Мэдээлэл

ОРШИХУЙН ФИЛОСОФИЙГ ШҮТЭХҮЙ БУЮУ ШИНЭ РОМАН

ОРШИХУЙН ФИЛОСОФИЙГ ШҮТЭХҮЙ БУЮУ ШИНЭ РОМАН

Хүүрнэл зохиолын үнэ цэн нь дүрээр дамжуулан илэрхийлсэн амьдралын философид байдаг. Уншигчийг сэтгэлийн зовиураас хөндийрүүлэн,сэтгэлийг нь хөнгөрүүлэх, амирлуулах,зовлонг нь мартуулах бол адал сонин явдалт зохиолын хувь.Тийм зохиолоос амьдралын философийг олъё гэвэл “амьдрал гэгч учрал тохиолоор дүүрэн,аз эз хоёр нь алганы ар өвөртэй адилхан” гэдэг ч юмуу,”цаазын тавцанд гарахаасаа өмнө цэнгэж,жаргаж амжих хэрэгтэй” гэх мэтийн санааг л олох биз.

Дарьгангын шилийн сайн эр хэмээгдэн домогшсон Торойбандийн тухай роман гэхлээр олон хүн чухамдаа адал явдлын тухай уншъя хэмээн хүлээж байсан байж магадгүй.Зохиолч Г.Мэнд-Ооёо тийм хүлээлтэд өөр хариу барилаа. Тэр нь сэтгэл баясгах хөнгөн бахархлаас илүүтэй,хүмүүний оршихуйн тухай гүн харуусал,хүнд бодол,их эргэлзээ юм.

Үнэндээ романы гол баатар нь Торойбанди биш.Тэгээд хэн юм? Онгон элс хэмээх нутгийн өндөр элсэн манхны оройд цэцэглэн дэлгэрч асан Оройн ганц мод. Энэхүү гол баатарт тохиолдсон ээдрээт үйл явдлын эргүүлгэнд Тооройбанди хэмээх уран сайхны дүр татагдан орж байна. Зохиолын өөр нэг баатар бол Агшуу хэмээх шонхор шувуу. Түүнд бас Тооройбандийнх шиг хувь тохиожээ.

Оройн ганц модыг шунал сөнөлийн зарлигаар муу хүмүүс амийг нь таслан авч одсон явдал Тооройбанди Агшуу хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүлж байна. Шилийн өндөр хэмээх хадан уулын агуйд амьдардаг Эцэг шонхор нь Агшуу Эгшүү болоод тэдний үр удмын сайн сайхны тусад хаа холын Оройн ганц модыг тэдний амьдран жаргах орон хэмээн шилж өгчээ. Гэтэл тэдний жаргалын орныг хэдэн хүн там болгов. Зөвхөн тэд ч бус олон жигүүртэн бас орших орноосоо хагацжээ.Агшуу Эгшүү хоёр бусдын адил хагацал зовлон хүлээн буй магадлалтай шинэ орон буюу үр удмыг нь хөнөөх шар шувууд үүрлэсэн хуучин нутагтаа эргэн ирнэ.

Байгаль ээжийн урласан Догшин Бударын чулуу хэмээх Гандирсын чулуун хотод агч Өвгөн хурал нэрт эртний хийдийн эзэн Уулын өвгөн алдарт  дияанчийн долоон шавийн нэг, залуу хүү Нанзад “орчлон тэргүүлэшгүй цагаас эдүгээ хүртэлх тэнгэрс, богдосоос дамжиж ирсэн эши бошго бүхий нууцын ном,түүхэн ховор нандин эд агуурс хийгээд олдохуйяа бэрх өмнөх үеийн мэргэдийн эрдэм билгүүний шимийг эрдэнэт бие сэтгэлдээ өртөөлж яваа гэгээнтнүүдийг хамгаалах дияанч хувраг” болохоор суралцаж байтал Уулын өвгөн багш нь Оройн ганц модны хувь заяаг мөшгүүлэхээр номын мөрөөс нь хөндийрүүлнэ.

