МОНГОЛЫН ГОВИОС ТОДОРСОН СУУ БИЛИГТЭН – ДАНЗАНРАВЖАА
Данзанравжаа хэмээх нэр Монгол соёлын ертөнцийн олон салаа мөчиртэй гүн холбоотой. Тэрбээр суу билэгт яруу найрагч, Буддын шашны гэгээнтэн, гүн ухаантан, нүүдэлчний театрыг төгөлдөржүүлэн бүтээгч, жүжгийн зохиолч, найруулагч, аялгуу зохиогч, Бурхан урлаач, байгаль шинжээч, аялагч, ер бусын гоц чадвартан байлаа.
Данзанравжаа 1803 онд эдүгээн Монгол улсын Дорноговь аймгийн нутаг Дулаанхарын уулын өвөр дэх Шувуун шандад Дулдуйт хэмээгч ядуу айлд мэндэлсэн. Аав нь эх барьж авахад гэрэл цацарч байсан гэж товч намтарт нь бичсэн буй. Эх нь балчир ахуйд нь нас барж аавтайгаа хэрэн хэсэн явахдаа гоц авьяас билиг нь илэрчээ. Түүний таван настайд аав нь хөтлөн айлын жасаа даллаган дээр очоод байтал ихэд ширүүн бороо гэнэт асгарчээ. Зуны нимгэн бүрээстэй гэрийн дээврээс энд тэндгүй дусаал гоожиж, харин цоорхой дээврийн доорх үүдэнд суух аав хүү хоёрын дээрээс дусаал гоожсонгүйд айлын хүмүүс тэр хоёрыг дооглон инээлдсэнд жаалхүү бээр цовоо дуугаар ийн дуулсан гэдэг:
...Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа бэ?..
...Огторгуйн одод олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Онцгой мэргэн нэгэн хоёр... /Хурмаст тэнгэр/ гэх мэт
Хүмүүс ихэд гайхалдаж, тэр цагаас эхлэн хүүгийн ер бусын авьяас, гоц чадвар энэ мэтээр илэрч эхэлсэн бөгөөд 6 настайд нь ламын сахил хүртээж, есөн настайд нь хувилгаанаар тодруулсан байна. 11 наснаасаа 15 хүртэл эдүгээн Өвөрмонголын нутаг дахь Бадгарчойлин хийдэд Буддын шашны гүн ухааны болон нууц тарнийн эрдэмд суралцсан бөгөөд тэр үеийн монголын томоохон хутагт хувилгаад болох Жанжаа хутагт, Ажаа гэгээн, Дүйнхор бандида тэргүүтэн эрдэмт лам нар гоц авьяастай хүү Данзанравжаад нууц тарнийн гүн ховор нарийн жүд авшиг өгч төрөлх шид авьяасыг нь улам нээгдүүлсэн ажээ. Хэдийгээр шашны их мэргэд хэдэн арван жил эл номыг үзэж дээд түвшинд хүрдэг бол тавхан жилд Данзанравжаа түргэн дөтийн замаар номын гүн нууц руу нэвтэрсэн нь гайхамшиг. Данзанравжаа 16 настайдаа төрөлх нутагтаа эргэн ирж нууц тарнийн эрдэмээ улам төгөлдөржүүлэхийн хамт эдүгээн Өвөрбаясгалант Хамарын хийдээ байгуулж эхэлжээ. 18 настайд нь эцэг Дулдуйт нь таалал болов. Түүнээс хойшхи амьдралынхаа он жилүүдэд сүм хийд байгуулах, олон газар орноор аялан явж ном тавих, хур бороо оруулах зэрэг шид бүтээл дүвлэх, дуу хуур, яруу найраг хөгжөөх, жүжиг дэглэх зэргээр говь нутгийг соён гэгээрүүлэх үйлс бүтээл нь ид шидийн юм шиг дэлгэрсэн байдаг.
