Байгаль экологи

МЯНГАН ТОГОРУУНЫ НЭГИЙГ ИЛГЭЭЕ

“Ази дайн руу алхаж байна” хэмээн өрнийн зарим хэвлэл бичиж, манай тив дэх энх тайван хэврэгшиж байгаа тухай дуу дуугаа аван шуугиж байна. Япон Хятадын хоорондох Диаоюү арлын маргаан... түүн дээр Япон, Өмнөд Солонгосын Такашема арлын маргааныг сануулж, Өмнөд Хятадын тэнгим дэх Вьетнам, Хятад, Филипин, Малайз, Бруней, Тайланд улсуудын хооронд асуудалтай байгаа бүлэг арлын маргааныг өдөөн нэрлэж “Ази эмзэглэж байна” хээмэн бичсээр байна. Ялангуяа Хойд, Өмнөд хоёр Солонгосын хоорондох үл ойлголцол, Хойд Солонгос дах газар доор хийсэн цөмийн туршилт бүүр ч их шуугианыг дагуулж “Ази ганхаж эхлэх” тухай бичих болов. Өмнөд Солонгосын газрын гүнд 2006 онд хийсэн туршилт нь 4500 км алсад буй Канадын Иеллоунайф хотод мэдэгдэж агаарын даралт унаж, цацраг идэвхт бодисын нөлөөлө ажиглагдсан тухай Олон улсын цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэх байгууллагын ажилтан ярьсаныг хэвлэлээс уншиж байснаа санаж байна. Тэгвэл тэр үед 1 килотонн байсан атомын тэсрэлт эдүгээ 6-7 килотонн болон хүч нь нэмэгдсэн нь бүүр ч аймшигтай. Дэлхийн хэвлийд чичиргээ ийнхүү мэдэгдэх болсон нь улс орнуудын энх амгалан байдлыг цочроож буй төдийгүй хүрээлэн байгаа орчинд ямар гамшиг уршиг тарьж буйг хэлж баршгүй. Хойд Солонгос дайны байдалд бүрэн шилжлээ...

Дэлхий дахиныг цочроож буй энэ мэдээ Монголын хээр талд хонио хариулж яваа нүүдэлчин ардыг хүртэл сэрдхийлгэжээ. Саяхан Дарьгангаас ирсэн манай садангийн залуу Ц.Болор

- Тэр цөмийн бөмбөг гэдгийг чинь ураанаар хийдэг гэж ярих юм. Манай нутгийн доогуур тэр ураан чинь их байгаа юм гэнэ ээ. Тэгээд хайгуул хийх зөвшөөрөлтэй гээд баахан гадаад улс давхиж явна гэлцэнэ. Ер нь манай дэлхий чинь юу болоод байна аа? хэмээх асуух сэрэмжлүүлэх зэрэгцэн ярьж байна.

Бэлчээр нутгийн доороос нь үлэмж их баялаг ухаж олборлоод хээр тал нутагт гоёмсог хот байгуулж, төмөр зам тавиад нүүдэлч малчдын “хоцрогдсон” гэх ахуйг өөд нь татаж хөгжүүлэх тухай XXI зууны “шинэ үлгэр” зохиогоод ярьж явна. Дэлхийн баян компаниудад найр тавиад тэрхүү худалдсан ураанаараа их ашиг олоод түүгээрээ монголоо дэлхийн бар улс болгох үлгэрт малчид итгэхээ нэгэнт больжээ. Дэлхийн бөөрний дэлэмхэн хэсэгт торж үлдсэн нүүдэлчин ахуй унаган төрхөөрөө тэсч байх эсэх нь дэлхий дахин атомын эрч хүч рүү тэмүүлсэн хэвээр байх уу , түүнээс татгалзах уу гэдгээс хамааралтай болчихоод байна.

Манай бөмбөрцөгийн хамгийн амар амгалан хэсэгт аж төрдөг монгол нүүдэлчид ийнхүү атомын аюулд гэгчээс ийнхүү айн түгших болчихлоо.

