Уран бүтээл

ХУВИЛГААН

ХУВИЛГААН

ХУВИЛГААН

Өмнөөс нь хоёр залуу эгцлэн гарч ирснээ хилэнтэйеэ эргэлдэх харцнаас нь дальдарч холуур тойрохоор шийдэв бололтой, зам бууруулав. Түүний дотоодод шөнөжин ассан хилингийн гал дүрэлзсээр буйг хэн мэднэ? Тайвшрах юмсан... Ашгүй гудамжны цаад үзүүрээс танил царай. Түүнтэй хэдэн үг сольж дотроо онгойлгоё байз. Алхсаар л... Муу өөдгүй амьтан! Байшингийн булан тойроод бултчихлаа. Шар тайлуулах нь гэж хулчийж байгаа нь тэр! Ер орчлонгийн хүмүүсийн олонхи нь гадаад үзэгдэх байдалд хууртах. Өнгөнд тааруулж харьцахаас бус дотоод ертөнц рүү өнгийхгүй нь гачлантай. Хөл хөдөлгөөн ихэсчээ. Түм түжигнэж, бум бужигнана. Тэнгэр цэлмэг. Гэсэн ч дотор булингартай. Нэг л бүрэнхий. Ядаж ганц хэрэгтэй үг хэлчих, дотор луу минь өнгийгөөд гэрэл тусгачих хүн таардаг ч болоосой... Хөөе. Сайн хүн санаагаар гэж. Улаан зам дээр уулзах хүн нь явж байдаг байгаа! Мөнөөх танил түүний будаг болсон бахим гарыг атгаснаа, цэрвэсхийн гараа сулруулж, түдгэлзэн зогсоод, өврөө уудалж хорьтын дэвсгэр сарвайв. “Юу билээ, энэ чинь! Чи өртэй билүү, надад”, “Үгүй ээ, миний найзын дотор муу байгаа бололтой. Найз нь завгүй явна” гээд зам хазайв. “Түй. Архины мөнгөөр дутсан юм алга. Гуйлгачлахдаа тулаагүй” Тэр дотроо ийн хэлээд зөрж алхав. Эргэлдэж унах мөнгө рүү нөгөө эр тонгойж байгаа нь нүднийх нь буланд зэрвэс харагдана. “Муусайн юмнууд намайг юу гэж боддогийм”. Тэрээр өврөө тэмтрэв. Мөнгө бол халаасанд нь багсайж байна аа. Нохой гурав байтугай харагдтал уусан ч нимгэрэхээргүй юм байна. Нүдний буланд “супермаркет” хэмээх гэрлэн хаяг тод харагдана. Ууххуна! Таньдаг хүн таараасай... Сайн хүн санаагаараа гэж. Зогсоол дээр тас хар жийпнээс бууж байгаа чинь өнөөх уран зураг цуглуулдаг “хэн” шив дээ. Мөн байна. “Цуглуулагч” бөөн олз олсон мэт гарыг нь атгаж хөтөлсөөр цэмцгэр шатаар өгслөө. Энд бүх юм хэтэрхий гял цял. Хаалганы бариул гэхэд л будагтай гараар баримгүй. Толь болсон шал нь тоостой гутлаар гишгэмгүй. Хоёр ч хаалга дамжсаар өөр нэгэн хаалга нээгдэхэд нөгөө цуглуулагчийн галерей. Цуглуулагч уран зургуудаа тойруулан бахархалтайяа ширтсэнээ, “ямар вэ? дээ” гэсэн байдалтай түүн рүү нүдээ дүрлийлгэн харав. Тэр дунд өөрийнх нь нэг бүтээл харагдана. Ноднин өвөл мөнгө хэрэг болоод хямдхан өгчихсөн юм. Цуглуулагч цүндгэр лонхтой юмны бөглөө мулталж алтан амсартай мөнгөн хундаганд сөгнөөд барьж байна... Зургаа хямдхан өгсөнд чинь баярлаж явдаг л гэнэ, одоо удахгүй урлангаар