Эсээ

БҮХ ЦАГ ҮЕЭС ДЭЭЖИЛСЭН ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ

Хүн төрөлхтөний үгийн урлагийн дархчууд дотоод ертөнцийнхөө үнэт агшин хормуудыг яруу найрагтаа тогтоон бичиглэж, тэр нь хожмын он жилүүдэд хүмүүстэй хамт оршин амьдардаг жамтай ажээ. Жинхэнэ яруу найраг зохиогчийн мэдлээс хэдийнэ гарч тухайн ард түмэн, улс үндэстэний баялаг болоод зогсохгүй, түүнийг өөр бусад үндэстнүүд орчуулан хэл соёлдоо нутагшуулан хүлээж авдаг байна. Алмааз чулуу, алт эрдэнэсээр бүтээсэн эрдэнэсийн санг зөвхөн нэг л хаан юмуу, улс орон өмчилдөг бол яруу найраг бүхий л хүн төрөлхтнийх болон түгэн дэлгэрсээр байдаг зүй тогтолтой.

Нийтийн тооллын өмнөх 2000-аад жилийн тэртээ зохиогдсон гэх Вээдийн яруу үгсийн чуулган олон үеэр эмхлэгдэн цэгцэрсээр судар шастир болохын хамт улмаар “Махаабхаарата” , “Раамаяна” зэрэг их хөлгөн туульсуудад орж хадгалагдах зэргээр өдгөө үед хүрч ирсэн ажээ. Мөн Нанхиадын их мэргэн Күнз (НТӨ 551-479) өөрийн ард түмний дунд хэдэн зуун жилээр тархсан гурван мянга гаруй дуу шүлгийг цуглуулан шигшиж аравны нэгийг нь сонгон эмхэтгэж “Шүлэглэлт ном” хэмээх алдарт цоморлигийг бүтээсэн байна. Хомероос эхлэх Эртний Грекийн мянга долоон зуугаад жилийг хамарсан уран зохиолын дурсгалуудыг хожуу эмхэтгэн гаргасан нь өрнө дахины анхны антологи гэж тооцогддог билээ. Энэтхэг дахины соёл шашин, уран зохиолын дурсгалууд лавтайяа XIII зууны үеэс орчуулагдаж эхлээд XVIII зуунд 335 боть “Ганжуур”, “Данжуур” хэмээх их хөлгөн сударт эмхэтгэн хэвлэсэн нь Монголчуудын бүтээсэн дэлхийн анхны хамгийн том цоморлиг байхаа. Улс үндэстэн болгон энэ мэт утга зохиолын өв дурсгалыг эмхэтгэн цэгцлэх туршлага хуримтлуулсаар антологи бүтээх соёл буй болжээ.  

Бичиг номын хүн болгонд шахам өөрийн хүсэл сонирхлоор цуглуулсан өв бий. Мэдээж, миний цуглуулгын үлэмж хэсэг нь яруу найраг бөгөөд энэ маань он цагийн уртад нэмэж баяжсаар өдгөө толилуулан буй антологийн үндсийг бүрдүүлжээ. Өнөөг хүртэлх дэлхий дахины яруу найргийн шилдэг бүтээлүүдийн сор дээжээс манайд чамгүй их орчуулжээ. Шилдэг сайн орчуулга ч бий, боломжийн гэхээр ч бий, тааруу нь ч бий. Тиймээс хасах зүйлээ хасаж, нэмэх зүйлээ нэмж, уншигч олонтойгоо хуваалцахаар шийдсэн минь энэ. Мэдээж дэлхийн хэмжээний яруу найрагчдын содон гайхамшигт шүлгүүд бүгдээрээ манай хэлэнд тэр бүр орчуулагдаагүй, орчуулагдсан ч сонгогдохоор сайн болоогүй явдал бий. Ном бүтээх явцад зарим яруу найрагчийн нэр бүхий шүлэг илт үгүйлэгдэж орчуулга хийлгэх шаардлага ч тулгарч байлаа. Гэхдээ онгорхой зай болгоныг нөхөж чадаагүй ээ. Иймд төгс төгөлдөр антологи хийе гэвэл дахиад л зуун жилээр ч юмуу хүлээхээс өөр аргагүйд хүрэх тул юм бүхэн цагтаа төгөлдөр гэдгийг санаж сэтгэл шулуудав. Бүх сонголтыг хийж номын эхээ бэлтгэж дууссаны дараа бүрэн цогцоор нь эмхэтгэгчийн хувьд уншиж үзээд монгол гүүш нарынхаа хэл соёлын мэдлэг, олон талт авьяас эрдэм, ялангуяа эх монгол хэлний ур чадварт бахархан баярлах сэтгэл төрснөө нуух юун.

