Дэлхий ээж

ХЭЭР ТАЛЫН ҮЗЭГДЭХҮЙ БА ҮЛ ҮЗЭГДЭХҮЙ

ХЭЭР ТАЛЫН ҮЗЭГДЭХҮЙ БА ҮЛ ҮЗЭГДЭХҮЙ

- Зохиолчийн аян замын тэмдэглэл

1.
Тал хязгааргүй, ухааран мануурна. Эхлэл нь хаач, төгсгөл нь хаа ч юм...
Хааяа хааяа хэсэг бусаг цагаан дэрс. Галшран шаргалтах ухаа хөтөл дээүүр мал сүрэг. Ээвэр хөмөг доор нь талын айл.

Тэнгэрийн уудмыг хэмжих мэт талын бүргэд хөх мандалд тойрог татан эргэлдэнэ... Ийм л зураг өглөнөөс үдэш болтол үргэлжилж, унасан хөлөг гагцхүү дорно зүгийг замнан довтолсоор байлаа.

Их тал амар амгалан хийгээд айдас түгшүүр алиныг нь ч эс тоох мэт чимээ алдран налайна. Дүнсийн ухаарах их талын дээгүүр нүднээ үл үзэгдэгч аюул тахлын үй түмэн биет нисч явна. Тэд тоо томшгүй олуулаа. Салхи хүлэглэн их талыг хэрэн хаа очиж ямар амьтны амь биед оршиж аюул тарихаа зүүдлэн нисч явна. Өвснөөс өвсөнд, бэлчээрээс бэлчээрт, айлаас айлд “зочлох” аятай боломжийг хайн нисч явна. Зээр гөрөөс, мал адгуусын хөл туруу, машин техникийн дугуйнд наалдаж аваад “оршин амьдрах” орон зайгаа эрж явна. Тэрхүү үл үзэгдэгч биет салаа туурт зээр гөрөөс, үхэр хонь тэмээний хөл, ам хошуунд наалдан үржиж эхэлнэ. Амьтны эрүүл биеийг мэрнэ. Доголно. Хөлийн салаанд наалдан мэрж, улмаар хөөрхий амьтны турууг мултална. Амнаас нь зунгааралдсан шүлс савирч, ам хушуу нь гэмтэн шархалж, даамжраад хэл нь тасарч унана. Эл гачлант тахлыг монголчууд эртнээс шүлхий хэмээн нэрлэжээ. Хаанаас илгээгдсэн үхэл гэсгээл, хэнд үзүүлж буй цээрлэл болохыг хэн ч үл мэднэ. Хэлж бус хийсч ирэх энэ мэт үл үзэгдэгч довтлогч дайснуудтай тулгарахын цагт сөрөн тэмцэхээс өөр зам байхгүй. Ээлжит сорилттой энэ есөн сарын эхээр тулгарчээ.

Хэдэн зээр доголжээ. Хөөрхий зовдонт амьтдаас сүрэг нь дайжлаа. Үл үзэгдэгчийн хорт суманд мэрүүлэн өвчилсөн амьтсыг хээрийн чоно ирж байгаль дэлхийн бохирдлыг цэвэрлэх жамтай. Гэтэл мөнөөх талын хөх чоно энэ мэтийг цэвэрлэх байтугай, өөрсдөө “цэвэрлэгдчих” шахаад байдаг. Талын хөх чонын ангуучид жил жилийн намар өвөл тэднийг хүйс тэмтрэхээрээ нэг болно. Ингээд л шүлхийн нянгаар өвчилсөн зээр гөрөөсний сэг зэм дэлбэрсэн бөмбөг шиг өвчнөө цацаж орхино... Мал нь доголж, амнаас нь шүлс савирах үед малчид шүлхийг танина. Өнөө жил шүлхий дэндүү хурдан үсэрхийлжээ. Айлаас айл, хотоос хот, амьтнаас амьтанд дамжин монголын дорнод тал тэр аяараа үл үзэгдэгч биетэд бүслэгдэж, бүтэн хоёр сарын турш хүч тэнцвэргүй нам гүмхэн тулалдаан болж байна. Тал нутгийн малчид, аймаг сумын дарга, цэрэг хөгшид хөвөө, тэтгэвэрт гарсан эмч домч бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдлөн шүлхий хэмээгч үл үзэгдэгчийн хана хэрэм болон босоцгоожээ. Ашгүй тэгээд л шүлхийн хаяа хотыг баруун тийш тэлчихгүй, нутагтаа торгооон барьсаар хоёр сар хана хэрэм болон зогсчээ. 

