Эсээ

ХУУЧИН СҮМИЙН ГУНИГЛАХУЙ БА ТАЙТГАРАХУЙ

ХУУЧИН СҮМИЙН ГУНИГЛАХУЙ БА ТАЙТГАРАХУЙ

 
Хоёр мянга гурван оны намар юмсан. Морин хуурын чуулгын удирдагч, их хуурч Ц.Батчулууны өрөөний хаалгыг татан орвол, түүний хамт Элчин сайд С.Хүрэлбаатар, уртын дуучин Лхамзав гуай, бас нэгэн Япон өвгөн, хоёр залуу хуурч сууж байна. Мэдээж тэндээс хөгжим л дуурсана. Их анд С.Хүрэлбаатар, 
— Эрхэм нөхрийг урьсны учир нь энэ хүнтэй танилцуулж, лимбэ цуурынх нь аялгууг сонсгох гэсэн юм хэмээн нөгөөх Япон өвгөнийг заагаад, 
—  Эдүгээ наян нас давж буй Итай гуай бол Японы ардын авъяастан, өөрийн хийсэн лимбийн аялгууг монголын морин хуур, уртын дуутай яаж найрсахыг үзэх гэж ирсэн юм гэв. Тэрбээр хөнгөн шингэн хүн аж. Итай гуай:
— Манай нутагт Монгол уртын дуутай төстэй уртлаг аялгуутай дуу бий. Ер нь бидний хооронд соёлын эртний хэлхээ, садан төрлийн холбоо байгааг хөгжмөөрөө санагалзуулах зорилготой хэмээн инээмсэглэв. 
Итай гуай нарийн бүдүүн олон лимбэ гаргаж аялгууг нь дуурсгаж үзүүлэв. Ер нь л дотно аялгуунууд...  Тэр дундаас нэг аялгуу л миний сэтгэлийг илүү догдлуулав. 
— Эртний хэрмийн дээрх сар... ардын аялгуу хэмээн С.Хүрэлбаатар анд орчуулав.
—  Дахиад нэг сонсож болох сон бол уу? 
—  Бололгүй яахав!
Мөнөөх аялгуу миний бага насны нэгэн дурсамжийг сэрээвэй. Ер хүний бага насны олон олон ой дурсамж хаа нэгтэй үл арилан нойрсож байх бөгөөд өдөөн сэрээх ямархан нэг шалтаг гарангуут хуучин дүрс бичлэг мэт амилан хөвөрдөг ажээ... 
 