Хамарын хийд нь тухайн цагтаа Говь нутаг дахь нөлөө бүхий шашин соёлын төв болж байлаа. Тэнд Ламрим, Дэмчиг, Жүд, Агва зэрэг шашны олон дацангууд байгуулсны зэрэгцээ нийтийг соён гэгээрүүлэх хэд хэдэн бүтээн байгуулалт хийсэн юм. “Хүүхдийн дацан” нэртэй хэл бичиг, байгалийн ухаан, урлахуй ухаан, дуу бүжгийн дэг сургах сургууль, саяар тоологдох номтой номын сан, “Намтар дуулах дацан” хэмээх дуу жүжгийн ордон, “Цагаан сүм” нэртэй маш баялаг ховор цуглуулгатай музей байгуулснаар монголын говь нутагт эгэл нүүдэлчин ард түмэн мухар сүсэгээр бус эрдэм мэдлэг, урлаг соёлоор гэрэлтэж, тухайн цагт Чин улсын хараат байсан Монголыг харанхуй бүдүүлэг янзаар байлгахыг хүсч байсан манж, хятадын эрх баригчдын бодлогыг сөрсөн нэгэн ёсны оюун билгийн тэмцэл байсан юм.
Данзанравжаа хутагт говь нутагт олон тооны сүм хийд байгуулсан боловч өөрөө хийдийн гортиг дотор удаан суусангүй, Монгол газраар аялан явж “Саран хөхөөгийн намтар” тэргүүт дуулалт жүжгээ дэглэж, өөрийн зохиосон шүлэг гүр дууллуудад аялгуу зохион дуулуулж, гандаж хагссан газарт хур бороо оруулж, ядарч туйлдсан хүмүүст эм дом, номын засал хийж урам зориг өгч, уул, ус, хад чулуу, өвс ургамал шинжиж, шүлэг зохиолоо тасралтгүй туурвисаар байлаа. Хэдэн арван тэмээн жингийн цуваа хөвөрч, олон арван шавь нараа дагуулсан Данзанравжаа хутагтын нүүдэл бол чухам соён гэгээрлийн ирээдүй рү хийсэн их нүүдэл байсан юм. Үүнийг тухайн цагийн сөрөг бодолтнууд “...олон эмс охид дагуулсан, архи уудаг, шалиг завхай хутагт” гэх мэтээр элдвээр муучилан түүнээс болгоомжлохыг ухуулан зарим орон газарт оруулахыг ч хориглодог байв. Тухайлбал 1840 оны үед Их хүрээнд залрахаар очиход нь Туул голын хөвөөнөөс буцаасан тухай өөрийн намтартаа бичсэн нь буй.
Данзанравжаа хутагт хүүхдийн дацандаа урлагийн авьяастай хүүхдүүдийг сургаж, өөрийн театрын жүжигчид, урлаачидыг бэлтгэхийн хамт тэдний зарим нь шашны дацангуудад үргэлжлүүлэн суралцана. Тийм шавь нарын нэг нь Дадишура тэргүүт бүсгүй бүтээлчид юм. Тэд жүжиг дэглэх, дуу дуулах, жүжгийн хувцас хунар цамын баг тэргүүтнийг хийхийн хамт, эгэл олонд үлгэр ном уншиж өгөх, бичиг эрдэм заах зэргээр хутагтын үйлсийг дэлгэрүүлдэг байсан бөгөөд тэдний дундаас Дадишура хэмээх бүтээлчин бүсгүй ихэд алдартай. Тэрбээр Данзанравжаа хутагтын нууц тарнийн бүтээлийн хамтрагч буюу рэгма нь бөгөөд жүжиг найруулах, аялгуу зохиох тэргүүтэн олон талын авьяастай бүсгүй тул ноён хутагттай үргэлж хамт байсан юм. Үүнийг буруугаар ойлгогч хүмүүс Дадишураг түүний эхнэр, эсвэл нууц амраг мэтээр үзэж байсан нь олонтаа ажээ.
Данзанравжаа хутагт Дадишурад олон дуу шүлгээ зориулсан нь өөрийн хамгийн дотнын шавь уран бүтээлийн нөхөр түүнээ хичнээн хүндэтгэж, хүний ёсоор хайрлаж байсны нь гэрч юм. Дадишура гэгээнтний амьдрал уран бүтээлийн бүхий л намтартай хүйн холбоотой, Данзанравжаагийн дуулснаар “Үлэмжийн чанар төгөлдөр” бүсгүй байжээ.
