Үзэл бодол

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН АРГА БИЛИГ

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН АРГА БИЛИГ

Монголчууд эрт үеэс мал адгуус, араатан гөрөөсийг дуудах, урих ойлголцох хэл хэллэг, уриа дуудлага хэрэглэж тэдэнтэй хүнчилэн харьцдаг байсны дээр уул ус, мод бут, хад чулуу, булаг шанд бүхэн эзэнтэй, сүлдтэй, сүнстэй сэтгэлтэй хэмээн үзэж хүрээлэн байгаа байгаль дэлхийдээ зориулсан ерөөл магтаал, дуудлага залбирал зохиосон нь үлэмж их бий. Уул ус мод чулуу түүний эздэд хүний яриа хүрч ой санамжинд нь хадгалагдахын хамт, баярлах, гомдох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг гэдэгт итгэж хэлэх илэрхийлэх шүлэг дуудлагаа ая дан хэм хэмнэлээр улам эерүүлэн яруусгаж үгүүлдэг байсан явдал монгол нүүдэлчдийн соёлын нэгэн өвөрмөц онцлог байсан гэж үзэж болно.

Монголчуудын зан үйл ардын аман зохиолын болон бичгийн утга зохиолын сан хөмрөг дотор ерөөл хэмээх уран үгсийн соёл хүндтэй байр суурь эзэлдэг.

Баруун талын шанаанаас нь авч үргээхэд

Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
гэх буюу Тогоо нэрэхийн ерөөлд
Нарийн хурын чийг ургасан
Үүл борооны хураас ургасан
Үр шимийн идээ байна.

XIX Ерөөл нь монголчуудын аж төрөхүйн арга ухаанаас үүдэлтэй, яруу үгсийн эерүү зөөлөн хэм хэмнэл, сэтгэл эзэмдэх, хамтын урам зоригийг хөгжөөх увдисыг агуулахын хамт, сонсогчийг төдийгүй байгалийн хүчин зүйлийг үг ба аялгууны арга билгээр ховсын байдалд оруулж, үгийн эрчимлэг долгионыг үүсгэн олон түмэнд нөлөөлдөг байна.

: Уул усны, хүмүүний, эрийн гурван наадмын, эд хэрэглэлийн, таван хошуу малын тухайд билигт сайн үгийг аялгуулан тэтгэж зориулан буй эзэн ба эд зүйлсийг улам сайн сайхан болгох арга билгийг агуулна.

Орой биеийг нь

... гэж эхлээд

Хамар дээрээ хаваржаатай
Зулай дээрээ зуслантай
Нахиу дээрээ намаржаатай
Өвөр дээрээ өвөлжөөтэй

Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ гэх зэргээр үргэлжилж, уул усны эзэд, түүний мод чулуу, цэцэг, ан гөрөөс бүгдийг магтан өргөмжилнө.

Ингэхдээ уул усны байгалийн чимээ, шувуудын жиргээ, салхины исгэрээ, ан амьтны дуу чимээг ч дүрслэн, аялгуулах нь бий. Магтаал болгон өөр өөрийн онцлох аялгуутай бөгөөд монгол бөхийн цол, хурдан морьны цол бол мөн л хүн ба адгуусанд урам зориг оруулж, хүч чадал, итгэл үнэмшлийг хөгжөөн бадраах эрчимлэг үгсийн чуулган юм. Тухайлбал: “Бөхийн цол”-д бат итгэлт, бууршгүй хүчит, хангарьдын дэвэлттэй, хамгаас хүчтэй..гэх зэргээр магтаж цоллоно. Цолоо дуудуулсан бөх, хангарьдын дэвэлтээр дэвж, арслан зааны байдлаар шавж, урмын үгэнд улам баясан ялах ид хаваар цэнэглэгдэнэ. 

