Эсээ

ТАЙЖИ ИНЖИННАШИ 170 НАС ХҮРЛЭЭ

Чингис хааны хойч ургийнхнаас Монголын түүх соёлын алтан хуудаснаа мөнхийн бүтээлээ үлдээсэн хүмүүний нэг нь тайж В.Инжиннаши (Хашчулуу) болой. 1837 онд Зостын чуулганы Түмэд баруун хошууны “Шударга бат хороо” хэмээх монгол сурвалжит тайжийн найман хөвгүүний отгон нь болж мэндэлсэн Инжиннаши гэрийн боловсролтой, цэргийн эрдэмтэй хятад, манж, төвд хэлтэй бичгийн хичээнгүй хүмүүн болж төлөвшсөн юм. Ванчинбалын хөвгүүдээс их хөвгүүн Гулиранса хэмээх гарамгай яруу найрагч төрсөн бөгөөд тавдугаар хөвгүүн Гүнначүг, зургаадугаар хөвгүүн Сүнвэйданзан нар нь бичгийн өндөр боловсролтой шүлэгчид байлаа. Монголын утга зохиолын түүхэнд эцэг Ванчинбрлынтайгаа нийлээд нэг айлаас таван бичгийн хүмүүн төрж, яруу найргийн үнэт өвийг хойч үедээ үлдээсэн нь бахархалтай хэрэг бөгөөд дэлхий утга зохиолын түүхэнд ч онцлон тэмдэглэвэл зохих үйл явдал мөн. “Хөх судар” хэмээх алдарт романыг эцэг Ванчинбал эхлэн найман бөлөг туурвиад бие барсан тул хожим хүү Инжиннаши нь түүнийг залган авч олон жилийн нөр шаргуу зүтгэлээрээ насан эцэс хүртлээ бичиж гүйцээсэн байдаг. В.Инжиннаши “Хөх судар”-аас гадна “Улаан үүлэн нулимс”, “Нэгэн давхар асар” хэмээх хоёр роман, мөн тууж олон зуун шүлэг туурвиж, зураг зурж, орчуулга хийж, онол түүхийн шастир өдий төдийг бичиж байлаа.

В.Инжиннашийн “Хөх судар” тэргүүтэн зохиолууд гар бичмэлээр монгол туургатан, язууртан айлуудаар хуулагдан дамжиж явсаар хорь дугаар зуунтай золгож, ном болон эмхлэгдэх хувь тавилантайгаа учирсан байна. “Хөх судар”-ын олон хувилбарууд гар бичмэлээр болон гэрэл зургаар олон газар хадгалагдаж байгаагийн дотор манай Үндэсний Төв Номын Санд 12 дэвтэр гар бичмэл буй. Тэрхүү гар бичмэлийг 1914 онд Хурц ван Түвдэнгийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хувийн номын сангаас Данзан гэгч хүн хуулан авсаныг эх нь гэж үздэг билээ. Судар бичгийн хүрээлэнгээс хориод онд Инжиннашийн зохиолуудыг эрэн сурвалжиж байжээ. Энэ мэт Инжиннашийн зохиолыг судлах, өвийг хамгаалах талаар хөөцөлдөж байсан мэдээ бий боловчүнэн хэрэгтээ энэ ажил өвөрлөгч эрдэмтэд болон, гадаадын монголч эрдэмтэдийн хэрэг байсаар өнөөг хүрчээ. Харин хоёр жилийн өмнө Ш.Чоймаа багш шинэ үсэгт буулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржавын ивээл дор хэвлүүлэн нийтийн хүртээл болговой.

Инжиннаши бол монголын төдийгүй дэлхийн хүмүүн бөлгөө. Түүний өв яндашгүй, судлан шинжлэх, суралцан анхаарах зүйл үй түм буй. Их бичгийн хүмүүн В.Инжиннашийн 170 насны ой энэ онд тохиож буй боловч энэ хир түүний ой сүүдэр хийгээд өв сан зохиол бүтээлийн талаар ярьж хэлж, хийж бүтээж байгаа зүйл мэдэгдэхгүй байсаар өнөөдөртэй золгов. Цухасхан мэдээлэхэд манай Соёл, яруу найргийн академи, Хятадын Үндэсний Хэвлэлийн хороотой хамтран Инжиннашийн яруу найргийн бүтээлүүдийг монгол, хятад, англи хэлнээ нэгэн дэвтэр болгон хэвлүүлэхээр гэрээ байгуулж ажиллаж буй билээ.