чинь нэг очино, дүү хүүдээ зургаа хямдхан өгөх юм байгаа биз дээ? л гэнэ... Зургийн ур чадвар, утга уянгын тухай юу ч үл дурсах мөртлөө “хямдхан” гэх үгийг л мөнөөх цуглуулагч тоть мэт үглэн, царс модны амт шингэсэн тансаг идээгээ сөгнөсөөр авай. Гэнэт өнөөх тансаг идээний амь сувс мэт сул санагдаж, түүний галерей эрээн цаасны агуулах мэт харагдаад ой гутаад явчихав. “Ах хүү, жаахан суу л даа. Би таныг урланд чинь хүргэж өгье. Шинэ бүтээлүүдийг чинь үзье.” гэх нялуундуу үгсийн цаана нанчидын мананд живүүлж байгаад зургийг нь хямдхан салгачихья гэсэн өнгө илэрхий. “Морь хараад ирье”. Ийн хэлээд гял цял өрөөнөөс холдож, гадаа гарсан хойноо л сая нэг чөлөөтэй амьсгалж буйгаа мэдрэх бөлгөө. 
Зуун алхамын цаана танил түүхч өвгөний ном хөглөрсөн умгар өрөө буйг санаж, шууд л тийш алхвай. Оройхон тэднийхээс урлангийхаа зүг хандахуйд өглөөний хилин, өдрийн сэтгэлд бугшиж байсан булингар бүрэнхий бүгд хийсэн одоод, омог бахархал, урам зоригоор дотоод сэтгэл бялхжээ. Өглөө салтирганан алхаж явсан гудамжаараа цэх шулуухан алхана. Хайш яйш, хазгай муруй гишгэж болохгүй. Тэгвэл сэтгэлд мэлтэлзэн дүүрсэн өнөөх гоё юмнууд халгиад асгачихна. Урлангийн хонгилоор алхаж явснаа гэнэт зогтусав. Хүндэлж явдаг зураачийн урлангийн онгорхой хаалган дээр ирээд хөл нь гуйвасхийн хөшчихлөө... Арай ч дээ... хэмээн амандаа үглэсээр цааш алхахдаа хөл нь туйваж буйгаа мэдсэн ч үгүй. Шал согтуу мэт болчихов. Түүхч өвгөнийд амсаа ч үгүй л юмсан. Тэднийхээс эрүүл л гарсан даа. Өглөөний царс модны амтат идээ одоо л толгойд гарч байгаа юм болов уу? Хачин юм даа. Урлан тэр аяараа бөгчим. Буцаж гараад үүдэнд хэсэг зогсож, агаар амьсгалан “манай хүн хуучин зургаа солонгос зотон дээр хувилагчаар хэвлээд, дээрээс нь будаг нялаад суух юм...? Даанч дээ! Ууххуна. Буцаж ирээд зад агсам тавъя байз” хэмээн бодож зогсов. Ойрхон зоогийн газрын гэрэл эгдүүтэйеэ инэвэлзэнэ. Аан, мэдлээ “хямдхан” гэдэг үгний учир энд л байгаа аж. “Хямдхан” цуглуулагч нар нь захиалаад “хямдхан” зураач нар нь ийн халтуур хийж “сохорын газар сохор, доголонгийн газар доголон” гэдгээр л амь зууцгааж буй нь энэ бололтой. Тэгэхгүй шүү! Үзүүлээд өгнөө, та нарт. Баруун мөрөн дээр сууж байгаа урлагийнхаа тэнгэрийг ингэж хуурахгүй шүү... хэмээн бодсоор буцаж оров. Урлангийн хаалганы бариулыг нь хэгзлэх шахам татсанаа ч, нугас нь чихартал чимээ гарган тас хийтэл хааснаа ч мэдсэнгүй. Нүдээ хилинтэйеэ эргэлдүүлэн, энд тэнд гишгэсээр шатаар өгсөв. 