Данзанравжаа хутагт яруу найрагчийн болон эр хүний хувьд бүсгүй хүнд хайр сэтгэлтэй болж байсан уу? гэх асуулт гардаг. Тиймээ, байсан. Тэрбээр Их хүрээ рүү орж чадалгүй хөөгдөөд Хэрлэн Туулын бэлчир Сойлго хэмээх газарт сүсэгтэн олонд ном тавьж дуу хуур, наадам үүсгэх үедээ мөргөлөөр ирсэн Хангай нутгийн Балждумаа хэмээх бүсгүйд хайр сэтгэлийн жолоо алдсан түүхтэй. Данзанравжаа бээр Балждумаад олон сайхан дуу шүлэг зориулсан нь бий. Тэдний хайр сэтгэлийн холбооны тухай домог хууч ч олон буй. Данзанравжаа Манжийн үед ихэд дэлгэрсэн бүсгүй хүнийг дорд үзэх үзэл санааг өөрчилсөн бөгөөд дэргэдийн гурван шүтээн нь бүсгүй хүний дүртэй Дара эх бурхан, урлагийн бүтээл хун шувуу, нууц тарнийн бэлгэдэл дигваранз байв.
Данзанравжаа хутагт нууц тарнийн бясалгал болох догшин бурхадын дүрд босох ад чөтгөрийг дарах, сүнс хөтлөх, зэрэг хатуу ном бүтээлээ дүвлэхдээ архи буюу нанчид хэрэглэдэг байсан нь үнэн юм. Гэхдээ энэ нь хүмүүсийн эгэл хар ухаанаар ойлгодог шиг бидний мэддэг өнөөгийн согтууруулагч архи байгаагүй юм. Нэн эрт үеэс уламжлалтай Ловонбадмажунай гэгээний үеэс улам төгөлдөржсөн хий, дусал, судлын нууц эрдмийн увдисыг нээгдүүлэх шидэт мэдээлэл хадгалагч буюу жүдтэй нанчидыг бясалгалд орших хүчтэй сахиусанд буухдаа унаа хүлэг болгон хэрэглэдэг маш ховор нууц эрдэм юм. Хутагтын нанчидад бясалгах ёсыг ухвар буруу ойлгосон зарим баяд, ноёд, эгэл ардууд архи ихээр зооглох болсонд хутагт тэднийг цуглуулан нохойн баас тэргүүтэн элдэв муу үнэртнээр нэрсэн архи мэт юмыг ижилхэн аяганд сөгнөж зэрэг хүртэцгээжээ. Хутагт мөнөөх муу үнэрт усыг сайхан үнэр сэнгэнэсэн аршаанд урвуулан хүртэж, бусад нь уугаад огиулж бөөлжиж дур гутсан байдаг. Данзанравжаа хутагт архийг аршаан болгох, эгэл усыг нанчидад урвуулах тэргүүтнийг нэн чадамгай эзэмшсэн нэгэн байжээ. Эл бүхний тайлал болгож шавь нар, сүсэгтэн олонд зориулж “Архи уухыг хориглосон шүлэг”-ээ бичсэн нь бий.
Данзанравжаа бол тэнгэр эрхэс, газар дэлхийтэйгээ гүнзгий шүтэн барилдсан хүн юм. Ялангуяа газар шинжих талаараа онцгой. Эдүгээн Хамарын хийдийн баруухантай хутагтын нум сум харваж оносон довноос нэгэн худаг гарсан бөгөөд Данзанравжаа өвчин анагаах аршаан болохыг нь нээж түүнийг хүртэх зааварчилга болгож “Адистэд аршаан усны судар” хэмээгчийг туурвижээ. Ер нь Хамарын хийд ихээхэн өндөр түвшинд хүрсэн лам нартай байсан бөгөөд тэр орчмын 108 агуйнуудад бясалгал хийж, бясалгалыг хутагт өөрөө удирддаг байсан гэдэг. Лам нар төдийгүй нутгийн тайж ноёд, эгэл ардууд ч бясалгал хийж байсан нь хутагтын бүтээсэн “Гэнэн сахилтан гэргийтэн нарын бясалгалын хөнгөн горим оршивой” хэмээх судраас тодорхой харагдана. Ноён хутагт галт уулын хайлмал хадыг хагалж дотроос нь ер бусын ид шидтэй нэгэн чулуу авсан тухай намтартаа бичсэн бий. Тэр чулууг байнга гартаа таалал болгон авч явдаг байсан гэдэг. Данзанравжаа өөрийн сүм хийдээ байгуулах газар орныг сонгосон нь гайхалтай. Түүний нэг нь Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг болох Дэмчигийн хийд болно. Өдгөө тэрхүү хадан уулыг ер бусын эрчим хүчтэй газар хэмээн хол ойрынхон зорин очсоор байна. Хамарын хийд ч мөн онцгой эрчимтэй газар болой. Өвөрхамарын газрын толгодын дунд чулуугаар өрж хийсэн цагийн хүрд мэт чулуун тойрогууд байх бөгөөд тэдгээрийг Данзанравжаа хутагтын гүн бясалгал самадид оршиж байсны ул мөр гэлцэнэ. Ийнхүү олон дахин гүн бясалгалд оршсоор эдүгээн цогт дээд Шамбалын орны хүйс, газрын Шамбалын зулайг олж тогтоогоод 50 сүүдэртэйдээ буюу 1853 онд Дүйнхор хурж, Шамбалд зорчих мөрийг гаргасан байна. Түүнээс хойш энд жил бүх Шамбалын ерөөл хэмээх их ном хурж маш их адистэд цогцлоожээ.