Ийнхүү Агшуу Эгшүү хоёр ч Нанзад хүү ч амар тайван амьдралаасаа салж хүнд бэрх,амь өрссөн замд гарчээ.Тэгээд Оройн ганц модноосоо хагацсан Агшуу Эгшүү хоёр,Оройн ганц модны төлөө явж хавчигдсан Тооройбанди гурав эзгүй дайдын Шилийн өндөр хэмээх уулнаас орогнол аврал гуйсан нь гэмгүй,шударга нь хавчигдан шахагдаж асан хүний түүхийн нэгэн гунигт үеийг өгүүлнэ

Гэхдээ Агшуу Эгшүү хоёр ба Нанзад хүүгийн амьдралын зорилго ялгаатай. Шонхорууд оршихуйн орноо эрэн тэмцэж байгаа бол Нанзад хүү тэрхүү орныг хамгаалан аврахын тулд Тооройбанди болж байна. Зохиолч Г.Мэнд-Ооёо эдгээр дүрүүдийн амьдралаар хүн төрөлхтөнд мянга мянган жилийн өмнөөс  тавигдсан бөгөөд ирээдүй цагт Ертөнцийн төгсгөл ирэх хүртэл хурцаар тавигдсаар байх Оршихуйн философийн асуудлыг дэвшүүлжээ. Шекспирийн Гамлет “Орших уу,эс орших уу” гэж асуусан бол Мэнд-Ооёогийн Тооройбанди “Оршихуйн тусад бясалган суух бус хамгаалан тэмцэхээс өөр зам үгүй” гэж амьдралаараа хариулж байна.

Романы өөр хоёр баатар бол Уулын өвгөн Эцэг шонхор хоёр билээ.Тэдний нэгэнд нь хүний түүх,нөгөөд нь байгаль ээжийн зөн совин тус тусын үүрэг оноожээ. Уулын өвгөн монголчуудын оршихуйн орныг хамгаалах хойч үеэ сурган бойжуулах ариун үйлсэд зүтгэж байгаа бол Эцэг шонхор үр төлөө амьд явах хүч чадалтай болгон өсгөж байна. Тийнхүү Тооройбанди Агшуу хоёр тэмцэгчийн ид хавыг олжээ. Тэнгэрийн цээлд Агшуугийн үзүүлэх ид хавыг Тооройбанди тоост газарт эдлэх билээ.Агшуугийн дүр нь нэг талаар Тооройбандийн дүрийн тодотгол юм.

Зохиолч Агшуу шонхорыг романыхаа нэг баатар болгосноор өгүүлэмжийн цараа, агуулгын гүнийг үлэмж тэлжээ. Амьд байгаль байтугай хад чулуу ч харах нүд,сонсох чих, сэтгэх ухаантай хэмээсэн эртний мэргэдийн сэтгэлгийг романы агуулгыг илэрхийлэхэд ашигласан нь уран чадварын ололт мөн.

Хүний нийгэм хөгжихийн хэрээр хот сууринд шимтэн шигдэж байгалиасаа тасран холдоод түүнийхээ гайгаар зөн совингоо алдаж зөвхөн логик сэтгэлгээг шүтэх болсон хүн төрөлхтний сод ухаантнууд ХХ зуунд ухамсрын далд оронруу эргэн хандаж далд ухамсар, архетипийн нууцыг нээхээр шамдсан билээ. Улмаар шинжлэх ухааныг мэдэхгүй жирийн ард түмэн сүнс хэмээгч нь байдаг гэж итгэдэг байхад “харанхуй мунхаг явдал” гэж шоолон хөхөрдөг асан сэхээтнүүд ч сүнсийг бод биетэй, дарах жинтэй хэмээн баталсан шинжлэх ухааны өмнө толгой гудайлгасан нь саяхан.

Улмаар үндэстэн болгоны ам дамжуулан ярьж хойч үедээ уламжлан ирсэн үлгэр түүх, үлэг домог(миф буюу эртний герег хэлний mythos)-ийг шимтэн сонирхож зохиолынхоо утгыг илэрхийлэх арга болгон ашиглах болов. Түүний ойрх цагийн жишээ бол Латин Америкийн зарим зохиолчдын ХХ зууны хоёрдугаар хагаст бүтээсэн романууд билээ.

Дэлхийн олон орны утгазохиол судлаачид Кубын Алехо Карпентьер, Гватемалын Мигель Анхель Астуриас, Колумбын Габриэль Гарсиа Маркес, Перугийн Марио Варгас  Льосанарын романуудыг дэлхийн уран зохиол дахь шинэ хурц үзэгдэл, “шидэт реализм”-ын урсгал хэмээн нэрлэх болов. Бас хүн төрөлхтний зуун зууны турш хуримтлуулсан уран сайхны эрчим тэсрэв хэмээнэ.

