Эсээ

МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ

МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ

Цаг хугацааны хэмнэл дэндүү хурдасчихаж. Ертөнцийн сайн муу хэрэг явдал хэтэрхий ил цагаан болчихож. Зүүдэнд ч оромгүй, хүмүүн заяаны сэтгэлд багтамгүй жигтэй хачин, ой гутам эвлэрч боломгүй мэдээлэлд дэлхий даяараа дөжирч байна. Ийм цаг айсуй гэдгийг 1960-аад онд нэгэн билиг авьяаст яруу найрагч оноод хэлчихсэн л юм даа. Ил шулуухан хэлснээсээ болоод гүтгүүлэхийн муугаар гүтгүүлж, адлуулахын дээдээр адлуулсан юм. Тэр бол нэрт яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж байлаа. Шүлгийн номын нэр “Амьдын жаргал” (1968). Үзэл суртлын өлөн нүдэнд олзлогдсон гол шүлэг нь “Болохгүй юм гэж орчлонд юу байна” нэртэй. М.Цэдэндоржийн тэр түүвэр тухайн цаг үедээ яруу найраг дахь сэтгэлгээний хэв маягийг эвдэж, оюун санааны эрх чөлөө, сэтгэлгээний шинэ өнгө төрхийг илэрхийлснээрээ содон байв. Яг үүнийг отож байсан юм шиг “Амьдын жаргал уу? Аль эсхүл” нэртэй шүүмж шуугиан тарьж гарлаа. Ж.Төмөр гэх залуухан шүүмжлэгч тухайн цаг үеийнхээ үзэл суртлын гар хөл нь болсон хэрэг. Үнэхээр тэр залуу өөрөө намын үзэл суртлаар зэвсэглэгдсэн байсан уу, хэн нэгний даалгавараар бичсэн үү? бүү мэд. Ямар ч байлаа гэсэн түүнд М.Цэдэндоржийн шинэ бүтээлийг өөдрөгөөр харах билгийн мэлмий, шударга чанар дутсан хэрэг. Бас уран сайхны соёлын хувьд ч хүнлэг бус, хэтэрхий дайрсан өнгө аястай байлаа.

М.Цэдэндоржийн "Болохгүй юм гэж орчлонд хаа байна" хэмээх тэр шүлэг тогтонги, царцанги сэтгэлгээг цуу татсан мөрүүдээс цогцолсон юм.

...Тэгэхгүй юм гэж орчлонд юу байна?
Тэргэл саранд ч очиж нутаглана
Тээршаасан юмс шүтээн болно
Тэнгэр минь гэсэн юмс дайсан болно
Тэнхлэгээсээ орчлон мултарч болно
Тэгнэ, тэгнэ бүгд тэгнэ
Тэгэхгүй юм гэж орчлонд юу байна?

Энэ бадгийг уншсан хэний ч санаа сэрхийнэ. Уг шүлгэн дэх “Борхон туулай арслан ч дийлнэ, Бодлогын амраг нь өөрийг сонгоно”, “Сайныг сургасан багшаа ч худалдана”, “Сансрын салхийг ч өмчлөхийг хичээнэ” гэсэн мөрүүд бол орчлон дэлхийд болж л байдаг хүний нийгмийн явдлууд юм. Уул нь. Яруу найрагч хүний орчлонд ийм явдлууд болж байдаг, бас болсоор байж болзошгүй тухайд,
“Болно, болно, бүгд болно
Болохгүй юм гэж орчлонд хаана байна” хэмээн уншигчдад эдгээр хурц асуудлыг хандуулж тавиад шүлгийнхээ төгсгөлд гол санаагаа зургаан мөрөөр зангидсан байв. Харамсалтай нь шүүмжлэгч нэвтрэн гарах санааг бус түүнд хүрэхийн өмнөх мөр бадгуудыг тасдаж аваад хөөрхий яруу найрагчийг өөчлөхдөө уг шүлгийг манай утга зохиолын ядмаг дорой байгаагийн илэрхийлэл, уншигчдыг төөрөлдүүлэх төдийгүй, залуу шүлэгчдэд муугаар нөлөөлөх онцгой хор холбогдолтой гэж бусад олон шүлэгтэй нь хамсуулан ер нь бол “өндийхгүй болтол” доош нь хийсэн байдаг. Гэтэл чин үнэндээ уг шүлэг төгсгөлдөө өргөж хэлэх гол санаагаа улам тод томруун болгохын тулд ертөнцийн эрээн мярааныг илчлээд дараах бадгаар хашиж, хэлэх гол санаагаа зангидсан байдаг.