Монголчууд харь хэлнээс ном зохиол орчуулах эртний уламжлалтай. Гэвч нүүдэлчин ард түмний ном соёлын үлэмж хэсэг нь түүхийн аяны урт замд үрэгдэж үгүй болсон байх ажээ. XIII зууны үеэс самгарди, перс, хятад, түвэд хэлнээс ном судар орчуулж байснаас Юань гүрний үеийн их эрдэмтэн, яруу найрагч, гүүш Чойжи-Одсэр Эртний Энэтхэгийн гүн ухаантан Шантидэвагийн “Бодичарияаватара” буюу “Бодь мөрийн явдалд орохуй” хэмээх гүн ухааны шүлэглэсэн бүтээлийг 1305 онд, Буддын гүн ухааны “Банзрагч” зохиолыг 1307 онд орчуулж дууссан байдаг. Хубилай хааны төрийн ордонд урьд орчуулсан зохиолыг дахин хянан шийтгэхийн хамт орчуулга хийх, түүх зохиох хороо байгуулж байснаас үзэхүл, монголчуудын орчуулгын сан хөмрөг нилээд эртний уламжлалтай ажээ.

Монгол хэлнээ Европын хэлнээс яруу найраг орчуулж эхлээд нэгэн зуу шахам жил болж байна. Бидэнд мэдэгдэж байгаагаар их зохиолч, сод яруу найрагч Д.Нацагдоржийн орчуулсан А.С.Пушкины шүлгүүд анхных байж магадгүй. ХХ зуун бол монголчуудын хувьд эрдэм боловсрол дахин сэргэж, ялангуяа орос хэлээр дамжин өрнө дахины уран зохиол, тэр дундаа яруу найрагтай нь танилцах боломж нээгдсэн цаг үе юм. Тэргүүн эгнээнд их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар байлаа. Мөн дараах үеэс гэвэл Ч.Чимид, Б.Явуухулан, М.Цэдэндорж тэргүүтэн авьяас билигт яруу найрагчид яруу найргийн орчуулга хийж байсан нь өрнө дорнын сонгодог бүтээлтэй танилцах, суралцах, уншигчдаа соён гэгээрүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсныг тэмдэглэе.

XXI зуун гараад өрнө дорнын хэл соёлыг эзэмшсэн бүхэл бүтэн нэгэн үе яруу найргийн орчуулгаар мэргэшиж байгаа нь юутай сайн. Ийнхүү олон улс үндэстний яруу найргийн энэхүү цоморлигт орчуулгын олон дуу хоолой, арга барил нэгдэн цогцлов. Я.Ганбаатар хятадын сонгодог яруу найргийг, Ж.Чойнхор У.Шекспирийн яруу найргийг, Ж.Нэргүй С.Есенинийг, М.Шагдарсүрэн Омар Хайямийг, Б.Магсаржав Испанийн яруу найргийг гэх мэтээр дагнан орчуулж байна. Хорьдугаар зуунд олон хэлний яруу найргийн ихэнхийг орос хэлээр дамжуулан орчуулж байсан бол, энэхүү антологид орсон шүлгийн олонхи нь эх хэлнээсээ шууд орчуулагдсан шүлгүүд байна. Түвэд, орос хэлнээс гадна англи, хятад, хинди, герман, франц, япон, түрк, унгар, польш, испани, нидэрланд, македони хэлнээс яруу найраг орчуулах хэмжээнд хүрчээ. Дам хэлнээс орчуулах явдал утга зохиолд байдаг л зүйл. Башёгийн цөөн хайкү, Ли Байн зарим шүлгийг орос хэлнээс дам орчуулсан ч их найрагч Б.Явуухулангийн орчуулга өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна. Яруу найргийн орчуулгад яруу найрагчийн авьяас мэдрэмж, зөн билиг маш чухал гэдгийн гэрч нь энэ буюу. Монголын үе үеийн шилдэг орчуулагчдын бүтээл сонгогдсоноороо энэ ном, яруу найргийн антологи төдийгүй яруу найргийн орчуулгын туршлагыг нэгтгэсэн цоморлиг болж байна. Энэхүү дээж цоморлигийг бэлтгэх хугацаанд яруу найргийн маш олон орчуулга уншиж танилцсан бөгөөд, жишээлбэл Ли Байн “Сэлүүн шөнийн бодол” шүлгийн 10 орчуулга, Башёгийн хэрээг дүрсэлсэн алдарт хайкүгийн мөн төчнөөн орчуулга байхыг олж үзлээ. Сайн хэрэг шүү. Тэр болгоноос сонголт хийхэд амаргүй байлаа.