Ийнхүү Данзанравжаа гэгээнтэн сансарын эрчим, газрын эрчим, номын эрчимийг нэгэн цэг дээр хураан төвлөрүүлж цогцлоосон нь Хамарын хийд орчмын нутаг орон буюу олон нийтийн хэлж заншсанаар “Шамбал” юм. Данзанравжаа гэгээнтэн бээр дээд бясалгасаар, оюуны гэгээрэл самадийн хүчээр Шамбалыг нээж чадсан юм. Тэр өөрөө хожим нь нирваанд оршин дээд Шамбалд заларсан юм. “Шамбалын орны нууц түлхүүр говийн нэгэн хүнд буй” хэмээн их эрдэмтэн Н.Рерихийн бичсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм.
Данзанравжаа хутагт дээр үгүүлсэн соёл шашны их үйлийг өрнүүлэн явсан бүхий л аян зам, он жилүүдийнхээ туршид шүлэг зохиолоо тасралтгүй туурвисаар байсан бөгөөд эдүгээ 400 шахам шүлэг дуулал мэдэгдээд байна. Түвэд хэлээр зохиосон нэг зуу гаруй шүлэг гүр дуулалуудыг нь орчуулж амжаагүй байна. Мөн түүнчлэн “Аварга могойн зулайн чандмань эрдэнэ” тэргүүтэн шашны гүн ухааны бүтээлүүд нь нийтийн хүртээл болоогүй байгаа бөгөөд зарим нь нууцын санд буй.
Данзанравжаа хутагтын “Саран хөхөөний намтар” жүжиг бол монголын төдийгүй, хүн төрөлхтөний театрын урлагийн түүхэнд ховор үзэгдэл мөн. Түүнийг тэмээн хөсөгтэй нүүдлээр аялан явж очсон газартаа бүтэн сарын турш тоглодог асар том тавилттай бүтээл юм.
Харин Данзанравжаагийн шүлэг дууллуудын зохиогдсон түвшин нь өөр өөр. Шавь нартайгаа аялан явахдаа юмуу, эсвэл найр наадамд оролцохдоо уул ус хурдан хүлэн хараад шүлэглэх буюу дуулдаг байна. Эдгээр нь ардын дуу мэт энгийн үгтэй, ойлгох тогтооход амархан бөгөөд ард олон тэмдэглэн авч дуулж, түгээн дэлгэрүүлдэг байж. Мөн бясалгалд орших буюу шүтээн сахиус биед нь орших үедээ гүр дууллуудаа шууд цэцлэн хэлдэг байсныг Халиут зэрэг хурдан бичээч нар тэмдэглэн авч дэвтэрлэдэг байсан бөгөөд тэдгээрийн зарим нь сүм хийдийн уншлага болсон нь ч бий. Гүр дууллууд нь тухайн үедээ ойлгоход амар биш байв. Данзанравжаа ийм гүр дууллууддаа аялгуун жүд оршоож ард олны сэтгэл зүрхэнд хүргэхийг эрмэлзэж байв. Данзанравжаагийн гүр дууллуудаа шингээсэн аялгуу бол хүний сэтгэлд хүргэх дуун унаа хүлэг нь гэж ойлгож болно. Данзанравжаа өөрийн олонхи шүлгүүддээ аялгуу зохиожээ. Зарим шүлгүүдэд Дадишура нар аялгуу зохионо. Аялгуут шүлэг буюу дуунууд нь нүүдэлчин ард олны дунд түгэн дэлгэрэхдээ нэн хурдан байжээ. Данзанравжаа монголын Говь, Тал, Хангай хийгээд Долнуур, Баруун зүүн Сөнөд, Алшаа зэрэг Өвөрмонголын нутгаар болон түүнчлэн Утай, Бээжин зэрэг газраар тасралтгүй аялан явсаар байсан боловч түүнийг Түвэдийн нутаг руу оруулах нэн хориотой байсан нь тэр үеийн Буддын шашин дахь шарын болон улааны урсгалуудын дотоод зөрчилтэй холбоотой гэж зарим судлаачид үздэг.
