“ГЭГЭЭНТЭН” РОМАН

“ГЭГЭЭНТЭН” РОМАН

Номын тухай:
Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно.

Монголын говь дахь эрт галавын ой санамж, байгаль дахь оюун санааны далд хүчийг танин барьсан говийн Гэгээнтэний соён гэгээрүүлэх үйлс нь Манжийн төрийн монгол нутаг тийш явуулсан бодлого, саад хоригтой тулгарч, олон эмс хүүхнүүд дагуулсан “говийн дүвчин”, “согтуу”, “галзуу” хэмээн хоч цуугаар муучлагдан, ил далд хавчин хяхах, хорлон хөнөөхийг элдвээр оролдох боловч Данзанравжаа бээр нууц тарнийн бясалгалын хамтрагч дагинас, бүтээлчин бүсгүйчүүд, урлаач, дууч хуурчид олон шавь нараа дагуулан орон шүтээний газаруудаа байгуулан, жүжиг наадам дэглэн, дуу хуур ид шидээ үзүүлэн уул усаа аргадан чөтгөр шимнусыг дарж, тэмээн жингийн урт цуваа хөвүүлэн билиг танхай авьяас билгээ хөгжүүлэн дэлгэрүүлж аялан явсаар байна.

Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигийг билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож үгүүлжээ.
Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн үгүүлжээ.

Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралыг задлан шинжилсний зэрэгцээ уран сайхнаар өвөрмөц зохиомж, баялаг хэл найруулгаар бичигдсан нь  уг романы онцлог ажээ.

Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман 2012 онд уншигчдын гар дээр очоод байгаа боловч, асар богино хугацаанд уншигчид хийгээд утга зохиолын ертөнцөд анхаарал татаад байна. 2012 он гарсаар монголын утга зохиолын нэртэй судлаачид үгээ хэлээд байна. Тухайлбал, роман судлалаар гаршсан утга зохиол судлаач, доктор профессор Ч.Билигсайхан (1949-2012) “Үнэний төгөлдөр дуулал – Гэгээнтэн” (Өнөөдөр сонин, 2012.10.10 №235) хэмээх шүүмж бичиж хэвлүүлжээ. Ч.Билигсайхан “Гэгээнтэн” романыг “хүчтэй тод бичигдсэн үнэтэй тод дуулал болж чаджээ” хэмээн үнэлсэн бөгөөд “... соёл, түүхийн сүүлийн 100 шахам жилийн үнэнд ойр, үзэл суртлын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай, сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман бол “Гэгээнтэн” юм” гээд “Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартангуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” хэмээн дүгнэжээ.

Утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар, доктор Б.Хишигсүх нар “Түмэн мэсийн гэгээнтний дээд таалал оршжихуй” (Өдрийн шуудан 2012.11.28 №240) хэмээх шүүмждээ “...Ноён хутагтын сэтгэлийн орчлонг нээж, хүмүүн заяатын төөрөг тавилан хийгээд ертөнцийн түмэн өнгө, буман хувирлын ээдрээ ончрооны учиг учрыг тайлж баатрынхаа оршихуйн өвөрмөц орон зайг цаг хугацааны эргэлттэй уяж, бяцхан жаалхүүгээс их Хутагтын сэнтийд хүрч, улмаар насны хязгаар хүртэлх цадиг түүхийг өгүүлсэн аж. Ингэхдээ Говь мэргэн вангийн хошуунаа V ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан сүүлчийн хурал номын орон буюу ”Цагаан сүм”-ийн тахилч, /“Шарилын сүмийн тахилч” ч гэх/ өвгөн О.Түдэвийн эргэн дурсахуй хийгээд бодол, эргэцүүллийг зохиолын үйл явдлын гол шугам дээр нийтгэн тавьж үзүүлсэн нь романыг цэгцтэй, их хутагтын төөрөг тавилангийн учир зангилааг оновчтой шийдэх боломж бүрдүүлж чаджээ...” гээд Данзанравжаа хутагтын нууц тарнийн эрдмийг нээж Буддын шашин дахь улаан шарын үзлийн талаарх “эндүү ташаа үзэл онолд хатуухан хариулж өгч чадсан”, “ард иргэдийн дотор аман ба бичгээр уламжилсан тухайн цаг үеийнх нь хуучис, домгуудыг сонгож, үйл явдлын өрнөлтийн шугамд зохистойгоор шигтгэн, өдгөө хүртэлх учир битүүлэг, тодорхойгүй асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдээ зангийг ашиглан бичсэн нь “... түүхэн нөхцөл, холбоо хамаарлыг нээхэд үлэмж зохицож, өмнө үеийн зохиолчдын арга туршлага, барил сэтгэлгээ, ур чадварын үртэй уламжлан сэргэж ашигласан сонирхолтой эрэл ур чадварын түвшин илтгэх”-ийн хамт, “монголын уран зохиолын том зүтгэлтэн, түүний зохиол бүтээл төрсөн, бичигдсэн түүх, урлан судлалын талыг нь хувийн амьдралын онцгой эргэлтийн үеүдтэй нь гүнзгий уялдуулж урласан нь судлагчид, сурагч оюутанд ном заадаг багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэдээллийн  чухаг эх сурвалжийн нэг болохын хувьд үнэ цэнтэй юм.” Хэмээн дээрх судлаачид үзжээ.
Ялангуяа дээрх судлаачид (Ч.Билигсайхан ч, Д.Галбаатар, Б.Хишигсүх) санал нэгтэй талархан тэмдэглэсэн оюун билиг төгөлдөр шашны зүтгэлтэн – түүхэн хүн Данзанравжаагийн дүрээр “олон төөрөгдлийг тайлсан гайхалтай уран шийдэл” болсон хэмээн үзсэн явдал юм.
Доктор, профессор С.Байгалсайхан “Гэгээнтэн” романыг өдгөө цаг үед монголчуудын үнэт зүйлс, ялангуяа бурхан шашны соёл дах, гэгээнтэн хувраг, эгэл ард түмэн, төрийн гурвалсан холбоо, нүүдэлчдийн соёл иргэншлийг авч үлдэх хашгираан” болсон зохиол гэж үзжээ.

Д.Галбаатар, Б.Хишигсүх нар бичихдээ “...Г.Мэнд-Ооёогийн анхны түүхэн баримтат романд энэ мэт ярих нарийн ширийн ур ухаан, өвөрмөц уран шийдэл, ялгарал бүхий уран дүрийн зан төрх, орчин, нөхцөл байдлын төгс сайхан зохицол хангалттай уусан суужээ... XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, номын их багштаны догшин ширүүн дүр төрхийн цаад талыг Г.Мэнд-Ооёо өөрийн романд түлхүү харуулж, ухаалаг шийдлүүд хийсэн нь хувь хүний зан авир, үйл хэрэгт байж болох талуудыг хулдаж бүдэгшүүлэлгүй бодтой, түүхэн баримтад тулгуурлан эерэг, сөрөг талыг тэгш тэнцүү томон нэгтгэж урласнаар нэгэн цагийн эндүүрлийн гэмийг ариусгасан буянт үйл хэмээн талархах ёстой... Хутагтын цаглашгүй их билиг авъяас, эгэл хүний дотоод эрч хүчний гайхамшигт чанарыг тайлан өгүүлсэнд Г.Мэнд-Ооёогийн романы нэгэн гол ололт буй...” хэмээн дүгнэжээ.