Миний тавдугаар ангид орох жил шиг санагдана. Манайх бэлтгэлийн хонь хариулж байсан юм л даа. Аав, ээжийг эмчлүүлэхээр Чойбалсан руу яваад би оронд нь ахын тал хамжаанд хонины ээлж өнгөрөөнө. Тэр зун манай сум ихэд гандуу. Царцаа царгиж, дэвхрэг дэвхцсэн улаан халцгай газар дээр гангийн наран галт шил шиг төөнөнө. Би ховоо татаж худаг дээр өнжинө. Гантай жилийн ангасан мал худгаас холдоно гэж үгүй. Удалгүй манайх оторт хөдлөв. 
Ах бод малаа тууж, бэргэн нүүдлээ хөтлөөд би хонио бэлчээрээр нь зугуухан хөөсөөр Асгат сумын нутаг руу чиглэнэ. Хэд хоног нүүсээр өвс халиурсан ухаа толгодын дундуур орж ирэхэд бороо шивэрч эхлэв. Өвс өтгөрч, сэрүүн салхи сэвэлзээд нэн сайхан. Малчны хүүхдэд ер нь нүүдэл л сайхан даа. Үзээгүй газар, өөр байгаль, өвс ургамал, хад чулуу бүгд шинэ. 
Үдэш орой болж байсан болохоор ойролцоо малын хашаа бололтой харагдахад хонио тууж хүрвэл нэг хуучин сүм байлаа. Гадуураа чулуун хэрэмтэй, гурван ч дугана байх аж. Дуганууд нь шувуудын оромж үүр ноохой ихтэйгээс биш бараг л бүтэн. Хэрэмийн булан, сүмүүдийн шалаар түвэд үсэгтэй судрын уранхай хөглөрнө. Хонио хэрэмд хөөж оруулаад дуганын шатаар авирч таазанд нь гарвал судар ном, шавар бурхан, цац хэмээх бяцхан шавар суварга их л харагдана. 
Монголд сүм хийд устаад гучаад жил болж буй гэх бөгөөд ийм сүм дугана байдаг гэж зүүдлээ ч үгүй балчир ухаанд ер бусын ертөнц санагдаж, засмал чулуун довжоогоор нь өгсөж уруудаж хэдэн ишигтэйгээ уйдаагаа гаргаж ханатлаа эрхэлж билээ. Бороо орох ч биш, үгүй ч биш. Бөөн бөөн үүлс нэг нүүгэлтэн, нэг сийрч, үүлсийн сиймхийгээр арван тавны тэргэл сар нэг ил гарч нэг далд орон гэрэл сүүдэр хоёр солбисон шөнө сөн. Би хонио манах нэрээр аавын хуучин ямаан дахыг нөмөрч хэрмийн өнцөг дээр суугаад сүмийн ер бусын уран чамин хийцтэй дэрэвгэр орой, булан тохой, дээврийн ирмэг дагуулан хийсэн луу тэргүүт янз бүрийн амьтны дүрс сарны гэрэлд нэг тодрон нэг бүдгэрэн буйг шохоорхон харж суув. Бороо үе үе шиврэх боловч ямаан дахны үсний ширхэг даган усан дусал гулсан бөмбөрнө. Гол сүмийн орой дээр нэг юм гялалзах шиг болоход сайтар ажиглавал бөмбөлгөн хэлбэртэй зэвэрсэн тэр зүйлийн бөөрөн дээр сар тусахад алтлаг туяа ойх аж. Тэгснээ сар үүлэн цаана ороход алга болно... 
Хуучин сүмийн хэрэм дотор хонио манаж хоносон хүүхэд ахуйн дурсамжийг Япон өвгөн Итай гуайн лимбийн аялгуу өдөөн сэрээсэн нь энэ ажгуу. Би С.Хүрэлбаатар андад хандан;
—  Миний цээжинд нэг шүлэг ургаж эхэллээ гэвэл тэр мөрөн дээр гараа тавьж,
—  Тэгвэл миний нөхөр одоо харьж шүлгээ бич дээ. Би чимээ хүлээж байя гэв. 
 
Би гэртээ харьж бичгийн ширээнээ суув. 
 
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална  
 
хэмээн хоёр мөр бичээд цааш бодлогоширвол, саяхан сонссон Итай гуайн лимбийн аялгуу чихэнд хадаатай байх. 
 
Хулсан лимбэний гуниглангуйн чинад дахь тайтгарал
Хуудуу холоос бурхадын гэгээг дуудна. 
 
Дараагийн хоёр мөр ийн бичигдсэн болой. 
 
 ... Үүр цайх үес сэрвэл салхи ширүүсч, чийглэг жиндүү агаар шавхуурдана. Бороо холдож тэнгэр цэлмэжээ. Тэнгэр дорно хаяанаасаа гэгээрч байна. Яг энэ үед сүмийн хаа нэгтэйд хонх мэт жигтэй дуу авиа гарав. Урьд нь би ийм дуу авиа огт сонсоогүй билээ. Бие зарсхийж, нойр сэргээд орчин тойрноо ажиглавал чив чимээгүй. Салхи хүүгэхэд мөнөөх чимээ дахиад л гарна. Жингэнэсэн нэг солгой дуу. Өглөө болсон хойно хэрэгт дурлан сүмийн зэрлэг өвсөн дундуур туучсаар дээврийн өнцөг доор ганц өнчин хонх гуниг цөхрөл мэт, цөхрөлийн дараа амсхийн тайвширч дуугаа хураах мэт үл  мэдэг жингэнэн амирлахыг сонсож билээ. 
 
