Д.Нацагдоржийн
НАСА- гийн Perseverance" робот станц Ангараг гараг дээр аялсаар селфигээ дамжуулсаар байгаа билээ. Ангарагийн газрын гадаргуу нь манай дэлхий шиг уултай, талтай, хадтай чулуутай болох нь, тэр ч бүү хэл ус урсаж байсан юм болуу, ургамал ч юм бол уу гэмээр, бас амьдрал байсан юмуу, байгаа ч юмуу гэж бодмоор зураглалууд ч харагдсаар шинжлэх ухааны ач холбогдолтой мэдээлэл дамжуулсаар байна.
Эдүгээгээс 90 гаруй жилийн өмнө 25 настайдаа суут яруу найрагч Д.Нацагдорж маань МАРС буюу АНГАРАГ-УЛААН НҮДЭН гарагт хандаж ОД шүлгээ бичсэн байна.
Тэрбээр " Чамтай танилцахыг хэдийнээс хүсэв" хэмээн хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг дамжуулаад, од чиний тэндээс манай дэлхий ямар өнгөтэй үзэгдэхийг Марс гаригаас асууж, улмаар " ЧАМТАЙ УРАГ БОЛСУГАЙ" хэмээн шүлгээ төгсгөжээ.
Д Нацагдорж сансар судлалын шинэ эрин эхлэхээс урьд зүгээр л нэг ОД биш, МАРС- ыг онцолсон нь учиртай байжээ.
Суу билиг гэгч энэ буюу.
Д.Нацагдорж
ОД
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу, үгүй юү
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юү
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чинь
Эрдэмт марс од оо Чи нэгд нэгээр харж байна
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ
1931 он