Нэр бүхий зохиолчдын бүтээлийн гоозүйн шинэчлэл нь европ угшил бүхий сэтгэлгээтэй зохиолчдын буй болгосон,тоост хорвоод амьдарч байгаа хүмүүний аж төрөл, ахуйн реалист зураглалыг түмэн үе дамжин яригдаж ирсэн аман зохиолын шидэт дурангаар харж үзүүлсэн бичиглэлээр сольсон явдал ажээ.

Монгол зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Шилийн Богд” роман бол Монголчууд бидний түүхийн нэгэн үе болоод өнөө цагийг үлэг домгийн дурангаар харж, шидэт үлгэрээр тодосгон оршихуйн философийг номлосон ёгт бэлгийн реализм юм.

Яагаад ингэж хэлэх болов гэвэл энэ роман ёгт бэлгэдлээр дүүрэн байна. Баатруудын нэрээс эхлээд эрт урьдын түүх, үлгэр, домог бүгд романы философийг илэрхийлэх шигтгээнүүд билээ. Алсын орноос эрдэмт хүмүүний амь насаа үл хайрлан авчирсан Галбарваасан таяг Оройн ганц мод болсон домог бол монгол түмний мянга мянган жил үеэс үед хуримтлуулан өвлөсөн эрдэм ухаан, эрдэнэс баялгийн бэлгэдэл аж. Зохиолд бодот амьдрал дүрслэгдэх боловч зохиолын гол баатар нь хүмүүн бус оройн ганц модоор ёгтолсон Байгаль юм.

Зохиол эхнээсээ эцсээ хүртэл Оройн ганц модонд тохиолдсон явдлыг өгүүлжээ. Тооройбандийн явдал болоод Агшуугийн амьдрал нь Оройн ганц модтой холбоотойгоор урсана. Тиймээс романыг Оройн ганц модны эмгэнэлт заяаны тууж ч гэж болохоор юм. Тэгэхдээ зохиогч романыхаа эхэнд ардынхаа мэргэн ухаанаас “Сайн юманд үр буй,муу юманд мөр буй” хэмээн эшилсэн ёсоор Оройн ганц мод үр үндэсээ үлдээн эргэн цэцэглэсэн нь монголын баялаг барагдашгүйн бэлгэдэл юм.

Басхүү хүмүүн төрөлхтөнд өөрт нь оршихуйн орон болгож бэлэглэсэн Байгалийг устган үгүй хийж болохын зэрэгцээ сэтгэл ухааныхаа хүчээр бүтээн цогцлоон сэргээж чадахыг сануулж байна.

Зохиолын бусад баатруудын явдал ч тэдний Байгальд хандаж харьцаж байгааг үзүүлжээ. 

Зохиолын бусад баатруудын явдал ч тэдний Байгальд хандаж харьцаж байгааг үзүүлжээ.

Чухамдаа тэрхүү харьцаа,хандлага нь баатруудын үнэн чанарыг илэрхийлэв. Багвар ноён Оройн ганц мод төдийгүй Монголынхоо хамаг баялгийг ашиг хонжоо, эрх зэрэг олох хэрэгсэл болгохоос өчүүхэн ч няцахгүй мөртлөө нангиадын Тан улсын үеийн шаазан хөөргөө хагарч бутрахад ухаан алдан унаж байна.Багварын дүрийг Агшуугийн нэгэн явдлаар тодотгожээ.

Нэгэнтээ авд гарсан Агшуу сүрэглэн нисэж явсан хунгуудын дээр ирээд нэгэн үзэсгэлэнт хунг ажаад махан идэшт араатны цадаж гүйцэхгүй шуналд автан түүнийг базаж үүрэндээ авчран Эгшүүтэй хуваан идэж байна. Энэ нь арван долоон настай залуу охинд тачаасан Багварын явдал бол цусанд шунагч араатны явдалтай агаар нэгэн гэсэн хэрэг билээ. Тэгээд цусанд шунагч араатнууд бод биетэй эрдэнэс баялгийг төдийгүй хүмүүний сэтгэлийн гэрэл гэгээ болох гоо сайхныг ч устгадаг хэмээжээ.