Адал орчлонд эрдэнэт биеийг өсгөсөн
Ачит ээжийн цагаан сүүг хор гэхэд би үнэмшихгүй
Ангаахайн чинээ байхаас бүүвэйлсэн үг
Аялгуу сайхан монгол хэлийг хомс гэхэд би итгэхгүй
Эх орон гэдэг үгийн амин сүнс болсон
Ээж, хэл хоёроосоо урвана гэж надад үгүй

Сонгодог шүлэг ийм л байдаг. Яруу найрагч энэ шүлэгтээ туурвил зүйн маш өвөрмөц аргыг хэрэглэсэн юм. Шүлгийн төгсгөлийн үнэн сүнслэг үгс уншигчийн сэтгэлийг өөрийн эрхгүй огшоож, омог бахархлын галыг дүрэлзүүлж, аньсага чийгтүүлдэг билээ. Харамсалтай нь шүүмж бичигч нэгэн цогц шүлгээс тасалж аваад гол санааг огт тооцохгүйгээр үзэл сурталдсан нь М.Цэдэндоржид насан туршид нь хар толбо суулгасан юм. Ингээд жараад оны сүүлч далаад оныг дамнаад М.Цэдэндорж үзэл сурталаар дорой, муу муухайн жишээ болон сонины өгүүлэл, намын төв хорооны дарга нарын хэлсэн үг зэрэгт байнга дурдагдах болсон юм.

Ер нь аливаа их бага уран бүтээлчийн аль нэг мөр бадаг, үг өгүүлбэрийг эх цогц утгаас нь салган авч шүүмж өгүүллээ хачирладаг, эсвэл дургүй нэгийг намнах хэрэглүүр болгодог энэ арга эдүгээ ч үргэлжилсээр байгаа нь харагддаг юм.

М.Цэдэндорж найрагчид ирсэн сэтгэлийн дарамт үргэлжилсээр, хайртай хань Ш.Лхагважав нь нас барав. “Залуучуудын үнэн” сониноосоо хөөгдөв. Сэтгэл гундуу үедээ “Гэрээс” шүлгээ бичив. Аз болоход тэр шүлэг нь “Утга зохиол урлаг” сонины тэргүүн нүүрт гарав. Аз нь эз болж “М.Цэдэндорж хэн болчихоод гэрээс бичиж байдаг юм. Алдарт зохиолчид л бичдэг болохоос" ," энэ нөхөр биеэ тоолоо” гэх алтан хошуу саарал ордон руу нисэв. Манай нэртэй шүүмжлэгч Ц.Хасбаатар гуай маань мэдлэгтэй, цараатай судлаач боловч байсхийгээд л үзэл суртлын өмнөө барьдаг бороохой болдог байсан нь харамсалтай санагдана.