2.
Зам хөндлөн улаан хэл бүхий хэц татчихаж. Машины дуу чимээ гарангуут улаан дарцаг барьсан эр яаравчлан гарч ирээд дохиж байна. Ариутгах бодис шингээж дэвссэн эсгийн дээгүүр хүн машиныг гишгүүлж, гар хөл ариутгаад бичиг зөвшөөрлийг шалгаж, бас чиг нэн соргог байдлаар тэрэг турагны ар өвөр, дээгүүр доогуур ажиг сэжиг юу байна гэх болтой тандах аж. Сум багийн төв рүү ойртох зам гудас, орж гарах газар болгонд энэ мэт ариутгуулсаар Баруун-Уртын бараа харагдав. Баруун хойт дээр бас л ариутгалын цэг. Гадаа зогсоол дээр мотоциклуудын цуглаан болж байгаа юм уу гэлтэй. Ярайтал эгнүүлээд зогсоочихож. Мэдэхнээ, тэднийг журамлаад байгаа нь энэ аж. Мотоцикльтонгууд зам дагана гэм үгүй. Хээр хөдөө хаа л бол довтолж явах мотоциклийн дугуй шүлхийн үл үзэгдэгч нянг тээвэрлэх болзошгүй тул ийн журамлахаас аргагүй аж.

Хуучин тэжээлийн аж ахуй байсан навсгар хэдэн байшин эхэлж угтаад, харжигнасан энхэл донхол замаар Баруун-Урт руу шороо манарган ордогсон. Баруун-Урт бидний мэдэх хот биш болжээ. Мөнөөх тэжээлийн аж ахуйгаас төв рүү орох засмал зам, явган хүний зам хөтөлж, аймгийн захиргааны зүүн талд ирж зогсов.

-Яасан урт зогсоол вэ ийм их машин энд байдаг юм уу
-Наян машины зогсоол байхгүй юу Танай Улаанбаатарт машин тавих газар олддоггүй юм.
-Манай аймгийн төв сайхан болчихож. Яамай даа.
-Та зав гарвал, худалдааны гудамж, хуучин шуудангийн газраар нэг ороод үзээрэй. За тэгээд шөнө бол гудамжны гэрэлтүүлэг нь ярайгаад...

-Тийм гэж үү?

-Улаанбаатарын гудамжны гэрлээс л дээр дээ. Явган хүн алхах газар олддоггүй хэцүү газар байна лээ.

Зэрэгцэж зогссон машины жолооч бид хоёрын хооронд иймэрхүү яриа болж өнгөрлөө. Нутгийн жолоочийн ярианы өнгөнд аймаг орныхоо хөгжил дэвшилд сэтгэл хангалуун байгаа шинж илэрхий. Харин нийслэл хотоос ирсэн биднүүсийг ичээж орхих янзтай. Энэ эртэй хэд гурван үг солиодохъё байз.

-Залуу дарга нартаа аймгийнхан хэр амтай байна даа?
-За даа, анхандаа ч яана даа л гэж бодож байсан шүү!

-Яагаад?

-Хэн хүнд танигдаагүй энэ залуус дөрвөн жил яаж шүү баллах бол доо, хойтон жилийн наадам хол байна даа гэдэг шиг яаж шүү дараагийн сонгууль хүрдэг шүү юм ... гэж.

-Одоо тэгээд ямар байна?
-За харин, одоо бол энэ залуусынхаа төлөө үзнэ шүү. Та харахгүй байна уу, манай аймаг ямар болсныг. Шороо манаргаж явахаа больсон. Хөгшид хүүхдийн амралтын талбай, спортын талбай ч бий болсон. Спорт, соёлын цогцолбор барихаар сууриа тавьсан.

-Манай аймаг чинь том сайхан театртай шүү дээ?
-Саяхан манай театрынхан урлагийн нэг сайхан тоглолт хийж, нутаг орныхноо баясгасан даа. “Жаахан шарга” жүжиг, томчуудын, хүүхдийн концерт. Ай тэр дуу хуур, хувцас ... янзтай.

-Та ер нь аймгаа их магтаж байна даа?
-Байгаа юмыг чинь байгаагаар нь л хэлнэ шүү дээ.

