ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ОРШИХУЙ БУЮУ ЯРУУ НАЙРАГЧИЙН ТӨГӨЛДӨРШИЛ

ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ОРШИХУЙ БУЮУ ЯРУУ НАЙРАГЧИЙН ТӨГӨЛДӨРШИЛ


 

Зээрдэнүүд Базарын МАГСАРЖАВ

 

Өгүүлэлийн нэр болгож байгаа энэ сэдэвийг бодож үзэх санааг Тоомас Стийрэнз Элиот/Thomas Stearns Eliot / надад өглөө. Элиот бол америк гаралтай английн яруу найрагч бөгөөд анхны     найраглал болох “Ж.Альфэрээд Пүрүүфороокийн дурлалын дуун” –ыг нь америкийн яруу найрагч Жон Бээрримэн “орчин үеийн яруу найрагийн эхлэл”гэж үнэлсэн бол 1922 онд нийтлүүлсэн “Эзгүйрсэн нутаг” найраглалыг нь нэр хүнд бүхий судлаачид “яруу найрагийн хөгжилд гүнзгий ул мөрөө үлдээсэн зохиол” гэж тэмдэглэсэн байна. 1948 онд Шведийн Академи “орчин үеийн яруу найрагийг шинэчилсэн гарамгай үйлсийн нь төлөө” түүнд Нобелийн утга зохиолын шагнал гардуулахад Элиот “Яруу найрагчид Нобелийн шагнал гардуулж байгаа нь яруу найраг нийт хүмүүн төрөлхтөний үнэт зүйл болохыг баталсан хэрэг юм. Ганцхан үүний төлөө ямагт яруу найрагчийг шагнаж байх хэрэгтэй.Нобелийн шагналыг би өөрийнхөө гавьяаг тэмдэглэсэн хэрэг бус яруу найрагийн ач тусын бэлгэдэл хэмээн үзэж байна.” гэжээ.

 

Тэрбээр бүр хорин хэдэн насандаа Хаарвардын их сургуульд суралцаж ахуйдаа самгаарди хэл, буддизмийг судалж, уламаар философийн доктор болохоор бичиж байсан ажилаа орхиод авангаард зохиол бичиж эхэлсэн бөгөөд утга зохиол судлалын “Кээмбрийжийн дэг сургууль” буюу хожим Америкад “шинэ шүүмжлэл” хэмээн нэрлэгдсэн урсгалын мөрийн хөтөлбөр болсон бүтээлүүдээ нийтлүүлжээ .Түүнийг Их Британи “Гавьяаны төлөө” одонгоор 1948, францууд “Хүндэт легионы”одонгоор 1954,германы Ганзейн холбоо Гөтэ-ийн шагналаар 1954 онд тус тус шагнаж, АНУ-ын байгууллагууд олон нэр хүндтэй шагналаа хүртээж, англи,америк болоод европын 16 их сургууль эрдмийн хүндэт зэрэг, цолоо түүнд олгосон бөгөөд Оксфордын Магдален,Мертон коллежиуд удирдах зөвлөлийнхөө хүндэт гишүүн, Принстоны суурь судалгааны хүрээлэнгийн эрдмийн зөвлөл,Америкийн Конгрессийн номын сан зөвлөлийнхөө гишүүнээр сонгож байжээ.

 

Европод ноёрхож, дэлхийн нэгдүгээр дайнаар гүнзгийрсэн оюун санааны хөл толгойгоо алдсан хямралд Осваалид Шпээнглэр, Гээртүрүда Стэйн, Поли Валээри гэх мэт сэтгэгчидийн адил түгшисэн Элиот утилитаризм, рационализмын эсрэг тэмцэж байсан английн шинэ гегельчүүдийн тэргүүн Фрээнсис Хээрбэрт Бэрээдлийн философийг судлаад яруу найрагийн эцэсийн зорилго нь цаг үеийнхээ хямаралыг няцаах мөн хэмээх онолын дүгнэлт хийжээ. Тийнхүү биелэшгүй мөрөөдөл,эмгэнэлт мухардалд орсон хүний орчлонг залуу халуун насандаа олж хараад,хүмүүний оюун санааны хэтийн ирээдүйн тухай зүүд зэрэглээ бүхнийг үгүйсгэж асан,сүм хийдийг хамаг сэтгэлээсээ шоолон даажигнаж асан Т.С.Элиот шашин,хаант ёсны үзэлтэн болж 1928 онд өөрийгөө утга зохиолын тухайд классицизмыг,улс төрийн тухайд хаант ёсыг,шашны хувьд английн католицизмыг баримталагч гэдэгээ зарлаж Английн иргэн болжээ. Шашин түүний амьдаралын төдийгүй дэлхийн амьдаралыг дэг журамд оруулж чадах бурханлиг дээд оюун санааны тухай номлосон яруу найрагийн нь хэсэг болжээ.

           

1980-аад оноос социализмын гэгдэх орнуудын эдийн засаг коммунизмын үзэл санааг батлах гэсэн хийрхэлд сөхөрч унаталаа зүтгэсэнээс нөөцөө бараад, тэдгээр орны жирийн иргэд төдийгүй нийгэмийн дээд бүлэгийн дотор үзэл санааны хямарал эхэлсэн билээ. Монгол орон ч үүнийг тойрч гарсангүй. Коммунист үзэлийн хямарал социализмыг нуран унахад хүргэсэн бол 1990 оны хувисгалын дараа эрх чөлөөний тугийн доор олонт эшт үзэл бодол цэцэглэж оюун санааны хямарал улам гүнзгийрсэн юм.

