300 шүлэгтэй шинэ антологи

300 шүлэгтэй шинэ антологи

Хүмүүн төрөлхтөний түүхийн бүх цаг үеийн яруу найргаас дээжилсэн шинэ антологи хэвлэгдэн гарлаа. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 118 зохиогчийн 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолсон байна.

“Гурван зуун шүлэгт” хэмээх энэхүү цоморлигт өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо өмнөх антологиудаас ялгаатай бөгөөд монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлүүд сонгогдсоноороо онцлог болжээ.

Англи, орос, хятад, түвэд, хинди, герман, испани, франц, япон, түрк, унгар, казак, польш, нидерланд, македони хэлнүүдээс орчуулсан 60 гаруй орчуулагчийн шилдэг бүтээлийг хамарсаны зэрэгцээ монголын яруу найргийн бүх цаг үеийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг анх удаа дэлхийн яруу найргийн суутнуудын зиндаанд сэнтий зэрэгцүүлэн гаргасан байна.

“Гурван зуун шүлэгт” антологийг сонголт хийж, эмхэтгэсэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо бичихдээ “Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосонд уг номын үнэт чанар оршино” хэмээжээ.

“Гурван зуун шүлэгт” антологи-оос: