ЯРУУ НАЙРАГ БОЛ “УХААН БОДЛООС БОСООГООРОО ТӨРСӨН ГУУРСТ ХҮЛЭГ”
Хөдөөх малчны хүү би морин дэл дээр “нисч” сурсан билээ. Хүлгийн туурай газар хүрэн алдана. Бүүр заримдаа эх талынхааа хөрснөөс тасран хөөрөх мэт. Хүүхэд ахуйн гандаж сэмэрсэн цамц минь шувууны далавч адил ар нуруунд дэвээд “надад жигүүр ургажээ” хэмээн бодогдоод ямар нэгэн үл ойлгогдох омог омогшил цээж дүүрээд
“Гүү-үү-үү-үүг“ хэмээн улам хурдлахын дөл бадрана. Магадгүй яруу найргийн онгодын жигүүр өдөлсөн нь тэр байхаа. Гүүглэхэд морь улам хурдлана. Хүний үрд байтугай хүлэг моринд ойлгогдох энэ сонсголонт үгнээс би яруу найргийн эрч хүчийг анх хүлээн авсан болов уу? “Гүүг” гэж ямар их шидэт үг вэ? Энэхүү гуурст үгийг морин дэл дээр мэдэрч дүүлэн нисэхийн ид хаваар цэнэглэгдсэн нүүдэлчин, малчин өвгө маань чухамхүү яруу найргаар сэтгэж үлгэрийн үүлэн бор мориний домгийг зохиосон буй заа.Чухамхүү хүлэг мориороо зуун зууныг дүүлэн гэтэлсэн нүүдэлчин монголчууд л морин хуур хэмээх аялгуун жигүүртэй дуун-хүлэг бүтээсэн буй заа.
Замдаа дэн буудлын газарт саатсан шиг явсаар орой арван нэгэн цагт Лос Анжелос хотын зах руу орж ирээд утасдвал Монголын боловсролтой залуусын нэг урлаг судлаач Х.Жамбалжамц дүү маань “жип” машинаа хөлөглөөд авъяаслаг төгөлдөр хуурч гэргий Ж.Аминаатайгаа хүрч ирлээ. Шөнө дунд Лос Анжелос хотын Холливудын гудамжаар зориуд зам даялан орж ирэхдээ Жамбал маань миний авчирч бэлэглэсэн CD-г тавьтал морин хуурын аялгуунд Норовбанзад “Торой бандийг” хангинуулж гарлаа. Хөгжим тоглуулагчаа тултал чангалж машиныхаа цонхнуудыг цэлийтэл нээгээд шөнийн Холливуд дундуур давхихад цэнгээний газраас оройтосхийн гарч яваа дэгжин зэгзгэр залуус хаанаас ийм ер бусын аялгуу гараад байгаа юм бол гэх шиг гайхасхийн ийш тийш чих сортойлгох нь соньхон. Жамбал маань
Дэлхийн Яруу Найрагчдын хорин тав дахь Их хурал Лос Анжелос хотын Манхатен дүүргийн Айрес зочид буудалд боллоо. Их хурлын хамгийн хүндтэй зочин нь хамгийн ойроос ирсэн яруу найрагч Росемари С.Вилкинсон хатагтай байлаа. Эдүгээ нас ная гарсан энэ хатагтай Дэлхийн Яруу Найрагчдын анхны хурлаас эхлээд, жирийн нарийн бичгээс Дэлхийн Яруу Найрагчдыг гучаад жил удирдах хүртлээ гайхамшигт урт зам туулж нэгэн ёсны дэлхийн найрагчдын эгшигт эх нь болжээ. Түүний бие тааруу байв. Хорт хавдараар өвчилсөн түүнийг таван тивийн яруу найрагчид яруу найргийн увидаст үгээрээ хоёр жил “эмчилж” насыг нь уртасгажээ. Энэ тухай тэр бээр сэтгэл догдлон ярив. Тэрбээр яруу найрагч нөхдийнхөө халуун дулаан үгээр өвчилсөн бие, шаналсан сэтгэлээ анагааж, “Хүн төрөлхтөнд зориулах яруу найргийн өргөл” хэмээх асах том туульсийн бүтээлээ туурвиж байгаа ажээ. Энэ эрхэм хүнтэй би 2000 онд Токиод Дэлхийн Яруу Найрагчдын их наадам дээр танилцсан билээ. Түүний бичгийн машинаар дэлгэрэнгүй хийгээд нямбайлан бичсэн ажил хэрэгч, халуун дотно үгтэй олон захидалыг би хүлээн авсан. Захидал дотроо өөрийн цэцэрлэгийн цэцгийн дэлбээ, навчис, уран бүтээлийн өргөөнийхөө дөрвөн улиралын зураг тэргүүтэнийг илгээсэн байдаг. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгчөөр тасралтгүй арван таван жил ажилласан түүний бичиг захидалын харилцааны өндөр соёл гайхал төрүүлдэг. Тайваны нэгэн яруу найргийн сэтгүүл дээр түүний хөргийг дорно дахины бурхан бүтээх тигээр цэцгэнбад дээр солонгоруулан зурсан нь эгшигт эхийн дайтай хүндэтгэсэний илэрхийлэл байв.