Бас нэг зүйлийг бахархалтайгаар дурдахад энэхүү антологи монгол яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийг хамарсан болно.

Өдгөө толилуулан буй энэхүү цоморлигт дэлхийн яруу найргийн эрдэнэсийн санд орсон сонгодог бүтээлүүдтэй хамт үе үеийн монгол яруу найрагчдын туурвисан шилдэг бүтээлээс цөөнийг сонгож орууллаа. Монгол яруу найраг дэлхийн яруу найргийн аль ч цаг үетэй хөл нийлж явсан нь энэ номноос харагдах болно. Ямартай ч эртний Грекийн яруу найрагч Хомер, Сапфогийн цаг үед бидний өвөг эртний нүүдэлчид дуу шүлэг зохион дуулж байсан нь өдгөө олдсоор байна. Монголын яруу найрагч Чойжи-Одсэр бандида, өрнийн агуучууд болох Италийн их яруу найрагч Ф.Петраркагаас 50-аад жилийн өмнө, Английн их яруу найрагч Ж.Чосер, Францын их найрагч Франсуа Вийон нараас 100 орчим жилийн өмнө “Бурханы арван хоёр зохионгуй” хэмээх шүлэглэж, хүүрнэсэн зохиол болон “Махгалын магтаал” тэргүүтэн олон шүлэг дуулалаа туурвиж байжээ.

Тэрчлэн Америк тивд яруу найргийн анхны номыг Томас Мортон 1627 онд хэвлүүлэхээс гурван жилийн өмнө, Энн Брэдстрийт Америкт номоо хэвлүүлсэн анхны бүсгүй яруу найрагчаар тодорч байхаас хагас зууны өмнө Монголын яруу найрагч Цогт хунтайж Хангай ханы нэгэн уулнаа ихэд санааширан хэдийн дадсан эрдмээрээ шүлэглэн цэцлэхэд хиа нар нь монгол бичгээрээ тэмдэглэн авч гурван жилийн дараа хаднаа тэр шүлгийг гэрэлтүүлэн сийлсэн нь өдгөө 400 шахам жил өнгөрсөн ч тов тод гэрэлтэж байна. Манай Данзанравжаа, Оросын суут А.С.Пушкин, мөн Оросын сонгодог Ф.И.Тютчев, Америкийн Ральф Эмерсон, Эдгар По нартай үе чацуутан болох нь энэ номын он дарааллаас харагдана. Яруу найргийн эрдмийн хувьд ч тэдний зиндаанд буйг харж болно. Монголын яруу найраг анхдагч түүхээрээ ч хөгжин цэцэглэсэн цаг үеэрээ ч өнөөгийн түвшинээрээ ч нүүр улайхгүй байхаа. Иймд монгол шүлэгч би бээр дэлхийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр сэнтийд монгол яруу найргаа ч дэвшүүлэн залж байр суурийг нь эзлүүлж байна. Зөв бурууг он цаг харуулах биз.

Хорь, хорин нэгдүгээр зууны заагт Юнеско дэлхий нийтэд хандаж яруу найргийг даяараа эрхэмлэн дээдлэх, алдаршуулан түгээх, ном цомог болгон хэвлэн нийтлэх ажлыг эрчимжүүлэх, сургууль боловсролын хичээл сургалтын цагийг нэмэгдүүлэх гэхчилэн олон заалт бүхий уриалга гаргаж жил бүрийн 3-р сарын 21-ийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон тунхагласан билээ. Гишүүн орны хувьд Монгол улс үүнийг талархан хүлээн авч жил бүр энэ өдрийг ёслон тэмдэглэж байна. Монголчууд бол яруу найргийн үлэмж мэдрэмжтэй ард түмэн, хамгийн бахархалтай нь бидний монгол хэлний сан хөмрөг нэн баян, сэтгэлгээ нь мөнх тэнгэрийн энтэй, мэдрэмж нь од эрхэсийн дохиотой.