Үүдний харуул “манай хүн шал согтов бололтой. Юун амархан юм. Сая л энд зүв зүгээр явж байсан сан” гэж бодсоор үлдэв. Дээд өрөөний хаалга тасхийн хаагдах, түлхүүр шажигнан цоожлогдох чимээ сонсогдсоор нам жим болов.
Харуул бээр тэр үдэш нэн сонор сэрэмжтэйеэ зураачийн урлангийн үүдийг үе үе эргэнэ. Зөвхөн бийрийн шар шур, шав шув хийх чимээ. Тэгснээ нам гүм болно. Шөнө дөл болж нам гүмийг цочоосон түүний хашгирах дуун хонгилын үзүүрт сонсогдоно. “Ингэж зурдаг байхгүй юу, малнуудаа! Та нар шиг халтуурладаг нь би биш мэдэв үү?” хэмээн хэн нэгэнд агсамнах аж. Ганцаараа л байлтай билээ. Удалгүй хаалганы цүү торхийж, манай хүн морь харахаар урт хонгилоор туйвасхийн алхана. Тэрхэн сиймхийгээр манаач зураачийн урлангийн онгорхой хаалгаар дотогш шагайж үзэв. Юу вэ?... Урьд нь цаас будаг хөглөрдөг асан өрөө нь мөн үү? Яг л бурханы сүм ээ! Чийдэнгүүд унтраастай, өрөөний цаад хананаас нэгэн морьтон түүхийн харанхуйгаас сугаран айсуй мэт нааш тодрон үзэгдэх аж. Хөлийн чимээ гарахад харуул цааш алхав. Зураач урлангийнхаа хаалгыг хаасангүй. Зурж буй бүтээл рүүгээ уусан дүүлбэй. Янгирын улаан цавь руу араатны ирт соёо шигрэн орох тэр агшинд уулын гөрөөсний сэлэм мэт сэргэр эвэр арслангийн гэдэс рүү хүү татан сүлбэвэй. Атаатануудын ийн хоорондоо арсалдан тулалдахыг омогт бүргэд тэнгэрээс үзвэй. Онилсон сум шиг шунгинан исгэрэх бүргэдийн довтолгоон ирмэх зуур. Араатны хаан арслан ч, ян өндөрийн янгир ч аль аль нь хамаг хүчээ хоёр биедээ юүлсэн болохоор бүргэдийн довтолгоонд эрхгүйеэ мөхөсджээ. Ертөнцийн хэрэг явдал энэ мэт бөгөөд Зураач бээр зүрхээ урж тасчих мэт, галзуу солио туссан мэт, ер бусын сэтгэлийн хувиралтаасаа алслан тасарч, зургийнхаа өмнө ундуй сундуй. Өчигдөр аадрын өмнөх үүл мэт асгарахад бэлэн хуралдаж асан цахилан аянгалан буухын өмнөх тэнгэрийн цахилгаан мэт цэнэгшин байсан бүхий л хүч юүлэгдэн алга болжээ. Хилинт харц, занал мэт зангирч байсан гар нь бийрээ ч даахааргүй болон суларчээ.

Өглөө болжээ. Зураач урлангийнхаа хаалгыг аяархан хаагаад гадаа гарав. Будагны хурц үнэрээс түр холдож агаар залгилахдаа урьд шөнө бараг л хордож үхэх шахсанаа мэдэрчээ. Агаар ямар сайхан юм бэ? Зураач уртаар амьсгаа аваад халаасаа тэмтрэн утасаа гаргав. 
— Хүүе ээ, чи миний урланд одоохон хүрээд ир! Цаанаас нь ямар нэгэн учир зовлон тоочив бололтой, урамгүйхэн утасныхаа товчлуурыг дарав. Дахиад л хэн нэгэн рүү залгалаа. 
