Хүүрнэл

ХААНЫ НУУЦ ЗОХИОНГУЙ

Онон мөрний Дэлүүн болдогт ер бусын тунгалаг шөнө байлаа. Бөртийх ч үүлгүй тэнгэрт зуны тэргүүн сарын арван тавны саран мөнгөн дэнлүү мэт хөөрөн мандаж, орчлон хорвоо мөнгөлөг цагаан туяанд булхжээ. Нэгүүн тайжи эргэн тойрныг ажиглаж, тэнгэрийн байдлыг шинжээд “Өүлэн хатан өнөө шөнө амаржих буй за” хэмээн өөртөө хэлэв. Хабул хааны долоон хөвгүүний сортоотой нь Бартан баатар, Бартан баатрын дөрвөн хөвгүүнээс улсаа хурааж, төрөө төвхнүүлэх нь Есүхэй баатар бөлгөө. Нэгүүн тайжи өөрийн төрсөн дүү Есүхэйн Өүлэн хатнаас төрөх шинэ хүний тухайд дотроо нэгэн горь таамаг тавиад хүлээж байгаагийн нууцыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Өүлэн хатан оройноос дуншиж эхэлсэн билээ.

Шөнө дундаас өнгөрөхөд Нэгүүн тайжийн сэтгэл догдлоод орноос өндийж дээлээ нөмрөөд бас л гадагш гарав. Долоон бурхан од Дэлүүн болдог дээгүүр тэгнүүрдэн, Онон мөрний ус шуугьж, нууцлаг нэгэн зүйлийн учгийг хадгалагч бээр шинэ хүний часхийх дууныг тэсч ядан хүлээнэ. Мэнгитү хаан, Нэгүүн тайжи, Даридай отчиган гурав Есүхэй баатрын хатан болохоор эмийг хайж олон овог аймгийг хэсүүчлэн хэдэн сар яваад олигтойг эс олов. Отог овгийнхон хацар гоо охидоо ихэд нууцлах бөлгөө. Нэгүүн тайжи нэгэн азтай шөнө Балжийн аралд саглагар модны дэргэд их түүдэг асаан бүжиг наадам болж байгаа Олхонуд аймгийнхантай таарсан билээ.
 
Зулзаган хус шивээлэн ургасан хадан хөмөгний ард нууцлаг харууц газар морио модноос уяж, харанхуйд тухалж суугаад, Олхонуудын олигтой эмс охидыг галын гэрэлд шинжиж суулаа. Мах мариа тэгш, уялзаж туялзсан урт гэзэгтэй, зурсан юм шиг зууван алаг нүдтэй, арван долоо наймтай болов уу гэмээр цовоо цолгиун бүсгүй нүдэнд тусаад түүний бүжиглэж, дэгдэх нь согоо шиг ер бусын эгдүүтэй. Нэгүүн тайжи тэр шөнийн бүжиг наадам дундаас оноож харсан мөнөөх согоогоос нүд салгасангүй. Байраа сэлгэж бүүр дөхөж харахын хүслэн бадраад өмнөө сөөг бут бүхий хадан ганганы ёроолд дөхөж суулаа. Тэнгэр бүрхэж, зөөлөн бороо шивэрч эхэлсэн ч суусаар л. Гал тойрон шуугилдаж байсан бүсгүйчүүдээс гурав нь наашаа чигтэй, шөнийн агаар жингэнүүлэн инээлдсээр айсуй. Нэгүүн тайжи ганганы ёроолд улам нугдайн шургаад хадан ацны зайгаар хөтлөлцөж яваа гурвын дундах мөнөөх согоог бүр ч сайн харж байлаа. Бороо шиврэх ч шиг үгүй ч шиг. Тэгтэл дундах согоо Нэгүүн тайжийн нуугдсан ганганы дээрх ац хад руу эгцлэн гүйж ирээд, хормойгоо бараг толгой дээр нь дэвсэх шиг болоход нь арай л хашгирчихсангүй.

