Илтгэл, хэлсэн үг

 ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА

ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үндсэн илтгэл
 
Г.Мэнд-Ооёо:  ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА
 

 

 
Яруу найраг бол ертөнц хорвоогийн зөн мэдрэмж, оюун санаа, хязгааргүй цаг хугацааны ой санамж бүхий долгион цацруулагч эрчим хүчтэй шидэт эрдэнэ юмаа. Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед, бидний амьдран суугаа газар дэлхийн амин эрх ашиг буй, тэр газар бүхэнд үндэстнүүдийн хэл соёл, сэтгэлгээний охь шимээр тэтгэгдсэн яруу найргийн эрдэнэс баялагийн орд бий болдог. Эд баялаг, очир алмааз, алт эрдэнэсээр бүтсэн эрдэнэсийн санг улс гүрэн, хаад ихэс, овог удмаараа өмчлөн эзэмшдэг бол, яруу найргийн эрдэнэсийн санг бүхий л хүн төрөлхтөн дээр доорын ялгалгүй, баян ядуу гэлгүй даяараа эзэмшдэг билээ. Эд баялагт харуул хамгаалалт, цоож цуурга, харамын сэтгэл байдаг бол яруу найргийн эрдэнэсийн санд тэр бүгд байхгүй, зөвхөн өглөгийн сэтгэл л байдаг юм.
 
Яруу найрагчид аа!  
Манай хүн төрөлхтөн өнөөдөр асар том сорилтын өмнө ирээд байна. Бидний эх болсон газар дэлхий унаган төрхөө улам бүр алдаж, гол мөрөн,нуурууд асар олноороо бохирдож, ширгэж, цэнгэг усны нөөц хомсдон, ашигт ургамлууд, амьтны аймгууд устан мөхсөөр, газрын хэвлий дэх баялаг хурдтай шавхагдаж байна. Далайн шуурга, газар хөдлөлт, хөрсний нуралт, усны үер, ойн түймэр, ган зуд, хуурайшилт, цөлжилт зэрэг байгалийн гамшгийн тухай мэдээг бараг өдөр бүхэн сонссоор дөжирч байна. Хойд мөсөн далай асар хурдтайгаар хайлж эх газар луу хальж өөр гариг руу нүүж суурьших тухайд бодоод төлөвлөөд эхэлчихлээ. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн ололт амьдрал ахуйд нэвтэрч байгаагийнхаа хэрээр,  хүний өөрийн байгалиас өгөгдсөн чадваруудыг орлон гүйцэтгэх амар хялбар хэрэглээнд улам бүр дасан идээшиж, төрөлхөөс заяагдмал боломжуудаа ашиглахаа больж өөрсдийн зохион бүтээсэн машин, компьютерийн программын эрхшээл дор орсоор байгаагаа анзаарах сөхөөгүй хурдалсаар байна. Өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн үлэмж хэсэгт цөмийн дайны аюул заналхийлэл, боолчлол дарангуйлал, өлсгөлөн,гуйланчлал байсаар л. Хүмүүсийн сэтгэлд айдас түгшүүр, үзэн ядалт, шунал дэв, хүний наймаа, авилгал мансуурал, муу үг, бохир мэдээлэл, ёс суртахууны доройтлын хар сүүдэр хүүшилсээр байна. Хүмүүн төрөлхтний оршихуйн үндэс болсон өрөвч нинж сэтгэл, хайр, технологи руу живэн алга болж байна.
Чухам ийм цаг үед яруу найрагчдын дуу хоолой хаана байж хаана хүрэх хэрэгтэй вэ?
20-р зууны Монголын нэгэн авьяас билигт яруу найрагч М.Цэдэндоржийн /1932-1982/ шүлгийн нэг мөрийг давтан хэлэхийг хүсч байна:
Яруу найрагчид аа! Яаж энэ орчлонг аврах вэ?
 