 

Монголын уран зохиолд ХХ зууны эхни й 20 жилд Европын утга зохиолд тохиосон хямарал лугаа адил учирал ирэв. Модернизм, постмодернизм нэрийн доор, тэдгээр онол сургаалын утга учирыг сөхөж ч хараагүй хүмүүсийн хуучиныг үгүйсгэж л байвал шинэ зүйл мөн хэмээх бодолын илэрхийлэл-шүлэгэнцэр, бичвэр хот суурингийн гуу жалгын хогийг хаман буцалах шар усны үер мэт цутгасан юм. Гэхэдээ хуучинаараа явахыг хүсээгүй уран бүтээлчидийн дотор үр бүтээлтэй зам олсон хүмүүс ч байлаа. Тэдний нэг хэсэг нь европ, америкад хүчээ авсан постмодернизмийг монгол хөрсөнд онолын үндэстэйгээр үрсэлүүлэхийг хичээж байсан бол, нөгөө хэсэг нь уламжилалд тулгуурлан шинэчилэх эрэл хийж байлаа. Тоомас Стийрэнз Элиот монголчуудын танил биш байв.Тэрбээр авангаардизмаас классицизмд шилжихдээ уламжилалыг үгүйсгэх бус сонгодог уран зохиол шинэ уран зохиолын бүтээлүүдийг нэгэн эгнээнд тавьж тэдгээр нь харилцан нөлөөлөлтэй, Хомээрээс эхтэй гэгдэдэг европын утга зохиол,түүний дотор англи хэлтэний уран зохиол,үлэг домог(миф), үлгэр, туулис, аман яруу найрагтайгаа нэгэн бүхэл соёл гэдэгийг нотлохыг хүссэн байдаг.Судлаачид түүний 1915 онд нийтлүүлсэн “Ж.Альфэрээд Пүрүүфороокийн дурлалын дуун”-д францын символист Жүүл Лафоорог,XVII зууны английн метафизикүүд, Шэкэспийр, Тээннисоноос авсан эшилэлийг өөрийнхөөрөө найруулан оруулсан, “Эзгүйрсэн нутаг” найраглалын нь үлэг домог, маш ээдэрээтэй ёгтололыг оюуны их чадалтай хүмүүс ч тайлж чадахгүй тул зохиогч уртаас урт тайлбар бичихэд хүрсэн гэж үздэг байна.Үүний учир нь Элиотийн сонгодог уран зохиол,шинэ уран зохиол хоёр харилцан сүлэлдэж нэгэн бүхэл байдаг хэмээх үзэлтэй нь холбоотой юм.Элиот нь утга зохиол эрин цагаас ангид,нийгэмийн тухайн байгуулалын үзэл сурталаас ангид байх ёстой,тэр бол цаг хугацаа,тодорхой нийгэмд үл хамаарах уламжилалыг өвлүүлэгч мөн гэж үзжээ. Тиймээс яруу найрагч өнгөрсөн үеийн тухай ойлгоцоо байнга хөгжүүлж насан туршид төгөлдөршүүлэх,үүний учир цаг ямагт өөрийгөө үгүйсгэж, бодгаль чанараа алдаж байх ёстой гэж үзсэн байна.

 

ХХ зууны эцэс, XXI зууны эхний яруу найрагт Элиотын адил замаар яваа монгол найрагч бол Гомбожавын Мэнд-Ооёо юм. Тэгэхдээ түүний угшил нь Элиот бус аа. Мэнд-ооёо бол Аугаа их Дорнын, өөрсдөө хөдсөн дээл өмсдөг боловч ном судараа торгоор баринтагладаг, эрдэм ухаан, ёс суртахуун, шашин,соёлоо дуу, ерөөл, зүйр цэцэн үг, үлгэр, туулистаа мөнхөлсөн буурал эртний түүхтэй монгол түмэний хүү билээ.

Тэрбээр Дарьгангын шүтээн,газар газарын түмэнээ алдартай Алтан Дарь овооны өвөрт ахуй хөдөөгийн бяцхан суурины дунд сургуульд сурч байхадаа нэрт орчуулагч,яруу найрагч Доржийн Гомбожавын нөлөөн доор анхны шүлэгээ бичжээ.Аав нь бас Гомбожав нэртэй бөгөөд нутагтаа алдартай морин хуурч байж.Зарим хүмүүсийн ярих нь Монголын алдарт уран зураач Дагданы Амгалангийн зурсан “Жаахан шаргын нутагаар” хэмээх уран зурагт дүрсэлсэн морин хуурчийг Мэнд-Ооёогийн аав гэх .Ээж нь үлгэрч, саруул ухаант,цэцэн үгт сайхан сэтгэлт нэгэн байж. Алтан овооны хүчит далин доор цэнхэрлэн дуниартсан баян тансаг Дарьганга, морин хуурч,үлгэрч,яруу найрагч-орчуулагч энэ дөрөв бол Мэнд-Ооёогийн ухаан орсон цагаас өсвөр насыг нь хүртэл хүрээлсэн орчин,түүний оюун сэтгэлгээний угшил юм. Үзэсгэлэнт Дарьганга нутаг үзэх нүд, сонсох чихэнд нь гоо сайханыг харамгүй бэлэглэж байсан бол ардын билиг ухааныг аав ээж хоёр нь хайрлажээ.Энэ гуравын заяасан баялагийг бяцхан хүүд дэлхийн уран зохиолын сор бүтээлийг яруу найрагч багш нь таниулан хөгжөөсөн байна.