Өнгөрсөн арван нэгэн сард Сока Гаккай интернайшнл байгууллагын урилгаар Японд айлчилсан доктор Б.Магсаржав бид хоёрт Хирошимаг үзүүлэх хөтөлбөр гаргасан нь тэд нэгийг сана, хоёрыг бод гэсэн үг мэт санагдвай.

Хирошима бол хүн төрөлхтний зүрх сэтгэлд үүрд үлдсэн шарх сорви юм. Бэртэнгэтэй хүн цаг агаар муудахаар бие янгинаж өвддөг лүгээ Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн газар доорх туршилт болон сүүлийн мэдэгдэлүүд манай дэлхийн хуучин бэртэнгийг сэдрээж байна.

Цаасан шувууны домгийг бага сургуульд байхаасаа сонсож байсан ч түүнийг домог л гэж бодож явлаа. Хирошимад очоод Садока охины эмийн боолт, чихрийн цаасаар хийсэн цаасан шувуудыг үзээд энэ бол домог бишээр барахгүй дайн, тэр тусмаа цөмийн дайны аюулын эсрэг тэр зовлонг туулсан элчийн нисгэсэн түүхэн шувуунууд болохыг нүдээр үзлээ. Хирошимагийн энх тайвны цэцэрлэг дах Садока охины дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд бид цэцэг өргөлөө. Садока охин зуун мянган цаасан шувуу хийж нисгэвээс зовлонгоос гэтлэнэ гэсэн эртний домогт итгэж байжээ.

Гэвч тэр хүссэн тоогоо гүйцээж чадалгүй, цөмийн цацраг туяаны хордлогоор арван хэдхэн насандаа хорвоог орхин “нисчээ”. Харин тив дэлхийн хүүхдүүд, түүний хүслийг гүйцээх гэж мянга мянгаар нь цаасан шувуу хийж хөшөөнд өргөдөг аж. Цаасан шувуу нэмэгдсээр л байна. Багтахаа болино. Тэдгээр шувуу урласан цаасыг дахин боловсруулаад түүгээр нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг гэх мэт олон юм хийдэг юм байна. Би тэндээс авсан үзгээрээ энэхүү эсээгээ бичиж уншигчдын сэтгэл рүү илгээх зохиолчийн мэссэжээ бичиж байгаа нь Садока охины хүсэл мөрөөдлийг биелүүлэх тухайд юм. Тэр охин дайн дажингүй, зүгээр л элэг бүтэн амар амгалан амьдарч, сурч, хийж бүтээхийг хүсч байсан юм. Түүний хүсэл бол манай дэлхийд хүн болж төрсөн бүхний мөрөөдлийг илэрхийлж байгаад л бүх учир буй. Садока охин яагаад өвдөх шаналахын бэрх зовлонг үзэв, яагаад цэцэглэж буй арван хэдхэн насандаа хорвоог орхив? Хариулт нь дайн, хүчирхийлэл, цөмийн зэвсгийн аюул! Яагаад ийм байдалд хүрэв?

