МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД ХААШАА НҮҮЖ ЯВАА ВЭ?
Ийнхүү морь унасан хөдөөгийн хүүхдүүд нүүдэл хөтөлж нүүдлийн замд хүн болж төлөвшинө. Хол нүүх сайхан. Үдэш орой нүүдлээ түр амрааж одтой тэнгэрт одод шүүрээд авмаар ойрхон. Бага байхад аавын ярьсан нэгэн үлгэр санаанаас ер гардаггүй юм.
Суурин соёл иргэншлийн хүмүүс мэдээллийг гэрт гадаа, бүхий л сувгаар ер төвөггүй олж авна. Телевиз сонин, реклам ... ер мэдээлэл нүдээ аниад ч бэлэн орж ирнэ. Харин нүүдэлчид өөрөө хөдөлгөөнд орж мэдээлэлтэй халзтулгарна. Үзээгүй хараагүй, танин мэдээгүй юмсыг өөрийн оюунд тунгаан цэгцэлж байж сая мэдээллийнхээ сан хөмрөгт хадгална. Хотын хүмүүс мэдээллээ өөрийн толгойд бус компьютер буюу бусад электрон санамжинд хадгалдаг бол нүүдэлчин хүмүүс өөрийн толгойд хадгална. Суурин соёл иргэншлийн хүмүүс амьдралын эрэлт хэрэгцээгээ шинжлэх ухаан, технологийн ололтоор хангадаг бол нүүдэлчин хүмүүс байгалийнхаа хүчин зүйлд тулгуурладаг. Монголд саяхан болтол Дашдамба гэж зурхайч өвгөн байв. Тэрбээр ямар ч тоо, зурхайн үйлдлийг цээжээр бодно. Ямар ч боловсролгүй тэр өвгөнийг тооны машинтай уралдуулсанд хоцроогүй гэдэг. Тооны машиныг мэдэхгүй нүүдэлчид өөрсдөд нь хурдан тооцоолох хэрэгцээ байснаас хүний оюун ухааны байгалийн хүчин зүйл ийм үр дүнд хүргэж байгаа юм. 1970-аад онд Өмнөговь аймагт Бүдээ нэртэй бүсгүй хүүхэд далдыг харж шуугиулж билээ. Сургуулийн сурагч тэрбээр зуныхаа амралтаар хөдөө гэртээ харьж хонь хариулжээ. Хургаа хариулж цэцгэн дунд хэвтэж байгаад унтчихаж. Сэрсэн чинь хурга нь алга байв. Тэрбээр айгаад нүүрээ даран газар уруу харж хэвтээд уйлж гарч. Уйлж байтал хурга нь алган дотор нь үзэгдэх шиг болж гэнэ /Яг л телевизийн дэлгэц шиг/. Мөнөөх газар очсонд хурга нь яг харагдсанаар байжээ. Тийнхүү далдыг үздэг болж, ангийн хүүхдүүд хол нүүж яваа гэр орон, аав ээжээ үзүүлдэг болж. Нэгэн цагаан сараар хэт их далдыг үзсэнээс гэнэт харахаа больчихсон гэлцдэг.
Нүүдэлчин хүмүүс эрүүл газар, байгалийн цэнгэг ус, тэнгэр, од эрхэсийн эрчим хүчийг шууд хэрэглэж харьцдаг бөгөөд өөрөө байгаль ертөнцийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ойр шууд холбогддог. Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёв ХIII зууны монголчууд хүчирхэг улс гүрнийг байгуулж, дэлхийг дагуулсан сүр хүчийг од гараг, байгалийн онцгой тааламжтай эрчим хүчний төвлөрлийн үр дүнд буй болсон үндэсний цэцэглэлттэй холбон үзэж байв. Ер нь нүүдлийн соёл иргэншлийн ХIII зуун хүртэл хуримтлуулсан баялаг эрчимт өв нь ийм үр дүнд хүргэсэн болов уу.
Тэрхүү бат бөх чулуун хана хэрэм оргүй болж байхад нүүдлийн эсгий хүрээ нэг газраас нөгөө газар руу он цагаас он цаг руу бууриа сэлгэн нүүдэллэсээр байлаа. Орд өргөө, цацаг яндар болсон хаадын их хүрээ хөндийг бүрхэн нүд булааж байснаа нэг л мэдэхэд нүүдлийн их цуваа хөвөрч мөнөөх аглаг хөндий юу ч үгүй цэлийн үлдэнэ. Төдөлгүй өөр нэгэн газар мөнөөх нүүдлийн их хүрээгээ бариад төвхнөчихдөг байлаа. Тэрхүү нүүдлийн хот хүрээтэй цуг улс төр, цэрэг, мал аж ахуй, эмнэлэг, зурхай өөрсдийн уцламжлалт шинжлэх ухаан технологи бүх юм нь нүүж явна. Тэд дээдсийнхээ ая тух, ямбыг үл алдагдуулна. Их гэр тэрэг буюу нүүдлийн асар том орд өргөөг бүтээж, нүүж явахдаа ч төр улсынхаа хэргийг явуулах боломжийг бүрдүүлж байлаа.
