Эсээ

ИХ УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ДАХЬ Я.ГАНБААТАРЫН ЕРТӨНЦ

Аль тэртээ XIV зуунд их таван ухаанд нэвтэрсэн Чойжи-Одсэр бандидагийн хийгээд түүний туурвисан монгол хэлний журамжлах хэлзүй, орчуулга, яруу найргийн бүтээл нь зуун зууныг гэрэлтүүлсээр буй. XIX зууны соён гэгээрүүлэгч Данзанравжааг тухайн цаг үе нь Өмнөд Тагтад Лхасын ордон хийгээд өөрийн орон Богдын хүрээнд ч оруулахгүй болгоомжилж байсан говь нутгийн хязгаарлагдмал гортиг дотор “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийг зохион дэглэж, хэд хэдэн номын сан байгуулж, өдий төдий дуу шүлэг зохиож, алс бөглүү харанхуй нийгэм дотор соёлын мөнх зул бадраасан юм. Цахарын нэгэн багахан сүмийн гадаах өөвгөр бор гэрт гэвш Лувсанчүлтэм 10 боть сүмбүмээ зохиож, цагаан бурхан өвчний хижиг хошуу нутгийг хамарч, аав ээж ахан дүүсийг нь аван хайлсан хүнд бэрх үед тэр өвчнийг дарах ерөндөг бүтээсэн нь Европод вакцин гарахаас хорь шахам жилийн өмнөх явдал ажээ. Гучаад оны соёлын хэлмэгдүүлэлтийн дараа түмний азаар амь хэлтэрч үлдсэн Ц.Дамдинсүрэн абугай Монголын эртний уран зохиолын түүх шастирын их өвийг бараглаж ганцаараа үүрч дүүрч дараа үеийнхэндээ залгуулжээ.

Хэдэн жилийн өмнө Я.Ганбаатарын туурвисан “Хүннүгийн түүх, соёл” хэмээх судалгааны нэгэн сэдэвт томоохон бүтээлийг үзээд бидний өвгө дээдэс болох дэлхий дахинд анхны төрт улсаа байгуулсан Хүннү хэмээх хүчирхэг гүрний үеийн тухай нэн дорой байсан мэдлэгээ баяжуулан сэлбэх завшаан тохиосон төдийгүй Хүннү нарын тухай Нангиадын эртний улсуудын аугаа шүлэгчид Ли Бай, Дү Фү, Ван Вэйгээс эхлээд ямар гайхалтай шүлэг туурвиж байсныг, бас тэр шүлгүүдийг түүх бичээч өөрөө нэн зохистой аялгуугаар дуун хөрвүүлсэн зэргийг үзэж билээ. 2006 онд болсон Дэлхийн Яруу Найрагчдын XXVI их хурал угтаж манай орчуулагч, гүүш нарын олон сайхан сонгодог ном бүтээл орчуулж бэлэг барьсны дотор Я.Ганбаатарын “Нангиадын эртний яруу найраг” хэмээх ном нэн анхаарал татсан нь, тэрбээр хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн санд орж ирсэн гайхамшигт шүлгүүдийг эртний нангиад хэлнээс монголчлон дуун хөрвүүлэгтэйгээ хамт, англи, герман, орос хэлнээ орчуулагдсан шилдэг орчуулгуудтай нь зэрэгцүүлэн таван хэлний ном бүтээгээд өөрийн зардлаар хэвлүүлэн тараасан бөлгөө. Ийм л ажлыг чухам соён гэгээрүүлэх үйлс гэхгүй юм бол юуг тийн хэлэхсэн билээ. Магадгүй орчуулагч өөрөө тэдгээр утга зохиолын соёлыг тээгч том хэлнүүд дэх орчуулгуудаар өөрийн орчуулгыг давхар нягтлан тулгахын хамт монгол хэлнийхээ яруу сайхан баялаг хийгээд орчуулга ухааны уламжлалт өв сан арвис, эрдэм юундаа бахархан суусан нь лавтай буй заа. Гэвч тэрбээр өөрийн хийж бүтээснийг үл дөвийлгөх нэгэн ажгуу. Цаг хугацаа урсан өнгөрч түүх алсрах тусам ийм хүмүүсийн хийж бүтээсэн нь нийгмийн алмайг илчлэн улам улмаа тодрон товойдог жамтай аж.