            Байгаль дэлхийнхээ судасны лугшилттай зүрх сэтгэл нь нэгэн хэмээр цохилдог, ертөнцийн дээд оюун санаатай шүтэн барилдсан зөн мэдрэмжийг илэрхийлэгч, хэл, соёлын элч болсон яруу найрагчдын дуу хоолойг даян дэлхийн хүн бүхэнд тод дуулдахаар хүргэх хэрэгтэй байна!
            Монголчуудын нэн эртний ойлголтоор хүн бол тэнгэр газраас бүрэлдсэн; тэнгэр эцэгтэй, дэлхий ээжтэй гэдэг билээ. Ийнхүү агаар салхи, үүл бороо, уул толгод, ус булаг, хад чулуу, өвс ургамал бүгд амьд тогтолцоо учраас оюун ухаантай. Баярлаж, гомдож, баясаж талархаж, уурлаж, хилэгнэж, сэтгэл юугаа илэрхийлж байдаг ажээ.
 
Хүн төрөлхтний яруу найргийн анхдагчид зүй ёсоор орох эртний Энэтхэгийн Вээдийн туульсад үлдсэн нэг бадгийг энд дурдъя:
 
Галба юүлэхэд бүхий л юмс сөнөвч
Гагцхүү мөн чанарт шингэн үлдэж
Шинэ галав эхлэх бүрийд
Сэтгэлийн хүчээр дахин цогцолмой
(Вээд НТӨ 20-р зуун. Орчуулсан Ж.Гэндэндарам)
 
          
Байгаль эхийн хувь болгон хайрласнаас илүү ихийг эдлэх шунал хүслийн балгаар гариг ертөнцөд дахиад харанхуй бүрхэх аюул нүүрлэж болох юм шүү гэдгийг энэ домог байнга сануулдаг юм. Монголын нүүдэлчид өөрсдийн нутагладаг уул толгод, ус булагтаа зориулж ерөөл магтаал, залбирал тэргүүт аман яруу найргаа хэлж, хайр энэрлээ илэрхийлэх бүрий зөөлөн хур, үзэсгэлэнт солонго, өвс ургамлаараа баясан талархаж, газар шороогоо онгичиж, мод ургамлаа устган, ан амьтдаа хядах бүрийд хилигнэн уурсаж байгалийн элдэв хувирал, ган зуд гамшиг турханаар гомдол бухимдлаа илэрхийлдэг хэмээн үзэж, бэлчээр нутагтаа тун хянамгай ханддаг уламжлалтай билээ.
Говийн нүүдэлчдийн дундаас төрж гарсан 19-р зууны соён гэгээрүүлэгч, яруу найрагч, хутагт Данзанравжаа бол чухам байгалийн зөн билигээ гоц хөгжүүлсэн ер бусын авьяастан байжээ. Түүний оюуны гэгээрэл, бясалгалын төвүүдээ сонгон байгуулсан нь нэн өвөрмөц; эрт галавын эрчилсэн галан хуйлралын ул мөрийг хадгалсан чулуун хайлмал, далайн ёроол байсны үлдэц, чулуужсан мод, үлэг гүрвэлийн яс тэргүүтэн урьдах галавуудын бүх мэдээллийг нэгэн дор цогцлоосон уг нутагт Данзанравжаа хутагт “Хамрын хийд”-ээ байгуулж, ном эрдмийн их эрчмийг тэрхүү газар оронд хураан авшиглаж үлдээсэн нь эдүгээ "Шамбал" хэмээх нэрээр алдаршжээ. Данзанравжаа хутагт цагийн хүрдний бясалгалд оршин, самадийн хүчээр дээд Шамбалтай холбогдох газрын зулайг нээж чадсан гэж говьчууд үздэг бөгөөд хожим тэр өөрөө оюун санааны хувьд Шамбалд шилжсэн гэж шавь нар нь итгэдэг юм.  Шамбалыг хайж байсан агуу эрдэмтдийн нэг Николай Рерих Шамбалын орны нууц түлхүүр говийн нэгэн хүнд байдаг тухай бичсэн нь үүнтэй холбоотой байж ч магадгүй. Данзанравжаа бээр,
Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Хэл гэвч хэл биш
Очирын гүн эгшиглэн...
хэмээн бичиж үлдээсэн байх юм. Үгээр илэрхийлсэн оюун санаа, уул ус, хад чулуунд шингэн байгаль дэлхийн ой санамжид хадгалагдан үлдээд, утгын долгионоо хожим нь цацраасаар байдаг гэж тэрбээр үзэж байв.
 