 

1970-аад оны сүүлч, 1980 оны эхээр үндсэндээ дэлхийг хуваасан социалист, капиталист гэх хоёр ертөнцийн зөрчил хурцадаж эхлэв. ”Олон улсын намжимал байдал” гэгдэсэн үйл явц талцасан их гүрэнүүд бие бие рүүгээ залууртай цөмийн пуужин онилсоноор тасалдав.Зарим шүлэгч тэдний бие биеэ үзэн ядах сэтгэлийг хөгжөөсөн зохиол бичин нийтэлж байв. Яг энэ үед буюу 1980 онд залуу яруу найрагч “Дэлхий ээж” дуугаа бичиж, хөгжимийн зохиолч нөхөр нь аялгуу оруулаад, цагтаа монголын бард гэгдэж байсан дуучин найз нь модон гитараа хангинуулан дуулахад монгол даяар түрэн дуулсан юм.

 

Эзэн бидний алтан хөмрөг

Энгүй тансаг байгальдаа хайртай

Эрин зууны наран дэнлүү

Эрдэнэт хүний бүтээлд хайртай

 

Хүн төрөлхтөнийг хэвэлээсээ төрүүлж

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн

Дэлхий ээж Тандаа Би хайртай

Дэлхий ээж Тандаа хайртай болохоор

Дэлхий ээж Та мөнх настай

 

Сөрөн зогссон хоёр ертөнц бие биеэ устгах бус хүмүүн төрөлхтөнийг, дэлхийгээ мөхөөх аюултайг залуу яруу найрагч зүрхээрээ мэдэрч, хүмүүс бие биеэ зүхэн сүрдүүлэх бус эвлэрч, амгалан дэлхий дээр эвсэг аж төрөхийг уриалсан нь тэр билээ.Дэлхийн яруу найрагийн түүхийг сөхөн үзвэл буурал эртэнээс яруу найрагчид хүн нь хүнээ үзэн ядах бус хайрлах,байгаль дэлхийгээ устгах бус эвийлэхэд уриалж ирсэн байна.Чухам үүнд л яруу найрагийг хуучин, шинэ,эртэний,орчин үеийн хэмээн ангилж болохгүй,хүн төрөлхтөний яруу найраг нэгдэмэл,уламжилалыг эрхэмлэн үзэх ёстой гэсэн Томас Стийрэнз Элиотийн үзэл санааны амин сүнс оршин байна.Тэртээ XVII зуунд амьдарч асан Английн яруу найрагч Жон Донн(Donne)/1572-1631/ “Талийгч болсон хүн бүр намайг жижигрүүлнэм. Учир нь бивээр бүхий л хүмүүн төрөлхтөнтэй нэгэн бие юм.Тиймээс хэнийг дуудаж хонх хангинав хэмээн хэзээ ч бүү асуу. Хонх чамайг ч дуудан байна шүү” гэсэн байдаг. Жон Донн бол Элиотийн эрхэмлэн хүндэтгэдэг яруу найрагчидын нэгэн байжээ.Үнэхээр хүмүүн төрөлхтөн нэгдэмэл,тийм болохоор яруу найраг ч нэгдэмэл юм.Нэгдэмэл болохоор хүмүүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг илэрхийлэх үүрэгтэй.Мэнд-Ооёо ч яруу найрагтаа тэрхүү үнэт зүйлийг дуулсан байдаг.Тэнгэрийн хаяанаас айсуй яваа айлын нүүдэлийг хараад цайгаа чанаж,идээгээ таваглаад тосох ээжийгээ дагаж явсан хүү хожим нь “Аян холд ангаж яваа хүнийг баярлуулахын сайхныг,газар дэлхийдээ шүтэн амьдрагч бүхэн бие биеэс хамаат оршиж,найрсан туслалцахын учрыг багадаа үзэж амталсан маань хожим бичих найргийн минь зан чанарт шингэсэн буй заа” гэж бичжээ.

 

Монгол орон бол дөрвөн улиралтай орчилон билээ.Тиймээс монголын бүх үеийн яруу найрагчид дөрвөн цагийн тухай бичсэн байдаг.Дөрвөн цаг гэдэг сэдэв монгол найрагийн бие даасан төрөл болтолоо хөгжижээ.Мэнд-Ооёо ч дөрвөн цагийн дуулал зохиосон.Түүний “Он цагийн хүрд” богино найраглал нь дөрвөн цагийн гэрэл гэгээ,тансаг гоо сайхан,сүр жавхаланг дуулсанаараа, нэгэн хэмээр довтолгох он цагийн хэмнэлээр үзүүлсэнээрээ нэгэн цогц болоод бусадаас онцлог юм.

