Хүүрнэл

ГЭТЭЛГЭГЧ ЭХИЙН СҮМ

НЭГ. БЯСАЛГАХУЙ
Онгон их элсний олон шар бөөрөг дунд би сууж байна. Хэсэг зуур нүдээ анин бодмоглохуй мөнх тэнгэр сэтгэлд уусаад, эрхий дарам хөх толбо болон, түүний дунд галын гурвалжин улаан дөл үл мэдэг чичирхийлэн... чинагш... цагаан цэг болж... гэрийн хаалгаар нарны дөрвөлжин шар гэрэл тусах мэт... хэлбэр болоод өнгөний бэлгэ, билгүүний мөн чанар галавын чанадаас үзэгдэх авай.
Огоот ийн ариуссан сэтгэлийн амгалан хоосноос хүмүүний орны үйлийн үрийн эрхшээл юуны зулын сүүмэлзэх үзүүр төдийхөн чөлөөнд орчлонгоос хагацсаны нирвааны хутгийг үзьюү.
Оюуны гэгээнд номын лагшинг бясалгаж, хоосон орших чанар доор нэгэн үзүүрт сэтгэлээр тэгш агуулгын дээд хутгийг олбай.

ХОЁР. ТЭГ ТАТАХУЙ
Түмэн галавын бурхдын адистид оршсон, түүнчлэн бүхний анхдагч эхийн сүүн хутаг шингэсэн Онгон их элсэн уулсын мянган бөөрөгт ургагч зуун найман цэцгийн тоосны таван тэгш өнгөөр хот мандлын тигийг татъюу.
Түмэн галавт ариуссан Онгон хэмээх эл орны алтан элс, ариун мод, эрээн цэцэгс, эрдэнийн чулууд бясалгахуйн хувилгаан хутгаар очирт төгөлдөр хот мандлын орд балгад болон чуулах болой.

ГУРАВ. СҮМ БОСГОХУЙ
Ээждээ гэгээн болор сүм бүтээюү, би. Энх хөх тэнгэр тээр дээр хөмрөглөн, гэгээн сүмийн бөмбөлгөн дээвэр болмуй.
Эгц дээрээс зулай төөнөх гал үдийн наран-ганжирын цацраг гэгээн сүмийн дээврийг алтдан шармуй.
Эсрэн цагаан үүлэн лууг сүмийн адарт мөнхийн хөдөлгөөнд сүлжилдүүлэн, сүрчих зөөлөн хурын намираа навч болоод цэцэгсийг баясгамуй.
Эргэн тойрны хөх сүмбэр уулс эрслэх хана мэт зэрэглээнд өндөрсөн, эхийн болор сүмийн туургыг дугуйлан тойрбай.
Үүн шиг сайхан, эрдэнийн сэнтий хаа байх вэ гэлтэй, талын дөрвөлжин шар толгодод гийх төгс баясгалангийн орны гэрлийн хувилгаан шүхрээр бурхдын чуулган буун ахуйг гэрэлт оюундаа бясалган бодъюу.
Эх нутаг минь... Аяа, та өөрөө утгын гэгээн болор сүм буюу.

ДӨРӨВ. ШҮТЭЭН БҮТЭЭХҮЙ
Аяа, ээж минь! Амгалан мөнхийн төгс гэгээн хутгийг олж залран өршөө!
Амгалант орны шим бүхний чуулал, ариусан тэтгэгч таван дэлбээт навчсанд ахуй нутгийн эрдэнийн чулуудын талстыг шигтгэн, газар шорооны энэхүү бэлгэ юуныг тэргүүнд тань өргөюү.
Аглаг хээр талын минь чулуун биеийн судал бүхэнд бурхдын адистэдийг бясалган шингээгээд, тэрхүү чулуун чуулганыг бодлын хувилгаанаар зүйн эвлүүлж, гэтэлгэгч эхийн дүрийг бүтээюү.
Цэнхэр талын цэл залуу удвал цэцгийн дэлбээн дээр баруун өлмийг тань шүргүүлж, оюу ногоот талынхаа шороонд зүүн өлмийг тань гишгүүлж, Онгон элснийхээ олбогт зөөлөн элсэн сэнтийд урьюу.
Тэргэл саран мэт мишилзэн инээмсэглэх царайд тань арга билгийг хослон баригч, аврал энэрлийн чадал төгс болоод асар илтэд тусыг үзүүлэн, гаслан бүхнээс гэтэлгэхийн гэгээн итгэл тодрох болой.
Амьтан бүхэнд өглөгийн дээдийг илэрхийлэхүйеэ утгын бадам цэцгийг баруун мутартаа барьж, авралыг илэрхийлэхүйеэ утгын зангилаат зүүн мутрын цэцэг нь өөдөө өгсөн ургаж мөрөн дээр нь хөх удвал дэлбээгээ нээвэй.
   