Одоогоос дөч шахам жилийн өмнө нэр цуут дөрвөн яруу найрагч нэгдэж Дэлхийн Яруу Найрагчдын анхны их хурлыг зохион байгуулахдаа “Найргаараа нэгдэж, даяарыг амгалан болгоё” гэсэн агуулгатай уриаг дэвшүүлжээ. Хүйтэн дайны үед энх амгалангийн утга учрыг чухам яруу найрагчид л хүчтэй илэрхийлж байлаа. “Хэрвээ ертөнцийд ан цав гарвал тэр нь яруу найрагчийн зүрхийг дайран өнгөрдөг” хэмээн аль дивангарт Саади бичсэн нь эдүгээ цагт ч хуучраагүй л байна. Харин эдүгээ цагт яруу найрагчид улс орнуудын хил хязгаар хийгээд нийгмийн хөгжилийн ялгаа зэргээс хамааралтай ард түмнүүдийн үл нэвтрэлцэх саад хэрмийг яруу найргийн хүчит жигүүрээр даван дүүлж болно хэмээн үзэж байна. Яруу найраг бол чухам жигүүрт хүлэг учраас энэ.
-Монголын XX зууны их яруу найрагч Б.Явуухулан одоогоос гуч шахам жилийн өмнө “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж шүлэглэсэн юм. Тухайн нийгмийн тогтолцоо хийгээд хэлний бэрхшээлээс болоод тэр агуу их яруу найрагчийг бид бурханы оронд заларсан хойно нь дэлхийд зарлаж байна. Гэвч агуу их яруу найрагч болгон амьдаасаа илүү амьдраагүй цаг үедээ алдаршдаг хувь тавилантай юм даа. Монгол яруу найрагч тэр өөрийгөө дэлхий хүлээн авна гэдгийг мэдэж байсан юм. Түүний гэрээслэлийг биелүүлэх үүргийг шавь нар нь хүлээн авсан юм” гэж хэлээд шүлгээ монгол аялгуугаараа намдуухан уншлаа. Миний шүлгийг орчуулсан яруу найрагч Имрэ Цолдос англи хэлээр дуудав. Яруу найраг унших урлагаас гадна сонсох урлаг гэж өндөр соёл байдаг ажээ. “Хуучин сүмийн хонхны дууг” улаан дарсны жүнзний жингэнэх авиа залгав. Яруу найрагч Имрэ Цолдос гуай хажууд минь хүрч ирээд,
Хумхийн тоосны чинээ хувьхан чөлөөнд ч
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй...