Үхэхийн цагт минь намайг
Угийн гэрээсийг минь биелүүлээрэй
Улаан гал дээр шатаагаарай
Улалзах дөлөнд нь дулаацаарай
Уст Чацран, Бурхан буудайд минь
Үнсийг минь заавал хүргээрэй… гэсэн мөрүүд уг шүлэгт байдаг. Анзаарваас М.Цэдэндорж орчлон ертөнцөд хүний мөс, байгалиас заяасан чанар алдагдаж буйг эрт мэдэрсэн хүн байжээ. Ялангуяа тэр өнөө цагийн хүмүүст болон хойч үедээ хандсан захиа гэрээсийн чанартай шүлэг нийтлэлийг олонтаа сонгож орчуулсан нь ажиглагддаг. Тухайлбал, Испанийн суут яруу найрагч Лоркагийн" Гэрээслэл" шүлэг, Францын суут яруу найрагч Франсуа Вийоны " Блуад болсон яруу найргийн тэмцээний дууль", Шотландын их яруу найрагч Роберт Бөрнсийн "Яруу найрагч Роберт Фергюссоны шарил дээр Бөрнсийн босгосон хөшөөний үг", Английн зохиолч яруу найрагч Ричард Киплингийн "Сургааль" зэрэг маш олон шүлэг, Францын агуу уран барималч Огуст Родений "Гэрээслэл" хэмээх алдарт нийтлэлийг орчуулж нийтлүүлсэн нь бидний үеийнхний нүдийг нээж билээ. Роден "Хүмүүс төгс үнэнч байх юм бол бид яасан их дэвшлийг олж болохыг төсөөлөн бодоорой. Тэгвэл яасан түргэнээр нийгмийн алдаа, төөрөгдөл, бузар булайг танин шүүж, ямар богино хугацаанд манай дэлхий диваажин болж хувирах сан билээ" гэж гэрээслэлээ төгсгөсөн байдаг. М.Цэдэндорж ч мөн тийм гэгээн бодолтой, халуун сэтгэлтэн байлаа. Тэр өөрийн үзэл бодлыг орчуулгаараа дамжуулж илэрхийлдэг давуу талтай уран бүтээлч байлаа. Ерөөс уран бүтээлч хүний гэрээслэл бол, хэн нэгэн чинээлэг хүн үхэхдээ үр хүүхэддээ ч юмуу өв хөрөнгөө шилжүүлэх тэр гэрээсээс тэс өөр. Оюун санааныхаа хамгийн хүчтэй агшины мэдрэмжээр илрэх үнэт үгсийг "Гэрээслэл" болгон хүн төрөлхтөнд өв болгон үлдээх явдал юм. Агуу уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн бүх утга учирыг тэрхүү гэрээслэл томъёолох нь буй.
М.Цэдэндорж найрагчийн " Гэрээс" шүлгийн дуулиан намжаагүй байтал түүний 50 насны ой болов. Монголын зохиолчдын эвлэл зохиолчдынхоо ойг нижгэр тэмдэглэдэг цаг сан. Явуу, Чимэд, Гайтав.. гээд найрагчдын ой дараалаад л болсон доо. Хурлынхаа зааланд цуглаад, зохиолчдоо хоймортоо урьж, түүний бүтээл туурвилын замнал, үнэ цэнийн тухай илтгэл тавина. МЗЭ-ээс зохиолчид баярын бичиг өгнө. Уг баярын бичиг бол зохиолчид өгөх мэргэжлийн байгууллагын гол үнэлгээ болдог байлаа. Их л сайхан үйл явдал болдог байсан юм. Дуу хуур болно. Нөхөд нь баяр хүргэнэ. Хундага тулгана. Инээд хөгжөөн юм юм л болно. М.Цэдэндоржийн тухайд тийм юм болсонгүй. Зохиолчдын эвлэлийн “Утга зохиол урлаг” сонинд, ойд зориулж үгээ харамласан хэдхэн мөр гаргаад л өнгөрөв. Түүнд М.Цэдэндорж ах их гомдсон бололтой сэтгэл гутранги байлаа. Удалгүй Явуу бурхан болсон мэдээ, гараа гэмтээгээд гэртээ хэвтэж байсан түүнд хүрч, шаналан нь зузаарав. Явууг хөдөөлүүлсний дараа долоо хоногт нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндорж нас барлаа гэсэн гунигт мэдээ уран зохиол, урлаг соёлын ертөнцийг цочоолоо. Яруу найрагчийн оршуулгын ёслол даруухан болов. Яруу найрагчийн шарилыг Л.Мягмарсүрэн П.Баярсайхан, бид мөрлөж явсан сан. Яруу найрагчийн зөн совин гэж буй. Бараг хориод жилийн өмнө түүний өөрийнх нь бичсэн “Зүүд” хэмээх шүлгэндээ бичсэнээр л бүх юм болчих шиг санагдсан нь хачирхалтай.