Монголын төр өөрөө яруу найргийн эртний уламжлалтай. Чингис хааны билиг сургаалиуд бол чухам урнаар сэтгэж, цэцэн билгээр хэлцдэг яруу найрагт дуртай ард түмэндээ зориулсан үгс болох нь мэдэгддэг. Хубилай хаан тэргүүтэн олон хаад шүлэг бичдэг байсныг бид түүхээс мэднэ. Америкийн ерөнхийлөгч яруу найргийн зөвлөхтэй. Тэдний нэг нь Роберт Фрост хэмээгч сонгодог яруу найрагч байсан билээ. Ф.Петрарка, Ж.Чосер тэргүүтэн яруу найрагчид Хаадынхаа хангамж ивээлд байсан тухай намтарт нь дурдсан байдаг. Японы эзэн хаан жил бүр танка шүлгийн томоохон наадмыг ордондоо зохион байгуулж өөрөө шүлэг бичиж оролцдог юм билээ. Ингэхээр яруу найраг ард түмний амин хэрэгцээ төдийгүй Төрт улс болгоны алтан хайрцагт нь байж анхаарал халамжинд нь багтсаар ирснийг түүх гэрчилнэ.

Бас өөр өнцгөөс нь харвал яруу найрагч нар хаад ихэсийн эрх ямба хийгээд, дайн самуун, хүнлэг бус бүхнийг үл зөвшөөрөгч төдийгүй илчлэн ташуурдагч үнэний дуучин байсан нь буй. Яруу найргийн түүх ямар өргөн цар хүрээтэй болох нь үүнээс мэдэгдэнэ. Монголчууд бол эртнээсээ яруу найрагт дуртай ард түмэн. Бид өөрчлөлт, шинэчлэлтийн амаргүй цаг үеийг туулж байна. Ийм үед чухам яруу найраг л зовлон бэрхийг зөөллөж, гомдол бухимдлыг эерүүлж, арга мухардахад дотно зөвлөгч, аврагч аршаан болно. Байгаллаг ахуйгаасаа улам бүр холдон техник, технологид хэт шүтсэн төмөрлөг энэ цаг үед яруу найраг л хүний сэтгэлийг ариусган тунгалагшуулж, төрөлх гэгээлэг чанараа олж авахад тусалж чадна. Хөгжил дэвшил хэмээх материаллаг ахуй руу улам бүр тэмүүлэх болж дотоод мөн чанараа гээсээр буй өдгөө цаг үед үгийн урлахуйн эрчимлэг шидэт долгис болох яруу найргийн мэдрэмж төгс уянгаар л хүмүүст амар амгалан, бусдыг хайрлах нинж сэтгэл, өөртөө итгэх итгэл, шинэ эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэхээс эрхэм зүйл үгүй буй заа.

Миний бие энэхүү цоморлиг дахь яруу найргийн бүтээлүүдийг сонгож, эмхэтгэхдээ утга зохиолын онол судалгаанд хэрэглэдэг ямар нэгэн “изм” ангилалыг баримтлаагүй гэдгээ хэлсү. “Изм” нэгэн цаг үед яруу найргийг хөдөлгөөнд оруулж дэлгэрдэг боловч, тэгсгээд дараа үеийнхэн өөр “изм” гаргаж ирэх жишээтэй хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг үе, хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршдог жамтай. Ийм болохоор цаг үеийн хүсэл таашаалаар бус яруу найргийн мөнхийн хэмжигдэхүүний ойлголтоор хүн төрөлхтний яруу найргийн ололтын олон талыг төлөөлөх утга уянга, мөнхийн гоо сайхан, ухаарал, зөн билиг, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, цэц мэргэн ухаан, уран санаа, үл ухаарахуйн чинад нууц, сэтгэлийн эрч хүч, хэл соёлын үнэт зүйлсийг илэрхийлэхүйц хэзээ ч хуучиршгүй шүлгүүдийг сонгосон гэдгээ итгэл төгс хэлэх байна.

Цаашхи он жилүүдэд дахин нягтлах, нэмэж баяжуулах сонголтоо эргэж харах бололцоо байгаа учраас эрхэм мэргэн уншигчид үнэтэй санал зөвлөгөөнөө харамгүй хэлнэ гэдэгт итгэж байна.

Өдий зэргийн ном бүтээхэд сонгогдоод, цаана нь дундрах ч үгүй дүүрнээр байгаа орчуулга-эрдэнэсийн сан хөмрөг цогцлоосон монголын үе үеийн мэргэн гүүш нарын номын буян дор мэхийн талархсу.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.

Г.МЭНД-ООЁО

2013.04.28

TOP