Эсээ

ТЭНГЭРИЙН ХАЯАНААС НҮҮДЭЛЧИН АЙСУЙ

/Даяаршлын үеийн Монгол яруу найргийн онцлогийн тухай/

Эрт галавын цагт манай дэлхийг бүрхэж байсан мөсөн галав хайлахад хамгийн түрүүнд эх газраас нэгэн уул цухуйж ил гарсан гэдэг. Түүнийг хожим Отгонтэнгэр буюу тэнгэрийн отгон хөвгүүн гэж нэрлэсэн юм. Эдүгээ энэ уул монгол орны эрхэм шүтээний нэг юм. Төв Азийн тэгш өндөрлөг хэмээх хангай, тал хээр, их говь хосолсон өргөн уудам нутаг бол хамгийн эртний аварга биет үлэг гүрвэл, 70 сая жилийн тэртээх адууны өвөг үүсч тархан нүүсэн голомт газар юм. Эндээс хамгийн анхны хүний ул мөрийг олсон. Энэ бүхэн яруу найрг эдүгээн монгол нутагт хожуу үүсээгүйг гэрчилнэ. Монгол орон нэхэм дөчин хэмийн аагим халуунаас хасах дөчин хэмийн хүйтэн цасан шуургыг хүртэлх цаг уурын эрс тэс жилийн дөрвөн улиралтай, нүүдлийн соёл иргэншилтэй орон. Эдүгээ хот тосгод бий болж нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил хослон оршиж, уламжлалт соёл даяаршлын шинэ соёлын ондоошил болон нийлэгжилт аль аль нь явагдаж байна.

Мэдээж монголын орчин үеийн яруу найраг монголын өвөрмөц онцлог, дэлхий дахины нийтлэг жам ёсоор хөгжиж байна. Монголын хамгтйн анхны яруу найрагчийг ард түмэн гэнэ. Нүүдэлчин ард түмний дуу, яруу найраг хамтын бүтээл байдаг. Монголын хамгийн богино шүлгийг хос уянга гэнэ.

Орчлон
Гаслан

Энэ хоёрхон үгэнд ертөнцийг багтаана.
Бас ертөнцийн гурав гэж бий.

Тэнгэрт багана дутуу
Далайд талгаа дутуу
Дэлхийд бүслүүр дутуу ертөнцийн гурван дутуу энэ болой.

Монголчууд аян жинд явахдаа үхрийнхээ махыг борцлон хатааж нүдээд зүрхний хальс буюу үнхэлцэгэнд нь багтаагаад авч явдаг бөгөөд яруу найргийн богино мөрөнд их санааг багтааж болно гэж үздэг. Монголын хамгийн урт шүлэг бол “150 насалсан хөгшин луу” хэмээх туульс 14000 мөртэй. Бүтэн сараар ч юмуу цээжээр шүлэглэн аялгуулан хайлна.

Хэзээнээсээ нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудад бичгийн утга зохиолын уламжилж ирсэн дурсгал цөөн. Харин аман зохиолын уламжлал XX зууныг хүртэл маш их өвтэй. Дундад зуунаас Энэтхэг, Төвд, Хятад дорно дахины бичгийн утга зохиолын нөлөөгөөр монголын сонгодог бичгийн утга зохиолын яруу найраг хүчтэй хөгжив. Чингис, Хубилай хаан шүлгээр цэцлэн айлдаж байв. Цогт тайж, Инжиннаш, Данзанравжаа, Гулийрансын яруу найраг нь бичгийн яруу найргийн сонгодог өв болон үлдсэн юм. Санскрит, Төвд, Хятадын утга зохиолын нөлөө, монголын уламжлалт яруу найргийн онцлог хосолсон монголын утга зохиолд XX зуун хүчтэй дэлбэрэлт, цэцэглэлтийн үеийг авчирсан юм.

Өнгөрсөн зууны 30-аад онд дорно өрнө дахинд боловсрол эзэмшсэн Д.Нацагдорж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын бүтээлүүд 60-аад оноос Б.Явуухулан, М.Цэдэндорж, Н.Нямдорж нарын яруу найраг дорно өрнийг хосолсон өвөрмөц шинэ өнгө аясаар монголын яруу найргийг баяжуулсан бөгөөд Ш.Сүрэнжав,Д.Урианхай, М.Ширчинсурэн, Б.Лхагвасүрэн, Л.Дашням, Т.Галсан, П.Бадарч, Д.Шагдарсүрэн, Д.Нямаа, Д.Цоодол, С.Оюун нарын зэрэг яруу найрагчид монголын яруу найргийн шинэ түрлэг болж, дүрслэл сэтгэлгээгээрээ дорнын уламжлал дээр өрнийн яруу найргийн уур амьсгалын хосмолжин өнгө аялгууг илэрхийлнэ.