...Урьд шөнө би
Унтаж байснаа үхэж зүүдэллээ
Би үхчихсэн хэвтэж байна
Бие минь мөс шиг хөрчихсөн байна
Чи л алга байх юм
Чимээ сураггүй л байх юм
Амьтан хүн намайг авсанд хийж тавилаа
Авдрын дотроос шинэ хувцас гаргаж өмсүүллээ
Олон хүн уйлж байна
Охин дүү минь уснаас цухуйна
Ус гэж юу билээ
Олны дотроос нэг хүн
Одонг минь гаргаж жинтүүнд хад гэв
Одон байхгүй шүү дээ
Одоо би чинь яах билээ?
Нэг бадаг шүлгийг нь
Нэр овогтой нь бичиж
Гантиг чулуунд сийлж
Газар дээр нь хөшөө тавья гэв.
Арван хэдэн хүн
Авсыг минь тойрч байх юм…
Аанай л чи минь алга л байх юм
Анир сураггүй л байх юм
Чамайг байхгүйд гомдохдоо
Чарламаар санагдах юм
Чарлая гэхээр би үхсэн болохоор
Бие минь хөшөөд
Ам минь ангайхгүй юм
Гашуудлын хөгжим хэрэггүй гэнэ.
Гайгүй ээ, Шофен нэг удаа амраг
Ганц дуртай юм нь ардын дуу
“Эр бор харцага”-ыг Дорждагваар дуулуулна
Эгшиглэнт хуурын аяар үдье л гэнэ
Тэгээд намайг оршуулах боллоо
Тэмдэгт газар аваачлаа…

“Зүүд” хэмээх шүлэгтээ тэр өөрийнхөө төгсгөлийг он цагийн тэртээгээс урьдчилаад харчихсан мэт санагдмаар. Үнэхээр түүнд одон байгаагүй. Яруу найргийн болон орчуулгын олон ном бүтээсэн нэрт соён гэгээрүүлэгч түүнд ямар ч шагнал байгаагүй нь үнэн юм. Дэлхийн энгээр сэтгэж, үндэсний уран зохиолын соён гэгээрүүлэгч нь байсан түүний бүтээлийг олигтой баярын бичгээр ч үнэлээгүй байсан нь мөнөөх “Болохгүй юм гэж орчлонд хаана байна”, “Гэрээс” тэргүүтэн шүлгүүдээр нь дөрөөлж, "үзэл суртал ур чадвараар дорой” гэсэн нийгэмд буй болгосон хар пайзны явдлаас улбаатай юм. Түүнээс биш тэр цагтаа М.Цэдэндорж шиг их юм бүтээсэн зохиолч бараг үгүй байв. “Амьдын жаргал”, “Галын амьсгал”, “Нутгийн чулуу”, “Дөрвөн туурийн домог” тэргүүт яруу найраг нийтлэлийн арваад ном, Эрнест Хэменгуайн “Зэр зэвсэг минь баяртай” роман, Расул Гамзатовын “Миний Дагестан”, “Зөвлөлтийн шилдэг яруу найраг” хоёр боть, Роберт Фрост, Сергей Есенин, Уолт Уйтмэн, Э.Межелтайс, Роберт Бернс тэргүүт дэлхийн суутнуудын яруу найраг, “Гадаадынхан Монголын тухай”, “Гадаадынхан Монголын уран зохиолын тухай” хэмээх тэвхгэр хоёр боть гээд дөч гаруй номын өмнө түүний нэр бичээстэй байдаг юм. Өмнөх үг бичиж, редакторласан ном гэвэл тоо алдана. Цаг үеэ соргог мэдэрч бичсэн нийтлэл тэмдэглэл гэвэл тоогүй. Зарим сонинд хоёр бүтээл нь зэрэг гарах тохиолдол ч бий. Тийм үед аль нэгийн доор М. Зээхүү гэсэн нэр тавьдаг байсан сан.
М.Цэдэндоржийн " Нутгийн чулуу" хэмээх ном хэлбэр агуулгын хувьд гайхалтай сайхан бүтээл болж билээ. Зохиолч тэр номоороо төрөлх Алтай нутгийнхаа уул ус, түүх домог, соёл уламжлал, ард түмний сэтгэл зүрх рүү оюун санааны аялал хийсэн бөгөөд нутгийнхаа чулуунд үлдсэн өнө эртний үлэг түүх рүү хийсэн археологи ч гэж болмоор. Түүний " Морин хуур" бол жинхэнэ сонгодог шүлэг.
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасанд багтаадаг
Хосгүй нэгэн овогтон
Азийн цээжинд нутагтай... хэмээн тэр ам бардам, цээж ханхар дуулсан юм. Ирээдүйд хүн төрөлхтний чихийг мялааж оюуныг цэнгүүлэх монгол соёл- морин хуурын суу гайхамшиг дэлхийд дуурсана гэдгийг тэр эрт мэдэрсэн юм.
Морин хуураа уйлуулан дуулна
Монгол хүний зовлонг дуулна гэж бас өөр нэгэн шүлэгтээ бичсэн удаатай.