Данзанравжаа гэгээнтнээс 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан Монголын өөр нэгэн яруу найрагч Цогт тайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн арын ууланд гарч ихэд уяран нэгэн шүлэг цээжээр хайлсныг Хиа нь тогтоож аваад 3 жилийн дараа Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлсэн байдаг. Дөрвөн зуу шахам жил энэ шүлгийг хадгалж буй Дуутын хар чулуу салхи бороонд хөг орон ер бусын аялгуу цацраан эгшиглэдэг юм. Яруу найраг нь байгальдаа уусч, хад чулуу нь шүлгийг өөрийн хөг аялгуугаар тэтгэн зуун зуунд дуурсчээ. Байгаль, хүмүүний  оюун санаа хоёр бие биедээ уусан нэгдсэнийг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэхсэн билээ?
19-р зууны сүүлчээр говь нутагт олон жил дараалан ган болжээ. Ерөөлч шүлэгч Гэлэгбалсан "Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл"-ээ бичиж, хагсаж ширгэсэн булгийн эхэнд нутгийн олноо цуглуулж цагаан эсгий дээр сөхөрч суугаад шүлгээ аялгуулан дуудсанд, удалгүй гангийн униартай тэнгэрт үүл хуралдаж бороо орж ган тайлсан гэдэг билээ. Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзэл нь газар дэлхийд хадгалагдаж буй ой санамжийг сэргээж, олон хүний сэтгэлийн догдлол, хүслээр эрчимжиж бороо орсон гэж ойлгож болно. Ялангуяа яруу найргийн хэм хэмнэл бүхий ай сав дотор байраа эзэлсэн, онгодын догдлолыг шингээсэн үгс нь байгаль хийгээд оюун санааг увидаслах долгион буюу шидэт эрчим хүч юм.
Одоогоос найман жилийн өмнө буюу 2009 оны намрын гандуухан өдөр 20-р зууны Монголын суу билигт яруу найрагч Б.Явуухулангийн (1929-1982) 80 жилийн ойд оролцох олон яруу найрагчид Улиастай хотод ирээд шууд аймгийн театрын өмнөх талбайд очиход яруу найргийн наадам эхэлж, "Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө, би" хэмээх түүний яруу найргаас уянгалуулан дуулах  үесэд нартай бороо шаагиж эхэлснийг энд сууж буй Монголын олон яруу найрагчид мэдэх билээ.
Монголын яруу найргийн эрт эдүгээгийн их өвийг тээгч туульчид заримдаа бүтэн сараар нэг туульсыг цээжнээсээ ундруулан цэцэлдэг билээ. Туульчид бол нутаг усандаа малаа маллаж, газар тэнгэртэйгээ хүүрнэж эртний санамжийг сэргээн амилуулж байдаг цаасгүй хөлгөн ботиуд юм. Бүх цаг үеийн үгийн дархчуул болох туульч, үлгэрч, яруу найрагч, зохиолч, үгийг эзэмдэгч нарын сэтгэлийн байгалилаг орон зайд үндэстнүүдийн хэл соёл хадгалагдан баяжиж, тэр хэрээр уудам агуулгаар цэнэглэгдэж, цаглашгүй утга санаа шингээн ирээдүй рүү цацарч байдаг байх аа. Үгээр илэрхийлэгдэж, яруу хэмнэлээр хэлбэржсэн оюун санаа он цагийн ой санамж дотор хадгалагдаж оршоод түүнийг өдөөн сэрээх ахуйд утгын долгионоо цацруулдаг аж. Ертөнцийн мэдээлэл долгионыг тэмтрэн барих ер бусын чадвар бол хүний байгалилаг оршихуй дах уугуул чанар юм. Ийм төрөлх мэдрэмж нь илүү заяагдмал хүмүүс яруу найрагтай илүү ойр дөт амьдардаг байх аа.
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр, дув дуугуй урсахад
Түүний дотор саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ.
Усанд туссан тэнгэрийн сарнаас "Янагийн үлгэр" сонсох тэмтрүүл "антень" бүхий агуу авьяастан бол 20-р зууны Монголын суут зохиолч, яруу найрагч, түүхч, орчуулагч Д.Нацагдорж(1906-1937) юм. Тэрбээр хорин хэдхэн насандаа бичсэн "Од" хэмээх шүлэгтээ; "Өлмий дээрээ зогссон хүн танай тэнд байна уу,үгүй юу” гэж "Марс" одноос асуусан бол түүнээс тавин жилийн дараа Монголын өөр нэгэн сод яруу найрагч Данзангийн Нямсүрэн (1947-2002) нэгэнтээ Дарьгангын хээр талдаа түрүүлгээ харж хэвтээд яруу найрагчийн сониуч зангаар нэг чихээрээ өвсний үндэс, нөгөө чихээрээ тэнгэрийг чагнажээ.
 Үндэсний үзүүрт нэгэн шавьж суучихаад
Үнэхээр миний мэдэхгүй нэг хөгжим тоглож байв
Тэр дуу хичнээн уянгалаг, бор шороо шиг энгийн
Бороог хүссэн модны дуу байваа
Харин нөгөөх чихэнд
Хачин тунгалаг, тэгсэн атлаа
Монголорхуу ярилцах эгшиг хөгживэй
Би түүнийг сонссон шүү, та минь
Бишгүй та нар сонсоно
Орчлон дэлхийнхээ хаалган дээрээс
Одонд хүмүүс ярилцахыг сонслоо...
 
