Ярилцлага

«ТӨМӨР» ЗУУН УЯНГААР ЦАНГАМУЙ

Яруу найрагчтай уулзаж байгаа болохоор мэдээж яруу найраг, урлагийн тухай халуун яриа өрнөнө байх аа. Урлаг, утга зохиол, яруу найргийн үзэл ойлголтоо бидэнтэй хуваалцахгүй юу?

Уран сэтгэлгээний бүтээлийг туурвин буй болгох мөнхийн үзэл санааг аугаа их уран бүтээлчид нэгэнт бидэнд илгээн өвлүүлжээ. Харин үүн дотроос уран бүтээлчдийн хувийн үзэл санааны ертөнц өөр өөрөөр бүрэлдсэн байдаг. Хүмүүний сэтгэлд хатууг зөөлнөөр, харанхуйг гэрлээр, уур омгийг уужуу инээмсэглэлээр буюу эсвэл хэтэрсэн цэнгэл, ташуурсан жаргалд эмзэглэн санаашрах, гуниглан шаналахуйгаар нэвтрэн орох ёстой хэмээн би үздэг.

Хөлчин чөтгөр шуламсыг айлгаж чадмуй» хэмээх ХIХ зууны монгол шүлэгчийн томьёолол нь алив муу муухайг харшлах сөргөлцөх замаар бус, уянгаар гэгээ тусгах замаар арилгана гэсэн энгийн утгыг илэрхийлдэг юм. Энэ нь өрнө дахины «Ертөнцийг гоо сайхан аварна» гэсэн томьёололтой таардаг. Шуугиант орчлон, тоост дэлхийн бужигнаан дунд оршин амьдрагч хэний боловч оюун санаа, зан суртахууны байгалийн төрөлх чанар хиртэн бохирдож болно. Харин тэрхүү тоос товрог, манан буданг яруу найраг нэвтлэн орж хүмүүний оюуны төрөлх гэгээн тунгалаг ахуйг өөрт нь нээж өгдөг юм. Ийм утгаар аливаа уран бүтээл цаг үеийн зардас байхын хамт яруу найраг, дуу, уран зураг, жүжиг хэмээх хэлбэр дүрсийн сан хөмрөгт хадгалагдан өөр цаг үеийг хүлээн үлдэх нь ч бий. Ингэхээр уран бүтээлийг нэгэн цаг үеийн таашаалаар хэмжих, үнэлэх боломжгүй юм.

Таны гэрийг наяад оныхны утга зохиолын «жанжин штаб», таныг тэр үеийнхний гол удирдагч байсан гэлцэх юм. Дэврүүн насны тэр өдрүүдийнхээ тухай ...?

Ринчен, Дамдинсүрэн гуай шиг өргөн мэдлэгтэй болох, Явуухулан, Цэдэндорж шиг бичих, Урианхай, Дашням шиг боловсролтой болох, Сүрэнжав, Бадарч шиг билиг авьяасаа задлахсан хэмээн мөрөөдөж байсан, эхний зорилго шүлгээ сонинд нийтлүүлэх маш бэрх шалгуурыг давах явдал байсан нь одоо бол сонин л санагдах байхдаа. Ахмад үеийн уран бүтээлчдийг бурхан мэт шүтэж, тэднээс суралцах, цаг үеийнхээ яруу найргийн сэтгэлгээг сэвтүүлэхгүй тунгалаг илэрхийлж үлдээх ёстой хэмээх хатуу үзлээр бие биеэ хүмүүжүүлсэн дээ.

Бор шувууд нартай хос гэрлэн жигүүр дэлгэж

Асаасан дэн гэлтэй

Аршаан булгийн эхийг сарны туяа эмжээд

хэмээн гэгээн агшнуудыг зураглан үлдээсэн тансаг мөр бадгууд таны шүлэгт цөөнгүй тохиолдох агаад ийм нарийн мэдрэмжийн шүлгүүдийг яруу найраг дахь шинэ соргог үзэгдэл, яруу найргийн эрдэнэсийн санг шинэ өнгө будгаар чимж буй хэрэг гэж үзэлтэй. Өөрийнхөө тухай чин үнэнийг өөрөө өгүүлэх нь сагсуу зан биш хэмээн ойлгоном. Гарцаагүй хэлэх ёстой үнэнийг нуулгүй даруу бишээр өгүүлбэл та өөрийнхөө бүтээлүүдээс ямар ямар шүлгүүдийг монголын яруу найраг дахь шинэ содон үзэгдэл болсон гэх вэ?

–Яруу найргийн зорилго бол уншигчийнхаа сэтгэлд нэвтрэх явдал. Утга зохиолын хөгжлийн түүхэнд түүнийг байр эзлүүлэх нь судлагчийн болоод мэргэжлийн байгууллагын хэрэг.

бөгөөд Яруу найрагч О. Дашбалбар таны тухай «Сарны шүлэгч» буюу «Гомбожавын Мэнд-Ооёо» гэсэн хөрөг бичсэнийг санаж байна. Дорнын яруу найрагт сар гол дүр дүрслэл болдгийн учир юун ...?