Хирошимад ийм асуулт миний өмнө байна байн гарч ирээд байлаа. Яагаад ч юм түүхийн агшинууд миний тархины бор хальсийг цочроочихлоо. Гэнэт л миний чихэнд морьт цэргийн уухай сонсогдов. Хувилай хааны Японы арал руу хийсэн аян дайны уухайн чимээ! Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн арлын дээгүүр морьт цэргийн атак уухайлан орж ирсэн нь санаад багтамгүй ер бусын үйл явдал байлаа. Япончууд цэргийн хүчээр эсэргүүцсээр байсан ч бөөн бөөн хүч ар араасаа арал дээр ирсээр ер дийлэгдэшгүйд, номын хүчийг нэмэгдүүлж Японы бүх сүм хийдүүдэд дайны хүчийг номхотгох уншлага үйлдэж, лам нар бясалгал залбиралаа арлын энх тунхын төлөө зориулж, тэнгэр бурханаас ивээл тусламж эрэлхийлсээр байх үед Хубилай хааны илгээсэн цэргүүдийг усан хуй эрчлэн авч хөлөг онгоц юутай хуйтай нь далайд үйсэн гэдэг. Түүнийг “бурханы салхи” байсан гэлцэнэ. Тийм томоохон зад буулгах шидийг удирдсан гэгээнтэнүүдийн дотор Ничирин хувилгааны нэр түүхнээ дурдагддаг билээ. Би бээр дөрвөн жилийн өмнө Камакура дахь Японд цаазлуулсан Монгол элч нарын онгонд очиж билээ. Ничирин гэгээнтэн цаазлагдсан элч нарыг хүмүүний ёсоор бунхлан оршуулж, хойлго ёсыг үйлджээ. Ничирин хувраг хүний хувьд хүчирхийлэл, дайн самууны эсрэг хатуу зогсож байв. Дөрвөн элчийг цаазалсан нь ч, Монгол цэрэг Японы арлыг эзлэхээр довтолсон нь ч Буддын шашинтан хуврагийн номын ёсонд харшилж байсан нь мэдээж билээ. Гучин долоон онд Монголчуудын мах цасан дахь эрт галавын араншин буцалж бие биеэ гүтгэж, яргалж хомроглон баривчилж хороосон аймшигт хэлмэгдүүлэлтийн хар сүүдлийг дагаж Халхын голын дайн дэгдсэн юм шиг санагддаг. Халхын голоор орж ирсэн Японы Квантуны армийн хийсэн довтолгоо нь эцсийн эцэст ямар зорилго агуулж байсныг би сайн мэдэхгүй, харин Японы эрин үеийн агуу их сэтгэгч, энх тайвны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Дайсаку Икеда гуай бол “Халхын голын хэрэг явдал Япончуудын хувьд утгагүй бүдүүлэг зүйл болсон” гэж үздэг тухай Сока Гаккайн Олон улсын харилцааны ажиллтан Эйжи Оучи гуай ярьж байсныг би санаж байна. Оучи сан ярихдаа “манай аав Халхын голд олзлогдож азаар Япондоо эсэн мэнд буцаж ирснээр би төрсөн юм даа” гэж билээ. Гучаад оны сүүл дөчөөд онд Манжуур, Монгол, Зүүн хойд хятад, цаашлаад Азид ноёрхох гэсэн Японы тухайн цагийн улс төрийн үйл явц нь Хирошима, Нагасакад болсон аймшигт цөмийн дэлбэрэлтээр төгсгөл болсон гэж номонд бичсэнийг уншиж байсан санагдана. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтандаа омогшсон их гүрнүүдийн удирдагчид Японд томоохон сануулга, сүрдүүлэг бас сургамж болгож хийсэн атомын бөмбөгийн туршилтад энгийн иргэд голдуу оршин суух хотууд үнсэн товрог болсон нь Улс төрөөр өдөөгдсөн хэрэг явдлын золиосонд ард олон хэлмэгддэгийн жишээ. Мэдээж дайн түрэмгийлэлийг ард түмэн өдөөгүй, улс төрийн удирдагчид буруутай. Японы хүч хэрэглэх бодлогыг эсэргүүцэгчид олон байсан нь мэдээж. Тэдний тэргүүн эгнээнд Дайсаку Икеда гуайн багш нар болох Макагучи, Тода нар явж байлаа. Тэд Ничирин гэгээнтний философийг үргэлжлүүлэгчид байлаа.

Гэгээн багш нарыг залгамжлагч, цэл залуу Дайсаку Икеда энх тайван цагийн их бүтээн байгуулалтад залуу үеийнхнийг уриалан ханцуй шамлан орсон бөгөөд Сока Гаккай интернэйшнл байгууллагын энхжүүлэгч үзэл санааны тугийн доор дэлхийн энх тайван, урлагийн ордон, Боловсролын цогцолборууд сүндэрлэн боссон байна. Дайсаку Икеда гуай бол даян дэлхийн энх тайвны үйлсэд асар их нөлөөтэй хүн. Япон, Хятадын хүйтрэлийн дараа Дипломат харилцаа дахин сэргэсний 40 жилийн ойд зориулж Хятадад хэвлэсэн сэтгүүлийн нэг дугаарыг хоёр орны харилцаанд Дайсаку Икеда гуайн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг тэнд нь он дараалан үгүүлжээ. 40-өөд жилийн тэртээ 1972 онд Хятадын удирдагчийн нэг Жоун Лийг эмнэлэгт байхад нь андын ёсоор эргэжээ. Чухам тэр энгийн гэмээр уулзалт дулаарлыг эхлүүлжээ. Сэтгүүлийн хуудасыг эргүүлбэл Моа Цзе Дунтай, Дэн Ся Пинтэй, Зян Зя Минтэй, Хуа Жин таотай уулзаж буй түүхэн зургууд энэ их хүний ардын дипломатын түүхийг үгүүлнэ.

