Илтгэл, хэлсэн үг

ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛ ДАХЬ  АЗИЙН ЯРУУ НАЙРАГ

ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛ ДАХЬ АЗИЙН ЯРУУ НАЙРАГ

 
Г.Мэнд-Ооёо (Азийн Зохиолчдын Анхдугаар форумын нээлтэд хэлсэн үг)

            Үзэг нэгт, тив нэгт зохиолчид оо!
            Монголын уран зохиолчдын өмнөөс Та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна.
            Яруу найраг нь хэлний үзэгдэл төдийгүй, тухайн үндэстний хүрээлэн буй орчин, түүх соёл, угсаатны зүйн үүднээс бүрэлдсэн хувь уран бүтээлчийн авьяас билгийн ертөнц; сансрын эрчим хүч, байгалийн эрчим хүч, тэнд хадгалагдах оюуны  мэдээллийн хуйлралтай холбогдох утгын эрчимт  шидэт бөмбөрцөг ажээ.

            Дэлхий дахинаа алдартай их сэтгэгч, аялагч, зураач, зохиолч, Ази судлаач Николай Константиновч Рерих эдүгээгээс 100 шахам жилийн өмнө бичсэн "Азийн зүрх" хэмээх шинжлэх ухааны уран нийтлэлийнхээ эхэнд "Азийн зүрх цохилж байна уу?" хэмээн асуусан байдаг. Их эрдэмтэн энэ асуултаа өөртөө тавьсан төдийгүй, Ази тивийнхэн бидэнд хандаж илгээсэн үг гэж ойлгож байна. Тэрбээр Ази тивд хүн төрөлхтний хүртээл болговол зохих мэдлэг оюуны асар их өв, хаа нэгтэй нь хав дараастай байгааг эрж хайж байсан юм. Оюун эрдэм болон гоо сайхнаараа өрнө дорно хоёр ойртон дотносох ёстой гэж тэр үзэж байв. Харилцан ойлголцол, нэгдэл нягтрал, бүх нийтийн амар амгалан оршихуй, дэлхий дахины энх тайвныг эрхэмлэх утгаар "Шамбал" хэмээх үгийг хүн төрөлхтний хүсэл шохооролд тэр ойртуулж орхисон юм. Эдгээрийг эши татаж дурдсаны учир нь "Шамбал" хэмээх үг газар зүйн байршлын ойлголт гэхээсээ бидний зэрэгцээ орших нууцсын болон гэгээрсэн оюун, эрдэм мэдлэгийн сан хөмрөг- энерги мэдээллийн орон зай бөгөөд яруу найргийн онгодод тэмтрэгддэг, яруу найрагч нарт  хамгийн ойр тэр зүйл байж болох юм.
            Орчлонгийн оюунт мандалтай холбогддог тийм яруу найрагчийн нэг нь Монголын говь нутгаас тодорсон ХIХ зууны суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, буддын лам Данзанравжаа байлаа. Тэрбээр  уул ус хад чулуунд оршсон  мэдээллүүдийг олж барьдаг төдийгүй, дээд оюун санаатай бясалгалаар холбогддог онцгой чадвараараа сансар, газрын эрчим солбицох онцгой нэгэн  орон зайг олж тогтоосныг эдүгээ  “Шамбал” хэмээн хол ойрын аялагч жуулчдын зорин очдог газрын нэг болжээ. Үүнийг би яруу найрагчийн  суу билигийн нэгэн нууц, яруу найргаар дамжин гэгээрэлд хүрсэн гайхалтай жишээ гэж хэлэхийг хүсч байна.
            Үгээр увдислан илэрхийлсэн оюун санаа буюу яруу найраг нь сэтгэлгээний асар хүчтэй тэсрэлтээр биежихдээ өөрөөсөө хойшхи бүх цаг хугацааны туршид утгын долгионоо өнө удаанаар хадгалан оршдог учраас л мянга мянган жилийн өмнөх шүлэг дууллуудтай бид хамт амьдарч, эртний хүмүүсийн зүрхний цохилтыг сонсдог билээ.