Миний бодоход монголын шинэ яруу найргийн цэцэглэлтийн оргил үе нь 1980-аад он байсан бөгөөд дурдсан үеэс шинэ зууны босгоор орох хүртлэх үед Д.Нямсүрэн, О.Дашбалбар тэргүүтэй яруу найрагчид жинхэнэ гэгээн тунгалаг, намуун яруусал, утгын гүн цээл уянгыг бүтээсэн бөгөөд энэ хоёр яруу найрагч харамсалтай нь өнөөдөр бидний эгнээнд үгүй байна. Миний бие болон С.Дулам, Ц.Чимиддорж, Д.Төрбат, Д.Цогт, Д.Банзрагч, Л.Мягмарсүрэннарын олон найрагч энэ үед холбогдоно. Манай яруу найргийн өөр нэг давтагдашгүй онцлог бол монгол хэлний өөрийн нь зүй тогтол утга уянгыг илэрхийлэх цаглашгүй боломжтой холбоотой.

XX зууны төгсгөл үеийн яруу найргийн залгамжлал болох хэсэг залуус шинэ зууны босгоор өвөрмөц дуу хоолойтой орж ирэв. Тэднийг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Ц.Бавуудорж нар тэргүүлж, Ц.Буянзаяа, Х.Чилаажав, Г.Бадамсамбуу, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ж.Баяржаргал нарын зэрэг залуус эгнээнд нь явж байна. Эдний эгнээнд нэр нь бичигдэх ёстой ч орчлонгоос цэл залуугаараа буцчихсан ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, С.Баттогтох нарын яруу найраг нь XX зууны төгсгөлд үнэт өв болж үлдлээ.

Энэ дашрамд харамсалтайгаар дурдахад монголын яруу найрагчид маш богино настай. 1930-аад оны гайхамшигтай яруу найргийг бүтээсэн Г.Сэр-Од хорин гуравхан насалсан юм. Энэ богино настай амьдралын цаана мөнх настай туурвил нь үлдэж эзнийхээ наслаагүй насыг элээн туулдаг жамтай юм. Жинхэнэ яруу найраг цаг хугацаа, орон зай, нийгмийн хувьсалаас үл шалтгаалан мөн чанараа үл гээх мөнхийн хөдөлгөөнд үл хувьсан орших зүй тогтолтой юм.

Миний бие даяаршлын үе буюу XXI зууны гараанд хүн төрөлхтөний яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн рүү орж буй монгол яруу найргийн онцлогийг дараах байдлаар тодорхойлж байна.

1. XXI зуун руу шилжиж буй монголын утга зохиол нь монголын нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц онцлог бүхий шинэ содон яруу найргийг хүн төрөлхтөнд бэлэглэж байна.
2. Түүнчлэн даяаршлын үеийн дэлхий нийтийн яруу найргийн шинэ сэтгэлгээний үеийн чиг хандлагыг илэрхийлэх нэн шинэ чиглэлийн яруу найргийг бас бэлэглэж байна.
3. Өнөөгийн монголын уран зохиолчид бид олон зуун мянган жилийн уламжлалтай үндэсний яруу найргийн өв уламжлалыг хүн төрөлхтөний сонгодог яруу найргийн сан хөмрөгт оруулж байр суурийг эзлүүлэх түүхэн үүргийг хүлээж байна.

Ийнхүү даяаршлын эрин үед монголын эртний яруу найраг нь ч, XX зууны өвөрмөц яруу найраг нь ч, нүүдлийн соёл иргэншлийн гэгээн тунгалаг, цээл уянгалаг яруу найраг нь ч хүн төрөлхтөний яруу найрагт бүхлээрээ “шинэ” бүүр “цоо шинэ” өөрийн онцлогтойгоор орж ирж байна. Үүнийг яруу найргийн хоёр мөрөөр илэрхийлбэл:

Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй.

2002.X.31

Румын. Яаси

TOP