Шүлгүүд

ЧАМ РУУ БИ ЯВЖ БАЙНА

Он цагийг туулан нар сарыг дагуулаад
Онч мэргэн өвгөдийн бартаат замыг сүлжээд
Олон олон уул толгод, даваа гүвээг хэжээд
Хэдэн зуун гол мөрнийг хөндлөн гаталсаар
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна

Явдал замд мөсөөр шуурч, галаар тургивч
Явган хэл, хов үгийн манан татавч
Ялдам тунгалаг бодлоо толбо тортогоос харамнан
Чин зүрхнийхээ хайраар зангилаа бүхнийг тайлж
Чийг даасан хүйтэн салхинд шилбүүрдүүрсээр
Чиглэсэн зүгээ чанх барьж
Чам руу би явж байна

Намрын гуниг, хаврын сэрлийг хамтад нь тээж
Насны галыг нарны илчтэй цугт нь атгаж
Навчтай цуг навчилж, гандахад нь хамт гандаж
Цэцэг жимстэй цэнгэлдэх хүрээлэн дундуур
Цэнгэл амлах хундагатай мутрын дэргэдүүр
Цэхэлж хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр
Чам руу би явж байна

Аян туршийн хамгийн гэгээтэй бодлоо
Амьдралынхаа бурам мэт амтат мөчүүдээ
Амин хувийнхаа алив нууц далд бүхнээ
Оюуныхаа санд эрихлэн хэлхээд
Он цагийн эцэс төгсгөлгүй дундуур
Орон зайн хаяа хязгааргүй дундуур
Чам руу би явж байна

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийх бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгин
Хайрын охь-мөнхийн дуугаа эрсээр
Чам руу л би явж байна
TOP