Нэгэнт бүсгүй хормойгоороо бараг нүүрэн дээр нь “гэр барьчихсан” байхад хөдлөх ч аргагүй, хамаг бие нь хөшчихлөө. Мөнөөх хадны ацаар аршаан хур сүрчих нь бороо болоод мөнөөх бүсгүйн ус аль аль нь буй за. Нүдээ үл мэдэг анимаглаад зовхио сөхөж хулгайн нүдээр сэм үзвээс харц халираад цочихдоо арай л босон харайчихсангүй. Согоо ч “гүү саачихаад” хормойгоороо нүүрийг нь нэг гуядчихаад үеийн бүсгүйчүүлтэйгээ хад чулуу жингэнэж, хус модны навчис сэрчигнэтэл инээлдсээр одов.

Нэгүүн тайжи сая юу болж өнгөрсөн, үзэх нүдний буланд юу гялсхийж харагдсан зэргийг төвлөрүүлэн бодож, баахан сэжиг ч юм шиг, сүжиг ч юм шиг сэтгэл нь нэг л дэгэн догон болоод гайхшран хэсэг хэвтэв. Тэр тухай хэнд ч хэзээ ч ам нээсэнгүй, өөрөөсөө ч харамлан нууцалсаар өдгөөг хүрсэн бөлгөө. Олхонууд шөнө дүл болтол ёстой л өвдөг газрыг өлцөртөл, хавирга газрыг халцартал бүжиглээд гэр гэр рүүгээ тарцгаахад нь мөнөөх согоог аль цацрын үүд сөхөн орсныг ч лавтай сайн тогтоож авлаа.

Түүнээс хойш Нэгүүн тайжи Олхонуд аймгийнхныг битүүхэн дагасаар хэд хонов. Мэргэдийн сайн хөвгүүдийн нэг Чилэдү тэднийхээр байн байн бууж мордохдоо Олхонудын согоог нүдний булангаар шуналтайяа харах болсныг ч анзаарав.

Эхэн намрын үүлс намсан мөлхөж, цагаан манан уул элэглэн нүүсэн нэгэн өдөр Есүхэй Балжийн аралд шувуу агнаад буцахдаа Олхонудын зуслан хүрээгээр дайрах нэгэн шалтаг гаргаад хулсан шарга морио унаад давхиж явлаа.

Өмнөөс нь хөх эрээн цацартай тэрэг хөтлөөд мэргэдийн Чилэдү нэн хөхүүн баясгалантай яваатай улаан замд таараад орхив. Чилэдүтэй явуут мэнд солиод зөрж өнгөрөхдөө салхинд цацрын үүд хийсээд сөхөгдөх төдийд нь тонгойн зэрвэс үзвээс гоо үзэсгэлэнтэй хатан сууж явна. Есүхэйн дотор мөнөөх үзэсгэлэнт хатны царай, бас Чилэдүгийн баясгалант царай зэрэг зэрэг үзэгдэж, гүвээ даваад зам ташиж, гэр рүүгээ хурдлав.

Есүхэй баатар Нэгүүн тайжи ах, Даридай отчиган дүүгээ дагуулан Чилэдүг нэхэв. Нэгэн гүвээний цаана Есүхэй, Даридай отчиган хоёр үлдэж хүлээгээд Нэгүүн тайжи гүйцэж очоод цацарт сууж яваа хатныг үзвээс мөнөөх толгой дээр нь “гүү сааж” асан Олхонудын ганц согоо мөн болой. Цаад хоёртоо дохио өгөөд гурвуул гурван талаас нь Чилэдүг нэхэж ирвээс бараанаар нь залуу хөвгүүн ч хурдан ухаа мориндоо ташуур өгөн дутаав.

