Дэлхий ээж

Дэлхий ээж

Дэлхий ээж

“Дэлхий ээж” хэмээх алдартай дууны шүлгийг Г.Мэнд-Ооёо 1980 онд зохиосон бөгөөд Р.Энхбазарын аялгуугаар 30 гаруй жил дуулагдаж байгаль ба өв соёлоо хамгаалах үзэл санааны дуулал болсоор байна. Түүний “Алтан-Овоо” зэрэг олон арван шүлэг зохиол хүн байгалийн хүйн холбоо, эх дэлхийтэйгээ шүтэлцсэн нүүдэлчдийн язгуур мэдлэг ухааны үнэт зүйлсийг илэрхийлдэг.

Яруу найрагч бээр 1930-аад оны соёлын хэлмэгдүүлэлтэд сүйдсэн монголын түүх соёлын өвийг сэргээх сэдвээр олон эсээ, нийтлэл бичиж нийтлүүлсэн төдийгүй 1980-аад оны сүүл үеэс уг үйлсэд биечлэн оролцож тэр нь тухайн цаг үед өрнөсөн ардчилсан үзэл санааны сэргэн мандалттай дуу хоолой нийлсэн юм. 1990-1996 онд тусгаар тогтнол, сэргэн мандлын утгыг илэрхийлэгч “Мигжэд Жанрайсиг” хөтөлбөрийг тэрээр удирдсан бөгөөд, 1980-аад оны сүүл үеэс монгол бичгийг сэргээх хөдөлгөөнийг үзэг нэг нөхдийн хамт хошуучилж, морин хуурын хөдөлгөөнийг санаачилан манлайлагчдын эгнээнд байв.

Г.Мэнд-Ооёо 1999 оноос Дэлхийн яруу найрагчдын хөдөлгөөнд идэвхитэй оролцож, үндэсний яруу найргийн үнэт зүйлсийг сэргээх, монголын яруу найргийг дэлхий дахинд танилцуулах үйлсийг оройлж байна. Ийнхүү түүний байгаль ба соёлын үйл хэрэг нь өөрийнх нь шүлгийн “Дэлхийн ээж тандаа би хайртай” хэмээх мөрийг ямагт илэрхийлдэг байна.
TOP