Батсүх хэмээн өөрийгөө танилцуулсан саяын эр үнэн хэлжээ. Хуучин онгоцны буудал орох замын арын эзгүй сайхан тал дээр «жишиг гэр хороолол» байгуулчихаж. Шугам зураг шиг жигд татчихсан цэвэрхэн хашаанууд. Гадаа нь цэвэр усны сан. Дотор нь ариун цэврийн цооног. Бие засах газар бүгдийг шийдээд өгчихөж. Хашаандаа гэрээ барих нь гэрээ барьж, байшин барих нь мод чулуугаа босгож байна. Жишиг хорооллын ар талд хувийн орон сууцны хороолол барих гэж байгаа гэнэ. Цахилгаан, цэвэр ус, бохирын шугам, бүх л дэд бүтцийг нь байгуулж өгөөд байшин барих хүмүүст нь газрыг нь худалдчих юм байна, зөв л юм.

Хуучин худалдааны гудамж, шуудан тээврийн газар гэж ёстой нэг ялаа батгана шиг бужигнасан газар байлаа. Төрөл арилжчихжээ. Нөгөө согтуу хөлчүүчүүд хөлхөлдсөн гудамж алга. Хот аймаг руу явах зорчигчдын вокзал нь тохилог гэж. Зорчигчийн үйлчилгээний төв хүлээлгийн танхим. Гадаа сүүдрэвч. Цэвэрхэн талбай, зогсоол. Жинхэнэ ая тух энд бий болжээ. Гадуураа хэрэм хашаатай. Ажлаар яваа улстай холилдож хөшилдөхгүй.

Нөгөө хуучин муудсан навсгар байшингууд үгүй болж орчин үеийн үйлчилгээний сайхан төвүүд цэвэр цэмцгэр гудамж талбай. Засмал замууд, явган хүний тохитой харгуйнууд буй болоод мод зүлэг, цэцгийн мандлуудаар солигдчихжээ. Зарим засмал зам нь хуучин шавар байшинд тулаад зогсчихсон харагдана. Мэдээж нүүхгүй барихгүй гээд л гүрийж байгаа хэрэг. Хэцүү л хэрэг байх. Гэхдээ нийтийн тусын тулд, аймаг орныхоо бүтээн байгуулалтын төлөө, заасан газар уруу нь нүүх л болно. Ийнхүү би шүлхий хэмээх өвчин турханы хий үзэгдэл дундуур гундуухан явсаар, Баруун-Уртынхаа барааг үзээд сэтгэл нэгэн сэргэвэй. 

3.
Алтан-Овоо мөнөөх л амгалан дүрээрээ асарлан цэнхэртэнэ. Нэгэн үзэхэд хур дэлээ сагсайлган хэвтэж байгаа хүлэг морь шиг. Бас дахин харахад мөлхөж яваа яст мэлхий шиг. Нөгөө үзэхэд хүчит заан мэт. Янз янзаар үзэгдсэн хэвээр. Алтан-Овоог бүтэн тойруулж, Дуут нуурыг оруулаад хашаа татчихаж. Яамай даа. Алтан-Овооны ар өврөөр аалзны шүлс шиг хэрсэн олон зам харгуйнууд одоо л нэг онгож хуучраад хашааны дотор талд өвс ногоо нь бүтэн ургаж, уул ус минь зоо тэнийх мэт сайхан харагдаж байна.

Хөөе! Хулан уу даа. Алтан-Овооны хамгаалалтын хашаан дотор хулангийн азарга хоёр гүүтэй идэшлэж явна. Би бодлоо. Дарьгангын дархан газрын дарга Дугарсүрэн гэж элдэвтэй сэргэлэн эр бий. Тэр л хийсэн ажил байх гэж. Их хурлын гишүүн Ч.Улааны адууны тамга байна гэж хамт яваа залуу хэллээ. За ямартай ч, Дарьгангын хээр талд хулангийн удам буй болох нь. Ширээтийн цагаан адууны дээд өвгө нь хулангаас угшилтай гэсэн хууч яриа байдаг сан.