Данзанравжаа олон мянгаар тоологдох шавь нартай, гэгээнтний суудалд заларсан хутагт хүний хувьд олон гайхалтай бурхан шүтээнүүдийг буй болгосноос зарим нэг нь бидний үед хүрч иржээ. Говь нутагт хутга мэсний хэрэг гарснаас үүдэн нэгэн түмэн мэснийг цуглуулж түүнээ хайлуулан гангаар тохой илүү Ловончимба бурхан бүтээсэн нь мэс болон муу хорлол бүхнийг номхотгох утгыг агуулдаг болой. Энэхүү нандин шүтээнийг тахилч О.Түдэв 1937 онд агуйд нуухаар авч явахдаа малгайг нь гээчихсэн аж. Гангаар хийсэн тул зэврэлтээс хамгаалж арчиж зүлгэхээр агуйгаас түр гаргаад байх үед нь пин дэх авдараас нь хулгайлчихаж. Энэ нь 1960-аад оны үйл явдал юм. Хулгайч бурханы их биеийн хэсгийг аваад сүншигтэй бадыг нь орхичихсон байж. Тахилч ихэд харамсаж байсан ч олдоно гэдэгт таалал болтлоо итгэсээр байв. Цаг нь болж алдагдсан бурхан ч олдож, шороон доороос 60 жилийн өмнө гээгдсэн малгай ч гарч ирж тарж бутарсан бурхан эвэлжээ. Сонин түүх шүү. Данзанравжаа хутагтын зурсан гэх “Хүмүүн заяаны судар” хэмээх эр эмийн явдлыг үзүүлсэн 60 зурагт судар байснаас мөн үзэл сурталын нэгжлэгэнд өртөж цөөн хэд үлдсэн нь эдүгээ хутагтын музейн сан хөмрөгт буй.
Манж Чин улсын хааны ордон Данзанравжаа хутагтад нэн таагүй хандаж байлаа. Говийн 4-р ноён хутагтын дараачийн дүрийг тодруулахыг хориглосон атал нэгэнт 5-р ноён хутагт Данзанравжаа ихэд алдаршиж, сүсэгтэн олныг дагуулан, дуу хуур бүжиг наадам болоод яваад байгаа нь Хааны ордоны бодлоготой нийлээгүй тул түүнийг мөрдөх мөшгих, хорлох хороох оролдлого гарсаар байснаас Данзанравжаа амьдралынхаа сүүлийн жилүүдэд Хамарын хийддээ ч тухлаж амжихгүй аялан явсаар байв. Ийнхүү нутгийн ноён бэлбэсэн хатан, урьд нь Данзанравжаад сэтгэлтэй байсан манж цусны хольцтой хүүхнээр дамжуулан тусгай бэлтгэсэн архинд хийсэн хорыг түүнд өгсөн юм. Данзанравжаа түүнийг хор хэмээн мэдэж байсан ч “амьтны хүслийг гүйцээе” хэмээн хортой архийг ууж “Ертөнц авгайн жам” хэмээх шүлгээ бичээд нирваан дүрийг үзүүлсэн ажээ. Яруу найрагч бээр сүүлчийн энэ шүлэгтээ ертөнцтэй тэрсэлдэж буй хэлбэрээр өөрийн сэтгэлийг өчиж;
Ертөнц авгай гэгч
Би чинь өөрөө юмсанжээ... хэмээн бичээд нирваан дүрдээ шилжсэн юм. Энэ бол 1856 он юм. Гэгээнтний шарилыг таалал барьсан газарт нь буюу Өвөрмонголын нутаг дахь Бойны сүмийн газар занданшуулж, өөрийн төрөлх Хамарын хийдэд нь залсан байна. Ийнхүү Данзанравжаа хутагтын шарил 1937 хүртэл Хамарын хийдэд залагдаж байгаад их хэлмэгдүүлэлтийн үе эхэлж орон сүмийг галдан шатаахаас өрсөж тахилч О.Түдэв Хүслийн уулын оройн овоонд чандарлан 1990 он хүртэл хадгалсан аж. Монгол оронд ардчилал сэргэн мандаж, шүтэж бишрэх эрх чөлөө нэгдсэний дараа Хамарын хийдийг сэргээж түүний шарилыг буцаан авчирчээ. Данзанравжаа хутагтын өв болох нэг мянга орчим авдартай ном, бурхан шашны холбогдолтой цуглуулгын зүйлээс 64 авдарыг тахилч нь агуй, голын саарь газар нууж шинэ цагтай золгуулсан түүхтэй.