            Бидний төсөөллөөс ч алс чинадад зохиогдсон гэх Ведийн дууллууд нь дээд оюун санаанаас, гэгээрсэн сүнсээр дамжин бууж ирсэн гэх үзэл баримтлалтай би бээр санал нэг байдаг юм.
Оросын суут яруу найрагч М.Ю.Лерментов нэг удаа "Хомероос өмнө хэн байсан юм бэ?" хэмээн дуу алдан асуусан байдаг. Суут уран бүтээл төрөх урьдал нөхцөл, эх суурь заавал байдаг гэх утгаар Лермонтов асуусан байхаа. Тиймээ, байсан; Ази тивд байсан гэж хэлэх байна. Нийтийн тооллын өмнөх хоёр дугаар мянган жилийн барагцаанд бүтээгдсэн гэж үздэг Вээдийн мэдлэгийн өв түүний яруу дууллууд нь хожмоо "Махабаарата", "Раамаяна" хэмээх агуу туульсуудаар тээгдэн бидэнд хүрч ирсэн билээ. Мөн нийтийн тооллын өмнөх XII-IX зууны хоорондох нанхиадын ардын дуунуудыг эмхэтгэсэн Күнз мэргэний "Шүлэглэлт ном" хэмээх цомирлог нь дэлхийн  яруу найрагт бүтээгдсэн анхны антологи байж болох юм. Хээр тал нутгийн эртний нүүдэлчдийн уртын аялгуугаар дуулдаг асан, эдүгээ Монголд "уртын дуу" хэмээн нэрлэгддэг дуулалт шүлгүүд хийгээд Азийн зарим улс орнуудын, ялангуяа Алтайн эртний баатарлаг туульсуудын нилээд нь Хомерийн цаг үед болон өмнөх үед байсан  байж таарна.
            Мөн Персийн рубай, Казахын айтыс, Монголын хос уянга, ертөнцийн гурав, Японы хайку, танка, дундад Азийн газель, Хятадын  цы тэргүүт яруу найргийн олон өвөрмөц үзэгдлүүдийг Ази, хүн төрөлхтний яруу найрагт оруулсан билээ.
            Ази нь Энэтхэгийн Галийдаса, Хятадын Ли Бай, Дү Фү, Перс дахины Фирдоуси, Омар Хайям, Монголын Цогт тайж, Данзанравжаа, Японы Мацу Башё, Такубоку, Түвэдийн Цанянжамц, Түркмений Махтумкули, Казахын Кунанбайн Абай, Энэтхэгийн Рабиндранат Таагүр тэргүүт олон суу билигт яруу найрагчдыг хүн төрөлхтний эрдэм оюуны цэцэрлэгт хүрээлэнд хүргэж өгсөн байна. Харин XX, XXI  зуунд Азийн яруу найргийн нөлөөлөл, байр суурь ямар байгаа билээ гэдэг тухайд бид нухацтай бодох ёстой. Азийн яруу найргийн дэлхийн уран зохиол дахь орчин үеийн нөлөөлөл нь орчуулгын чанар, хэвлэлийн газруудын бизнесийн ашиг сонирхол зэргээс ихээхэн хамааралтай, тун удаан, яст мэлхийн хурдаар мөлхөж явна. Персийн суут яруу найрагч Омар Хайямын цөөн шүлэг эдгээгээс 160 жилийн өмнө англи хэлээр Лондонд анх хэвлэгдсэн боловч уншигчдын хүрээлэлээ олж авахад багагүй хугацааг туулснаас бодоход холхи үндэстний хэл соёл, сэтгэлгээнээс угшилтай яруу найраг нь өөр хэлэнд анхаарагдах, орчуулагдах, судалгаанд өртөх, ном сурах бичиг, антологид орж хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ тун бэрхшээлтэй, аз сорьсон урт удаан замнал туулдаг байна. Азийн олонхи орны өнөөгийн яруу найрагчдын хувьд яг л энэ замаар явж байна.