Манай Дарьганга сумын өвс бэлчээр энэ намар тачирхан байнаа. Бороо хур ховор байгаа аж. Онгон, Наран гээд эргэн тойрон нутаг даяар диваажингийн зун болж байхад Алтан-Овоо тойроод ган болсныг нутгийнхан янз янзаар л ярьж байна. Найман оны тахилганаас хойш тэнгэр царайгаа буруулчихлаа. Буруу хазгай тахичихсан юм болов уу гэх нь ч байна. Аргагүй шүү дээ, тахина гэж талхалаад бохирлоод хаячих юм даа гэж хэлмээр л санагдаж байлаа. Бас удган хэмээх баахан бүсгүй бөө нар Алтан-Овоон дээр гарч нутгийн дээдсийн онго шүтээнийг гомдоочихлоо. Бүсгүй хүн гардаггүй цээр хориг зуун зуун жилээр тогтсон ёс уламжлалыг гутаан доромжилсноос боллоо гэх нь ч байна. Олны үг ортой гэдэг дээ. Юм юмны л үр дагавар энэ байх.

Дарьганга сумын төв Алтан-Овооныхоо урд энгэр хормойг өгсөөд төвхөнөчихсөн байдаг. Айлуудын аргал бараа, эмх цэгцгүй хайш яйш хашаа хороо, Алтан-Овоо руу арц гангаар биш ая эвгүй үнэрээр утах айлуудын жорлон... Нэг л биш ээ. Алтан-Овооны энгэр бэлийн элсэрхэг зөөлөн хөрс шороо машин техникийн зам харгуй, сумын төвийнхний хөлхөөнд идэгдэж эрэг ганга үүсээд эдгэршгүй дайны шарх сорви мэт эмзэглэн шаналсаар байгааг анзаарахгүй байна уу даа!

Тээр жил би Алтан-Овоогоо аваръя гэвэл Дарьганга сумын төвийг нүүлгэх хэрэгтэй хэмээн эмзэглэж бичсэнийг минь орон нутгийнхан тийм ч таатай хүлээн аваагүй дуулдсан. Бидний хойч үе- үр ач нарын маань үнэт эрдэнэ болсон шүтээн уул усаа аварч үлдье гэвэл эдүгээ буй болсон ганц нэгэн шавар байшин, яйжиг жайжиг хашаа хороог индүүдэж хаяад сэрмүүн сэргэлэн дэнж дээр ХХI зууны хөдөөх тосгон байгуулчихаад зогсож байхад болохгүй нь юу байхав гэж Дарьгангад ирэх болгондоо бодох юм. Хэрэв Дарьгангын хээр талд ХХI зууны нүүдэлчний шинэ загварын тосгон байгуулах зураг хөргийг гаргаад аймаг орноороо хөдөлбөл дэмжих тэтгэх газар олдох л болтой байдаг. Тэгээд ч энэхүү шинэ загвар нь монгол даяар «Шинэ тосгоны хөдөлгөөн» болон өрнөхийг байг гэх газаргүй.

Ганга нуураа бараг л таньсангүй. Ус нь татраад эрэг хөвөөнөөсөө цаашлан атийгаад жижгэрчихжээ. Хөлхөх олны хөлөөс зугатан холдож байгаа мэт. Хур бороо ховордож, хун шувууд нь дайжаад нэг л биш ээ. Ганга нуураа хараад цээж хуурайших шиг санагдлаа.

Шилийн Богд онгон зэрлэг дүр төрхөө алдаж, орчин үеийн олон морины хүчтэй машин техникийн хөлд холгогдоод шархадсан гөрөөс шиг шаналж хэвтэнэ. Ар хормойноос нь гурван ч газраар оньсон техникийн ид хавыг гайхуулан авирах гэж үзсэн улбаа нь улам тодроод сэлмээр цавчуулсан баатар эрийн сорвит нүүр мэт болжээ. Хоёр мянга найман оны тахилгын дараа үлдсэн хог сэг, ул мөр эдгээгүйг бодоход бороо хур татарч, өвс ургамын үр үндэс ч төдийлөн арвижсангүй. 