— Би гайхамшигтай зураг зурчихлаа. Миний урлан руу бушуухан яваад ир!
Бас л шалтгаан тоочив бололтой, утас дийд дийд. Зураач үл цөхрөн дахиад л залгав. 
— Хурдан ирэхгүй бол би хүнд өглөө шүү. Чамд л өгье гэж бодоод байна. 
— ....?
— Нэг нөхөр арван цагт ирнэ гэсэн, тэрнийг ирэхээс өмнө үз л дээ. Мөнгөтэйд нь гэвэл тэрэнд өгчихнө л дөө. Ойлгодог хүнд нь өгчихье гэж бодоод л... 
— .....? 
Утас бас л тасрав бололтой. Тийм ч ажилтай. Ийм ч ажилтай. Тэр ч завгүй. Энэ ч завгүй... Үй түмэн шалтгаанууд... Бас зарим нь үл итгэх байдалтай, шараа тайлуулах гэж л дуудаж байгаагаас зайлахгүй хэмээн бодоод утасаа таслана. Зураач тэр болгоныг өнгөт дэлгэцэнд үзэж байгаа юм шиг тольдох бөлгөө. Хэн ч ирье гэсэнгүй. Урланд минь урьд шөнө ер бусын эрч хүч хуримтлагдсаныг мэдрээсэй. Хамгаас урьтаж, “суут” бүтээлийг минь хараасай гэсэндээ л тэсч ядан утасдсан билээ. Зураачийн омог бахархал, баяр хөөр багтаж ядна. Хэн ч ирсэнгүй. “Азгүй муусайн годилууд. Хамгийн түрүүнд орж ирсэнд нь бэлэглэчихсэн ч яадгийм.” Ийн бодсоор урландаа буцаж оров. 
Зургаа удтал ширтэн суув. Өнгөрсөн өдрүүдийн бахардал бачимдал уур хилин бүгд хийсэн одоод бүтээлийн ид хав яруу сайхнаас хүртэх цэнгэл жаргал л айсуй. Зургийн баруун дээд талд хатгасан бүргэдийн өд, зүүн дээдэд тохсон янгирын цустай арьсны тасархай... Үүнийг жуулчинд үйлчилдэг нэгэн анчин өгсөн билээ. Арслангийн сахал хэмээн бас нэгэн найзаас авсан ширхэг үс хатгасан цаас ч тэрүүхэнд харагдана. Амьтны шид үс арьс, өд сөдөндөө хүртэл хадгалагдах юм даа хэмээн бодол зурсхийхийн, яг л тэр амьтадын “тасархайнуудаас” дотор арзасхийм мэдрэмж цээжинд орж ирээд урж тасчих мэт дотор маажилна. Шөнө зураг амилж ахуйд яг л ийм байсан билээ. “Уунаа яадийм!”. Өрөөнийхөө хаалгыг түгжээд будагны хордлого тайлдаг нанчидаасаа шилэн аяганд лүг лүг хийлгэн тонгойлгоод нэг мөсөн хөнтөрчихөв. Өмнөх зураг нь амь орон хөдлөх мэт. “Эрчит нумаа арслан мэт эвшээлгэн татсан Хүннү! Хүчит сумаа бүргэд мэт хүрхрүүлж тавьсан Хүннү!” хэмээх бичээс дурайна. Бүтээлээсээ аз жаргал авах агшинг хаалга тогших чимээ тасалдуулав. Урьд нь байсан бүхий л юмс, дүр зураг, үйл явдал, утга уянга тэр чимээнээр үргэх мэт хульжин одов. “Хэн байдаг билээ?” Чимээгүй. Дахиад л тогшив. Уран бүтээлийн нэг анд нь шинэхэн танил пүүсийн эзэнтэй цуг явна. Гайгүй мөнгөтэй болоод уран зураг, урлагийн бүтээл цуглуулдаг болсон гэж танилцуулав. “Хүннү” хэмээх урьд шөнө дууссан шинэ бүтээлийг нь ам нэгдэн магтацгаав. Пүүсийн эзэн зурганд нь гайгүй шимтэж буй бололтой. “Үнээ хэлчих. Хэлснээр чинь авья” хэмээн ам нээж байна. “Овоо юм ойлгодог нөхөр шиг байна” хэмээн дотроо үнэлээд, гадаа цонхон доор сойлттой харагдах цоо шинэ “бенз”-ний нь багцаанд дүйлгэж бодоод нэг тоо хэлчихлээ. Пүүсийн эзэн тархин дундуураа татуулсан мэт дуугаа хураачихав. Цүнхнээсээ гайгүй чанартай нэг юм гаргаж ханзлаад нилээд халцгаалаа. “Үнээ доош тат!” гэж байна. “Хямдхан зураг цаагуур чинь зөндөө байгаа” хэмээгээд нөгөө зургаа хуулбарлаж суусан зураач ахын өрөөг заагаад өгчихөв. 