“Он цаг нисэн нисэн ирнэм

Он цаг нисэн нисэн одном “ хэмээх нь цагийн цохилт лугаа адил жигд хэмнэлтэйн зэрэгцээ өнгөрсөн,одоо,ирээдүй гурван цагийн хэлхээснээс зөвхөн өнгөрсөн,ирээдүй хоёр л хэлэгдэж байгаа бөгөөд хүмүүн бидний оршин ахуй маань,сэрж,мэдэрч,сэтгэж, ухаарч, баярлан цэнгэх буюу зовж жаргах маань энэхүү хоёр цагийг холбон байгааг,

“Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.

Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд

Жихүүн хүйтний үзүүр лоовуузын соронд шантраад

Жигүүртэн шувуудаа тэнгэр үгүйлж эзгүйрээд

Мөнгөн талыг сарны туяа өнгөлөн зүлгээд

Мөсөн дэнлүү хороон дээр жавар хэмжиж гялтганаад

Дээд тэнгэрт гудайсан Гурван маралыг тохиогоод

Дэлхийн дагуул анивалзан жилийхүй он цаг яаран нисч одном

 

Өвөлжөөнөөс хөөрөх дулаан илч тэнгэрт царцаад

Өрхний хошуу эргэж шөнийн зүүг заахад

Ээжийнхээ дээлийг нөмрөөд үлгэр сонсох багачуудад

“Эрт урьдын цагт” гэсээр он цаг нисэн ирнэм

Адуу янцгаахад уул толгодын цуурай биесийг өртөөлөөд

Анир чимээ цасан ширхэг болгонд шингэж уусан

Ахуу ертөнцийн зоо тавирч дөрвөн зүгтээ амирлаад

“Амар сайхан жаргажээ”гэхүй он цаг нисч одном” гэхчилэн үзүүлсэн байна.Амьд байгалийг тэтгэгч “нарны зовхи мөстөх” тэсгим хүйтэн өвөлийн гоосайханыг олж харах нь зөвхөн ертөнцийг буйгаар нь хайрлагч яруу найрагчид л заяах билигийн хараа биз ээ.Найраглалд дүрслэгдсэн ахуй нь нүүдэлчин монголынх,ертөнцийг буйгаар нь хайрлах нь хүмүүн төрөлхтөнийх өө.Яруу найрагч уран бүтээлийнхээ балчир үеэс л хүмүүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлэсийн тухай дуулахыг хичээж ирсэн байдаг.

 

“Зөөлөн ай бол миний яруу найргийн зан чанар юм” гэж тэрбээр нэгэнтээ бичжээ. Энэхүү “зөөлөн ай” гэдэг ойлголтыг “хүлцэнгүй сэтгэл”,”нигүүлсэнгүй буянт явдал” хэмээн ойлгомоор санагдана. Үнэхээр түүний шүлэгүүд эевэргүү зөөлөн сэтгэлтэний алаг хорвоогийн сайн сайханд баярлан цэнгэж,адал муу явдалыг хүлцэн тэвчих,нарны гэрэлд сэтгэлийн гэрэлээ нэмэн,харанхуйг гийгүүлэхсэн гэдэг тэмүүлэлээр дүүрэн байдаг билээ.Энэ бол аугаа их Дорнын гүн ухаан.Бурхан багш эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд аж төрөхийг шавь нартаа сургасан байдаг .Тэр нь хүлцэнгүй сэтгэл,нигүүлсэнгүй буянт явдалгүйгээр хэрхэн бүтэх билээ? “Зөөлөн ай” тэрхүү сургаалын хувилгаан мэт.Тэрхүү хувилгаан Мэнд-Ооёогийн найрагт амилжээ.Тэрбээр бас,”Нүүдэлчний уг чанар нь яарамгүйхэн тасралтгүй сэлгэх хөдөлгөөн,алслаг намуун аялгуу,зөн совинлог мөрөөдөмтгий эрэлч,сониуч зан, юм бүхнийг гэрэлтэй талаас нь харах зөөлөн уянгат сэтгэл болой. Нүүдэлчин өвгийн язгуур чанарыг шүтэж,намуун зөөлөн уянгыг эрхэмлэн нандигнаж,түүнд улам шимтэж,уусан шингэсээр уджээ,би” хэмээн бичсэн юм.Энэ бол уламжилал.Уламжилал уламжилалдаа сэтгэлгээний уламжилал.Өнөөгийн монголчууд Бурхан багшийг шүтэх боловч түүний сургаалын мөн чанарыг үл ухаарна.Тиймээс бурханд мөргөсөнийхөө дараа бусадын адил ёс бус аашилж нүгэлт явдалыг үйлдэнэ.Нүгэлийн үрийг амссаныхаа дараа дахиад Бурхан багшаас аврал эрж мөргөнө.Аливаа уламжилал дотороос сэтгэлгээний уламжилал хамагийн чухал нь.XXI зууны монголын яруу найрагт хамагийн ихээр дутаж байгаа энэхүү эрхэм дээд уламжилалыг Мэнд-Ооёо хадгалж буй.