Өүлэнг Есүхэй баатрын хатан болгосон учир ийн болой. Арван тавны саран доор Долоон болдог долоон мөнгөн бөмбөлөг шиг цайрч, хааяа нэг шөнийн галуу ганганаж, Хаан хүрээ юу нэгнийг хүлээх мэт анир чагнаархан налайна. Хаан хүрээ тэр чигээрээ сэрүүн, арван тавны саран тэнгэрийн төвд очоод хэсэг бусагхан сэмжин цагаан үүлсийн цаагуур баруунш гудайн хөвсөөр. Арван зургааны улаан тэргэл өдрийн угтах үүрийн таван жин доор Нэгүүн тайжийн санаа бодол нь сая тогтоод өвдөн буй Өүлэн хатны төрөх асрын зүг байн байн харна.

Нэгүүн тайжи Өүлэн хатантай таарах болгондоо нүүр нь халуу оргин мэнэрээд, бүсгүй хүнийг тийм ойроос, тэгэх тусмаа хормой доороос нь хулгайн нүдээр шагайж харсан тэр агшныг бодохоос гэмшин ичингүйрдэг билээ.
Одоо тэр бүсгүй Есүхэй баатар дүүгийнх нь авааль хатан болж алтан ураг залгах анхны нь үрийг төрүүлэх гэж байна. “Хүү гарах байх аа, хатны царай ер бусын тунгалаг, хэвлий нь уужим тавиун байгаа. Шаргуудаас ч энэ хавар эр голдуу унага босоо буусан...” хэмээх бодол залгаж, өнгөрсөн намрын эхэн шөнө Олхонуд аймгийн галын наадамтай шөнө нүдэнд нь дахин нэн тодоор үзэгдэв.

Тэр шөнө шиг ер бусын шөнө үзээгүй билээ. Ац хадны ёроолд хэвтэж байгаад бүсгүй хүнээр тэргүүн дээрээ “гэр бариулсан” тэр агшинд мөнөөх хормойн доорх харанхуйн дундаас гэрэл цацрах шиг болоод дахин нүд сөхөж лавлан үзэхүйеэ, гэрэл дунд алтан ургийн үрийг заяах алтан умай цацран үзэгдэж билээ. Тэр тухайд одоо болтол нэгэн горьдлого тасардаггүй бөгөөд “алтан умайтай эх хүнээс их хаан хүмүүн төрмүй” гэсэн Хабул хаан өвөг эцгийн үгийг бүүр түүр сонссон нь гэрэлтэн тодроод өдөр хоногийг тоолон шөнөтэй золгосон нь энэ бөлгөө.

Үүр дөнгөж тэмдгэрэхийн өмнөхөн Өүлэн эхийн өвдөх орь дуу гиншигнээн хэсэг гарснаа хүүхдийн часхийх дуун Хаан хүрээг цочооход Нэгүүн тайжи “лав л эр хүний дуу мөн дөө” хэмээн бодоод, Өүлэн хатны амаржсан гэрийг харваас ер бусын зурвас цагаан гэрэл нэлсхийн бүрхэх шиг хэсэгхэн цайраад аажимхан шингэхийг үзэв.

Аяа эх хүн алтан савтай төрөх, хүн эхийн алтан савыг олж бүрэлдэх нь нэгэн галавт боловчиг ганцаас илүү тохиохгүй бөгөөд эхийн алтан заадас салгаж, алтан умайг цуулж төрсөн хөвгүүн бол Монголын ирээдүйн их хаан Тэмүүжин-Чингис байлаа. Монголын хөх тэнгэрт зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл нар мандаж, эхээс дөнгөж төрсөн эр загал унага үүрсэн байвай.

Эхийн алтан умайн эрдэнийн шинжийг ганцаар мэдэх Нэгүүн тайжи мөнөөх нууцаа хэнд ч хэзээ ч тайлаагүй, ганцхан зүрхэндээ хадгалсаар тэнгэрт хальсан билээ.
TOP