Нам гүм. Ганцаарханаа шинэ бүтээлийнхөө өмнө суухын жаргалыг зураачаас бусад нь хэрхэн ойлгох вэ дээ. Шинэ бүтээл нь улам л төгс төгөлдөр, утга гүнзгий, зохиомж найрсал нэн яруу болсоор байгааг тэр мэдрэх бүрий, бүтээлдээ улам л хайртай болсоор байлаа. “Сая дэндүү хямдхан дуугарчихсан юм биш үү” хэмээн бодох зуур хаалга тогшив. Мань хоёр цаг гаруй болоод эргэж орж ирэв. Нүдний нь хар цагаан арилсан бололтой. Пүүсийн эзэн босго давуутаа л “За анхны чинь хэлсэн үнээр авъя” гэж байна. Зураач зургийнхаа өмнө суусаар л байлаа. Эргэж ч харсангүй. Хайран зураг минь, одоо ингээд л “бенз” хөлөглөөд явчихвал, урлан маань хоос дааж, хүйт оргиод явчихна даа гэхээс хамаг бие нь дагжих мэт зураачид санагдан, харамын сэтгэл нь бүүр дүрэлзээд явчихлаа. “Тэгээд ч энэ эр миний зургийг уншиж дурлаж байгаадаа биш” хэмээн бодогдсонд шаралхмаар санагдаад “Үнэ өсөөд дахин нэг нугарсаан. Цагийн өмнө бол өгчих л байлаа” хэмээн амыг нь таглав. Мөнөөх эр дуугүй зогссоор. “Ер нь тэгээд ч зарахаа больлоо. Өөрөө хэд хоног харж урам зориг, эрч хүч авъя” хэмээв. Тэд хэдийн гарч оджээ. 
Нам гүм. Зөвхөн бүтээлтэйгээ л хүүрнэх. Тарж одсон бодол санаанууд, өнгө өнгийн гэрэл дүрсүүд уралдан цугларах мэт сэтгэл нь бүтэн болж дүүрээд бүх юм эмх цэгцэндээ орж буйг мэдрэхэд юутай аз жаргалтай. Ийм аз жаргалыг тэрбумтан байгаад ч худалдан авч чадна гэж үү?

ХОЁР

Эрч хүч, бяр тэнхээ амтагдана. Тавиурын араар дэлгэж татсан муутуу цаасаа гаргаж өмнөө тавив. Цэг ч хатгаагүй цав цагаан цаасыг ширтэн суухад түүний дээгүүр бодол санаа сүүдэр зураг мэт жирэлзэн өнгөрөх нь бий. Өвөө нь түүнд бийрээр “титэм” хэрхэн амь оруулахыг заасан билээ. Бийрийн торгон үзүүр хөвсгөр зөөлөн муутуунд хүрэн алдахаас эхлээд цаас бийр хоёр дөнгөж шүргэлцэх, доош уруудан бууж зүрх рүүгээ хөндийрүүлэн бийрээ татах мэт уран хөдөлгөөнийг гараа сарвайтал бичиж байж залхадгийн даваанд “овоо” гэсэн үг сонссон сон.
