр суучихсан байдаг! Энэ шувуу хэдэн сар дагалаа. Гэвч болоогүй ээ.
Төрсөн тойрмоо харахаас нааш чамд нүдээ өгөхгүй шүү! Утас болтлоо нарийссан муу хүзүү, бүхий л бие цогцосноос нь хэв хэвээр үлдсэн мэлмэн хар нүд бүхий завдан хүрэн толгойг нь дааж өгөхгүй зовооно. Гэвч угасаар л байлаа. Ингэсээр улаан бударганат говийнхоо шүүтэй тойрмын захад ирснээ мэдэрмэгц хамаг бие нь сульдан мэнэрэв. Хичнээн хугацаа өнгөрснийг бүү мэд. Нэг сэргэн арайхийн хүзүүгээ сүүлчийн удаа өндийж мэлмэн хар нүдээрээ эхээс төрөөд анх харсан майхан цэнхэр уулаа харлаа.
Орчлон дэлхий урьд урьдынхаас улам тод цэнхэртэж үзэгдлээ. Майхан цэнхэр уулын зүүн суга дээгүүр хорвоон нар мэлтэлзэн мандаж, баруун сугаар нь үл мэдэг ухаа ягаан тоос хөшиглөн гарч ирэхийг үзэв. Дээрэмчдийг элдэн хөөж эд хөрөнгө, эмс охидоо буцаан авчирч буй Еншөө овгийнхны цөөн эр дайнаас эргэн ирж байгаа нь тэр ажгуу. Шөргөн шар ат тэр зүг рүү харсаар л байлаа. Тоосны үзүүрт тэмээтэй хүн сугаран гарч өөр рүү нь дөхөж явааг ч харсаар л байв.
Нар улам гэрэлтэн, мэлмэн хар нүдэндээ шинэ өглөөн нарыг дүүрэн багтааж авлаа. Мөнөөх муу ёрын хар шувуу хойд бөхөн дээр нь буучихлаа. Одоо толгой дээр минь сууна.
Нүдээ ч өгөхгүй дээ гэсэн шиг цэв цэнхэр тэнгэр, шав шаргал нар, тэмээн сүрэг, майхан цэнхэр уулыг дүв дүүрэн багтаасан ижилгүй тунгалаг нүдээ анилаа. Гэвч харанхуй болсонгүй. Нүдэн дотор нь орчлонгийн их гэрэл солонгорсоор бүхий биед нь уусан шингэж байна.
Хүмүүсийн дүнгэр дангар ярилцах дуун ч чихэнд нь шингэж байна. Яг энэ үед Шөргөн шар ат майхан цэнхэр уултай, улаан бударганат говийнхоо цэнхэр агаарыг зуухны хүхээ шиг тэнүүн уужим хамраараа гүн шуналтайяа татаад сүүлчийнхээ амьсгалыг хураавай.

            Бөн, бөн, бөн, бөн,
            Бөн, бөн, бөн, бөн
TOP