Гоо сайхан, үндэстний үнэт зүйлс, хайр сэтгэл, төрсөн нутаг ус бол Багварт эрх зэрэг, мөнгө зоосны дэргэд юу ч биш. Үеийн үед амь бөхтэй оршсоор ирсэн эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өгөхөөс үл буцагч арилжаачны бэлгэдэл нь Багвар юм. Чухам ийм л хүмүүс гадныхны уяаны нохой, уурганы хуйв, Монголын баялгийг цөлмөх хар савар нь болж байсныг түүний дүрээр гаргажээ.

Тэр өөрийгөө ухаантай хэмээн бардамнах боловч харийн эзэд нь түүнээс ч зальтай,хорон санаатай, холын бодолтойг Гусай амбан тэргүүтнээр төлөөлүүлжээ. Эндээс үндэстний оршихуйн нэгэн дархлаа нь эрдэм ухаан, эв нэгдэл гэдэг нь харагдаж байна. Багвар мэтийн харанхуй мунхаг, охор ухаантанд үндэстнийхээ оршихуйн дархлааг ухаарч үйлдэх хувь дутдаг нь барагдашгүй харамсал. Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш болно гэгч тэр билээ.

Нанзад өөртөө Тооройбанди хэмээх нууц нэрийг сонгосоныг бодвол, говийн их дайдад гагц гагцаар торойн ургадаг тоорой адил ганц биеэр үйл бүтээнэ хэмээн бодсоных. Гэтэл тэр ганцаар бус аж. Хилин хормой хэмээх алдарт тэмцэгчийн хойчийг залгамжлагч болсны дараа түүний нууц бүлгийн дотуур хүрээний гадуур, дунд хүрээ, гадуур хүрээ хэмээх сайн эрсийн бүлэг үүсээд Дарьганга, Цахар найман хошуу даяар ардын хөдөлгөөн өрнөж Тооройбандийг тэргүүндээ залсан нь тэрбээр алиг шалиг олз хайсан адууны хулгайч төдий бус ардын тэмцлийн удирдагч болгохоор ахмад дээдэс нь бэлдсэн түүхэн хүн болохыг илчлэнэ.

Тэгвэл Багварын хүрээлэл туйлын явцуу, эрх зэрэг, эд мөнгөний төлөө өдрийн бодол, шөнийн зүүд болсон гадныхан голдуу, нутагтаа бол бараг ор ганцаар ажаам. Түүний хамтрагч Балсанхүү бол мах цусанд төрөгсдийн сэг зэм, зовлогоор амь зогоогч цөөвөр чоно(shakal)-ын хүний хорвоо дахь төрөл болой. Тэрбээр түншээ хазайхыгнь хүлээн дагалдана. Романд хүн дүрст тийм араатнууд цөөнгүй болохыг үзүүлжээ.

Зохиолд цухас боловч тод дүрслэгдсэн хүн бол Уран Цогтой юм. Юнхээгүний наян тохой Майдар бурханы тахилын нандингуудыг урладаг тэрбээр өвөртөлж явдаг сийлбэрийн хутганаас өөр өмч үгүй нэгэн. Сийлбэрийн ганц хутга,уран чадвар хоёр нь түүний оршихуйн үндэс юм. Тиймээс манж-нангиад эзний боол болж,монгол газрынхаа нэгэн эрдэнэ Оройн ганц модыг эзний дураар сийчин харь гүрний шүтээн болох бурханыг урлахад хүрчээ. ”Бүдүүлгүүдийг бүдүүлгийн нь гараар устгах” харийн бодлогын золиос бол тэр юм. Үндэстний авьяас билэгтнийг ядуу хоосон байлгах аваас Уран Цогтой болмуй. Гэвч тийм боолуудын сэтгэлийн гүнээ нэвтэрч чадах ахул монголоо гэх сэтгэл нь сэргэж болохыг Тооройбандийн захиасыг гүйцээж өгсөн үйл гэрчилмүй.

Академич Д.Цэрэнсодном “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг”(УБ 2011 он 363-р тал)-тээ үлэг домгийн тухайд эрдэмтэн Ш.Гаадамбын “эртний хүний нэг маягийн түүх”, ”шинжлэх ухаан мөн” гэсэн дүгнэлтийг тэмдэглэсэн байдаг. Тэгэхлээр үлэг домог нь өнөө итгэхэд бэрх мэт боловч ямар нэгэн хэмжээгээр түүхэн үндэстэй, нөгөө талаас нь үзвэл, хорвоо ертөнц болоод хүмүүний аж төрөл, явдлыг задлан шинжилж  гүн ухааны дүгнэлт өгсөн шинжтэй гэж хэлж болмоор юм.

