Эсээ

АМГАЛАН ГУАЙН БҮТЭЭЛ ДЭХ АМАР АМГАЛАН ХЭЭР ТАЛ

АМГАЛАН ГУАЙН БҮТЭЭЛ ДЭХ АМАР АМГАЛАН ХЭЭР ТАЛ

 
Гэрэл зураг түүхэн агшиныг, тухайн цаг хугацаатай нь тогтоон бичиглэж яг байгаагаар нь авч хадгалдаг бол уран зураг дахь түүхэн агшин цаг хугацаатайгаа хувьсан хөгжиж, хөдөлж байдаг ажаам. Өгүүлэх нь:
Хөдөөгийн хөвгүүн би бээр арван тавтайдаа нийслэлд анх ирсэн даруйдаа хотын гоё сайхныг гайхан алмайрч явахдаа нэгэн байшингийн хананд байх Дагдангийн Амгалан зураачийн “Ээж ээ, сайн байна уу?” хэмээх зургийг анх харснаа тод санадаг юм. Сүүтэй хувингаа хоёр гартаа бариад мандаж буй нарны наана айсуй ээж. Ээж рүүгээ тэмүүлэн алхаж буй жаалхүү. Бага насыг минь санагдуулсан энэ бүтээл бол Монголын зураачдын бүтээлээс миний мэлмийд хамгийн тод тусч хоногшсон зураг билээ.
Дүрслэх урлагийн хичээлийг Гомбосүрэн багш ордог байв. Багш болох хэн ч бай зураг зурдаг болох, ядаж үзүүлэнгээ өөрөө хийчихдэг болгох зорилготой байв. Д.Амгалан зураачийн “Уургач”, “Сургууль сайн байна уу?”, “Уралдаан” тэргүүт бар зургуудыг багш их ярьдаг сан. Доорх газар жирэлзэн эрчилсэ тоосон дунд ороо морины толгойд уурга сунгаж буй адуучин эрийн ид хав, монгол морьдын хөдөлгөөнийг гайхалтай эрчтэй дүрсэлсэн энэ бүтээлийг чухам шувуу нисэх өндрөөс, чанх дээрээс нь харсан байдлаар дүрсэлсэн нь малчин монгол хүний ид хавыг үнэнхүү гайхалтай бахархалтай харагдуулдаг билээ. Уралдааны замд тоосноос сугаран торгон жолоогоо өргөж буй “уралдаан” бүтээлд унаач хүүхдүүдийн гийнгоолох дуу цангинаж, хурдан морьдын туурайн төвөргөөн хээр талыг бөмбөрдөх мэт санагддаг сан. Уран бүтээлч болох замд Монголын зураачдаас хамгийн анх бүтээл нь сэтгэлд хоногшиж, урам онгод өгсөн зураач бол миний хувьд Д.Амгалан гуай болно.
Хожим дээд сургуулиа төгсөж Монголын Үндэсний радиогийн урлаг соёлын редакцид ажиллах болсон үеэс тэр үеийн алдартай уран бүтээлчидтэй уулзаж танилцах дардан зам өмнө зурайвай. Нэг өдөр өөрийн шүтэн биширдэг зураач Д.Амгалан гуайг сурвалжилахаар Дүрслэх урлагийн сургуулийг зорив. Захирал Д.Амгалан гэсэн өрөөнд ороод нэгэн зургийн өмнө өөрийн эрхгүй догдлон зогсч билээ. “Говийн эгшиг” хэмээх шинэ бүтээл минь байгаа юм. Хүнийг нь таньж байна уу? Гэв. Би шууд л,
– Хүрээт гуай байна хэмээн хариулав.
Тэр үеийн алдартай тэмээчин, хөдөлмөрийн баатар Хүрээт гуайг танихгүй хүн бараг байдаггүй байлаа. Говийн тод өнгөт уулс, наашлаад өргөн уудам говь. Хот айл. Наана нь тэмээн сүрэг. Ёстой л солонгын долоон өнгө цацарч, хөгжмийн долоон ноот эгшиглэм зураг ажээ. Өглөө бэлчээртээ гарч буй тэмээн сүрэг. Сүргийнхээ наана зогсох Хүрээт баатар. Чухам л энэхүү говийн сүрлэг яруу симфонийг удирдан эгшиглүүлж буй эзэн нь тэр.