 

Өнгөрсөн явдал бүхнийг гэрэл гэгээн дунд харж

Өөдрөг сайхнаар юм болгоныг дурсмуй

Намрын будант үүрээр хаалга саваад хөлчүү мордсон

Найзынхаа омогт цээжинд цэцэг тэврүүлэн зурмуй

 

Он жилүүд амьдралыг өнгө будгаараа ялгаж

Одоо биднүүс өөр өөрийн орон зайг эзэлжээ

Айлсаж буусангүй олон намрын өвс гандлаа

Аймаг хошуугаараа амар жимэр бол боллоо доо

 

Жингийн хөсөг шиг үйл явдлууд араасаа хөвөрч

Жилээс жилд тэнгийн ачаа минь тэгширлээ

Зүс борооны зөөлөн хур намайг ухиалж аргадлаа

Зүрхний мухар дахь тэртээ намрын тэнгэр онгойлоо

(Өнгөрсөн явдал бүхнийг гэрэл гэгээн дунд харж)

 

Жаргаж явсан мөч бүхнийхээ төлөө

Зовних цаг ирнэ чинээ санахын чөлөөгүй

Өндөр тэнгэрийн од харвасаар цөөрснийг ч анзааралгүй

Өдий олон жил найрласаар суужээ.

 

Гэрэлт шувуу шиг ирж яваа цагийг

Гэсэрийн модны үр шиг цэцэглэхийн тухайд бодсоор

Дөвчин цагаан салхинд хормой дэрвүүлж

Дөчөөд насны даваан дээр морио татаж зогслоо

 

Будан бужигнаж үүлс үймэрсэн тэнгэрт

Буцаж яваа цагийн цэнхэр тогорууд нисэлдэнэ

Юм бүхнийг ирж буй цагаас эрсээр явжээ

Ертөнцийн даваан дээрээс буцах цагийг нэг харъюу

(Өнгөрсөн борооны үүлс сэмэрч)

 

Ертөнцийн гуниг дууны нугалаанд нуугдана

Ердийн юм бүхэнд ер бус нь оршино

Арилсан манангийн дараах солонгонд эс шимтэх

Алган дээрх хорвоог билгийн нүдээр шинжих

(Мичид зулзагалсан намар)

 

Өвсөн толгойд цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо…

Өдөн дэрнээс өндийн дорнын тэнгэрийг дурандлаа…

Өдийд талын зэрэглээ гүйж,зэрэглээнд хүлэг гүйж яваа

 

…Он жилүүд одох бүрий шуугиант хотдоо идээшив чиг

Орь ганцаар ирсэн би олуул долуул болсон чиг

Онгод найргийн чуулганд одтой,адтай яваа чиг

 

Эхэн хаврын урь цонхоор шургах төдийхөнд

Ээжийг тавьсан энгэрийн эрээн бут хөдлөх шиг

Элгэн тус газрын эртний хөндүүр сэдэрвэй

 

…Орон хотын амьдралд хөл тэнцэж босоод

Онгоц хөсгийг хөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг

Оорцог толгодын дундах отгийнхоо нүүдлийг гүйцсэнгүй

 

Дэлхийн нөгөө бөөрөнд дэвээд хүрэх цаг дор

Дээвэрт харшийн дээгүүрх утсан торон дотор

Дэргэд байгаа нутагтаа дэгдээд очихын чөлөөгүй ээ

 

…Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх цаг дор

Хөх зэрэглээ хөндий уруудаж тал руу зулрах цаг дор

Хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдөмүй

(Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх цаг дор)

 

…Ирж яваа цагийн цагаан манан дунд

Идэр залуу насаараа буяны зул өргөвэй

Өлмий доорх дэлхийдээ тавилан ерөөлөөр буугаад

Мэлмий нээгч бурханыг Монголын буянаар бүтээвэй

 

…Өвгөдөө шүтдэг Монгол минь өндөр хөх тэнгэртэй

Өндөр тэнгэрийнхээ доор өөрийн бүтээсэн бурхантай

…Сайн сайхан бүхнээрээ дэнчин тавьж бүтээсэн сэн…

Сааршгүй мянган галавт энх болтугай гэж залбиръя

 

…Цалгиж явах насныхаа гэгээн тунгалаг жилүүдийн

Цаг мөч бүхнийг өөрөөсөө харамлаж явлаа

Бурханаас илгээсэн тоотой насныхаа төөрөг дотор

Буцаж яваагаа ирж буй гэж эндүүрсээр өтөллөө

(Цагаан манан, гэгээн гуниг)

 

Яруу найрагийг орчуулагдашгүй урлаг гэж хэлсэн нь бий.Яагаад гэвэл бүтээсэн хэлнийхээ хамаг нандин тансаг бүхэнийг өөртөө шингээсэн болохоор өөр хэлнээ хөрвүүлэхэд утгыг нь дамжуулахаас үгийн нь оновчи,мэдрэмжийг буулгах боломжгүй юм.Мэнд-Ооёогийн яруу найраг бол тийм нэгэн урлаг бөлгөө.Хэрэв өөр хэлтэн хүмүүс түүний найрагийг бахдан шагшиж байгаа бол урлагийн нь,их л бодоход,тал хувийг хүлээн авсан гэсэн үг.Жишээлбэл,

 

“Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад

Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ

Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс

Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ” хэмээн бичсэнийг бусад хэлнээ хэрхэн буулгахсан бол?

