Эсээ

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

 
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь монголын хээр талд буй бөлгөө. Цогт хун тайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэр бээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтараа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч авга эгчээ санан нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг, дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ.
Хүн төрөлхтний соёлын түүхэнд, бүр тухайлан хэлбэл бичиг соёл хийгээд яруу найргийн түүхэнд хээр талын чулуун элгэнд яруу найраг мөнхөрсөн суу гайхашигт түүх 390 дэх жилийнхээ ойг бидэнд сонордуулнам. Эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дуутын хар чулуу нь тогшиход жингэнэсэн дуу цуурайтуулан эгшиглэх тул түүнийг “Дуут” хэмээн онцлохын утга учир бүрдсэн буй заа. “Дуут” хэмээхийн бас нэгэн давхар утга нь билгүүн номч баатар Цогтын яруу найргийн ая айзам, хэм хэмнэлийг тогтоон хадгалаж, шүлгийг нь уншихад жингэнэн эгшиглэдэгийн учир тэр болой.
390 жил буюу зургаа илүү жаран өнгөрөөд буй ч мөнөөх шүлгийг сийлбэрлэсэн нь яг л өчигдөр урласан мэт уран тод. Он жилийн нар, салхи, бороо, цас хад чулууг цоолон нүхлэж, элээн мөлийлгөж, элс шавар болгох атал “дуут чулуу” л чухам үл элэгдэн, эс эмтрэхийн шидэт тарни болох Цогтын шүлгийг өдөр бүр наранд, шөнө бүр саранд уншсаар эрчим шидийг олжээ.
Цогт тайж хийгээд түүний эх Тайху хатан нар бол эрдэм боловсрол тэгширсэн, судар номын хүмүүс билээ. Цогт тайжийн цээжээр цэцэлсэн шүлэг нь утга гүнзгий. Ур тэгш. Эрх хиа нь хайлсан даруйд нь цээжиндээ тогтоон хадгалж. Шүлэг урлах чулууны сонголт ба сийлэлтийн найрсалын зохирол гайхалтай. Шүлгийн уран яруу, утга гүнзгий, эгшиг аялгуу, хэл хэллэг өв соёлынх нь талаар олныг нурших нь илүүц бизээ.
 
Дээр тэнгэр ханы  аху хийгээд
Дэлхий дэх хан богдсын аху газар
Дээр доорын ялгал болбоос бээр
Жаргал хайрлал хоёрын агаар-аа нэгэн буй
 
Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
 Ахуй газар ангид болбоос
Асрах нигүүлсэхийн агаар-аа нэгэн буй
 
Энд хан богдсын сайн түшмэд хийгээд
Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө хоёр өөр болбоос
Зөв бурууг ялгахуйн агаараа нэгэн буй
 
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид болбоос
Алан идэхүйн агаараа нэгэн буй
 
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаараа нэгэн буй
 
Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Оннигуудын газар хол болбоос бээр
Хайрлан саналцахын агаар-аа нэгэн буй .
 
Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойт төрөл тутамдаа
Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.
 
 
 