Эдүгээ монгол газар шороон дээр ХХ хийгээд ХХI зууны заагт магадгүй хүн төрөлхтний сүүлчийн нүүдэлчид ахуй төрхөө чадан ядан хадгалан үлджээ. Үүнийг эдүгээ монголын нүүдэлчид хэмээн нэрлэж байна. Гэхдээ эдүгээ нүүдэлчид дээр өгүүлсэн шиг мөн л сайн нөхцөлийн араас нүүж одсоор байв. Дээр өгүүлсэн Чингис хаан хийгээд монголын дээдсийн нүүдлийн их хүрээний хэлбэрийг хадгалсан бяцхан хүрээ буюу хот айл хэмээх нүүдэлчдийн отгийн тухай ярьж байна.
Нүүдэлч малчид хувийн өмчгүй болсноос нийт дундын аж ахуйг орхин хот аймаг, сумын төвд суурьшихад хорогдох ч юмгүй, хохирох ч юмгүй болов. Нийгмийн мал маллаж өчүүхэн цалин авч аж төрснөөс хот суурин бараадах нь хавьгүй дээр байв. Ийнхүү төвөөс хот руу хөврөх их нүүдэл эхлэв.
Нэгдэл тарж нийгэмчилсэн малаа буцааж авлаа. Өвгө дээдсээс идээшин дассан нутаг бэлчээрээ сонгон тал тал тийш нүүн амьдрах болов. Эхэн үед сайхан л байв. Гэтэл уулын жалга, талын нэг тарсан нүүдэлчний хотод зах зээл очсонгүй. Хотынхны амьдрал харсаар байтал өөрчлөгдөж машин хөлөглөсөн наймаачид хөдөөгийнхний дутагдаж буй гурил будааг авч ирээд хоттой хониноос нь ачаад алга болно. Хот нь хөдөөгөө цөлмөх шинэ маягийн мөлжлөг эхэллээ. Хөдөөгийнхөн мөчөөгөө өгсөнгүй. Хот руу малаа туугаад нүүцгээж байна. Монголын нийгмийн өөрчлөлт, шилжилт зах зээлийн харилцаа нь нүүдэлчдийн аж амьдралын сонгомол хэвшлийг хүчтэй доргиож эхлэв.
Хэдийгээр суурин соёл иргэншлийн шинэ ололт хүчтэй орж ирэхийн хамт нүүдлийн соёл иргэншлийн буй болгосон үнэ цэнэтэй зүйл өнөөгийн монголын хөдөө тал нутагт хадгалагдан оршсоор байна. Хургаа голсон хонийг “тойглох” хэмээх уянгат дуугаар уяруулан аргадаж, эх үр хоёрыг буцаан ээнэгшүүлнэ. Өнчин ботгыг өөр ингэнд авахуулахын тулд дэргэд нь морин хуур татаж уяруулахад өөрийн эрхгүй ингэн эхийн нүдэнд нулимс бөмбөрөн уярч өнчин ботгыг үрээ болгож авна. Мал адгуустай дуу хуураар ойлголцох малчин хүний соёл давтагдашгүй. Уул овоогоо аргадан тахиж идээ цагааныхаа дээжийг газар лусад өргөхөд байгаль дэлхий уярч бороо хур орно. Уул овоогоо тахиж хур бороо оруулах хүн байгалийн хоорондын энэ нарийн холбоог судлаагүй байна. Монгол эр хүний нэгэн эрдэм болох морь шинжих, хурдан морь уяж сойх, уралдуулах нарийн эрдэм харин ч өнөөдөр зарим талаар сэргэж эхлэв. Монгол адууны хурдлах чадварыг дээшлүүлэх, бие галбирыг улам уран гоё болгох ажлыг шинжлэх ухааны эрдэмтэд бус малчид нүүдэлчид өөрсдөө хийж байна. Айраг исгэх, тогоо нэрэх технологи аймаг болгонд адилгүй. Түүнийг зөвхөн хөдөөгийн гэрийн эзэгтэй нар уламжлан авч залгамжлан хадгалж байна. “Гүүний үрс гаргах” хэмээх хаврын баяр, дэлгэр зуны найр наадам, унага тамгалах намрын зан үйл, цагаан сарын шинэлэх цагаалах ёс жинхэнэ язгуур уламжлалаа нүүдэлч малчдын дунд л хадгалагдан үлджээ.