Академич Далантайн Цэрэнсодном “Мэнд-Ооёогийн шүлэгүүд Дарьгангын дархчуудын урласан давхар цохилготой мөнгөн эдлэлтэй адилхан” гэж хэлсэн удаатай. Дарьгангын дархчууд мөнгөн аяганы бөөрний нарийн хээг цалин мөнгийг утас мэт цувин,жирэм мэт сүлжсэн юм шиг урлах бөгөөд болор тунгалаг сархад мэлтэлзүүлэн дүүргээд харахад аяганы ёроолд хур дэлээ хийсгэсэн омголон хүлэг тэргүүн өргөн янцгаасанаа сүүл хатган давхих мэт харагдахаар цохин сийлдэг,аяганы гадна ёроолд мөнгөн луу тэнгэрт үүлтэй наадах мэт сийлдэг,түүгээр ч үл баран, алдарт Дарьганга хийцийн эмээлийн мөнгөн хяр,баавар, ганзаганы даруулгыг ч давхар цохилготойгоор урладаг билээ.Мэнд-Ооёо тэрхүү нарийн урлагийг яруу найрагт оруулж ирсэн нь зарим хүмүүст хялбарханаар үл ойлгогдож,нарийн учирыг нь тунгаан цэнгэхээс хойргоших нь бий.Ерөөс Мэнд-Ооёогийн яруу найраг бол тайзан дээрээс дуудахад бус уншигч гагцаар ярилцахад ойлгогдох урлаг юм.Орчин цагийн хүмүүс ямагт ямархан нэгэн зүйлд яаран адгах сэтгэлгээтэй болсон тул аливаа юмнаас хөнгөн хялбарыг эрэн, тухлан сууж,ултай бодохоос төвөгшөөх болсон бололтой.

 

Мэнд-ооёо 1997 онд “Утгын болор сүм” шүлэгийн түүвэрээ гаргасан нь яруу найрагч уран чадварын шинэ өндөрлөгт мацан гарсаныг нотолсон юм. Тэр номд “Гол ус тунгалагших цагаар” гэсэн бүлэг буй

 

Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай

Эрвийх сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй

Хатан ус ариусан тунгалагших намар бол

Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цаг аа!

…Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй

Үүлс бүхнийг ажваас адууны түмэн зүстэй

Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад

Гуниг болоод буртгаас энэхэн бие ариусмуй

Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт

Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ

Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт

Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ

(Гол ус тунгалагших цагаар)

 

1995 онд энэ шүлэгийг бичих үед монголын яруу найраг гүн хямралд ороод байсан билээ. Яруу найраг яруу байх,хүмүүний сэтгэлд гоосайхан, гэрэл гэгээ,сэтгэлийн цэнгэл, амьдарах итгэл авчирах чадалтай байх нь бороо,шороо,аадар,үерийн цаг өнгөрч,цэцэг навч бүхэн дэлгэрэн гэрэлтэх баян намарын цагаар гол мөрөн тунгалагшихтай адил бөлгөө.Гол мөрөн тунгалагших,эрдэмт хүмүүн гэгээрэх,яруу найрагч төгөлдөрших энэ гуравын чанар нэгэн билээ. Мэнд-ооёо найрагчийн төгөлдөрших цаг тэр үед ирсэн бололтой.Ухаан бодол нь саруулсан жагсарч,сэтгэлийн тэнхээ суугаад зөвхөн өөрийнхөө найраг төдий бус монгол найрагийнхаа ирээдүйд сэтгэлээ чилээх насны даваан дээр нэгэнт гарсаныг энэ шүлэг харуулна бус уу.Түүний тунгалагшихуй нь байгалийн оршихуйгаас хүмүүний явдалыг ургуулан авсан гүн бодол гэлтэй.Тэрбээр энэ сэдэв рүү эргэн эргэн ирсээр байжээ. 2007 онд “Тунгалагшуулагч Хэрлэн ” гэдэг шүлэг бичсэн байна.

 

Хээмсэг тогорууд цагаан дэрсэнд зогдроо самнаж

Хэд хэдээрээ тойромлож,буцахын дохио ганганана

Хэрэн бядан явсаар намрын будангуй дунд

Хэрлэн мөрөн би хоёр мянганы холыг уулзуулбай

 

Хилин торгон мандал нь мянган жил хэвээрээ ч

Хэчнээн олон хот балгадыг чимээгүйхэн урсгаж вэ?

Хэзээ ч юм бэ,түүхийн илдээр цавчсан сорвийг

Хэсэг бусаг дов сондуул эдгээж нөхжээ

 

Хэдэн мянганы цаадтайгаас ус мөрнөө санагалзан

Хэрмэн дээгүүр давуулан нисгэсэн дуун барьяа л

Хээ хэлхэж гол устайгаа уртсан урсана

Хэдэн мянганы цаадтайд ч тунгалагаараа үлдэнэ

 

Хээршин онгож, хүүршин элрэх хорвоогийн дундуур

Хэрлэн мөрөн л ганцаар тунгалагшиж урсана

 

Энэ шүлэгт өмнө дурдсан “Гол ус тунгалагших цагаар” шүлэгийн санааг бүр гүнзгийрүүлэн мөрөн гол өөрөө тунгалагшаад одохгүй мянга мянган жилийн турш учирсан бүхнээ ариусган байжээ гэсэн таамаглал дэвшүүлж байна. Эрдэмт хүмүүн,яруу найрагч аль алин нь өөрөө төгөлдөршөөд барахгүй,хүмүүний орчилонг төгөлдөршихөд хичээн туслах учиртай хэмээн бодож явдаг яруу найрагчийн эрхэм эрмэлзэл үүнд нуугджээ. Тунгалагшуулагч Хэрлэн бол Яруу найрагч Мэнд-Ооёо өөрөө юм.