Шилийн Богдын ар шил доор машинаа тавиад явган замаар алхлаа. Явган зам дээр нэгэн том авдрын чинээ дөрвөлжин ногоон саарал чулуу бий болчихож. Юун ийм дээр, ямар техникээр ийм том чулууг аваад ирдэг байнаа! гэж бодлоо. Дөрвөлжин чулууны ар дээр «Овоонд чулуу өргөсөн» тэр тэр гээд арав гаруй хүний нэрийг сийлжээ. Аан, мэдлээ. Овоонд чулуу өргөж зүрх сэтгэлийнхээ үгийг шивнэжээ. Нэгэн бодлын болох л юм. Хожим хойчийн үр ач нь ч юм уу, миний аав ийм мундаг гэж бодоод л нэр нь уулан дээр мөнхрөөд л. Сайн бодъё! Хөрөнгө бэлийнхээ чинээгээр авдар авдрын чинээ чулуунд алт мөнгөнөөр нэр сүрээ сийлэн мөнхөлж, араат техникийн чадлаар уул өөд авиран гараад улам дээшлүүлэн тавьцгаах өрсөлдөөн бий болж магадгүй юм. Тэгвэл Шилийн Богд юу болох вэ? Онгон зэрлэг шинж төрхөө гээж, зарлалын самбар юм уу, нэр алдрын чулуун овоолго болж магадгүй юм. Харин тэртээ зүүн хойт бэлд хориод жилийн өмнө ботаникч Ч.Дугаржавын авчирч тарьсан мод сайхан төгөл болоод шуугиж байна. Ч.Дугаржав тэнд нэр пайз хадсангүй. Гэхдээ л уул усандаа тарьж ургуулсан түүний буянт сэтгэлийн хийморь Шилийн Богдын оройн сүлдэнд дэрвэж байх шиг санагдлаа. Уул устайгаа нууцхан сэтгэлээр, дотоод эрчмээрээ холбогдон сүсэг бишрэлээ илэрхийлдэг бидний өвгө дээдсийн даруухан ёс мартагдаад хад чулуу, хөшөө суварга, хана хэрмэнд нэрээ пайзлах гадаад сүсэг дэлгэрч байгаа бололтой. Бодох л хэрэгтэй. Магадгүй, уул ус маань энэ мэтэд ундууцан эгдүүцэж байж ч болох юм даа.

4.
Онгон! Энэ үг зүгээр нэг сумын нэр байхаа хэдийн больж өвгө дээдсийн онгон хэмээх утгыг илүү ихээр илэрхийлэх болчихлоо. Сүүлийн хэдэн жил түүхч, археологичид хийгээд гадна дотнын судлаачдын анхаарлыг татаж, малтлага хайгуул мэтээр хөл хөдөлгөөнд орчихож. Тун саяхан манай залуу археологич Ц.Төрбат Онгон Таван Толгойн хүн чулуун хөрөгийн ойролцоо малтлага хийж, шинжлэх ухааны онц ач холбогдолтой ховор зүйлс олж нээжээ. Тэр булшнаас ХIII зууны монголчуудын хэрэглэж байсан хэл хуур, ясаар хийсэн тамга, сэлэм, илд, хоромсого саадагны чимэглэл тэргүүтэн чухал дурсгалыг олж илрүүлсэн   нь шинжлэх ухаанд судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болж үлдэх биз ээ. Нилээд хэдэн жилийн өмнө ахмад археологич Д.Наваан гуай маань хэдэн оюутантай ирээд Таван толгойгоос алтан ургийн шонхорын дүрслэл нууцалсан алтан бөгж, алталсан луу чимэглэлтэй эмээл, ихсийн болор чулуун бүс тэргүүтэн өдий төдий юм олсон нь эдүгээ МУИС-ийн археологийн тэнхимд хадгалагдаж байна. Нутгаас олдсон түүхийн ховор нандин юмсаараа бахархах сэтгэл хүслээр мөнөөх юмсынхаа хойноос нутгийнхан ажиг сурах тавих боловч судалж байгаа гээд чимээгүй болчих юм. Музей үзэсгэлэнд тавьж нүд чих мялааж баймаар юм, нутаг усныхаа нэрийг дуудуулж баймаар юм гэцгээнэ. Археологич  Ц.Төрбатад ч бас тэр захиасаа  хэлсэн бололтой.

