НҮҮДЭЛЧИН ОДНЫ ҮЛГЭР
Алаг Бөөрийн говиор олон жил хур бороо оролгүй хуурайшин, өвс ногоо тачирдаж, ус булаг ховорджээ.
Алтан Бумбарай хүү алтан шарга морио унаад нүүдэл хөтөлж гэнэ. Мөнгөн Бумбарай хүү мөнгөн шарга морио унаад нүүдлийн хөсгийг дагаж гэнэ. Тэр нүүдэл хөсөгний урт гэдэг нь, түүчээ нь хангайн уулыг давж байхад сүүлч нь говийн будан дундаас сугараагүй байж гэнэ. Их нүүдлийн түүчээнд яваа эрдэнийн цагаан ат хөлөлсөн, арц шилмүүсэн дээвэртэй агар зандан жуузанд Алтан Бумбарай, Мөнгөн Бумбарай хоёр хүүгийн ээж Оюу Сүндэл хатан сууж явна.
-За, миний хүүхдүүд өдөртөө бол тэнгэр тулж харагдах тэр л цэнхэр суварган уулыг чиглээд яваад байгаарай. Шөнөдөө бол түүний чанх дээрх цэнхэр сувдан одыг чиглээд л яваад байгаарай. Нүүдлээ зогсоож болохгүй шүү. Аав нь ар өврийн ан гөрөөсийг хураагаад хойноос чинь гүйцээд ирье хэмээн хэлээд бороо салхинд гүйцэгддэггүй бор цоохор морио унаад хий салхинд гүйцэгддэггүй хилэн хар морио хөтлөөд яваад өгч гэнэ.
Алтан Бумбарай хүүгийн хөтөлсөн нүүдлийн түрүүч тэнгэр тулам цэнхэр суварган уулсын орой тагтанд гарч ирэхэд аав нь ирээгүй л байлаа. Яваад л байж, Яваад л байж. Уулын ташлан дээгүүр явсаар шөнө болж гэнэ.
-Ээжээ, ээжээ яваад л байх уу, газар дуусаад тэнгэр эхэлж байна, энд буухгүй юм уу гэж. Оюу Сүндэл хатан хэлж гэнэ.
-Өдөртөө бол цэнхэр суварган уулыг, Шөнөдөө бол дээрх цэнхэр сувдан одыг чиглээд л яваад байгаарай . Нүүдлээ зогсоож болохгүй шүү гэсэн билээ. Оюу Сүндэл хатан:
Ээжээ, ээжээ яваад л байх уу, газар дуусаад тэнгэрийн гүүрээр гарсан билээ. Одоо тэнгэрийн гүүр төгсөж цэнхэр сувдан одон дээр гараад явж байна, энд буухгүй юм болов уу гэж. Оюу Сүндэл хатан хэлж гэнэ.
Ийнхүү Алтан Бумбарай, Мөнгөн Бумбарай хоёр хүү, Оюу Сүндэл хатан гурвуулаа идээшин дассан Алаг бөөрийн говь, Алтай Сүмбэр хаан аавын үлдсэн газар дэлхийгээсээ тасран салж, хөх тэнгэрийн оронд гараад ирсэн байжээ.
Хөх тэнгэрийн орны бүх юм эрдэнээр бүтсэн. Байшин барилга нь молор эрдэнийн туургатай, алт мөнгөн дээвэртэй, шүрэн баганатай юм гэнэ. явдаг зам нь сувд асгасан, газар шороо нь тэр аяараа оюу номин юм гэнэ ээ. Тэнд юм бүхэн өөрөөсөө гэрэлтэж харагдана. Тэнд уйлах, гуниглах, өлсөх, ундаасах, зовох юм нэг ч үгүй юм гэнэ.
Тэнгэрийн орныхон гал түлж мэдэхгүй, зөвхөн хувилгаанаар цай хоолоо болгодог юм гэнэ. Ийм болохоор Оюу Сүндэл хатан тэнгэрийн араг савар одыг гуйж атан тэмээнийхээ хорголыг түүж, гал асааж цайгаа чанаад тэнгийн ачаанд байсан цай, сүү, борц боорцогоо гаргаж алжаалаа тайлан цайлж гэнээ.
Тэнгэрийн хааны молор эрдэнийн хотын орны хүүхдүүд гайхалдан харцгааж, тэнгэрийн оронд орд гэрээ барьж саатан амьдрахыг урьж байна гэнэ. Тэнгэрийн оронд дутах юмгүй. Тэмээ малаа өсгөж, өмсөх зүүх, идэх уух бүх юм хүссэнээр хувилан бий болох бөгөөд энд суудаг хүмүүс үхэлгүй мөнх наслана хэмээн урьсаар байж гэнэ.
Алтан Бумбарай, Мөнгөн Бумбарай, Оюу Сүндэл гурав тэнгэрийн орныхонд баярлаж гялайснаа илэрхийлээд;
Тэнгэрийн хааны зурхайч ийн өгүүлж гэнэ:
Алтан Бумбарай, Мөнгөн Бумбарай хоёр хүү, эргэж ирэхийн бэлгэдэл болгож алтан, мөнгөн хоёр шарга морио алтан гадас одонд аргамжаатай нь үлдээгээд тэнгэрийн хан хүүгийн хос үүлэн бор морийг хүлэглээд Оюу Сүндэл ээжийгээ арц шилмүүсэн дээвэртэй агар зандан жуузанд нь суулгаад тэнгэрийн заадас уруудан нүүсээр л яваа юмсанжээ.