G.Mend-Ooyo
Дэлхий ээж тандаа би хайртай
World Poetry Days in Mongolia
Мэдээлэл

Мэдээлэл

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Монголд чууллаа

        Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын 37 дахь их хурал болж, олон орны олон зуун нэр хүндтэй яруу найрагчид чууллаа. Тус хурлын үндсэн илтгэлийг "ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА" сэдвээр Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын ерөнхийлөгч, Монголын яруу найрагч, доктор Г.Мэнд-Ооёо тавьсан бол, "ТЭНГЭР ГАЗРЫГ ХОЛБОСОН МОНГОЛ БӨӨГИЙН ЯРУУ НАЙРАГ" сэдвээр  профессор С.Дулам, "ЯРУУ НАЙРАГ: ХҮН БАЙГАЛИЙН ХООРОНДЫН ХҮЙН ХОЛБОО" сэдвээр Испанийн яруу найрагч,  доктор Хусто Хорхе Падрон, "ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООХОД ЭРТНИЙ УТГА СОЁЛД ТУЛГУУРЛАХ НЬ” сэдвээр  Филиппиний уран бүтээлч Кидлат Тахимик, "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН МУТРЫН ХУВИЛГААН УРЛАЛ" сэдвээр бурханч лам, доктор Г.Пүрэвбат нарын тавьсан илтгэл хуралд оролцогсдын талархалыг хүлээсэн. 

Францын хэвлэлийн газартай хэлэлцээр хийжээ

Францын Bruno Dousey хэвлэлийн газар Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн түүврийг эрхлэн хэвлэх хэлэлцээр хийжээ. Ойрын хоер жил дотор Монгол яруу найрагчийн ном франц хэлээр хэвлэгдэн франц хэлт уншигчдад хүрэх нээ.

"21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Энэтхэг улсын Бихар мужийн Ражгир хотноо "21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд  Дээрхийн гэгээнтэн-Далай лам, Энэтхэг Улсын ерөнхийлөгч болон олон эрдэмтэн мэргэд чуулжээ. Наландад Бурхан багш сургаалиа айлдаж байсан, шавь нар нь хожим чуулж түүний зарлигийн чуулган болох Ганжуурыг эмхэтгэсэн Наландагийн Бандида нар Их хөлгөний арван ухааныг дэлгэрүүлсэн тэр уламжлалыг Энэтхэгийн Засгийн газар гүнээ хүндэтгэж өндөр ач холбогдол өгч энэхүү олон улсын хурлыг ивээн тэтгэн зохион байгуулсан байна.
 

Парис хотноо

Парис хотын Олон улсын соёлын хотхон дахь Монакогийн соёлын төвд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо болон 2016 оны "Леополд Седар Сенгор" олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион хоёрын хамтарсан "Газар, тэнгэрийн хооронд - Монгол орныг яруу найргаар харахуй" сэдэвт яруу найргийн үдэшлэг боллоо.

Италийн нийслэл Ром хотын эртний Адрияний сүмд шүлгээ уншжээ

Италийн нийслэл Ром хотноо "Ritratti di Poesia" буюу "Яруу найргийн хөргүүд" хэмээх Олон улсын яруу найргийн наадам 2000 гаруй жилийн түүхтэй Адрияний сүмд боллоо. Тус наадамд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо зочиноор уригдаж яруу найргаа эх хэлээрээ дуурсгав. Түүний бүтээлийг итали хэлнээ Дамино Абенэ орчуулсан байна. Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Жамбалдорж уг арга хэмжээнд морилон саатаж хүндэтгэл үзүүлжээ.
 

“Гол ус тунгалагших цаг” ном

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэлүүдийн шинэ эмхэтгэл “Гол ус тунгалагших цаг” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Уг номд зохиолчийн түүх, соёл, байгаль, экологийн сэдвээр бичсэн эсээ, нийтлэлүүдээс гадна, өөрийн цаг үеийн нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл зэрэг сонирхолтой бичвэрүүд, өөрийн уран бүтээлийн болон зохиогчийн дотоод ертөнцийг нээсэн эсээнүүд номд голлох байрыг эзэлсэн байна. 360 орчим хуудастай томоохон энэ номд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн Монгол төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртээд хэлсэн үгийг “Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

Мэдээлэл