Бас нэгэн гайхалтай юм Онгоноос олджээ. Хониндоо явж байсан нэг багашиг залуу уруй усны нурсан эргийн ангалд байх гурван хүрэл тогоо олжээ. Ээж нь сумынхаа дарга нарт дуулгаж. Сумын хоёр дарга С.Бор, Ө.Мунгаа нар давхиж ирээд захиргааныхаа байранд ирээдүйд байгуулах музейн өрөөндөө аваад залчихаж. Маргаашаас нь аймаг, хотоос утас хангинаж гарч. Тэр юмаа улсдаа өг, хот хүрээ рүү явуул, та нар наадахаа яах гээд байгаад байна гэлцэн сандаргана. Яг хаанаас авах гээд шаардаад байгаа юм гэхээр «дээрээс» л гэнэ. Зарим нь цэрэг цагдаа болох дээрээ тулах гэж сүрдүүлсэн чимээтэй. Ямар ч байсан Хүннүгийн үеийн байх магадлалтай түүх соёлын хосгүй нэгэн дурсгал Онгон нутгаас өөрөө тодроод гараад иржээ. Энэ мэт түүх археологийн ил далд нууцыг хадгалсан нутгийнхан маань сумандаа нэг товхийсэн музейтэй болчих санаа сэтгэл гаргаад эхэлчихжээ. Зөв санаа. Эсэргэн жилээс энэ мэт ажлаа хувааж аваад орон нутгийн музей буй болгох тухай бид нар тохирч авлаа. Харин хол ойрынхны нүд чихний бай болоод байгаа нөгөөх тогоог Үндэсний түүхийн музейдээ ёслол төгөлдөр өгье. Түүн дээр Д.Наваан гуайн олдворыг нэмээд Онгоны Таван толгой дахь түүх соёлын цогцолборыг харуулсан булан байгуулах тухай би түрүүн Үндэсний түүхийн музейн захирал Ж.Сарулбуянтай ярилцаж тохирсноо тэдэнд хэллээ. Онгон Таван толгойн дэлхийд хосгүй хоёр цагаан гантиган хүн чулуун хөрөгийг хамгаалах төсөл хийгээд нутгийн хоёр залуу явж байхтай тааралдсан юм. Сайн хэрэг. Он цаг урсаж, эрт цагийн юм элж эмтэрч баларч булагдахын хамт эргэн сэргэж, амилж амьдрах жам ёс буй ажээ.

5.
Онгон сумынхаа Шар бүрд багаар нутгийнхаа нэгэн хоёр айлаар буугаад мордлоо. Шүлхий хэмээх үл үзэгдэгч дайрлага энэ хавиар дайраад өнгөрчээ. Ц.Монхорынх арав гаруй үхэр, зуу гаруй хонио булжээ. Малчин хүнд тарга тэвээрэг сайтай, сүү шим арвинтай малаа шороонд булуулах ямар сайн байх вэ? Гэхдээ л нийт олны төлөө энэ мэт эрсдэлийг тэвчиж, нүд хальтруулсан үхэл зовлонг туулаад л өнгөрдөг жамтай аж. Шар бүрд багийн нэг хотны цувраа гурван зэлний хоёр захынх нь үнээнүүд шүлхийтээд байхад, дунд талын зэлэн дэх Янжин хөгшний үнээд яасан ч үгүй. Мань хөгшин зэлэн дээрээ ямар нэг уншлага ч юм уу хийсэн бололтой гэж ярилцана. Хонгорын дэрсэн дэх Б.Эрдэнэ гэгч залуу шүлхийн чимээнээр хотоо тойруулан утаатай шар эсгий, адууны хомоол баагиулан үхэр тугалаа арц утлагаар утна. Эргэн тойронд нөмөрсөн  шүлхийн үл үзэгдэгч тэднийхийг алгасаад өнгөрчихөж.

Сүхбаатар сумын нэгэн малчин өвгөн шүлхий туссан үхэр малаа эдгээчихсэнээр барахгүй, вакцин тариа хийх шаардлагагүй хэмээн зөрүүдэлжээ. Тэр өвгөн шүлхий бол эдгэдэг өвчин гэж зүтгэсэн гэнэ. Малын эмч нар болохоор шүлхийн нянтай малыг устгахгүй бол болохгүй, чөмгөнд нь хадгалагдаж байгаад буцаад гарчихдаг юм хэмээн тайлбарладаг аж. Юутай ч гэсэн малчид шүлхийтэй тэмцдэг өөр өөрийн ерөндөгтэй байх ажгуу.