Д.Амгалан зураачийн бүтээл уншиж ханашгүй яруу хэлээр бичигдсэн уран зохиол мэт уншигддаг билээ.
Тэр удаа би түүнээс Дүрслэх урлагийн сургуулийн захиралын хувьд яриа авсан юм. Ярилцлагын төгсгөлд тэрбээр,
– Дүү аль нутаг вэ гэв.
– Сүхбаатар аймгийн Онгон сум гэвэл,
– Би Халзан сумынх. Нэг нутгийн улс байна. Дархан удамтай хүүхэд танай сумын сургуульд байвал надад хэлж байгаарай. Манай сургууль уран дархны ангитай. Дархан болох хүнд удам их чухал юм шүү гэснээр бид хоёрын анхны уулзалт өндөрлөсөн юм.
Нэгэн хавар нийслэл хотод суудаг манай нутгийн багын хэдэн найзууд манайд ирэв. Тэдний дунд Дорнод аймгаас миний ангийн найз Балдангийн Халтар гол зочин байлаа. Тэрбээр өрөөний хананд өлгөж тавьсан аавын минь морин хуурыг танимхайран харж зогссоноо, нэгийг санав бололтой,
– Чи Амгалангийн “Жаахан шаргын нутагт” гэдэг зургийг санадаг уу? гэж надаас асуув.
– Юусан билээ хэмээн зургийг сэтгэлдээ дүрслэн бодож зогстол, тэрбээр яаран өгүүлсэн нь,
– Хашаа шандын тасаг дээр бригадын өдөрлөг болж байхад нэг зураач ирээд баахан зураг зурж байсныг санахгүй байна гэж үү хэмээн над руу асуусан харц илгээв. Тэр даруй би номын сангаа уудалж зураачдын зургийн цомгуудыг гаргаж ирээд дэлгэв. Халтар миний гараас шүүрэн авч,
– Хуур бариад сууж байгаа хүнийг харж байна уу? Аав чинь биш гэж үү гэснээ цааш нь,
– Таягтай наашаа ирж яваа цагаан өвгөн хэн байна гэсэнд манайхны нэг нь,
– Дугар гуай гэв.
– Зөв байна. За тэгвэл гэрийн шуулттай хаяагаар гэр дотор үйл явдлыг сониучирхан харж буй хүүхдүүд хэн хэн байна хэмээн Халтар маань бахархалтайяа тас тас инээж сууна.
Бага насны дурсамж сэргэв. Манай багийн айлууд Сүжийн нуурын ар хөндийгөөр зусна. Хүүхэд биднүүс хонь малаа нууранд услах далимд усанд булхан, эрэг хөвөөний элсэн дээр барилдаж өнждөг сөн. Тэр зун Хашаат шандны тасаг дээр бригадын өдөрлөг болж, аймгийн Соёлын ордоноос хүмүүс ирсэн юм. Би ч хонио усанд оруулж салхин өөд бэлчээрт нь гаргачихаад тасаг руу цогиж хүрэв. Хөл хөдөлгөөн ихтэй. Аав маань хуураа бариад ирчихэж. Дарьгангын жаахан шаргыг дуулдаг “дээл” хочит Гомбодорж гуай ч бас ирчихэж. Хоёр өвгөн ийн хосоороо энд тэнд уригдах нь олонтаа. Хөнгөн тэрэгтэй хүрч ирсэн нэг гоё хүн харсан болгоноо нэг дэвтэр дээр хурдан хуран татлан зурж яваа харагдана. Багийн улаан булан. Туг нь дэрвэж харагдана. Цаана элсэн бөөрөг, наана нь саалийн гэрүүд сүү хүлээн авах асар. Бүгд юутай танил дотно билээ. Манай гэрт болсон энэ яриа, зураг үзэж сэдэрсэн миний сониуч зан хөдөлж тэр шөнөдөө бага нойртой хоноод маргааш нь Дүрслэх урлагийн дунд сургуулийн захиралын өрөөнд давхиж оров.