Их зохиолч, яруу найрагч, түүхч, зураач, онолч В.Инжиннашийн 170 насны ойг Монгол Улсад дурсан тэмдэглэхийг сануулах ялдар түүний шүлгүүдээс шинэ бичигт буулгаснаа толилуулбай.

Утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо

Мянган оны учир шалтгааныг бийр бэхэсэээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие хэл сэтгэл гүнээ чилсэн шалтгааныг
Мятарш үгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юү?

***

Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн
Торгон ногоон булбарай улааныг ийн тийн салбаруулжээ
Дуртай бичээчид сэтгэл эвхэрэж бийрээ идээлээд
Дулаан хаврыг дахин ирүүлж цэцгийг дахин дэлгэрүүлбэй.

Нимгэн ногооныг хайчлахуйяа яая юутай хөөрхий
Нисэх чимэг хэдий бүтэвч мөн басхүү хайран
Нэгэн сүрэг уран болжморын зуун зүйлийн эгшгийг
Нүгэлт бийр нягтлан бичихүйд нулимсан дусал улаан

Тэнгэр заяаж үлэмж найртныг нэгэн гэрт цуглуулруун
Тийн найрт, гэдрэг харин зовлонгийн үндэстөрөгдвэй
Тэргүүн эгэж тэрхүү найрыг тэвчин чадсан боловч
Тэсгэл үгүйеэ найрын уяралыг түмэн бадаг асгалбай

Цэлмэгэр огторгуйн шүүдрийн дусал өвс бүхнээ дүүрэвч
Чиний нулимсны өмхрөл мэт тийм зузаан бус
Чадвар үгүй миний зовлонг аль газар тоочиёо
Чам лугаа адил мөнхүү цусаар уйлах буй заа.

***

Унжгар бургас мөчир хүртлээ үүд гэгээвчээ хаамуй
Уяралтай шувуун эгшиглэн дуугарч өндөр салаанаа дэвшмүй
Урьд өдрийн хэдийчинээн сэтгэлд уягдсан хэргийг
Удын найлзуур болжморын дуун удирдан гаргаж ирмүй. 

Үдшийн бороон сэр сэр нойрыг ирүүлэх үгүй
Өглөөний болжмор жир жир унтсаныг сэрээх эрт
Өчигдөр шөнийн зүүдний доторх хэдийчинээн хэрэг
Үс засахуйяа толинд үзвээс үнэн худлын хооронд 

Өвсний өнгө сая хөхөрч эрвээхий сая нисэхүйеэ
Өвчнийг тэсвэрлэн цэцгийн хүрээнээ ийнэн тийнэн зорчмуй
Өмнөд салхинаа миний зовнилийг хийсгэн аваачих үгүй
Эгшигт болжмор нэн харин элэг уушгийг хатаамуй.

Хатан бүрээ үдшийн зүг юунд ийнхүү яармуй
Харанхуй болохоос эмээхэд бас харанхуй болмуй
Хааш, яайш унтсугай хэмээвээс унтаж чадах үгүй
Хагас нь хагацсан уярал хагас нь хорсол хэмээжихүй.

Урт зувцаа хүйтэнд нэвтэрч ханцуй юугаа дугтуйлнам
Улаан даашингаа дулаан өргөөнд үст жанчийг нөмөрвэй
Оройн сүмийн жүнгийн дууныг хэвтэн байсаар чагнаж
Умарын уулны хоногшсон цасыг орхиул сөхөн үзмүй.

***

Бийрийг тэнсэж шинэ хулс зураад
Бишгүүр үлээн хуучин нөхрийг мөрөөдмүй
Бичгийг дэлгэвээс далайн үүл дэгдээд
Билиг мухардваас уулын зам хаагдмуй.

***

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөвөх мэт
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөлгөн бийрийг хөшиж юу хиймүй

Хос уянга

***

Ухаан билигээр наран голын алтан тахиаг урхидаад
Уран аргаар саран мандалын хас туулайг баримуй. 

***

Утга уянгыг дэлгэрүүлэхийн шалтгаанд сувд тана живээд
Учир зүйг хэлж гаргаваас төмөр чулуу ч хайлмуй.

***

Халууны дотор хүйтэн нуугдаж самади агуулах бэлгэ
Баярын хооронд уярал илрээд саранда гуних шүлэг.

***

Нүдний гэгээнд уул уснаа цөм өнгө нэмэгдээд
Нэгэнтээ инээвээс зуун цэцэг хамтаар дэлгэрсэн мэт.

***

Ерийн хүмүний ханилах нь эд ашгийн сэдэлгээр
Ихэс сайдын нөхөрлөх нь эрдэм билгийн оньсоор.

TOP