Испани хэлээр Венесуэлийн яруу найрагчийн шүлэг түрүүлэв. Шагнал хүртсэн зургаан яруу найрагчийн нэгний нь санал болгосноор уралдааны мөнгөн шагналаа “Бурханы хайр” болгож Дэлхийн яруу найргийн эгшигт эх болсон Росемэри С.Вилкинсон гуайн эмчилгээнд зориулан үлдээхээр тохирлоо. Шөнө дөл болтол бүжиг наадам , дуу хуур болов. Жамбал маань Баатар бид хоёрыг бүжгийн талбай руу шууд түлхэж оруулав. Уулаасаа бүжиглэж сураагүй бид хоёр тэр дороо нүүр хагарч, биеийн хүлээс ч тайлагдаж яруу найрагч хүүхнүүдтэй яралзтал бүжиглэж гарлаа.
Америкийн Ерөнхийлөгч Бушийн сонгуулийн өмнө тэргүүн хатагтай яруу найрагчидыг цагаан ордондоо урих болжээ. Мэдээж, яруу найрагчид нийгэмд маш нөлөөтэй хүмүүс байдаг учраас сонгуульдаа “ашиглах” асуудлыг сэдсэн хэрэг. Урих тухай асуудлыг нөлөө бүхий яруу найрагчидад сэм дуулгаад байдлыг тандаж. Иракийн дайныг эсэргүүцэж байсан яруу найрагч Сам Хаммел цагаан ордонд очиж Ерөнхийлөгчтэй уулзахгүй гэж шийджээ. Хэрэв уулзвал юу гэж хэлэх байсан вэ гэж бодоод бичсэн нэгэн шүлгээ яруу найрагч найз нартаа илгээж. Хүн төрөлхтөний энх амгалангийн элчийн үг бүхий тэр шүлгийг хүлээн авсан найз нар нь ч мөн дайны эсрэг сэдэвтэй шүлгээр хариу барьжээ. Сам Хаммел өөрт цугларсан шүлгүүдээрээ вэб нээв. Америкийн зуу зуун, мянга мянган яруу найрагчид энхийн элч байх үгээ хэлцгээв. Ерөнхийлөгчийн уулзалтанд очихгүй хэмээн бодож байсан яруу найрагч Сам Хаммел нөхдийнхөө дуу хоолойнд зоригжиж цагаан ордонд очиж шүлгээ уншихаар бэлтгэв. Түүний яруу найрагч анд нөхөд нь ч мөн уулзалтанд сэтгэл догдлон бэлтгэж эхэллээ. Гэтэл нэг өдөр “Уулзалт зохион байгуулах боломжгүй боллоо” гэсэн мессэж ирэв. Ер нь яруу найрагчид хэзээнээсээ дайныг үзэн яддаг. Иракийн дайныг ч мөн л тийм уур амьсгалаар хүлээн авсан хэрэг. Хэрэв цагаан ордонд яруу найрагчид цугларсан бол ямар уур амьсгал тэнд буй болох байсан нь ойлгомжтой. Яруу найраг хүчтэй хэвээрээ, яруу найрагчид нөлөөтэй хэвээрээ байгаа юм байна.