Аяа, энэ бол гэтэлгэгч Дара-эх бурхан буюу.
Аяа, энэ бол гэтэлгэгч ээж минь буюу.
 
ТАВ. ТАХИЛ ӨРГӨХҮЙ
Онгон их элсний олон цэнхэр бүрдний алтан тахилт аршаан булаг нь гэтэлгэгч бурхны нигур болоод өлмийг сэрүүцүүлэн эргэх дөрвөн цагт энх мөнх мэлтиймүй.
Онгон их элсний олон баг цэцэгс, од мэт хөх чулууд нь газар болоод ертөнцийн бэлгийг төлөөлж, анхилам өвсний ариун үнэр, айл хотлын идээ шимийн дээж бүгд гэтэлгэгч бурхны тахил тэргүүтэн болбай.

ЗУРГАА. ЗУЛ МАНДААХУЙ
Аврагч бурхны зүүн дээдэд арван тавны дүүрэн цагаан сарыг асаан гэрэлтүүлж, баруун дээдэд нь арван зургааны улаан тэргэл нарыг гийгүүлэн хөөргөсү.
Амгалан хөх тэнгэрийн хүрээлэнг дүүрэн түгэх гольд наядын тоот одод болоод айл бүхний голомтод бадрагч угалзан улаан гал бүхэн гэгээн бурхны мөнхийн их зул мандал буюу.

ДОЛОО. САН ТАВИХУЙ
Агь ганга тэргүүтэй анхилам өвс, алаг цэцэгсийн сэнгэнэм сайхан үнэр хурын дараах зөөлөн хөх суунагийг хөлөглөн, гэгээн сүмийн ариун сангийн оронд ханхалбай.
Аглаг талын дууч болжмор утгын шингэн тунгалаг хэлээр амаржих бумбын орны номын дууг жингэнүүлэн, өглөө бүрийн цэнхэр униар, үдэш бүрийн хөх будан, өдөр бүрийн шар гийгүүлэн дунд эгшиглэвэй.

НАЙМ. ГЭГЭЭН СУДАР УРИХУЙ
Дээр хөхрөгч нь Дарьгангын сүлдэт тэнгэр буюу.
Доор алтрагч нь Дарьгангын сүнст газар буюу.
Нүүн цайвалзагч нь Дарьгангын гарьдан үүлс буюу.
Суун ногоорогч нь Дарьгангын оюу толгод буюу.
Тийн бадмаарагч нь Дарьгангын гал голомт буюу.

Ариуссан орон-сугаавидын гэрэл тусвай.
Арилсан бумбын зөөлөн хур шивэрвэй.
Арван зүгээс номын цагаан лавай дуурсвай.
Ариун шимийн цэцгэн олбог дэлгэрвэй.
Авидын адистэдтэй гэгээн сүмийг бясалгавай.

Хүрдэт орчлонгийн хаалганы оньс онгорхой
Хүрээт цагаан гэр бүхэндээ бурхантай
Хүслэнт эрдэнэ-морин аялгуут хууртай
Хүмүүнт тивийн өчүүхэн аглаг чөлөө буй.
Хүрээд ирэхийн учралыг ээж минь өршөө!

Амгалант хот мандлын болор сүм-нутагтаа
Алгасал үгүй ариун бурхны орон-нутагтаа
Алагчлал үгүй төгс жаргалангийн орон-нутагтаа
Адислал бүхүйн утгын дээд-төрөлх нутагтаа
Аврагч бурхны хутгийг олж залар! Ээж минь!
TOP