М.Цэдэндорж бас нэгэн сонин зохиол бичсэн нь " Байгалийн зураг, хүний хөрөг" найраглал юм. Монгол эх орны үзэсгэлэнт байгаль эзэн хүн хоёрыг сүлжилдүүлэн дуулсан өвөрмөц хэлбэрийг тэр сонгосон юм. Мөнөөх найраглалыг бичээд монголын радиогоор уншуулахаар нэг хувиа надад өгч билээ. Би ч олзуурхан авав. Тэгтэл шат дамжлага дамжсаар утга зохиолын нарийн бичгийн дарга дээр гацчихав. "Хөгнө хаан" уулын тухай шүлэгт
Хөрөөний ир шиг уулс
Хөх Монголын түүхийг зуун зуунаар тайрсаар
Хэгдэс адил элсэн гүвээ наана нь шаргалтана
гэсэн бадгийг онцолж " Хөх Монголын түүхийг тайрна" гэж юуг хэлж байгаа юм, оруулахгүй гээд буцаав. М.Цэдэндоржид болсон явдлыг хэлбэл тэр хоёр хуудас тайлбар бичээд авчирч өгсөнөөр үзэл суртлын хилийг давсан сан. Хөөрхийг минь найраглалаа бүтнээр нь сонсч ихэд баярласан байж билээ.

Яруу найрагч М.Цэдэндоржийн нэгэн онцгой чанар бол хүлээцтэй байх. Тэр өөрийнх нь нэрээр гарсан элдэв гүтгэлэг, өөнтөглөсөн шүүмж, улс төрөөс бууж ирсэн лантуу алинд нь ч ямар нэгэн хариу үл илэрхийлэн, үл тоох байдалтай бүтээлээ л хийсээр, соён гэгээрүүлсээр явдаг сан. Мэдээж дотроо шаналдаг байсан, утааг нь хамраараа үл гаргадаг байсан нь тэр, он цаг бүхнийг хар цагаанаар нь шүүнэ хэмээн ариуссан сэтгэлээсээ итгэж байсных юм. Он цаг урсан одож олон юм ул болж харин соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн яруу найраг ном бүтээл, гэгээн тунгалаг оюун санаа зул болох цаг нь иржээ. Түүний үнэт бүтээлүүд өнөөдөр улам бүр тодрон гэрэлтсээр байна. М.Цэдэндорж найрагчийн шавь О.Дашбалбар түүнийг маш товч тодорхойгоор " сайхан хүн" гэсэн юм. Гэхдээ л тэр сайхан хүн бүтээсэн нөр их туурвилынхаа ид хавыг үзэж амжаагүй гэж бодоход даанч харамсалтай, дэндүү гунигтай.