 Зураач бээр бэх янтайгаа нийлж гарав. Цонхны тавцангаас савтай булгийн ус авч янтайгаа чийглээд чулуун бэхээ билүүднэ. Өвөө нь мөн л суганы нь булчирхай цочтол бэх билүүдүүлсэн билээ. Билүүдсээр байтал нарс модны анхилам үнэр бэхнээс ханхийх ажээ. Бодол санааг билүүдэх мэт ийн хичээнгүйлвээс түүнээс утга уянга анхилах нь буй... 
Олон жил өнгөрчээ. Дарьгангын Алтан-Овоонд гарч билээ. Монгол эр хүний шийр гэсэндээ адуу малын наймаа үсэргээд нутгийн шүтээнээс адис аваад мордоё хэмээн дээш сүслэн зогсох ахуйд Алтан-Овооны ганжирын сорогшин хэмээх амин модоор дамжин тэнгэрээс буух эрчимийг мэдэрсэн билээ. Ер бусын гэлтэй тэрхүү эрчимийг мэдрэн дотоод сэтгэлээ тогтоон саатах ахуйд амин мод Өүлэн эхийн таван мөс мэт босоо таван шугам болж үзэгдэх шиг болдог байгаа. Яг тэр босоо шугам дээр давхцуулан “Алтан Дарь овоо, Ганга нуур” хэмээх таван үгийг сэтгэлдээ дүрслэн буулгаж бичиглэвээс хөгжмийн дэвсгэр таван шугам дээрх аялгууны бичээс буюу дэлхий нийтийн хэлээр ноот дүрслэгдвэй. Овооноос бууж, Ганга нуурын усыг тэтгэн бургилах Оргих булгийн уснаас аршаан залж тэр доор нь сэтгэлд төрснөө бичиглэн буулгаж, түүнээ “дуулалт бичиг” хэмээн нэрийдсэн бөлгөө. Анхныхаа бичлэгийг Алтан-Овооны сахиусыг хадгалагч нэгэн бичгийн хүмүүний номын өргөөнд залсан сан. Түүнээс хойш дуулалт үсгээр мөн ч их дуу шүлэг бичсэн дээ. Одоо өөрт нэг нь ч үгүй. Таван тив дөрвөн далайг гатлан бөмбөрцөгөөр нэг нисч одсон. Одоо буцааж цуглуулалтай биш. Хүмүүний сэтгэлд л аялгуу уянга эгшиглүүлбээс болох нь тэр ажгуу. 
Данзанравжаа хутагтын орон дээд Шамбал гэх тэр нутагт очсон өдөр сөн. Хамарын хийдийн баруун толгодын оройгоос аршаан олгойддог байна шүү. Данзанравжаа хутагт нум сумаар харваж туссан тэр газраас нь дэлхийн шим адистэд аршаан ундарсан гэх домог үнэн түүхээ тэр өдөр заавал нэг учиртайгаар задалсан байх ёстой хэмээн бодоод мөнөөх аршааныг газрынх нь шороотой авч бэхээ найруулаад “Үлэмжийн чанар”-ыг бичиж билээ... 
Янтайнд нийлэх чулуун бэхийн нуугисан чимээ, нарс модны анхилам үнэр сэн татаж нэн таатайяа анхилсаар авай. 