Сарыг монголын цэлмэг хөх тэнгэрт, Хөвсгөл далай, Хэрлэн, Туул, Ганга нуур, Шар бүрдийн тунгалаг усанд болоод Инжинаши, Явуухулан, Гулирансын шүлэгт янз бүрийн давтагдашгүй дүрээр үзсэн нь монгол шүлэгчийг сарны дулалч болгодог биз. Сарыг харж зурхайгаа зурж, цаг улирлаа шинждэг жирийн малчин айлын гэрт ертөнцийг таньж мэдсэн бидэнд сар бол мөнхийн хувьсал хөдөлгөөнд оршигч уран зураг, цаг цагийн шилдэг туурвил дотроос миний мэдэрсэн гоо сайхны шидэт ертөнц юм. Гэхдээ бидний бие сэтгэлд хувилгагч нөлөө үзүүлдэг сарны таталт, түлхэлт буюу түүний манай гаригийнхныг гипноздох тэр үзэгдлийг дорнын сэтгэлгээнд эрт мэдэрсэн шиг санагдана. 

Зүгээр нэг өвс ганхах байгаль дээр юун гайхалтай байх вэ. Харин яруу найраг дахь сэтгэлийн гансрал дотор ч юмуу тэр өвс сэвэгнэн ганхвал дүр болоод утгыг илэрхийлнэ. Иймд яруу найрагч хүний оюуны багтаамжин дахь тэрхүү ахуйг тусгасан дүрслэлийн хадгаламжийн онцлогоос түүний «бодгаль» чанар хамаарна. Алсад тоос эрчлэн босоход нэгэнд нь могой мушгирах шиг үзэгдэхэд нөгөөд нь суварга шиг харагдах жишээтэй.

Жижигхэн хоёр далавчиндаа нарны туяа түрхүүлсэн олон бор болжмор өглөөн жавхланг магтан дуулалдаж гэрэлт нар үнээн зэлэн дээр бөмбөлзөн хотны зүүнтэйх сөөг дэрсэнд хэдэн шаазгай ирчихсэн, аргал хомоол бөмбүүчлэн гүйлдэнэ» гэж «Алтан-Овоо» номдоо та бичсэн буй.

Эд Ер нь миний санахад, яруу найргийн дүр дүрслэл нь бус утгын гэгээн сэтгэлд эхэлж тусаад тэр туссан цоорхойгоор түүнд таацах ахуйн зураг дуудагдан орж байраа эзэлдэг болов уу даа. Гэхдээ яруу найрагч хүн өөрийгөө ойлгох буюу тайлбарлах нь бараг боломжгүй зүйл байх аа даа.       

«Монголын нууц товчоо», «Рашааны дусал» –аас эхлээд шүлэглэх, хүүрнэх аргыг хослуулан бичсэн хэлбэр монголын болоод дорнын утга зохиолд их бий л дээ. «Алтан-Овоо» ном, дээрх уламжлалаас суралцахын хамт яруу найргаар буюу яруу сайхнаар илэрхийлэх бараг бүх хэлбэрийг нэгэн үйл явдлын шугамаар хэлхсэн зохиомжтой юм даа. Ямар төрөл зүйлд хамааруулахыг судлагчид мэдэх биз. Миний хувьд цэвэр яруу найргийн бүтээл хэмээн боддог доо.

Таны бичсэнийг уншихад сонгодог бичгийн хэлний найруулгыг санагдуулдаг. Монголчууд бид, тэр дундаа яруу найрагч эх хэлэндээ яаж хандах ёстой вэ?

–Эх хэлний энгийн харилцааны үүрэг бол тодорхой, харин яруу найрагчийн бүтээлд жагсан орж ирдэг эх хэлний үүрэг нь утгын найрсал, эгшиг сонсголон, тарнийн увьдаст хүчийг эзэмддэг тул энэ зэвсгийг эзэмших нь бахтай бөгөөд бас осолтой. «Яруу найрагчид минь ээ, өөрийнхөө гунигт үхлийг шүлэгтээ бүү зөгнөөч, тэр хэлснээр чинь үхэл рүү аваачдагт үгийн чадал зүй ёсоор оршино» хэмээсэн Б. Пастернакийн үг үүнийг гүн мэдэрсэн уулга алдалт юм. Манай С. Буяннэмэх «Нэгэн дусал яруу үг мянган лантай таацна» гэсэн нь дэлхийн ямар ч сонгодгийн үгээс үл дутна.

Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нарын намуун уянгын найрагчид өнөөдрийн «төмөр» зуунд яах ёстой вэ? Бидний цаг үе уянгын цаг биш шүү дээ?

– Цагийн араншин яруу найргийн араншин хоёр даан ч өөр юм даа. Тиймээс ч яруу найрагч болгон өөрийн амьдарч байгаа цаг үеийг эзэлж чаддаггүй. Харин амьдраагүй өөр цагийг эзэлчихсэн байдаг. Сонин юм шүү. Гэхдээ би өөрийн цагийг эзлэх аз заяа яруу найрагчид тохиохыг үгүйсгэхгүй.

Ярилцлага өгсөн танд баярлалаа, уран бүтээл чинь зүүдний алтан суварга Алтан-Овоо шигээ мянган үед гэрэлтэх болтугай.

«Улаанбаатар » сонин.1996.5.9 № 91 (1023)

TOP