Цаг цагийн араншин, түүнийг аялдсан үзэл суртал, нөлөөнд нь хөвж явдаг суртахууныг илэрхийлэгчийн явдал мөр дор ийн олон сайхан уран бүтээлч, олон шилдэг бүтээлүүд тоос шороо мэт дарагдсан байдаг юм. Өдгөө ч М.Цэдэндоржийн шүлгүүдийн тухай ярихаар зарим хүмүүс “Тэр чинь тэгээд Явууг гүйцэх юмуу?”, “Хэний зиндааны яруу найрагч байсан юм бэ?” хэмээн асуух нь буй. Ер нь нэг найрагчийг нөгөөтэй нь харьцуулах боломжгүй гэж би боддог юм. О.Дашбалбар нэг удаа “Жинхэнэ сайн найрагчид нэг нь нөгөөгөөсөө илүү дутуу байдаггүй, харин бие биенийхээ дутуу талыг нөхөж байдаг” хэмээн онож хэлсэн нь бий. М.Цэдэндоржийн сэтгэлгээний цараа, үндэсний утга зохиол дахь үнэ цэнэ, гандашгүй бүтээлүүдийг ямар нэгэн жин хэмжүүрээр хэмжих боломжгүй. Түүнийг хэн нэгэнтэй харьцуулах аргагүй.
М.Цэдэндорж найрагч уран бүтээлч хүн их мэдлэгтэй, өргөн харилцаатай, цараатай сэтгэдэг соён гэгээрүүлэгч байхын үлгэр дуурайл нь байлаа. Тэр ертөнцийн сайн хийгээд муу, сайхан хийгээд муухайг арван хуруу шигээ таньсан учраас л, муу явдал даамжирах нь гэдгийг ухаарсан учраас л болохгүй юм орчлонд байхгүй гэж бичсэн юм. Бүх юм урваж шарвадаг орчлонд эх орон, ээж, эх хэлнээсээ л хүн хэзээ ч урваж болохгүй гэж тэр гэрээслэсэн юм. Чухам оршихуйн жам ийм юм.
М.Цэдэндорж ертөнцийн явдлыг сайн ойлгосон ухаантан, ирээдүй цагийн явдлыг ч зөн совингоороо мэдэрсэн онгодтой найрагчийн хувьд
Яруу найрагчид минь ээ
Яаж энэ орчлонг аврах вэ? хэмээн нэгэнтээ бичсэн юм. Энэ үг түүний оршсон газар дээр гантиг чулуунд гэрэлтсэн билээ.

2017 онд Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болж, бид уг хурлын агуулгыг “Байгалийн оюун санаа, хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх үгээр томьёолсон юм. Дэлхийн 40 гаруй орны 300 гаруй яруу найрагчид манай төрийн ордонд чуулахад би бээр хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй байгалийн болон хүний экологийн асуудалд анхаарал хандуулахыг тив дэлхийн үзэг нэгт нөхдөдөө уриалаад М.Цэдэндорж найрагчийн
Яруу найрагчид минь ээ
Яаж энэ орчлонг аврах вэ? хэмээх энэхүү суут мөрийг бүгдийн өмнө асуулт болгон тависан билээ. Дээрх хоёр мөр их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, орчуулагч М.Цэдэндорж ахын минь ирээдүйн уран зохиолч яруу найрагч нарт хандсан гэрээслэл нь байжээ.

2020.02.07

TOP