Хаднаа сийлсэн бичээсийн үг бүрийг, тиг зурлагыг нэгд нэгэнгүй ажиглан харж байгаад нэгэн зүйл анзаарснаа энэ удаад уншигчтайгаа хуваалцсу. “Дээр тэнгэр ханы аху хийгээд, Дэлхий дэх хан Богдосын ахуй газар, Дээр доорын ялгал болбоос бээр, Жаргал хайрлал хоёрын агар-а нэгэн буй” гэсэн бадгийн агар-а гэсэн үг, “Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд, Уул модонд явагч араатан хоёрын, Аху бие ангид боловч, Алан идэхүйн агара нэгэн буй” гэсэн бадгийн агара гэсэн үгийг яагаад хоёр өөрөөр бичсэн бэ? гэсэн асуулт гарна. Шүлэгт агар-а гэсэн бичээс гурав, агара гэсэн бичээс гурав байгаа нь бүүр ч сонирхол татна. Мөхөс миний бодоход; шүлгийг уран яруу, утга гүнзгий болгож буй “агар-а” “агара” хэмээх үг нь агаар тэнгэр ба гэгээн гэрэлт хүмүүний агар-а  буюу аура хүрээ хоёрыг ялган илэрхийлжээ хэмээн санагдана. Ийн утга тунгааж уншваас Цогтын шүлэг илүү эрхэмсэг, төгөлдөр болж байна. Шүлгийн утга соёл, аялгуу хэмнэл ч арай өөрөөр эгшиглэхийг анзаарнам.
Өндөр хадны баруун өмнө зүг харсан толигор талд Цогтын шүлгийг олон зууны элээлтэд баларахааргүй гүнзгий сийлэхдээ, монгол бичгийн урлагийн гайхамшигийг ёстой нэг биширтэл, бишрээд алмайртал урласан нь гайхам ажээ. Дайчин хиа, Гүен баатар гэж хэн байв? Ямар уран бичээчид, урлаачид байв? гэх асуулт байнга урган гарна. Дайчин хиа, Гүен баатар хоёр зөвхөн Дуут чулууны их бичээсийг бичээд зогссонгүй. Дунд бичээс хэмээх судлаачдын тэмдэглэдэг бас нэгэн бичээсийг мөнөөх Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунаа бас сийлжээ. Цогтын цагаан байшингаас Туул голыг уруудах чигт өртөө орчимд Бичигт шургуулга хэмээх газар буй ланз, түвэд, нанхиад, монгол бичээсийг Цогт тайжийн зарлигаар мөн Дайчин хиа, Гүен баатар хоёр Дайчин хиагийн дүү Амартай гурвуул бичсэн байдаг. Цогт тайжийн итгэлт хүн Дайчин хиа гэж бичгийн өндөр боловсрол, ур чадвартай нэгэн байсан нь илүү тодорхой болж байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Булагуудын хэцийн Бичигт хад хэмээх газраас олсон ланз, түвэд, монгол бичээсийг мөн л “Дайчин хиагийн дүү Амар бичвэй” хэмээсэн нь үүнийг нотолно.
Цогтын цагаан байшин хэмээн алдаршсан зургаан сүм бүхий номын цагаан өргөөг Цогт тайж, түүний эх Чин Тайху хатан нар бариулсан тухай түвэд монгол бичээсийг гэрэлт чулуунд сийлбэрлэн үлдээсэн байдаг. Бичээс нь мөн л шүлэг болой. Бичээсийг Мэргэн Увш эхэлж, Горлосын Чандмань Увш, Хятадын Мэргэн чулууч хоёр бичиж ухсан тухай монголоор тов тодорхой бичиж төгсгөсөн байдаг. Эдгээр нь цөм Цогт тайжийн зарлигаар бичигдсэнээс үзвэл, түүний монгол бичиг соёлын түүхэнд үлдээсэн гавьяа олон ажээ. Туулын хөвөөнөө байгуулсан “Сэтгэшгүй чандмань” хэмээх номын өргөөнөө Хөх хотын Гүүш цоржоор “Мял Богдын буман дуулал” хэмээх гайхамшигт яруу найргийг орчуулуулж барлан залсан зэрэг судар номын их үйлс мөн л Цогтын соён гэгээрүүлэгч бүтээлийн хэсэг болой.
Цогтын цагаан байшингийн гэрэлт хөшөөний түвэд бичигт “Эх хүү хоёр сүсэг бишрэлийг сайтар үйлдэж энгүй үлэмж номын үйлсийг энэ мэт бүтээв” хэмээгээд эрдэм номын ордон байгуулсан газар орны шинжийг тодорхой үгүүлж “хийдийн өмнө ой шугуй, нуурын дотор галуу тэргүүтэн шувуудын чуулган ганганалдан цэнгэлдэж” байгаа тухай бичсэн нь уран барилгуудын өмнө хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулснаа дуртгажээ. Майдар, Будда, Жанрайсиг, Дар эх тэргүүт бурхадын лагшинг уран нарийн урлаж, судар ном тэргүүтнийг залсан тухайд уг бичээст тов тодорхойёо үгүүлжээ. Монгол Түвэд хоёр бичээст үгүүлсэний дагуу бүтэн цогцолбороор нь сэргээж болмоор санагдах нь буй.
Бас нэгэн аман мэдээгээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт буй Сүм хөх бүрд хэмээх газар дахь нуурын арал дээрх чулуун байгууламжийг Цогт тайж бариулж байгаад гүйцээж чадаагүй дутуу орхисныг нь хожим Данзанравжаа хутагт “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгээ дэглэхээр сэргээн засварлаж дуусаад өмнөд хошуу руу явж байгаад замдаа нас барсан тул уг сүм эзэнгүйдэн орхигдсон гэлцдэг. Ийм явдал болсон байж болох талтай. Юутай ч гэсэн дөрвөн жилийн өмнө 430 жилийн ой нь тохиосон баатарлаг эх оронч, яруу найрагч, соёлын зүтгэлтэн Цогт хун тайжийнхаа, 410 жилийн ой нь тохиосон “Сэтгэшгүй чандмань” сүмийн талаар манай төр засаг юу ч дурсангүй, нүд аниастай, чих бөглөөстэй өнгөрөөв. Өнөө жил Цогтын шүлгийг Дуут хаднаа сийлсний 390 жилийн ой тохиож буйг нэгэнтаа сонордуулахын хамт, монголын бичиг үсэг, утга соёл, утгазохиолын хүрээнд тэмдэглэн дурсвал зохих чухал мөчлөг бол 2014 он юм шүү гэдгийг дахин сануулсу. Цогтын шүлгийг хаднаа сийлэхээс 400 жилийн өмнө 1224 онд Чингисийн чулууны бичиг хэмээн алдаршсан гайхамшигт дурсгалыг Монголчууд бичиж, Цогтын  шүлгээс 300 жилийн хойно 1924 онд Монгол Данжуурын гэрэлт хөшөөг Наянт ван, Жамьян гүн нар хаднаа сийлүүлсэн байх юм. Тэгэхээр 2014 онд Монголын бичиг соёлын түүхийн гурван ч дурсгалын тэгш ой тохиож байна.
Дэлхийн яруу найргийн өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэх завшаанаар Дуут чулуунаа 390 жил эгшиглэсээр буй Цогтын шүлгийг дахин нэг сануулж уншигчдынхаа мэргэн мэлмий, хатан цээжнээ хадгалуулан бичиглэсүгэй хэмээсэн нь энэ бөлгөө.
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судрыг бодож олсон, бичиж цэцэлсэн, урлаж сийлсэн өвгө дээдэстээ түмэнтаа мэхийн талархахын хамт, тэрхүү чулуун судрыг дэлхий дахинд гайхуулан мэдрүүлэх, хамгаалан хүндэтгэж хүн төрөлхтний соёлын өв санд алдаршуулан залах цагийг чулуун ном анир чагнан хээрийн салхинаа жингэнэн шивнэж хүлээсээр авай.
 
Г.Мэнд-Ооёо
2014.03.14
 
"Өнөөдөр" сонины 2014 оны 3 сарын 21-ны 006(5160) дугаарт нийтлэгдсэн.
Мөн "Гол ус тунгалагших цаг" (2016) номд хэвлэгдсэн. 
TOP