Замбуутивын сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй... 
 
Хуучин сүмийн хэрэм налж суусан хүүхэд ахуйн дурдатгал, лимбийн эгшгээр сэрэх хүртэл миний сэтгэлийн альхан мухарт мартах гээхүйн сатаарал дотор орогнож байсныг эс мэднэ. Тэр цагаас бараг гучин жилийн хойно би Бөөрийн сүмийн туурийг эрж олов. Сүм, хэрэм зөвхөн нуранги дов болсон байлаа. Чулуун хэрэм, хана туургыг нь нураан зөөж малын хашаа саравч болгожээ. Бөөрийн говиос Онгон элс тийш талын дундуур цувьсан гуулин утас шиг сунайх шар халзан замаар давхиж явтал бас л нэг хаягдсан малын чулуун хашаа шарилжин дунд харагдана. Бууж үзвэл мөнөөх Бөөрийн сүмийн довжоо, хэрэмийн дунд байсан аль өнгөтэй өөдтэй засмал дөрвөлжин чулуунууд байраа сэлгэн энд хүрээд иржээ. Хөөрхий хуучин сүмийн чулуунууд нэг л хэсэгтээ халуу дүүгсэн хаваржаанд хүн малын бүлээн дуугаар бүүвэйлүүлэн хэдэн оныг элээсэн боловч орхимхой орчлонгийн жамыг огоорч чадсангүй нэгдэл нийгмийн өмч сарнихад хөсөр хаягдсан нь энэ ажгуу. Амьдрал урваж хөрвөх нь ирмэх зуур. Харин хуучин сүмийн чулуунууд бараг л элж холторсон нь үгүй. Үүнийг Шар бүрд рүүгээ зөөж ирээдүйд босгох номын хүрээлэнгийнхээ хаа нэгтэй залъя байз. Би ийнхүү шийдээд цааш тоос босгон давхисан бөлгөө. 
 
Түүнээс хойш дахиад л арван он одож, Шар бүрдэндээ төвхнүүлж байсан номын хүрээнийхээ дуусаагүй хоёр модон байшинг орхиод би гэдэг хүн дотроо бас нэг “том санаа” агуулаад тив дэлхийг тойрон бэдрэгчийн зам руу орсон юм. Хоёр мянга таван оны зун “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх шүлгээ хавчуулсан жижигхэн ном англи хэлнээ хэвлүүлээд Америкийн баруун эрэг дэх Лос Анжелос хотод дөрөө мулталсан юм. Эрийн санаа ууланд гэж үнэн үг шүү. Их санаа санаж Дэлхийн яруу найрагчдын дунд зарласан “Бурханы хайр” сэдэвт уралдаанд шүлэг-хүлэгээ сойчихсон гэж байгаа. Шүлгийн маань анхны сонсогч С.Хүрэлбаатар анд, Япон өвгөн Итай гуай, их хуурч Ц.Батчулуун гурав магтаж урам хайрласан шүлэг маань бараг л амь сүн орчихсон мэт санагдана.  Удалгүй Хятадын сонгодог утга зохиолын хэлийг гарамгай эзэмшсэн Өвөрмонгол шүлэгч С.Хадаа хятад хэл рүү орчуулаад, миний номын ах дэлхийн өдгөө цагийн нэрт яруу найрагч, утга зохиолын онолч Имрэ Золдос гуай хятадаас англи хэл рүү тоож орчуулсан юм. 
 
