Шүлгүүд

ДӨРВӨН УЛААН НАВЧ

1.
Чийг дааварласан хөвчийн шинэс модод чичрүүстэй ч
Чи бидэн хоёрын өмнөх навч ассан гал шиг улайвай
Салаалж, нийлж сарнисан олон замын бэлчир шиг
Саяын навчны судал бидний зугаалгыг бичиглэвэй.

2.
Лэглэгэр цагаан манан тайзны хөшиг шиг унжиж
Хөглөгөр их ой хөрөөдсөн тайрдас шиг харагдвай
Хүслийн мод бүхэн ногоон навчин дэвүүртэй сэн
Хүйтэн царайтай тэнгэр улаан навчаар уйлвай.

3.
Хамгийн сүүлчийн бороо улаан навч шижигнүүлж
Харуй бүрийн завсарт нүцгэн ой нүүгэлтвэй
Хайртай хүмүүс жаргахынхаа төлөө зовдог хорвоод
Харин, бидэн хоёр зовохынхоо төлөө жаргавай

4.
Намар оройн бороо цагийн хөлд царцаж
Насны энэхэн хөтөл дээр цасны ширхэг цайрвай
Зурсан зүрх гэмээр час улаан навчис
Лавсан нэвсийх цасан хөнжил нөмөрвэй
TOP