Ийн түүний сүүлийн үеийн ном бүтээлийг уншиж судалж бараа ч үгүй суутал “Утга зохиолын тухай яриа” хэмээх томоохон номын гар бичмэл нь ирвэй. Я.Ганбаатарын утга зохиолын тухай бичсэн шүүмж, тэмдэглэл, эсээ, ярилцлага зэргийг төвийн сонин хэвлэлээс алдаг оног уншиж явсан бол өнөөдөр энэ сэдвийн доторх түүний ертөнцийг бүхэл цогцоор нь харах боломж нээгдлээ.

Өрнө хийгээд дорнын утга зохиолыг хэд хэдэн хэл дээр үзэж оюуны мэлмийнх нь хар цагаан арилсан энэ хүний утга зохиолд хандах хандлага, үнэлэх цэгнэх хэмжүүр, уншигч олонд хүртэх өгөөжийг цэгнэж баршгүй. Түүний хэлсэн бичсэн голтой, бас жинтэй. Тэгээд ч цаг хугацааны шалгуурыг даах ноён нуруутай. Өрнө дорнын утга зохиол хэмээх агуу том ай сав дотор, үзсэн уншсаныхаа цар хэмжээний уужимлаг дотор жигнэж үздэг болохоороо тусгал нь ончтой ажээ. Их найрагч Данзангийн Нямсүрэнтэй нүүр тулж уулзаагүй тэрбээр амьд сэрүүн ахуйд нь цаг үе нь түүнийг үл тоох авч агуу их шүлэгч мөн болохыг олж хараад “Цаг өөр болж, цагийг дагаад хүнийг үнэлэх үнэлэмж бас өөр болжээ. Тэнгэрлэг сайхан яруу найргаа туурвиж яваа шүлэгч мартагдаж, зовлон тээсэн жингэр нохой үнэд орох цаг энэ буюу. Гэвч бас өөр цаг ирэхэд Д.Нямсүрэнг үнэлэх буй заа” хэмээн халаглаж бичсэн бол их найрагчийг тэнгэрт хальснаас хойш “Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэх Нямсүрэн судлалыг эхлүүлье” хэмээн уриалаад түүнийг “Нямсүрэн найрагч, VIII зууны нангиадын их шүлэгч, Ван Вэй, дундад зууны Японы их хайкуч Ёса Бусон, хорьдугаар зууны Оросын алтан гургалдай Сергей Есенин нартай зиндаа зэрэгцэн очно оо” хэмээн дуу алдан үнэлсэн байна. Өөрийн үндэсний утга зохиол дахь үнэт зүйлс, чиг хандлага, шинэ сэргэгийг цаг үед нь олж харах, харснаа сэрж мэдрэх, танин барих, таньж мэдсэнээ үнэлж хэлэх эр зориг бол судлаач хүний хамгийн эрхэм чанар болой. Д.Нямсүрэнг сонгодог найрагч мөн болохыг, Д.Нямсүрэнг цагт нь таньсан шинжээчийн дүгнэлт хэр зэрэг оносон болохыг цаг хугацаа харуулна. Гэтэл зарим гайгүй нэртэй шүлэгчид Д.Нямсүрэн гэж боловсролгүй, хөдөөх шүлэгчийг эд тэнгэрт тултал магтах юм, хариугүй л шүлэгтэй юм билээ ш дээ гэж сурталдаж явах юм. Тэр яах вэ, манайхны тамын тогооны үлгэр биз. Харин Я.Ганбаатар нэгэн өгүүлэлдээ “Түүхийн гэсгээл гэж айхавтар юм бий” хэмээн бичсэн нь юм бодмоор үг шүү.

Өнөөдөр бид үндэснийхээ утга зохиолыг хүн төрөлхтөний уран сайхны соёлын жингийн туухай дээр тавих тухай ярьж байна. Эрхэм чухаг энэ зорилгыг биелүүлэхэд үндэсний утга зохиолын жинтэй судалгаа, дорвитой бүтээл шаардлагатай. Тэгээд ч зогсохгүй олон улсын утга зохиол судлалын өнөөгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх судлаачаа дэлхийд гаргаж ирэх цаг нь болжээ хэмээн Я.Ганбаатарынхаа утга зохиолын тухай ярианд урамшаад эд цөөхөн хэдэн үгээр хачир нэмсүгэй.

2010.09.26

Я.Ганбаатарын "Утга зохиолын тухай яриа" номын өмнөтгөл

TOP