Магадгүй яг энэ мөчид Англи улсын нэгэн Буддийн шашинт, уран зохиолч, судлаач залуу Равжаагийн “Яруу найргийн цоморлиг” хэмээх бүрэн шүлгийн түүврийг амтархан цэнгэж уншаад орчуулах юмсан гэж бодсон буй заа. Интернэт рүүгээ орж үзвэл Симон Смит хэмээх тэр залуу GUNU сэтгүүлээс манай хаягийг олж аваад захиа бичсэн байлаа. Тэрбээр VI Далай лам Цаянжамцыг судладаг, түүний “Янагийн дуулал” хэмээх алдарт найраглалыг орчуулчихсан хүн байна. Түүнд урмын үг хэрэгтэй гэж бодоод догдлонгуй сайхан захиа бичээд илгээчихлээ. Тэгсэн “амар байна уу” гэсэн биш гэгчээр захидлаар дарж гарлаа. Равжаагаас ойлгохгүй үгээ асууна. Бид хариулна. Ингэж харилцсаар тийм ч удаагүй байтал тэр эрхэм залуу Данзанравжаа рүү шимтэн орсоор бүрнээ орчуулчихлаа. Яг энэ үед Юнескогоос Д.Равжаагийн жанч халсны 150 жилийг дэлхий даяар тэмдэглэхийг уриалсан тунхаг гаргалаа. Равжаагийн өвийг хамгаалах, ой сүүдрийг нь тэмдэглэх, бүтээл номыг нь дэлгэрүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил их юм хийж яваа уран зохиолч Л.Одончимэд нөхөр лүүгээ утас цохилаа. Тэр мэдээж уухайн тас дэмжилгүй яахав. Ингээд яах ийхийн зуургүй, их соён гэгээрүүлэгч суут яруу найрагч Данзанравжаа маань англи хэлээр яруу найргийнхаа ботийг дэлхийн номын лангуун дээр пид хийтэл тавихад бэлэн болчихлоо. Юнеско хэвлэх зардлыг нь өгөхөөр болов. Юм гэдэг утга билиг нь таацаж, цаг нөхцөл бүрдэхээр ингэж л бүтдэг юм байна. “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” гэдэг чинь энэ буюу. Равжаа хутагтын шидэт оюун энэ бүхнийг Шамбалын орноосоо авшигласан ч байж магадгүй… Дараагийн ээлжинд Д.Нацагдорж, Б.Явуухулан…
Тайваны яруу найрагч Юү Си биднийг буудалдаа урьлаа. Тэрбээр хотын төвд таван одтой буудлын хорин долоо дахь давхарыг бараа бологсодтойгоо эзлэн буусан байлаа. Тэрбээр төгөлдөр хуур, DVD тоглуулагч бүхий томоохон танхимд заларч өөрөө зохиосон хөгжмөө сонсгож, хятадын сонгодог яруу найргийн тухай DVD үзүүлж, өөрийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байв. Юү Си яруу найрагч төдийгүй, хөгжмийн зохиолч, зураач, уран сайхны гэрэл зургаар гайхалтай. Түүний яруу найргийн бүтээл юмуу роман нь хэвлэгдэнгүүт л зураачид том том уран зураг ургуулан бүтээж, хөгжмийн зохиолчид бүтээлд нь зориулж симфони хийгээд дан хөгжмийн бүтээлүүдээ туурвина. DVD бүтээх зэрэг бол энүүхэнд. Ингэж урлагийн бараг бүх төрлийг өөр дээрээ найрсуулсан нэгэн гайхалтай яруу найрагчтай бид уулзсан маань энэ. Түүний яруу найраг эртний хятадын гүн ухаан, уламжлал, хятад хэлний агуу соёлтой салшгүй бөгөөд асар их эрч хүчтэй увьдаслаг байдаг гэж судлаачид тэмдэглэсэн байдаг билээ. Тэр Дэлхийн Яруу Найрагчдын хуралд зориулан дуу бүтээж, симфони оркестртой найрал дуучдаар дуулуулж DVD бүтээснээ үзүүлэв.
Аргентиний яруу найрагч эмэгтэй нилээд эгдүүтэйгээр,
-Чингис хаан Европ дахины түгжигдмэл, хэрмэн доторх амьдралыг задалж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн харилцан нөлөөллийг хурдасгасан юм гэж байв. Энэтхэгийн яруу найрагчид, Америкийн яруу найрагчид ч бас л таагүй хандлагатай байна.
Бид Чингис хаан маань дэлхийн мянганы хүн болчихлоо, одоо дэлхий хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгож байсан чинь эндүүрэл байжээ. Монголын тухай, Чингис хааны тухай дэлхий дахины ойлголт яагаа ч үгүй байгаа юмсанжээ. Чингэж үзвээс Монголд дэлхийн Яруу найрагчдыг авчирах бидний ажил зөвхөн уран зохиолчдод хамаатай бус улс төрд ч бас хамааралтай юм байна даа гэж бодож суув.