Их зураач Д.Амгалан гуай өгүүлрүүн:
– Сүхбаатар аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болохын түрүү жил нь намайг аймагт урьсан юм. Дарьганга нутгаар аялж төрөлх нутгийнхаа сэдэвтэй зураг зурж 1966 онд болох үзэсгэлэнд тавих учиртай байв. Алтан - Овоо, Ганга нуураа үзээд баруун хойш дал орчим км яваад нэг сүүний тасаг дээр иртэл бригадын өдөрлөг болж байна. Тэнд нэг малчин “Дарьгангын жаахан шаргыг их сайхан дуулж байнаа. Дарьганга эхнэрийн гоёлоо өмссөн нэг дуучин “Талын таван толгой”-г дууллаа хэмээн хэлэхэд нь би тэсэлгүй,
– “Дорнод талын алтан гургалдай” хэмээн алдаршсан Ичинхорлоо гэдэг дуучин мөн дөө хэмээн дуун алдав.
Ийн би, их зураачийн өрөөнөөс бөөн олз олсон хүн нүүр дүүрэн мишээл цацруулсаар, цээж дүүрэн хөөр баяртай ирэв. Дахиад л нөгөө зургаа үзэв. Бага нас айсуй. Гэрийн хаяагаар юу нэгнийг сониучирхан үзэх хөдөөгийн хургачин, тугалчин тэр хөвгүүдийн нэг нь би юм бол уу хэмээн цээжээ дэлдэн хашгирмаар санагдана.
Ийнхүү алдарт зураачийн ихэд нэртэй зураган дээр миний нутаг, бага нас, аав минь, нутгийн өвгөдийн дүр мөнхөрч үлдсэнийг санах бүрийд омогшил цээжинд асаад Д.Амгалан гуайгаараа бахархдаг билээ.
Өвөл нь ээж минь хотод өвөлжихөөр ирж “Жаахан шаргын нутагт” хэмээх зургийг үзүүлж болсон явдлыг ярьвал ээж маань,
– Манай аймгийн дарга байсан Дагдангийн Батхүрэл, Дагдангийн Амгалан, Дагдангийн Эрдэнэцогт гээд дандаа эрдэмтэй мундаг ах дүүс байдаг юм. Урьд манай аав Шавран Хамбынхан манайтай хамаатай гээд нааш цааш ирж очдог л байсан юм хэмээн инээв.
– Өө тийм үү, ямар хамаатай юм бол гэвэл, ээж маань,
– Ээ, одоо хөдөөний нэг муу чавганц тэр мундагчуудтай хамаа сүлбээ гэж ярьвал олны доог болно, юүхэв хэмээн хэлээд халгаасангүй. Амгалан зураачтайгаа ямар хамаа сүлбээтэйгээ ээжээсээ дараа нь асууж лавлахыг ч санасангүй, тэгсгээд он цагийн салхинд мартагнаж.
1981 он юмсан. Монгол хүн сансарт нисч, уулаасаа од эрхистэй ойр төрж өссөн манай ард түмэн хөөр баяр болцгоож, уран бүтээлчид дуу шүлэг урлагийн бүтээлээ уг үйл явдалд зориулж байлаа.
Сансарын нислэгийг сурвалжилах багийн гишүүн би бээр дуу бичлэгийн дөрвөлжин хар хайрцгаа үүрээд үйл явдал болгонд л микрофоноо бариад дээхэн талд нь хүрч очдог байв. Сансрын нислэгт зориулсан дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Ю.Цэдэнбал тэргүүтэй төрийн өндөрлөгүүд ирж үзэв. Үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга, Ардын зураач Н.Цүлтэм гуай өөрөө тайлбарлаж байв. Би бээр микрофоноо бариад Н.Цүлтэм гуай, Ю.Цэдэнбал даргын ойролцоо л яваад байх. Тэнгэрийн олон өнгө, уран дүрслэлт үүлсийг монгол зургийн уламжлалтай хослуулан Монголынхоо огторгуйг урласан зургийн хажууд Н.Цүлтэм “Хурмастын чуулган” гэж бичсэн байв. Цүлтэм гуай Цэдэнбал даргыг дагуулан зургийнхаа дэргэд ирснээ,
– Энэ миний зурсан “Хурмастын чуулган” гэдэг бүтээл байгаа юм. Манайхан нэрнээс нь болгоомжлоод болдоггүй. Хуучны үг хэллэгүүдээс их айх юм… хэмээн нэг шагайж харснаа,
– Аан ашгүй, нэрийг нь солиогүй байна. Хур + мөст гэсэн үг гэж Дамдинсүрэн гуай тайлбарлсан байдаг юм хэмээн өөрийгөө хамгаалах хийгээд үзэл суртлын хатуу хяналт тэргүүтний тухайд өөрийн үгээ ёжлон хавчуулаад авч байна. Цааш хэд алхаад Д.Амгалан “Мөрөөдөл” нэртэй зургийн өмнө ирэв.
