Мэдээлэл

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэ 2015 онд энэ эрхэм шагналыг зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 12-ны өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэснийг Та бүхэнд уламжлахад баяртай байна.

Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. Тэрээр Улсын Багшийн Дээд Сургуулийг 1978 онд төгсөж, СУИС-д 1996 онд магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёо 1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

Гомбожавын Мэнд-Ооёо одоогоос 40 жилийн өмнө утга зохиол, урлаг соёлын ертөнцөд хөл тавьж, яруу найраг, хүүрнэл зохиол, танин мэдэхүйн 50 шахам ном, зохиол бичиж, ард олондоо өргөн барьжээ. Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, “Шилийн богд” роман, “Алтан Овоо” шастир, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Гэрэлтэх агшин бүр”, “Он цагийн хүрд”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Чам руу би явж байна”, “Утгын болор сүм” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлээрээ хүмүүний оршихуйн гэгээн тунгалагийг илэрхийлэн, утга төгөлдөр, уян зөөлөн ертөнцийг уншигч олноо нээж, үндэсний утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн яруу найргийн сан хөмрөгийг монгол уран сэтгэмж, намуун зөөлөн ай, гүн ухаанаар баяжуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм болно. Түүний бүтээлүүд англи, орос, хятад, франц, герман, грек, япон, хинди, мажар, бенгал, тамил, солонгос зэрэг 50 гаруй хэлээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болжээ.

Тэрээр 1990-1996 онд тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох ”Мэгжид Жанрайсиг” хөтөлбөрийг санаачилж, бүтээн залах үйлсийг удирдагчдын нэг байв. Түүний санаачлагаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх, соёлын дурсгалыг судлан сурталчлах, сэргээн хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аяллыг 11 удаа зохион байгуулж, олон мянган км замыг туулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлж, соёл, эрдэм шинжилгээний үлэмж сан, хөмрөгийг бүрдүүлэн Монголын түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны зураг зэрэг олон шинэ дурсгалыг илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг баяжуулан бүрдүүлсэн билээ.

Г.Мэнд-Ооёо дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Стэнфорд, Калифорниа Берклей, Японы Киорицу, Унгарын Будапештийн их сургууль, Италийн Умбриа зэрэг олон сургуульд Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг уншин сонордуулсан байна. Мөн олон улсын яруу найргийн “Пен” клубын шагналтан билээ. Тэрээр Дэлхийн Урлаг соёлын академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2005 онд хүртсэн байна. Мөн Энэтхэгийн Олон улсын яруу найргийн Академийн шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн дээд шагнал, Грекийн Зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал болоод Дэлхийн Энх тайвны утга зохиолын Алтан медаль тус тус хүртжээ.

2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэрээр Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээсэн нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм” гэлээ.

president.mn/content/11867

TOP