Икеда гуай Английн түүхч Тойнбы, Оросын ерөнхийлөгч М.Горбачев, их зохиолч Чингис Айтматов, Африк тивийн энх тайвны их элч Нелсон Мандела тэргүүт тив дэлхийн 200 гаруй хүнтэй ойр шадар явж хийсэн ярилцлагуудын ном нь ихэд алдартай. Өнөөгийн ертөнцөд энх тайвныг тогтоон барихад ийм л энхийн элч, ардын дипломатууд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Хирошимад Дайсаку Икеда гуайн байгуулсан Энхтайвны дэлхийн ордон чухам ийм л энхийн тунхагийг хүн төрөлхтөнд илгээнэм. Хирошимагийн дэлбэрэлтэд эрсэдсэн Садока охины цаасан шувуу ч Дайны дараах энхтайвны их элч Дайсаку Икеда гуайн туурвин бүтээсэн мянга мянган ном бүтээл ч хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийн элч нь болон ирээдүй рүү ниснэм.

Хирошимагаас нисч цаст Фүжи уулын өмнүүр өнгөрч явахдаа би, “монголын хээр талын доогуур байгаа урааны их нөөцийг өнөө маргаашийн ашгийн төлөө ухуулж хүн төрөлхтний өмнө ирээдүйн бас нэгэн гамшигийн үрийг тарих атомын үйлдвэрлэлээс, тэр ч бүү хэл атомын түүний эд болох ураан олзворлох, эрэл хайгуул хийхээс Монгол улс татгалзвал том буян болно доо” хэмээн цаасан шувуугаар хийсэн тэмдэглэлийн дэвтэртээ таталган бичжээ.

Хүний бүтээл хичнээн агуу хүчирхэг, бат бөхийг хийж чадах ч гэлээ, байгалийн хүчин зүйлийн өмнө өчүүхэн юм шүү гэдгийг Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт харуулсан юм. Одоо хүн төрөлхтөн, хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж өөрийн гээсэн үнэт зүйлсээ эргэн харах, өмнөх түүхэн сургамжуудаа дурсан санагалзах хэрэгтэй цаг иржээ. Ядон улс ч үүнийг сайн ойлгож буй ураан атомын цахилгаан станцуудаа ихэнхийг нь зогсоогоод байна. Герман улс атомаас татгалзчихлаа. Японы эрдэмтэд 2050 хэмээх томоохон төсөл дээр ажиллаж, хүн төрөлхтний эрчим хүчний нөөцийг газар доорх баялаг бус, нар сар, салхи гэх мэт шавхагдашгүй эх булгаас авах барилга байгууламжуудыг бариад эхэлчихжээ. Монгол улс ураанаар бус, нар салнхин

Дэлхий маань жижигхэн юм. Баялаг нь хязгаартай юм. Хүний хүсэл шунал хязгааргүй шүү дээ.

Үзвэл, Садока охины хөшөөнд өргөсөн цаасан шувуугаар хийсэн үзгэн дээр “ирээдүйдээ итгэх мянган тогоруу төсөл” хэмээх энгийн үг бичжээ. Монгол зохиолчийн энэ тэмдэглэл төсөлд нэмэрлэх мянган шувууны нэг нь болон нистүгэй!

2013.3.31

Улаанбаатар
http://art.news.mn/content/147628.shtml

TOP