Цэв цэнхэр тэнгэрт ургаж буй нарны туяаг элгэндээ улбартуулан тусгасан хурмастын үүл. Зураг дээрх үүл Н.Цүлтэм гуайн үүлсийн чуулганаас өөр. Тэнгэрийн хаяанд Алтан-Овоо. Наад талд нь эмээлтэй морь өвс хазлаж байна. Түүний наана улаан таван хошуутай даавуун цүнх үүрсэн хөвгүүн газар тохойлон хагас хэвтээд мөнөөх үүлсийг ширтэнэ. Үүлс хүүгийн дээр орчлонгийн хүрдэн мэт атриатан цагираглана. Хөвгүүний сэтгэлд төрж буй мөрөөдлийн тойргийг үүлсээр илэрхийлжээ. Үүлсийн чөлөөнд ганц гялаан од. Үүрийн цолмон буй заа. Зураач Д.Амгалан гуай зургийнхаа дэргэд зогсоод Ю.Цэдэнбал даргатай гар барив. Зураг дээрх хүүг сайтар ажвал танил хүн мэт. Амгалан гуай руу нэг ажиглаж хараад, зурган дээр мэлмий тогтоовоос цаг хугацаа буцаж ухраад зураачийн бага насан дээр ирж тогтов. Ардын зураач Д.Амгалан гуай бол ингэж урладаг мастер юм. Ер нь түүний олон бүтээлд өөрийнх нь дүр харагдаж байдаг.
“Нуур амгалан бол…” нэртэй бүтээлийг нь ажваас холын цэнхэр уулс, ойрын ногоон уулс, наана машид дөлгөөхөн нуур тэнгэр тольдох бөлгөө. Нуурын хөвөөнд зураач Д.Амгалан өөрөө зогсож байна. Уул ус юутай амгалан. Амгалан зураач бээр ч уул ус шигээ амар амгалан, аз жаргалтайгаар бүтээлээ туурвиж зогсоно. Одоо дахиад зургийн нэрийг тунгаая. Зураачийн бүтээлдээ өгсөн нэр:
НУУР АМГАЛАН БОЛ…
Үүнийг бичигч санааг гүйцээж гурван цэгийн оронд дараах нэг мөр нэмж бичье.
АМГАЛАН ЗУРААЧ АМГАЛАН…
Ухаантай авьяастай хүний хэлээгүй үг нь ч бүтээлээс нь шууд уншигдана. Сонсогдоно. Харагдана.
Монголын уран зургийн галерейд манай алдарт зураачдын сор бүтээлүүд бараг л бий. Ээлж дараагаар тэр бүтээлүүдийг үзмэрийн танхимд хүндтэйгээр үе үе залдаг сан. Харин миний хайртай “Жаахан шаргын нутагт” хэмээх бүтээл маань ер ил гарахгүй юм. Нэг өдөр галерейн ажилтнаас “Жаахан шаргын нутагт" зургийг нэг харах юм сан. Үзмэрийн танхимд гаргах болоогүй юу? Гэвэл,
– Манай сан хөмрөгт байхгүй л дээ гэдэг юм.
Сүхбаатар аймгийн музейд нэг зураг бий л дээ. Тэр бага хэмжээгээр хийсэн хуулбар гэдгийг би мэддэг юм.
Ашгүй нэг өдөр Д.Амгалан зураачтайгаа сувилалын газар таардаг байгаа. Мэнд мэдээд би тэсэлгүй хайртай зургаа асуув.
Амгалан гуай маань паргиадуу баргил хоолойгоор,
– Тэр зураг Галерейд байхгүй ээ. Нэг үе бидний бүтээлүүдийг гадаадад төрийн бэлгэнд явуулдаг байсан юм. Хаа нэг газар бэлгэнд л явсан байх гэвэй. Ийн миний эрэл мухардаж, зөвхөн каталоги дээрх хэвлэмэл нэг зурагтай, түүнээ хааяа ширтэж нутаг ус, өвгө дээдсээ дурсдаг байвай.