Данзанравжаагийн зохиол бүтээлүүд 1950-аад оноос мэдэгдэж судлагдах болсон бөгөөд түүнийг нээхэд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, судлаач Д.Цагаан, түвдэч Ч.Алтангэрэл, эрдэмтэн Л.Хүрэлбаатар, Д.Ёндон нар онцгой гавьяатай.
Миний бие Данзанравжаа хутагтын амьдрал, уран бүтээлийг олон жил судалсны үндсэнд “Гэгээнтэн” хэмээх эссэ роман бичиж 2012 онд хэвлүүлсэн бөгөөд энэхүү суу билэгтний амьдрал, оюун санааны ертөнцийг нууц тарнийн увдис эрдэм мэдлэгийнх нь үнэт зүйлстэй нь цуг аль болох бодитойгоор гаргаж тавихыг хичээснээ дашрамд дурдсу.
2005 онд Монгол оронд миний эрхлэн зохион байгуулсан Дэлхийн яруу найрагчдын их хурлын үеэр Данзанравжаагийн шүлгийн бүрэн гэж болох томоохон эмхэтгэлийг хэвлүүлж тарааснаар түүний уран бүтээлтэй гадаадын уншигчид танилцаж эхэлсэн юм. Энэ удаа Данзанравжаагийн яруу найргийн бүтээлүүдээс 40 шүлгийг сонгож, яруу найргийн ертөнцийг нь танин мэдэхийг хүсч буй гадаадын уншигчдад зориулан гаргаж байна. Английн эрдэмтэн доктор, орчуулагч Саймон Вэкхам Смит 2005 онд хийсэн орчуулгаа дахин нягтлан сайжруулсан гэдгийг талархан тэмдэглэж байна. XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн үеийн шашны гүн ухаантан “мэргэдийн эрхэт” хэмээн алдаршиж, Энэтхэг, Түвэд, Монгол – номт гурван улсад нэр бүтээл нь түгсэн Агваандандар (1759-1842) Лхарамбатай Алшаа нутагт очиж уулзаж; эхлээд биесийг сорин ном хаялцаад, сүүлд нь харилцан бие биедээ багш шавь болсон сонин түүх бий. Түвэдийн Лхасад лхарамбын зэрэгт хүрсэн тэр цагийн сонгодог боловсролтой мэргэн Агваандандар бээр Данзанравжаад бичсэн нэгэн захидалдаа (1832) “Таны бие, хэл, сэтгэлийн нууц эрдэмийн салхинд миний сүсгийн цагаан лянхуа аргагүй ганхан хөдөллөө... Судар, дандарын номлолыг ялган таних оюун нүдийг уул нь бусдаас эрэн сурвалжиж, сургууль боловсролын алтан цоргиураар л нээдэг атал та өөрийн гүн нууц бүхнийг ийнхүү эрхшээсэн нь их номч мэргэдийг ичээхэд хүргэж байна... таны энэ замнал хутагтын орны агуу их бандида нарыг санагдуулнам” гэж бичсэн нь Говийн хутагт ямархуу түвшинд хүрсэн гэгээнтэн байсныг нотлон үлджээ.
Данзанравжаа бээр нэгэн удаа “Дэлхий намайг мэдэх болсон тэр цагт би эргэж ирнэ” гэж хэлсэн гэдэг. Суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, гэгээнтэн тэрбээр ийнхүү бүтээлүүдээрээ дамжин нээгдсээр бүрэн төгөлдөр утгаараа эргэн ирэх цагийн төлөө ерөөл тавьж буйгаа дурдсу.
Төгс жаргалан
Түмэн учрал
Сайн буян
Өлзий хутаг
Улаанбаатар
2013.12.05
"A Song Arising from Contemplation" хэмээх Данзанравжаагийн шүлгийн түүврийг эрхлэн гаргахдаа бичсэн өмнөтгөл