: Монгол туулийн үүсэл маш эрт бөгөөд сүнс сүлдийг нь баясгах тэнгэр шүтлэгийн уламжлал зан үйлтэй холбоотой үүсчээ. Тууль нь хэдэн арван мянган мөр бүхий шүлэгээс бүтэх бөгөөд туульч хэдэн өдөр сараар аялгуулан, хуурдаж, товшуурдаж хайлна. Тууль хайлахад тэнгэр, уул ус, лус, газрын эзэд цөм баясах бөгөөд тэнд амьдрагч айл хотол, хүн адгуус цөмд сайн сайхан явах хүч чадлыг соёрхоно.

Жич: Монголын ард түмний бүтээсэн “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн хан харангуй” зэрэг олон тууль бий бөгөөд “Бум эрдэнэ” тууль 5000 мөр байдаг бол “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” хэмээх тууль 14000 мөр шүлэгтэй. Эдүгээ 280 орчим тууль бүртгэгдэж тэмдэглэгдээд байгаа гэсэн тоо буй. 

Монголчуудын уламжлал ялангуяа нүүдлийн аж ахуй эрхлэх зан үйлтэй холбоотой мал амьтаныг хүнчилж харьцах соёл их буй. Үүнээс зөвхөн төлийг эх малд авахуулах ёстой холбоотой шүлгийн тухайд хэдэг үг хэлье. Төлөө голсон эхэд үрийг нь буцааж ээнэгшүүлэх өнчирсөн төлийг өөр эхэд дасгаж авахуулахдаа аргадаж учирласан шүлэг хэлж, уртаар уянгалуулан, аялж, хуур, лимбэ, цуур хөгжимөөр уяруулан байгалийн төрөлх зөн билгийг нь өдөөн сэргээж, үг аялгууны арга билгээр эх малд төлийг ятган өгч элэг бүтэн эх үр болгодог ёс юм. 

Урин цаг ирнэ дээ
Уураг сүү чинь чинэнэ дээ

Тойг Тойг Тойг ТойгБотгыг ингэнд авхуулахад 

Амтлан шимэх үр болсон
Андуу санан голсон юм бэ?

Өтгөн сүүгээ шимүүлээч

Хөөс хөөс хөөс хөөс...

Монгол үндэстэнээс хүн төрөлхтөний соёлд оруулсан нэгэн гайхамшиг болох уртын дууг өнөөдөр дуулах урлагийн хувьд нь гайхан шагшиж, дэлхий дахин сонсон биширч байгаа нь зүйн хэрэг юм. Нүүдэлчин монголчуудын гүн ухааны сэтгэлгээ, орчлон ертөнц, төрт ёс, өвгө дээдэс, байгаль дэлхийдээ хандсан хүндэтгэл, бишрэл, дотоод сэтгэлийн өчил зориулал, хайр энэрэл, бахархал шингэсэн яруу найргийнх нь тухайд харьцангуй бага судалж, бараг ярихгүй байгаа нь харамсалтай.

Уртын дууны яруу найраг нь бичгийн хэлний үг найруулгаар голдуу бүтсэн байгаа нь анхаарал татах зүйл мөн. Монгол бичгийн эрхэмсэг найруулга, монгол хэлний сангийн ховор нандин үгсийг сонгосон байдал нь монгол уртын дуу нь аман зохиолын төрөл зүйл төдийгүй бичгийн яруу найргийн шинжтэй болохыг харуулж байна. Ямартай ч уртын дууны олонхийг зэгсэн бичгийн эрдмийн өндөр боловсолтой хүмүүс зохиосон гэлтэй. Ялангуяа төрт ёсны холбоотой хүндэтгэлийн уртын дуунд энэ л улам ч тодорхой ажиглагдана. Уртын дууг хэрхэн зохиодог вэ? гэсэн сонирхолтой асуулт гардаг.