Өөр гариг эрхэс дэх ураг садантайгаа холбоо тогтоох гэсэн яруу найрагчдын зөн мэдрэмж, 21-р зууны одон орон судлалын ачаар бодитой болох гэж байна. Манай дэлхий шиг амьдрал бүхий од гариг байгаа тухай шинжлэх ухааны эрдэмтэд шивнэлдээд эхэлчихлээ. Сансар хорвоогийн дохиог хүлээн авах, дэлхий ертөнцийн юмс үзэгдлийн зүй тогтол, байгальд буй урьдах оюун санааны бүх мэдээллийн нөөцийг задлан шинжлэх тийм агуу чадамж хүнд өөрт нь байгаад л хамаг учир нь оршино.
            Байгаль дэлхийн хууль болох хүмүүсийн сэтгэлийн дотоод аглаг, мэдээлэл дүүргэгч уут сав мэт болсоор буй ийм цаг үед яруу найрагчийн тунгалагшуулагч үүргийн талаар улам их ярих хэрэгтэй байна.
Персийн суут яруу найрагч Омар Хайям (1048-1131) мянган жилийн тэртээ бичихдээ,
Ганхаж буй сарнай цэцгийн бут бүхэн
Гайхам сайхан бүсгүйн чандараас ургасан байж таарна.
Өнөөдөр бидний гишгэж буй өвс бүхэн
Өчигдрийн цохилж асан зүрхнээс соёолсон байж таарна
(М.Шагдарсүрэнгийн орчуулга)
гэсэн бол Америкийн суут яруу найрагч Уолт Уйтмэн (1819-1892) "Өвсний навч" хэмээх алдарт номын "Энэ биеэ дуулна" хэмээх найраглалдаа, "Ай, би гэнэт нэг юм олж харлаа, Эд чинь хүний хэл юм, өвс ногоо ярьдаг юм байна" (6 дахь дуулал. Б.Магсаржавын орчуулга) гэж дуу алдсан байдаг. 11-р зуунд Омар Хайям, өвс ногоонд хүний, амь амьдрал хадгалагдаж үлддэгийг бичсэн бол, 19-р зууны яруу найрагч Уолт Уйтмен "Өвс ногоо ярьдаг" болохыг дуулжээ. Тэгвэл 20-р зууны Монголын яруу найрагч Д.Нямсүрэн;
Өнөө би
Өвс ногоон дээр гишгэнэм
Өвс ногоо хожим
Над дээр урганам
 хэмээн өвс хүн хоёрын ээлжлэн сэлгэх үйлийн үрийг дуулсан юм. Ширхэг өвснөөс өнө эртний түүхийг сонсох, ширхэг өвсөнд орших яруу сайхныг олж нээх, ширхэг өвсөнд оюун санаагаа шингээж өнө ирээдүй рүү зорчиход л яруу найргийн үнэ цэн оршном. Энэтхэгийн ард түмний суут хүү, Нобелийн шагналт яруу найрагч Рабиндранат Таагүр (1861-1941)
Үндэс гэгч
Газарт шургасан мөчир буюу
Мөчир гэгч
Тэнгэрт тэмүүлсэн үндэс буюу гэжээ (М.Цэдэндоржийн орчуулга)