ХХ зуун түүх болж үлдлээ. Одоо бид ХХI зууны нүүдэлчдийн тухай ярих хэрэгтэй болж байна. Хэдэн жилийн өмнө баахан романтик санаа өвөрлөж төрсөн нутаг болох Шар-Бүрдэндээ “Нүүдэлчдийн ардын хүрээлэн” байгуулж, Дарьганга нутгийг “ХХI зууны нүүдэлчний загвар” болгоно хэмээн гэр бараа барьж, хүрээ гортиг татаж юм юм л болсон доо. Овоо босговол шаазгай бууна хэмээн бодож ноднин намар “Монголын нүүдлийн соёл иргэншил” /Дарьганга нутгийн жишээгээр/ Эрдэм шинжилгээний чуулга уулзалт хийлээ. Академич Д.Цэрэнсодном гуайгаас эхлээд монголын олон доктор, эрдэмтэд тэнд илтгэл тавьж манай хүрээлэнгийн өрхийг татсан юм. Төрийн бодлого хөдөө тийш хандах янз нэг л мэдэгдэж өгөхгүй байгаа ч, би эхэлсэн ажилдаа цэг тавихыг хүсэхгүй байна. Түүх соёл, байгаль, экологи, угсаатны зүй, юуны ч бай эрдэм судалгааны ажлыг хийх боломжийг бүрдүүлье гэж бодсон юм. Бусад цагт нь нутгийн өвгөд, эрдэм шинжилгээний ажилтан нь байг. Тэгээд ч цаашид нутаг болгонд иймэрхүү хүрээлэнгүүд буй болж хот газрын оюуны төвлөрлийг хөдөө нутаг руу хандуулан шилжүүлэх хөдөлгөөн өрнүүлье гэж бодсон юм. Ингэвэл монголын оюуны чадамж зөв бөгөөд тэгш байрших болно. Ингэвэл хязгаар хөдөө нутаг байгалийн болон оюуны цөлжилтөөс аврагдах болно. ХХI зууны нүүдэлчид оюуны өндөр чадамжтай, боловсролтой нүүдэлчид байг л дээ. Гэхдээ нүүдлийн соёл иргэншлийг яг хуучин хэв загвараар нь хадгалах боломжгүйг цаг үе харуулж байна. Харин нүүдэл хийх, уламжлалын үнэ цэнэтэй зүйлээ хадгалан авч явахад нь харшлахгүйгээр орчин үеийн шинжлэх ухааны ололтыг нүүдэлчдийн амьдралд нэвтрүүлэх ажлыг эхлэхгүй бол нүүдэлчид хот руу хийх нүүдлээ зогсоохгүй. Юуны өмнө нүүдэллэхэд авсаархан нар салхины эрим хүчний эх үүсвэрийг малчин хот айл бүхэнд хүргэх нь чухал. Эрчим хүчтэй болсон айл мэдээллийн бүх эх булгийг хэрэглэх соёл урлагаар цэнгэх боломжтой болно. Гар утсаар дэлхийн дуртай газраа ярих нь зөвхөн хотыхонд өмчлөгдсөн хувь заяа биш. Хөдөөгийн нүүдэлчид ч түүнийг хэрэглэх хэрэгтэй. Одоогийн аялал жуулчлалд нэвтэрч байгаа шиг зөөвөрлөх тээвэрлэхэд авсаархан аяны халуун ус, гал зуухны хэрэгсэл, ариун цэврийн байгууламж юу байдаг тэр бүхнийг хөдөөд аваачихад тийм ч төвөгтэй бус шиг санагдах юм. Түүний дээр монгол гэрийг дөрвөн цагийн эргэлтэд тогтмол дулаантай, аятай тухтай байхаар жаахан боловсронгуй болгочихвол сайн.
Тэгвэл эрүүл агаар, одтой тэнгэрийн доорх цэцэгт тал, мал сүрэг, тэнүүн чөлөөтэй амьдралаа орхиод хот руу нүүхээ болчихно. Төр засаг эмнэлэг үйлчилгээ, хүүхэд залуусын сургууль боловсрол, хөдөө нутгийн дэд бүтцийг яаравчлан шийдэх ёстой. Монголчууд хотод дурлаад байгаа юм биш. Арга буюу амьдралын ая тухыг дагаж л нүүгээд байгаа юм. Иймд хөдөө тал, хээр нутагт нь дутаад байгаа хэдхэн юмыг аваачих л хэрэгтэй биш үү. Харин ингэвэл хотоос буцаад хөдөө рүү нүүх нүүдлийн цуваа хөвөр ч мэдэх юм. ХХI зуун хийгээд түүнээс цаашхи зуунуудад монголын нүүдэлчид эрийн гурван наадмаа хийж, айраг цагаагаа исгэж, уртын дуугаа дуулж, морин хуураа татаж, нүүж сууж малаа малласаар байх болно хэмээх өөдрөг үзэл эзэмдэж байна. Тэгэхэд цаг минутад хавчигдан унаа хөсөг, нүсэр нүргээнд бүх юм бусдаас шалтгаалан амьдрах суурин соёл иргэншлээсээ уйдсан их хотынхон дураар эрх чөлөөт тэнүүн уудам амьдралтай нүүдлийн соёл иргэншил рүү алмайран харах болно. Би хотоос хөдөө рүү чиглэх ХХI зууны нүүдлийн тухай өөдрөг үзлээр энэхүү тэмдэглэлээ дуусгая гэж бодсон юм. Эхлээд хээр тал,онгон зэрлэг нутагтаа нүүж амьдарцгаая. Дараа нь Гурван марал одны үлгэрт гардаг шиг од эрхэс рүү нүүцгээнэ биз ээ. Нүүдэл бол хөдөлгөөн, тэр тусмаа мөнхийн хөдөлгөөн буюу. ХХI зууны нүүдэл – хотоос хөдөө рүү!
1998.08.08 Осака хот