Тэрбээр 2008 онд дахиад “Тунгалагшихуйд одуулах хундаганы дуу” зохион дуулав.

 

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй

Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларчээ

Тэртээх уулс манайх руу дөхөж ирээд завилжээ

Тэнгэр мэлмий тоонон дээр тормойжээ

 

Ерөөлтэй хүмүүс уулзахад ертөнцийн магнай тэнийдэг

Бэлэгтэй үгс хэлэлцэхэд ургамал цэцэг мишээдэг

Бутарч сарнихуйн зохисгүй эвсэн бүтэхүйд найрсдаг

Бууралтахуйн жам нь шинэдэхүйн цагийг хүлээн зөвшөөрдөг

 

Гадаад оршихуйн хаан суудал тань уул мэт байг

Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй

Дотоод оршихуйн хатан амгалан тань дуу мэт байг

Хүмүүн заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй

 

Буцахуйн гуниланг ирэхүйн инээмсэглэлд урвуулмуй

Будангуйрахуйг тунгалагшихуйд одуулмуй.

 

Хүмүүн гэдэг амьтан энэ ертөнцөд нүв нүцгэн, гав ганцаар ирмүй. Ирээд олуул болмуй. Олуулаа эвсэг найрсаг байх аваас хүн болгон жаргалтай, цэнгэлтэй ажаам. Эвсэг найртай, жаргал, цэнгэлтэй хүмүүс газар дэлхийн буданг сарниулмуй. Дэлхий баясаж, наран тунгалагаар мишээмүй. Хүмүүний сэтгэл ариусаж, яруу найрагч төгөлдөршихүйн гүн ухаан энд оршижээ.

 

Мэнд-Ооёогийн гүн ухаанд гэрэл гэгээний сэдэв зонхилох байртай.Тэрбээр ертөнцийн юм бүхнээс гэрэл гэгээг хайж,хайсанаа олдог билээ.Бүр 1982 онд

“…Болжмор өглөөн туяаг магтан жиргэлдээд

Булгийн уснаа нарны элтэс хэсэг бусгаар хөвөн…

…Мөнгөн талыг сарны туяа өнгөлөн зүлгээд

Мөсөн дэнлүү хороон дээр жавар хэмжиж гялтганаад

…Нарны гэрэл, сарны туяагаар зам нэхэж

Навчилж цэцэглэж, хагдарч хуучрах жам хэлхэж…” хэмээн бичиж байсан бол 1996 онд

“…Өнгөрсөн явдал бүхнийг гэрэл гэгээн дунд харж

Өөдрөг сайхнаар юм болгоныг дурсмуй…” гэж,

 

1990 онд “Хүн гэрэлтэй байжээ” шүлэгтээ

“Орчлон төрхөө олоогүй байхад

Огторгуйн наран мандаагүй байхад

Эртний хүмүүс өөрийн биеэсээ

Эрдэнийн гэрэл цацраадаг байжээ

Салаа модод гэрэлт жимстэй

Санаа сэтгэл гэрэлт бодолтой

Гэрэлт хүмүүс харанхуйг сүлж

Гэм зэмгүй амьдарч байжээ…”

Гэтэл шунахай хүмүүсийн гайгаар хүмүүс бүгд гэрэлгүй болж нэлэнхүйдээ харанхуйд живжээ.Буман жилийн дараа наран мандаж дэлхий гэрэлтсэн ч хүмүүс гэрэлд улам шунан нарны гэрэл ч бага санагдаад элдэвийн гэрэл нэмэн асаах боловч

“…Өөрт нь байсан өнийн гэрлийн

Өнгө нь улам буурах болжээ…

Сэвгүй царай нь гэрэлтэх хүмүүсийн

Сэтгэлийн гэрлийг л үгүйлэх боллоо

Өмнөх галав руу дахиад өнгийж

Өнөөх л домгоо үгүйлэх боллоо” хэмээн бичсэн юм.Үлэг домог(миф)-ийн аргаар эрин үеийнхээ хүмүүсийн ёс суртахууны доройтолыг шүүмжилжээ.