Сансрын уудам орон зайн хэмжээсээр үзвэл, дээр, доор үндэс мөчрийн ялгаа үгүй билээ. Яруу найрагчийн дотоод сансарт ийм агуу дуран авай байдаг юмаа.
Таван мянган жилийн өмнө Вээдийн яруу найраг дээд оюун санаанаас хүмүүсийн сүнсний гэгээрлийн үрээр бууж ирсэн гэдэг юм. Нийтийн тооллын 8-р зуунд эртний Тан улсын яруу найрагч "тэнгэрийн харьяат" Ли Бай газар дэлхийд ирж яруу найргаа дуулж гүйцээд тэнгэртээ буцсан гэдэг нь ч бас үнэн байх аа. 18-р зууны сүүлчээр Английн яруу найрагч Самуэл Колериж, өөрөөсөө 400 гаруй жилийн  өмнөх Монголын Юань гүрний нийслэлд зүүд зөнгөөрөө аялан очиж Шандуу ордныг нүдээр үзээд, "Хубилай хаан" хэмээх суут бүтээлээ олж ирсэн нь ч гайхах зүйл биш. 19-р зууны Оросын суут яруу найрагч Александр Пушкин, Дантест буудуулж зүрх нь зогссон гэдэг худлаа, түүний зүрх ертөнцийн оюун санаанд цохилсоор байна. Түүнтэй  нэгэн цаг үеийн Монголын яруу найрагч гэгээнтэн Данзанравжаа, хорлогчийн хорт идээг хүртэн насан эцэслээгүй, тэр өөрийн олж нээсэн Шамбалын хаалгаар явж одоод мөнхийн хутаг олсон  гэж бодож байна.  Өнгөрсөн зууны хорин есөн онд шөнийн сарны гэгээн тунгалгийг гайхан биширч сүүлчийн үгээ бичээд хорин зургаахан насандаа хорвоогоос одсон Японы яруу найрагч Канэко Мисүзүгийн (1903-1929) төрсөн дүүдээ хадгалуулан үлдээсэн гар бичмэл дотроос гарч ирсэн нэгэн шүлэгт,
Зөгий цэцгэн дотроо
Цэцэг нь хашаан дотроо
Хашаа нь газар дотроо
Газар нь хот дотроо
Хот нь Япон дотроо
Япон нь ертөнц дотроо
Ертөнц нь бурхан дотроо
Тэгээд, тэгээд бурхан нь
Жижигхээн, зөгийн дотроо... (С.Хишигсүрэнгийн орчуулга)
гэжээ. Бүх юмс бие биесийн дотор орших орчлон дэлхийгээ аврахад бид юу хийж чадах вэ?
           
            Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая, яруу найрагчидаа! Байгалийнхаа оюун санааг сонсож, яруу найргаараа хүмүүний сэтгэлийн байгалийг өөрт нь нээж өгвөөс гариг дэлхийгээ амар амгалан болгоход үлэмжийн их тус хүргэюү.
Уруул давсан дуу
Уул давна
Уул давсан дуу
Дэлхий тойрно /Өөрийн бадгаас/
Бүх дуу - бүх яруу найраг дэлхий тойрох болтугай.
 
2017.08.17. Төрийн Ордон.
 
 
 
TOP