Уртын дууг хөгжим дээр зохиосон байх бололцоогүй. Уртын дуучин хүн хоолойн чадал царааны энгээр өөрөө дуулж аялгуулж зохиох боломжтой. Орчин үед уртын дууг зохиож болох уу? гэх асуулт гардаг. Л.Мөрдорж гуай нарын манай хөгжмийн сонгодогууд уртын дуу зохиосон нь бий. Гэхдээ тэд уртын дууг чадварлаг дуулдаг хоолойгоор л зохионо гэдэгтэй санал нэг байв.

Данзанравжаагийн шүлэг ба аялгуу: зууны монголын соён гэгээрүүлэгч, яруу найрагч, сэтгэгч, хөгжмийн зохиолч, нүүдлийн театрыг үндэслэгч хутагт Данзанравжаа бээр өөрийн зохиосон бараг бүхий л шүлгэндээ аялгуу оруулж дуулсан, өөрөө аялгуу зохиогоогүй шүлэгт нь дэргэдийн дууч, хуурчид Дадишура нар аялгуу оруулдаг байсан бөгөөд зарим шүлгийнхээ доор “тийм” аялгуугаар дуулна гэх мэтээр цохолт хийсэн байх нь үзэгдэнэ. Монголын нүүдэлчин ахуй, хангай, говь тал хосолсон асар өргөн уудам нутаг дэвсгэрт бие биеэс хэдэн арав, хэдэн зуун бээр алслан жилийн дөрвөн улиралд нүүж суух хосолсон тэр ахуйд яруу найргийг уншигч сонсогчдод хүргэх хамгийн дөт зам нь түүнийг аялгуугаар дамжуулан хүргэх арга байжээ. Данзанравжаагийн яруу найргаас нийтэд хамгийн их алдартай, бурханы авшиг шингэж аврал оршсон “Үлэмжийн чанар” хэмээх шүлгийг хутагт номын дагинасууддаа зориулсаныг хамран нь ая дан оруулж лагшин чилээрхсэн үед нь тахилын дуу болгож өөрт нь өргөсөн гэдэг. “Үлэмжийн чанар” өнөөдөр мөн л бурхан номын тахилын үүрэгтэйн дээр бүсгүй хүний гоо сайхныг дээдэлсэн нь давхар агуулгатай хэвээр байна. Шүлгэнд зориулсан аялгуу нь утга агуулгын зорилгыг улам төгөлдөржүүлж, увдис авшиг оршоох үүрэгтэй найрссан болох нь үүнээс тодорхой.

Чингис хаан болоод монголын эзэнт гүрний их хаадаас төрийн албан захиа бичиг сэлтийг илгээхдээ хүргэх элчид цээжлүүлээд явуулдаг байсан гэдэг. Нэг талаар захиа бичиг үрэгдэх осолдох магадлалыг тооцсон байх боловч гол нь өөр үүрэгтэй байв. Элч уран үгээр шүлэглэсэн захиаг хүргэж очоод удирдагч, жанжин хэнд ч болов дуудан хэлж өгдөг байж. Энэ нь уг бичиг захидлын утга агуулгыг бүрнээ хүргэхийн хамт түүгээр дамжуулж буй сэтгэлийн хөдлөл, тухайн цаг төрийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг хүргэх бололцоотой бөгөөд үгийн хүчийг улам эрчимжүүлэх арга билгийг монголчууд сайн мэддэг байсантай холбоотой байхаа.

Монголчууд морин хуурын аялгуундаа түүх шастирт холбогдолтой хүлэг сайн морь, мал адгуусныхаа явдал гишгэдэл, зан ааль, онцлох зүйлийг аялгуулан оруулж шингээгээд үе удам дамжуулан хуурдан санагалзуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл морин хуур тухайн цагтаа дуу хураагч төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэж байжээ хэмээн үзэж болно.

Эдгээрээс гадна бөөгийн болон бурхан шашны уншлагын ая дан “Дайралцаан” хэмээх шүлгийн аялгуут мэтгэлцээн зэрэг аялгуут яруу найргийн тухай энэ удаа дурдаад орхиё.

Г.МЭНД-ООЁО
Стэйнфордын их сургууль, АНУ

TOP