...Бичлэг болгон түүхтэй. “Ус галыг золгуулж уураг цай болгоюу, уг чанартай буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү” хэмээх сэтгэлд зохистой үг олоод зуслан газар булгийн усаар бичихээр өглөө эрт бийр бэх нийлүүлж билээ. Өглөөн нар, өвсний шүүдэр, нугын цэцэгсийн өнгө үнэр. Тэр өглөөний гайхалтайг ер марташгүй. Бэхээ найруулж, бийрээ нийлж байх яг тэр агшинд гэргий нь цайгаа самарч таардаг байгаа. “Алив, миний хань тогооны тагныхаа хөлөрсөн уурнаас миний бэхэнд нэг дусаачих даа” гэхэд, шүүдрийн дусал шиг уураг цайны уур бэхэнд минь шингэн найрсаж, ийнхүү “Уураг цай” хэмээх каллиграф маань төрсөн билээ. 
Саяхан даа. Нэгэн бичгийн хүмүүний номын өргөөнд “Мөрөн голын ус” хэмээх каллиграфаа хараад сэтгэл баясаж баахан харж суулаа. Аугаа их Явуухулан бээр «Миний өвгө дээдсийн морин туурайнд наалдсан хүний нутгийн шороог ариун усаараа угаасан Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би» хэмээн дуулсан нь бийр бэх цааснаа золгох агшинаа өөрийн эрхгүй нүднээ үзэгдэж, Чингис хааны морьт баатруудын сэлэм дуулга хангинах чимээ сонсогдох шиг болж билээ. Онон мөрний гарам дээр их цэрэг ирээд жолоо цулбуур унжиж, морьд нь нутгийнхаа уснаас ууж, алжаасан цэргүүдийн сэлэм жад их ялалтын дараах агшинуудыг монгол бичгийн хаялага цацлага өөрийн эрхгүй санагдуулан бийр маань гар хөтлөн гулсах шиг болж байсан санагдана. Яруу найрагчийн шүлгийн аялгуу утга уянгыг бийр бэхэсээр дамжин мэдрэн ойлгох гайхалтай гэхээр нандин холбоос бичээчийн мутарт тэмтэрэгддэг бөлгөө. 
Бэхэс нэн сайхнаар найрсчээ. Тунгалаг булгийн эхээс авсан аршаан ус болор мэт тув тунгалагхан агаад бийрээ усанд дүрж үсийг нь ширхэгчлэн задрааж, янтайд нийлэхүйеэ хөдөө хээрийн анхилуун нугын үнэр сэнхийлээ. Сэтгэл зүрх хэдийн өрөө тасалгаанаас хэдийдэн аглагт оджээ... Цаас цав цагаанаараа. Зураач бээр бийрээ авч хий агаарт сэлэм эргүүлэх мэт, эсвэл шувууд халих мэт хөдөлгөөнийг үзүүлбэй. Цааснаа бийр ийн нар зөв эргэн буухаар санагдана. Агшин зуур. Агшин зуур! Цааснаа бийрийн торгон үзүүр хүрвээс эргэн салгах боломжгүй. Каллиграф бол агшины урлаг. Төвлөрөх. Төвлөрөх хэрэгтэй! Бийрээ сэтгэлдээ сэлэм мэт эргэлдүүлэх хэрэгтэй. Нэгэн үе “сэлэмддэг хүү”, “хувилгаан хүү” хэмээн нутаг усандаа “алдаршиж” хүний толгой дээр сэлэм эргүүлж, өвчин зовлонгийн ад донг үлдээн хөөж байсан удаатай. Дон тотгор биед нь шургаад оршчихсныг нь сэлэмний ирээр бяцхан шунх гаргаад эдгээж байсан удаатай. Одоо тэр бүхэн зүүд мэт. Домог ч юм шиг санагдана. Нутгийн уяачид хүүг залж мориныхоо туурайн дээр үг бичүүлдэг байв. Анхаарлаа төвлөрүүлж бийрийн үзүүрт хэдэн үг бичиж өгөөд морь нь түрүүлж шагшаан шуугиан болж байж билээ. Одоо тэр бүхэн гэнэн бага настай минь нисч оджээ. Одоо бол бүхий л бие цогцосны чинадад үл үзэгдэх агуу уужим сансар байх агаад тэндээс хүрч ирэх эрчим хүч бийрийн үзүүрээр цааснаа хувилгаан шидээр амилан буухыг мэдрэх болжээ. Мянгаар тоологдох каллиграф гараас гарчээ. Өөрт нь нэг нь ч байхгүй. Японы эзэн хааны өргөөнд, Далай ламын лавранд, Данийн хунтайжийн ордонд, Оросын ерөнхийлөгч В.Путины харшид гээд л дэвэн дэлхийгээр таран оджээ. Тэр бүхэнтэй бие сэтгэл нь холбогдсон ямархан нэг үл үзэгдэх залгаас буй нь анзаарагдана. Төрмөл уран бүтээлийн жам тэр буй заа. 