Лос Анжелос хотын Манхетан дүүрэг дэх дөрвөн одтой зочид буудлын ёслолын танхимд;
— «Дэлхийн Урлаг Соёлын Академиас зарласан “Бурханы хайр” яруу найргийн наадамд 200 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх шүлэг тэргүүн байр эзэлжээ» хэмээсэн мэдээг Нобелийн энхтайвны шагналт, физикч, эмч, яруу найрагч Эрнесто Кахан уншиж сонсгоход миний чихнээ мөнөөх хуучин сүмийн гунигт хонх дахин амилан жингэнэхдээ баярын уриа болон эгшиглэх шиг болж билээ. 
Шагнал гардсаны дараа тэнд надтай хамт байсан миний эрхэм анд, яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баатар, номын дүү, театрын найруулагч Х.Жамбалжамц хоёр над руу ирж баяр хүргээд, 
— Тэр хараач! Дэд байр эзэлсэн Аргентины  яруу найрагч нисэх шахам дэвхцэж байхад, та юу ч болоогүй юм шиг ноомой царайлаад зогсож байх юм... хэмээв. 
—  Би бол дотогшоо нисдэг шүлэгчээ! хэмээн наргиан болгов. Миний шүлгийг орчуулсан Имрэ гуай руу очиж баярласнаа илэрхийлэхэд тэрбээр,
— Сая би чиний шүлгийг англиар уншиж зогсохдоо орчуулах үед анзаараагүй байсан нэг юмаа олж харлаа, дахин баяр хүргэе хэмээн намайг тэврээд,
— Чиний “Хуучин сүм” чинь "шинэ сүм" болчихсон байна шүү дээ... гээд инээмсэглэн зогсож байсан сан.. Юусан билээ? ... хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин багтана, хумхын тоосны чинээ хувьхан чөлөөнд ч хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтана...гэж байгаа даа! 
 
 
 
 
ХУУЧИН  СҮМИЙН  ДЭЭГҮҮР  САРАН  МАНДАХ ЦАГ ДОР
 
Хуучин  сүмийн  дээгүүр  саран  мандахад
Хувилгаан  туяа  нь  эртний  ганжирыг  алтална
Хулсан  лимбэний  нүхээр  салхин  гансрахад
Хуудуу  холын  гуниг   зүрхэнд   сэдрэнэ
 
Чулуун  довжооны  завсраар  зэрлэг  өвс  сөрвийж
Чуулган  их  бурхадын  зам  дээр  шарлана
Гэрэл  татсан  тэртээ  цагийн  улбаа  тэмдэг  төдий
Гэгээн  бурхад  нь  хаашаа  одсоныг  мэдэхгүй
 
Хуучин  сүмийн  дээгүүр  саран  мандахад
Хувилгаан  туяа  нь  сэтгэлийн  бүрэнхийг  гэрэлтүүлнэ
Хулсан  лимбэний  гуниглангуйн  чанадах  тайтгарал
Хуудуу  холоос  бурхадын  гэгээг  дуудмуй
 
Шингэн  бэхээр  татсан  эртний  ханз  үсэг  мэт
Шинэхэн  тэнгэрт  сүмийн  сүүдэр  утгын  дүрстэй
Замбуу  тивийн  сүүдэр  болоод   гуниглал  дотор
Заавал  ч  үгүй  гэрэл  болоод  сэтгэлийн  зул  буй
 
Хумхын  тоосны  чинээ  хувьхан  чөлөөнд  ч  
Хувилгаан  бурхадын  гэгээн  хөрөг  багтмуй
Хулсан  лимбэний  аялгуун  дотор  ч  диваажин  оршмуй
Хуучин  сүмийн  дээгүүр  саран  мандах  цаг  дор...
 
Ийнхүү Дарьгангын хээр талд арваад насандаа үзсэн хуучин сүмийн гуниглангуй дурсамж маань дөчин жилийн дараа диваажингийн алтан сүм болж тайтгарахыг сэтгэлийнхээ хээр тал дотор олж үзсэн төдийгүй, шүлгэн сүм бүтээж хээр талынхаа дунд шингэсэн хуучин сүмийг сэргээн босгосон минь ийн болой.  
 
2015.10.15
"Гол ус тунгалагших цаг" номын 46-р тал, 2016
TOP