            Өнөөдрийн технологийн хэт хурдтай дэвшил, үйлдвэржилт, хотжилт, даяаршил нь материаллаг ахуйг чухалчилах хөгжлийн тогтолцоо руу улам гүнзгий орж, хүний байгаллаг чанар, хэл соёл, зүрх сэтгэлийн үнэт зүйлийг гээж, хүмүүс дижитал болж, түүний дотор яруу найраг үнэ цэнэгүй болж, тэр ч бүү хэл зарим хэл ядуурч, мөхөж байна. Нөгөө талаар яруу найрагт өрнө дахинаас хүчтэй нөлөөлж гарч ирсэн "изм"-үүд мухардалж орж байна. Шинэ боломжуудыг хайж байна. Ийм цаг үед Азичууд өөрт байгаа Дэлхийд танигдаж амжаагүй яруу найргийнхаа өвөрмөц үзэгдлүүдийг гаргаж ирэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй байна.
            Яруу найрагт тулгарсаар байгаа бэрхшээлт байдал нь Азийн яруу найрагт шинэ боломжийг олгож байна.  Биднийг шинэ урам зориг хүлээж байна. Хөгжлийн зөрүүтэй байдал, шашин шүтлэг, үзэл бодлын ялгаа, эл бүхнээс үл хамааран Азийн оюун санааг нэг цул болгох боломж, нөөц хүч чухамхүү Та бидний яруу найрагт л байна. Цаашлаад Дэлхийн яруу найраг хэмээх их цутгаланд Азийн эзлэх байр суурь, жин хэмжээг зөв тодорхойлох боломж нээлттэй байна.
            Соёлт хүн төрөлхтний яруу найргийн их далайгаас шүр сувд мэт шүүрдэн олж цогцлоодог "Антологи" хэмээх соёлд Ази шинэчлэл хийх хэрэгтэй байна. Юуны өмнө Ази тивийн улс орнуудын хүчин чармайлтаар, "Азийн яруу найргийн антологи"-уудыг орчуулгын өндөр түвшинд хийж олон хэлээр хэвлэн түгээхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг санал болгож байна. Энэ нь мөн хүүрнэл зохиол болон уран зохиолын бусад төрөл зүйлд ч хамаатай. Бид алийн болгон өрнийн судлаачдын гарыг харж, аяыг дагах вэ?
            "Өрнө бол өрнө, Дорно бол дорно. Өөд өөдөөсөө хэзээ ч харахгүй" хэмээн Р.Киплинг хэлсэн тэр цаг үед Н.Рерих "Өрнө дорнын хана хэрэм нурах болтугай" гэсэн удаатай. Р.Киплингийн хэлснийг ялгарах онцлогоо хадгалж үлдэх тухайд гэж эерүүлээд, Н.Рерихийн хэлснийг тус тусдаа бус, дэлхийн их утга зохиолын ай савд, өрнө дахины  давуу байдлыг өөрчлөх гэсэн утгаар ойлгохыг хүсч байна.  Азийн уран зохиолыг хөхүүлэн дэмждэг хөшүүрэг бий  болгох, тухайлбал бүс нутгийн  сан байгуулж, орчуулга болон  уран зохиолын шилдэг  бүтээлийг түгээн дэлгэрүүлэх нь Улс орнуудын засгийн газруудын эрхэм үүрэг байх ёстой.  Казахстан Улс олон улсын уран зохиолын харилцааг хөгжүүлэх, дэмжих  талаар ихээхэн чармайлт гаргаж байгаад талархаж байна.
            Азийн соёл, сэтгэлгээ, эрдэм оюун, яруу сайхныг цогцоор нь илэрхийлж чадах яруу найргийн шинэ давалгааг эхлүүлцгээе.
            Үгийнхээ эхэнд тавьсан "Азийн зүрх цохилж байна уу?" хэмээх Н.Рерихийн асуултанд,
                        - Тиймээ, Азийн зүрх цохилж байна! Азийг нээх оюун санааны шинэ аялал Азийн уран зохиол руу хандах болно гэж хэлэхийг хүсч байна.
 
2019.09.04
Нурсалтан хот, Казакстан
TOP