Өнгөрсөн зун Цахар гэвч Лувсанчүлтэмийн 270 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг академич Д.Цэрэнсодном гуай санаачлан зохион байгуулсан юм. Тэр хурал дээр энгүй их эрдэмтний эрдэм чадлын тухай олон сонирхолтой илтгэл тавигдсаны дотор цагаан бурханы хижгийг дарах ерөндөг буюу эдүгээн хэлээр вакцин гаргаж, нутаг хошуугаа аварсан нь Европод цагаан бурханы вакцин гарахааас 17 жилийн өмнөх явдал байсан нь гайхалтай содон мэдээ байж билээ. Цахар гэвш цагаан бурханаар өвчилсөн хүний тууралтын тавыг өвс ургамалтай найруулан талхалж нүдээд эрүүл хүмүүст хамраар татуулсан гэдэг. Уг хурал дээр суусан Академич П.Нямдаваа, доктор Болд, Өвөрмонголын Раашцэрэн нарын эрдэмтэд цагаан бурхан төдийгүй малын шүлхий зэрэг олон өвчнийг эсэргүүцэн дархлаажуулах ерөндөгийг Цахар гэвш тэргүүт эрдэмтэд мэдэж хийж, хэрэглэж байсан тухай ярьж байсан санагдана. Тэр уламжлал саяхан болтол хадгалагдсаар байсныг би бүүр түүр санана. Намайг гуравдугаар ангид байх өвөл манай нутагт шүлхий өвчин дэлгэрээд зарим өвгөд шүлхийтсэн малын шүлснээс модоор өлгөж аваад эрүүл малын цавь суганд түрхэж байж билээ. Одоо бодоход дархлаажуулж байсан нь тэр аж. Харин мөнөөх өвчтэй шүлсийг юугаар номхотгож, хольж найруулж байсныг балчир байсны харгайгаар мэдсэнгүй өнгөрчээ. Ийнхүү хоёр сарын туршид малчид өөр өөрийн арга чарга, үзсэн дуулсан бүхнээ хэрэглэж үл үзэгдэгч шүлхий хэмээх өвчинтэй тэмцжээ. Энэтхэгээс авсан вакцин нэг хоёр сараар цувран ирж, аймаг сум даяар онцгой байдлын албаныхантай нийлэн малаа дархлаажуулах тарилгаар хангалаа. Өвчин турханы ааг омог одоо л нэг номхорч буй бололтой. Хүн малын зоо арай чүү тэнийх нь ээ.

Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж юутай үнэн үг вэ? Улаанбаатараас гарахад намрын сүүл сарын хорин есний сар хавиргалж байсан алтан шаргал тал, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өглөөний наран доор цав цагаан бүрхүүл доор хучигджээ. Урьд шөнө орсон цас дорнын их талыг мөнгөлөөд цагаан дэрсний цацганд мөнгөн чимэг зүүжээ.

Их тал шувтрахын хэрд баруун зүгт хааяа нэг хөх уулс хөндөлдөн үзэгдэнэ. Хан Хэнтийн уулсын шувтарга, дорнын талын хаяа дэрлэх хөх уулыг Мөнххаан хэмээнэ. Монголын эзэнт гүрний хоёр дахь их хаан Мөнхийн нэрээр домоглож үлдсэн энэ уулын бэлд саатан суусан говийн ноён хутагт Данзанравжаа бээр «Тэнгэр тулам зэс уул» хэмээх алдарт шүлгээ эл уул уснаас үлгэр авч зохиосон гэх бөлгөө.

Эглийн нүдэнд үзэгдэх талын тагжгар хөх уулс хутагтын мэлмийд тэнгэрт тулам зэс уул болж харагдах ажээ. Уул ус, байгаль дэлхийн бараа туруу хүртэл үзэгдэх байдал нь эгэл хийгээд эгэлгүйн дүр төрхтэй байхад үзэх нүднээс ангид орших ад зэтгэр, хор хорлолын нисваанис болох өвчин турханы үл үзэгдэгч амьтад өөр өөрийн хэлбэр дүрсээр бидний дээгүүр нисч явдаг ажгуу. Тэрхүү үл үзэгдэгч тийрэнг дарах ерөндөг нь дорнын хээр талын нүүдэлч малчид, нутаг усандаа үеийн үед үнэнчээр үлдсэн ард олны өв уламжлал, эр зориг, тэсвэр хатуужил, зүрх сэтгэлийн чанадад бас л үл үзэгдэн оршсоор байдаг болой.

2010.11.11

Шилийн Богд-Улаанбаатар
Г.МЭНД-ООЁО

TOP