Дараах он жилүүдэд гэрэл гэгээний тухай түүний бясалгал улам гүнзгийрч сайн сайхан юм бүхэн гэрэл гэгээтэй гэсэн дүгнэлтэд хүрээд “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” шүлэгтээ

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад

Хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлнэ

Хулсан лимбэний гуниглангуйн чанадах тайтгарал

Хуудуу холоос бурхадын гэгээг дуудмуй

 

Шингэн бэхээр татсан эртний ханз үсэг мэт

Шинэхэн тэнгэрт сүмийн сүүдэр утгын дүрстэй

Замбуутивийн сүүдэр болоод гуниглал дотор

Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй.(2003)

 

“Гэрэлтэх агшин бүр-1”-тээ

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршмуй

Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй

Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй

Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй.(2005)

 

“Цаглашгүй гэрэлт”шүлэгтээ

…Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглэе

Ямбуу магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая

Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя

Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье

Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглэе

Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье.(2005)

 

 “Сарны шүлэг”-тээ

Мөнгөн сарны туяаг бэхэн дотроо дусаавай

Мөнхийн гэрэлтэй шүлэгт минь мөнхүү чанар нь шингэвэй

Үлгэр сарны туяаг үзгийнхээ үзүүрт сүвлэвэй

Үр хэдэн шүлгээ би үлэмж мяндсаар мэтгэвэй

Хаш сарны болрыг хатан зүрхэндээ тусгавай

Харанхуйд бичсэн шүлэгнээс минь хасын туяа цацарвай

Мэргэн сарны тольтод мэндийн дуугаа илгээвэй

Гэрлэн сүнстэй шүлэг минь гэгээн Шамбалд нь оршвой.(2007) хэмээн дуулжээ

 

Түүнийг уран бүтээлийн нь эхэн үед найз нөхөд нь “сарны шүлэгч” хэмээн нэрийддэг байсан бол он жилүүдийн хойно олон орны яруу найрагчид “гэрэл гэгээний дууч” хэмээн алдаршуулах болов. Хамагийн гол нь тэрбээр хүмүүний сэтгэлийн гэрэл гэгээний дуучин билээ. Сэтгэлийн гэрэл гэгээ хаанаас ундарнам гэвэл Хайраас, хүн нь хүнээ хайрлах Хайраас гэж хэлнэ.

 

…Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй

Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй…

 

Их Хайр бол их Гэрэл гэгээ мөн. Их Гэрэл гэгээ бол Бурханы хайр мөн.

…Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй

…Хүмүүн заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй…

 

 Авангаардизмаас классицизмд шилжисэн Т.С.Элиот нь Шэкэспийрийн сэргэн мандалын хүмүүнлэг үзэлийг тоомсоргүйхэн харж,Мийльтон,Байроон зэрэг романтикуудыг эрс шүүмжилдэг байсан боловч Шэкэспийрийн нэгэн адил Цаг хугацаа хэмээх бүхнийг элээгч Хүчнийг хэрхэн туулах тухай бодлогоширдог байжээ.Тэгээд тэрбээр яруу найрагч хувь чанараа гээж, нийт хүмүүн төрөлхтөний сэтгэлээр бүтээсэн цагт төгөлдөршин, Цаг хугацаанаас ангид оршиж чадна хэмээн үзсэн байна.Элиотийн бодгаль байдалаа үгүйсгэх гэдэг нь яруу найрагч нийт хүн төрөлхтөний өмнөөс ярина гэсэн үг гэж ойлгогдож байна.Мэнд-Ооёогийн эрмэлзэл ч тийм болохыг яруу найраг нь харуулдаг.

Хүмүүн төрөлхтөний сэтгэл оюун юуг орь хүслэн(ideal)-гээ болгон тэмүүлсээр ирсэн бэ? Суут ухаантанууд Хүмүүн төрөлхтөний оршихуйн үндэс нь хүн нь хүнээ хайрлах, амьдаралын үндэс болсон байгаль дэлхийгээ хайрлах хэмээн олсон байдаг. Аугаа их Шэкэспийр, цааснаа буулгасан хайртын минь дүр цагийн шуургыг чулуун хөшөөнөөс ч батаар туулан гарна.Он жилүүдийн тоос тортог огтхон ч түүн лүгээ хавьтаж чадахгүй хэмээн алдарт сонетуудынхаа нэгэнд дуулсан байдаг. Мэнд-Ооёогийн итгэл ч тийм бөлгөө.

Монголын тал нутагийн шөнийн цэлмэг тэнгэрт гялас гялас гэрэлтэх одод мэт шүлэгтэй Бэгзийн Явуухуланы шавь Гомбожавын Мэнд-Ооёогийн намууханаар хөвөлзөх цэнгэг мөрөн мэт яруу найраг мянга мянган жил хорвоог ариусган урассан Хэрлэн их мөрөн мэт Цаг хугацаанаас ангид оршино хэмээн итгэнэм.Хайрын тухай яруу найраг цагийн шуургыг юунаас ч батаар сөрөн гарах тухай аугаа их Шэкэспийрийн алдарт 55 дугаар сонетоор энэ бяцхан өгүүлэлээ өндөрлөе.

 

Not marble nor gilded monuments

Of princes shall outlive this pow’rful rhyme

But you shall shine more bright in these contents

Than unswept stone, besmear’d with sluttish time.

 

When wasteful war shall statues overturn,

And broils root out the work of masonry,

Nor Mars his sword nor war’s quick fire shall burn

The living record of your memory.

 

‘Gainst death and all-oblivious enmity

Shall you pace forth; your praise shall still find room,

Even in the eyes of all posterity

That wear this world out to the ending doom.

 

So, till the judgement that yourself arise,

You live in this,and dwell in lovers’ eyes.

 

 

Таалал орших болтугай.

 

 

2010 оны 5-р сарын 8

Шидийн барилдалгат сайн өдөр

бичиж төгөсгөв.                                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


TOP