Яруу найраг бол каллиграфын эх булаг гэлтэй. Ноортол элсэн яруу найргийн ногоон, шар хоёр ном буй. Ногоон номоос уул ус, говь, газар дэлхийг, шар номоос сансрын хүрдийг олж харсан. Монгол бичгийн титэм тэнгэрээс газарт буух эрчмийг илэрхийлэхийг тэндээс л мэдэрсэн. Өргөн бийрийг эргэлдүүлэхэд сансрын хүрд тиг ёсоороо бууна. Одоо залуус бүгдээрээ дуурайх болжээ. Муу нь ч юу байхав, хөөрхийс... 
Өмнөх цав цагаан муутуу сэтгэлд улам ойртсоор л авай. Бийрээ уснаа дүрэхэд шингэн бэх болор мэт уснаа задран уусаж үүл мэт дүрсийг үүсгэн нүүнэ. Бэхэсийн анхилам үнэр дахин нэн таатайяа хамар цоргиод элчилгүй уудам намраар шинэ цас орсон цав цагаан талд агь гангын үнэр чийг хөллөн босох мэт таатай. Цээжинд “агь ганга” хэмээх үг анхилам үнэрээрээ ой санамж сэрээн дурдвай. Бийрийн хөдөлгөөн нэн уян налархайяа цааснаа намиран буухад анхилам бэх зөөлөн нүүж орон зайд өөрөө уусан дүрсийг арвижуулах бөгөөд гэгээн сүмийн хойморт агь гангын утлага уугин хөөрөх мэт байдлыг үүсгээд үлдвэй. Зураач бийрээ аван уснаа дүрэхэд үүлс тэнгэртээ эвхрэлдэн нүүх мэт уусан сарних нь бүтээл үргэлжилсээр буйг илтгэнэ. 
Өрөө дүүрэн агь, гангын үнэр... Өчигдөрийн булгийн эхүүн үнэр хийсэн одоод оронд нь агь гангын анхилам үнэр ийн ханхийн сэнгэнэхийг “энэ муусайнууд” мэдэрдэг ч болоосой. 
— Хөөе, манай өрөөнөөс агь ганга үнэртэж байгааг мэдэрч байна уу? Яагаад та нар чив чимээгүй байна? хэмээн урт хонгил, дээд доод давхарт цуурайттал хашгирав. Чив чимээгүй. Дахиад л хашгирав. Зураач бээр шинэ бүтээлийнхээ өмнө ягхийн суугаад сэтгэлээ тогтоон амсхийв. Үүдээр хоёр хүн дүнгэр дангар ярилцан өнгөрч буй бололтой. Ярилцах нь:
— Өнөөх хувилгаан чинь дахиад л дөвчигнөж эхлэв бололтой... Хөлийн чимээ холдсоор одов. 
— Хувилгаан! Тиймээ. Би хувилгаан! Тэгээд юу гэж? хэмээн хашгирмаар санагджээ.

“Хувилгаан”-ыг зураач Дашбалдангийн Баттөмөр хэмээмүй.

2015.01.01

Г.Мэнд-Ооёо 
"Гол ус тунгалагших цаг", УБ, 2016

TOP