Тэгтэл нэг сонин тохиол болов. Д.Амгалан гуай маань таалал болсноос хойш 2009 онд санагдана. Тайваны нэрт яруу найрагч, нийгэм соёлын зүтгэлтэн Юй Си манай театрын тайзнаа “Төгөлдөр орчлон” дуулалт жүжгээ дэглэж, уран зургийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж соёлын дуулиантай хэд хоног өнгөрч билээ. Юй Си бээр дэлхийд нэртэй хүний хувьд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярыг жүжгийн нээлтэндээ урьж түүнтэй ордонд нь бараалхах хүсэлт тавьсан юм. Гэтэл Тайваний хүнийг Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзуулахгүй гэдэг юм байна. Учир нь манай улс Тайванийг улс гэж хүлээн зөвшөөрөөгүй, Тайваньтай холбоотой юм болоход Хятад улсын зүгээс дараа нь “ноот бичиг” ирүүлэх зэргээр бөөн асуудал үүсдэг гээд хад мөргүүлэв. Зохиолчийн хэрэг юу билээ. Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй өөртэй нь холбогдож уулзаад учраа хэллээ:
– Улс төрийн юм юу ч ярихгүй. Зөвхөн уран бүтээл, урлаг соёл л ярина гэвэл хүлээн авч уулзах төдийгүй “Найрамдал” медалиа өгье. Жүжгийн нээлтэд нь оролцоё гэвэй.
Бас л саад мундсангүй. Ерөнхийлөгч, Тайваний хүнтэй хамт сууж зургаа авахуулж болохгүй, шагналыг мэдээлэхгүй гэх мэт ярианууд ч гараад замхрав. Н.Энхбаяр маань уран бүтээлч хүний хувьд хэлсэн бүхнээ биелүүлсэн төдийгүй, Тайваний уран бүтээлчидтэй тайзнаа зураг хөргөө татуулж үйл явдлууд ч телевиз сониноор цацагдлаа. Манайхан л сүржигнэснээс биш дараа нь яриа хэл ам юу ч болсонгүй.
Н.Энхбаярт Юй Си маань ихэд таалагдаж Их тэнгэр дэх зочны өргөөнд Юй Си-д үдийн зоог барьж хүндэтгэл үзүүлэв. Юй Си, Н. Энхбаяр ерөнхийлөгч хоёр бясалгал, гэгээрлийн тухай яриа нийлж, маш сонирхолтой хууч дэлгэж билээ. Би санаандгүй өрөөн доторх байдлыг сониучирхан харав. Гэтэл миний нүд бүрэлзэж, сэтгэл долгилоод би зүүдэлж байгаа юм биш байгаа хэмээн өөрийг цэнэж үзэв. Зүүдэлсэнгүй ээ. Өрөөний хананд миний олон жилийн мөрөөдсөн, намтартай минь холбоотой мөнөөх “Жаахан шаргын нутагт” хэмээх алдартай, хайртай зураг минь гэгээн дүрээрээ байж байна. Үгүй ер гайхалтайяа. Хойморт суусан Ерөнхийлөгч Н.Энхбаяр намайг анзаарсан бололтой,
– Мэнд-Ооёо чи юу бодоод сонин болчихов оо? хэмээн асуув. Сайхан завшаан тохиож би бээр Юй Си, Н.Энхбаяр ерөнхийлөгч хоёрт эрж явсан мөнөөх зургаа олсноо, бас миний нутаг, бага нас, аав минь хүртэл дүрслэгдсэн байгаа тухай зургаа харж байгаад түүхээ ярьж, сэтгэлээ онгойлгов. Сүүлд мэдэхнээ Улсын сан хөмрөгт хадгалж байсан алдартай зарим бүтээлүүдийг Их тэнгэрийн зочдын газарт аваачиж тавьж байгаад “мартсан” санж.
Ийн хэдэн жилийн дараа Д.Амгалан зураачийн “Жаахан шаргын нутагт” хэмээх алдарт бүтээл Үндэсний уран зургийн галерейдаа эргэн залрахад би бээр өөрийн минь гэрт ороод ирсэн мэт баярлан очоод зургийн өмнө эх нутгаа, бага насаа дурсан удтал зогсож билээ. Энэ зургийн дэргэд ирэх бүртээ би Монголын дорнод хээр тал нутаг, эх сайхан орныхоо амар амгаланд уусан жаргадаг юмаа.
Нуур амгалан бол...
2024 оны 4 сарын 21
TOP