Чикагогоос нэрт яруу найрагч Л.Мягмарсүрэн анд маань ирнэ гэж тохирсон боловч чөлөө зав нь болсонгүй. Хурлын төгсгөлийн өдөр Сан Францискогоос шүлэгч Ц.Оюундарь маань нэмэгдэж ирлээ. Хаалтын ёслол буюу XXVI их хурлыг зарлах ёслол дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Маирус Ёнг гуай намайг Дэлхийн Яруу Найрагчдын XXVI Их хурлын Ерөнхийлөгчөөр томилж байгаагаа мэдэгдэж индэрт урьлаа. Би ёс билгийг бодож Монгол хийцийн цав цагаан пансан цамцтай индэрт гарав. Эртний их түүхт Монгол Улсад Дэлхийн Яруу Найрагчдыг урьж хурал зохион байгуулах хэд хэдэн онцлох зүйл байгааг дурдаад Монголд очихыг уриаллаа. Би хэлсэн үгэндээ XXI зууны гарааны жилүүдэд Монголын Яруу найраг хүн төрөлхтөнд бүрнээ танигдах, бүхий л чанараараа цоо шинэ ертөнцийг оруулж ирэх учрыг дараах гурван зүйл дээр томьёолж болно гэж хэлсэн санагдана. Нэгд гэвэл мянга мянган, зуу зуун жилийн уламжлалтай монгол үндэстэний сонгодог яруу найргийг дэлхийн яруу найргийн эрдэнэсийн сан хөмрөгт оруулж ирэх, хоёрт, нүүдлийн соёл иргэншлийн монгол хөрсөн дээр соёолсон цээл уянгалаг, эрчимлэг, яруусал төгс, гэгээн тунгалаг буюу чухамхүү ариусгах ид шидтэй шинэ содон монгол яруу найргийг хүн төрөлхтөнд бэлэглэж байна гэж хэллээ. Түүнчлэн дэлхий нийтийн өөр сэтгэлгээний яруу найргийн шинэ хандлага ч манай яруу найрагт хэдийн байраа эзэлсэнийг мэдэгдлээ. Дэлхийн Яруу Найрагчид, уншигчидаа, анхаарагтун! Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй! гэж үгээ төгсгөв. Ц.Оюундарь миний үгийг гарамгай сайхан орчуулж байна. Манай залуус англи хэлийг үнэхээр бахархмаар сайн эзэмшжээ. “Монголд уулзацгаая” хэмээх үг тэр өдрийн Дэлхийн Яруу Найрагчдын гол хэллэг боллоо. Яг энэ мөчөөс эхлэн ямар их дааж давшгүй их ачааг үүрч байгаагаа мэдрэв.
-Та ч аргагүй л Чингис хааны үр сад юм даа. Ийм хэцүү бэрх ажлыг амлаж авна гэдэг зоригтой л хүний хийх хэрэг хэмээн мөр алгадаад Словакид энэ хурлыг зохион байгуулсан туршлагаасаа ярьж өгөв. Ерөнхий нарийн бичгийн дарга Маирус Ёнг гуай тусгайлан уулзаж их хурлын маань урьдчилсан хөтөлбөртэй танилцаад, бас ч багагүй зүйл хийж амжуулаад байгааг минь урмын үгээр мялаагаад
Яруу найрагч нөхөд маань таван тив дөрвөн далайн чанад руу хүлгийн жолоо заллаа. Аа, бас нэг хэсэг нь Америк орноор аялаж, яруу найргийнхаа сэдвийг баяжуулж, онгодоо бадраахаар мордлоо.
Саяхан нэг өдөр Дэлхийн Яруу Найргийн өдрийг тэмдэглэх тухай бодож суугаад Явуухулан багшийнхаа “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх алдарт шүлгийг дахин уншаад ганцаараа дуу алдаж, босон харайлаа. Тэрбээр яруу найргийг, хэмээн тодорхойлжээ. Морин дэл дээр нисч омог омогшил авсан Монгол найрагчаас өөр хэн ингэж томъёолж чадах билээ? Чухам бидний эрээд хайгаад байсан яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд өгсөн төгс хариулт энэ л байна.
Би эрснээ оллоо! Олох олохдоо Монголоосоо оллоо!