Байгалиасаа салаагүй,зөн совин,зургаадахь мэдрэхүйгээ алдаагүй эртний хүний захиж үлдээсэн үгийг аугаа их Цаг Хугацаа байранд нь тавих буйзаа. Нэгэн цагт,эрдэмд нэвтэрхий Гаа багшийн үг улам ч үнэтэй болж магадгүй. Зохиолч Г.Мэнд-Ооёо чухам энэ шинжид тулгуурлан Монголын түүхийн нэгэн зурвас үе болоод өнөө цагийн явдлыг шинжлэн өөрийнхөөрөө нээн, дүгнэлт хийх уран сайхны арга болгосон байна.

Тэгэхлээр “Шилийн Богд” роман нь Торой банди хэмээх түүхэн хүний намтар ч бус,түүх бичлэг ч бус оршихуйн философийг номлосон уран зохиол юм.

Түүхэн цаг үе, үйл явдал, бодит хүний намтрын талаарх уран зохиол нь түүх бичлэгээсээ багагүй ялгаатай. 

Түүхэн цаг үе, үйл явдал, бодит хүний намтрын талаарх уран зохиол нь түүх бичлэгээсээ багагүй ялгаатай.

Баримтаас гажих эрх зохиолчид үгүй боловч уран дүрийг бүтээхийн тулд уран санамжийн шигтгээнүүд оруулдаг. Тэдгээр нь түүхийн логиктой зөрчилдөхгүй байх ёстой. Дарьгангын шилийн сайн эр Торой бандийн дүрийг бүтээхэд түүхийн баримт ихэд дутагдана.

Тийм тэмцэгч байсан нь түүхэн үнэн боловч түүний амьдрал явдлыг мөшгөн тоочсон бичлэг үгүй. Домог, дуу, цөөн баримт үлджээ. Тиймээс нэг талаар монголын шилийн сайн эрс хэмээх тэмцэгчдийн түүхээс тэдний хэв шинж болсон дүрийг бүтээх,нөгөө талаар Торой бандийн тухай домог, дуунуудыг нягтлан шинжилж, утгыг нээн, домог, үлэг домгоор түлхүүрдэн Торой бандийг товойлгон харуулсан өргөн дэлгэцийн уран зураг(панорама) бүтээх зорилт зохиолчид тулгарсан байна. Санасандаа хүрсэн байна.

Латин Америкийн зарим зохиолчдын ХХ зууны хоёрдугаар хагаст зохиолынхоо уран дүрслэлийн арга болгосон тэрхүү “шидэт реализм” гээчийн үр хөврөл аль эрт монгол уран зохиолд нахиалчихсан  байжээ. Баатарлаг туулиуд болоод Монголын Нууц Товчоон,Лувсанданзаны “Алтан Товч”, Инжиннашийн “Хөх судар” романд цухас хэрэглэсэн  уран сайхны дүрслэлийн аргыг Г.Мэнд-Ооёо энэхүү бүтээлээрээ орчин үеийн монгол романд цэгцтэйгээр нутагшууллаа. Б.Ринчений “Үүрийн туяа”-гаар гараагаа авсан орчин үеийн монгол романыг туурвигсад Г. Мэнд-Ооёогийн энэхүү романдаа хэрэглэсэн уран сайхны аргыг зохиолынхоо утга агуулгыг илэрхийлэхэд ашигласан тохиолыг мөхөс миний бие санахгүй байнам.

Тиймээс бивээр “Шилийн Богд”  бол дүрслэлийн арга,илэрхийлсэн философийн хувьд шинэ роман хэмээн үнэлж байна. Бас агуулгаас нь үүдээд “ногоон роман” хэмээн нэрийдсэн ч алдах зүйл үгүй. Роман дахь бусад шинэ зүйлсийн тухайд энэ удаа нуршсангүй. Хамгийн гол нь, зохиолч Оршихуйн язгуурс болсон Эх орноо хайрла, ”Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул” хэмээн ард түмнээ уриалж байна. 

Хүнтэй, араатантай, Сайран хээр, Жаахан шаргатай, Оройн ганц модтой хорвоод сайн явахыг Мэнд-Ооёодоо ерөөнөм.

Хэл бичгийн ухааны доктор Б.МАГСАРЖАВ

TOP